Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бавуугийн Цэрэнханд |
Хэргийн индекс | 122/2017/0009/з |
Дугаар | 12 |
Огноо | 2017-06-05 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 12
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн иргэн А.Чулуунбатын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох,
Гуравдагч этгээд: Т.Мөнхтулга
Нэхэмжлэлийн шаардлага: “Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” А/10 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 32 дахь заалтаар намайг томилохоос татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/14 дүгээр тушаалын 1 дүгээр заалтын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Т.Мөнхтулга гэсэн хэсгийг, мөн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 дугаар тушаалын Т.Мөнхтулгад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, А.Чулуунбатыг ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорыг шүүхийн шийдвэр гарах өдрөөр тогтоож хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Чулуунбат, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун, хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхцэцэг, гуравдагч этгээд Т.Мөнхтулга, түүний өмгөөлөгч Б.Баярмаа, нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Чулуунбат шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Адъяа овогтой Чулуунбат миний бие нь 2005 оноос эхлэн Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газарт тасралтгүй 12 жил төрийн захиргааны албыг хашиж буй бөгөөд үүнээс сүүлийн 8 жил нь Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн даргаар ажилласан. Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын А/10 тоот тушаалаар ажлаас хууль бусаар чөлөөлөгдөж, эрх ашиг зөрчигдөж эхэллээ.
Учир нь Ч.Энхцэцэг нь Тамгын газрын даргаар томилогдохдоо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, 33 дугаар зүйлийн 33.3, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.4, 17.5, 17.6 дахь заалтуудыг тус тус зөрчин томилогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 02 дугаар 21-ний өдрийн 225 тоот албан бичгээр баталгаажиж байгаа тул бүтцийн өөрчлөлт хийж албан хаагчдыг ажлаас чөлөөлөх, томилох эрхгүй гэж үзэж байна.
Тушаалын үндэслэл болсон Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолоор Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасаг нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс болж нэр томъёоллын хувьд өөрчлөлт орсон боловч үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг нь хэвээр хадгалагдсан юм. Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар заасан. Мөн түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 15-р хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т заасан “...төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн...” гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн түүнчлэн томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ гэж тайлбарласан байдаг.
Харин Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолын 5-р хэсэгт хуульд заасан эрх хэмжээний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасгийн үйл ажиллагааны чиг үүргийг тодорхойлон хүргүүлж, мөрдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатад даалгасан. Энэ дагуу Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ХЭГ/1433 тоот албан бичгээр тогтоол хэрэгжүүлэх асуудлаар чиглэл өгч аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүдийн ажиллах чиг үүргийг зааж өгсөн. Энэ албан бичгийн 5-р /дугаар алдагдсан/ хэсэгт Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийг Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт, нутгийн захиргааны байгууллагын бодлого боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулж, зохицуулах үйл ажиллагааны үе шат бүрт хийгдэх хяналт шинжилгээ, үнэлгээний ажлын цар хүрээг өргөжүүлж, үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор бие даасан хэлтэс болгосон гээд хэлтэс нь аймгийн хэмжээний хяналт шинжилгээ, үнэлгээний ажлыг ерөнхий арга зүйгээр хангаж, цаашид Засгийн газрын болон Засаг даргын шийдвэрийн биелэлтэд хийх хяналт шинжилгээ, үнэлгээний асуудалд үйл ажиллагааг нь илүүтэй чиглүүлж ажиллахыг үүрэг болгосон нь өмнөх чиг үүрэг хэвээр хадгалагдсан байгааг нотолж байгаа юм.
Энэхүү чиг үүрэг нь 2009 онд Монгол Улсын сайд Б.Долгороос ХЭГ/1696 дугаар албан бичгээр ирүүлсэн Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгжийн ажлын ерөнхий чиг үүрэгтэй адил байгаа.
Иймээс хуулийн дагуу ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаалд намайг үргэлжлүүлэн томилон ажиллуулах ёстой байтал Баруун-Урт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, төрийн албаны сонгон шалгаруулалтад ороогүй Т.Мөнхтулгыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар томилж, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 15 дугаар зүйлийн 15.1.8 дахь хэсгийг зөрчсөн болох нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 419 тоот албан бичгээр нотлогдож байна. Түүнчлэн Т.Мөнхтулга Баруун-Урт сумын Хурлын төлөөлөгч болох нь сумын ИТХ-ын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” 01 тоот тогтоолоор батлагдаж, одоог хүртэл Баруун-Урт сумын ИТХ-ын төлөөлөгчөөс татгалзсан өргөдөл хүсэлт гаргаагүй, төлөөлөгч хэвээр байгаа нь тус сумын ИТХ-ын дарга Р.Алтаннарын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 24 тоот албан бичгээс тод харагдаж байна. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн удирдлага, хяналт шинжилгээ, үнэлгээний чиглэлээр мэргэшсэн, төрийн албаны дадлага туршлагатай, мэдлэг чадвар, боловсрол, мэргэжил, ажлын байрны ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж буй намайг Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн даргаар үргэлжлүүлэн томилох ёстой байсан.
Иймд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” А/10 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 32 дахь заалтаар намайг томилохоос татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/14 дүгээр тушаалын 1 дүгээр заалтын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Т.Мөнхтулга гэсэн хэсгийг, мөн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 дугаар тушаалын Т.Мөнхтулгад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорыг шүүхийн шийдвэр гарах өдрөөр тогтоож 3.572.506 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: Нэхэмжлэгчийн урьд нь ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдөөгүй, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын ажлын байранд хадгалагдан үлдсэн байгаа. Зөвхөн нэр, нэршлийн хувьд өөрчлөгдсөн гэж үзэж байна. Энэ нь хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтоос тодорхой харагдаж байна. Хариуцагчаас сул орон тоо гарсан гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төрийн албаны тухай хуульд заасан болзол шалгуурыг хангаад ажиллаж байгаа албан тушаалтныг бүтцийн өөрчлөлт нэрээр ажилдаа тэнцэхгүй байна гэж үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа нь өөрөө үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч талаас аймгийн Засаг даргын Тамгын газрын даргыг Тамгын газрын ажилтнуудыг томилж, чөлөөлөх эрхтэй, эрхгүй гэдэг дээр маргаагүй. Мөн хариуцагчаас нэхэмжлэгчийг улс төрийн үйл ажиллагаа явуулсан гэж тайлбарлаж байна. Үүнийг шалгаж тогтоосон зүйл байхгүй. Энэ нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т зааснаар ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа бол тухайн албан тушаалтныг үргэлжлүүлэн томилж ажиллуулах үүрэгтэй байтал энэ үүргээ биелээгүй эс үйлдэхүй нь хууль бус юм. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар Т.Мөнхтулга гэдэг хүнийг томилон ажиллуулж байгаа нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл болж байна. Эдгээр байдлуудыг харгалзан үзээд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхцэцэг шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Чулуунбат нь 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Тамгын газрын даргын 19 дүгээр тушаалаар Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн даргаар томилогдсон боловч Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолоор Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасаг нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс болж чиг үүрэг нь өөрчлөгдсөн. А.Чулуунбат нь уг хэлтсийн даргаар ажиллахад мэргэжлийн хувьд тохирохгүй болсон. Түүнчлэн нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т заасан “албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар нам, төрийн бус болон шашны байгууллагын үйл ажиллагаанд төрийн албан хаагчийн хувьд оролцох”, 15.1.2-т “ ... төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох”-ыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж улс төрийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байсан учраас түүнийг ажлаас чөлөөлсөн. Энэ талаар хангалттай нотлох баримт байгаа. Тус хэлтсийн даргын сул орон тоо гарсан гэж үзэж төрийн алба тасралтгүй байх зарчмын үүднээс Т.Мөнхтулгыг хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.
А.Чулуунбатад Төрийн албаны тухай хуульд зааснаар 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 2.201.589 төгрөгийг олгож, 02 дугаар сарын 17-ны өдөр өөрийнх нь Хаан банкны 5630347858 тоот дансанд шилжүүлсэн, ээлжийн амралтын мөнгийг бодож олгосон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Т.Мөнхтулга шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дамь овогт Түндэвжамцын Мөнхтулга намайг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалаар Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар томилсон. Миний бие нь 2004-2008 онд Монголын Үндэсний дээд сургуулийг бизнесийн удирдлага, Эдийн засгийн мэргэжлээр төгссөн.
2010-2012 онд эзэмшсэн боловсрол, мэргэжлийнхээ дагуу Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газарт эрх зүйн тогтоол, шийдвэрийн биелэлт, хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Мөн төрийн албанд 6 жил ажилласан, төрийн албаны мэдлэг, дадлага туршлагатай болсон.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасаг нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс болсон.
Т.Мөнхтулга миний бие аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалд тавигдах ажлын байрны шаардлагыг бүрэн хангаж байгаа учир хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд А.Чулуунбатын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: А.Чулуунбатыг томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Т.Мөнхтулгыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар томилсноор А.Чулуунбатыг уг албан тушаалаас чөлөөлөөгүй. Маргаан бүхий тушаалуудаас гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй. Захиргааны байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй, шуурхай байх үүднээс Т.Мөнхтулгыг тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь хууль зөрчихгүй юм.
Нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдээгүй гэдэг нь хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбараар нотлогдож байна гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн иргэн А.Чулуунбатаас аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын А.Чулуунбатад холбогдох заалтыг хүчингүй болгон, ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, хэвээр хадгалагдаж байгаа Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхийг даалгасан шийдвэрийг гаргаж намайг хохиролгүй болгож өгөх”-ийг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” А/10 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 32 дахь заалтаар намайг томилохоос татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/14 дүгээр тушаалын 1 дүгээр заалтын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Т.Мөнхтулга гэсэн хэсгийг, мөн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 дугаар тушаалын Т.Мөнхтулгад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, А.Чулуунбатыг ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорыг шүүхийн шийдвэр гарах өдрөөр тогтоож хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” гэж ихэсгэн өөрчилсөн болно.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолоор Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрыг 37 хүртэл орон тоотой байхаар тогтоосон бөгөөд Тамгын газрын бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар нэр бүхий 44 албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, 2 дугаар хавсралтаар 37 албан тушаалтныг томилжээ.
Дээрх тушаалын 1 дүгээр хавсралтын холбогдох заалтаар Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн дарга А.Чулуунбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэлэг олгож, 2 дугаар хавсралтаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар хэн нэгнийг томилолгүй үлдээсэн байх ба маргаан бүхий акт болох аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/14 дүгээр тушаалаар “Тамгын газрын даргын 2017 оны А/10 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын ... Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга гэсний дараа “Т.Мөнхтулга” гэж” өөрчилж, мөн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/25 дугаар тушаалаар ...Түндэвжамцын Мөнхтулгыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн томилсныг нэхэмжлэгч эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар “... Миний хариуцан ажиллаж байсан Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн даргын ажлын байрны үндсэн чиг үүрэг нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын ажлын байрны чиг үүрэгт хэвээр хадгалагдан үлдсэн тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан баталгаагаар хангагдах ёстой ...” хэмээн маргаж байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна.” гэжээ.
Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшил, мэдлэг, ур чадварыг үнэлүүлэн сонгон шалгаруулж ажиллуулах; албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжин ажиллуулах; харин тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн тохиолдолд уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар зохицуулсан байхад нэхэмжлэгч А.Чулуунбатыг албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн “эс үйлдэхүй” нь хууль бус байна.
Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 15-д “ ... төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн ... ” гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ гэжээ.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Сүхбаатар аймгийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/368 дугаар захирамжаар батлагдсан аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийн нэгж болох “Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасаг” нь Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор “Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс” гэж нэгжийн нэршлийн хувьд өөрчлөгдсөн боловч тус тасгийн даргын орон тоо хасагдаагүй, албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж Т.Мөнхтулгыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчимд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болжээ.
Тодруулбал нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн даргын 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтыг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолттой харьцуулан үзэхэд сум, агентлаг, төсөвт байгууллагын үйл ажиллагаанд дотоод аудит хийх гэсэн ажлын байрны нэг зорилт нэмэгдэж, албан тушаалын зэрэглэл ТЗ-9 болж өөрчлөгдсөн байгаа боловч төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт шинжилгээ хийж үнэлгээ өгөх, Засаг даргын үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг дээшлүүлэх талаар Засаг даргыг хяналт, шинжилгээ, үнэлгээний бодлого, арга зүйгээр хангаж ажиллах зэрэг гүйцэтгэх ажил үйлчилгээний зорилго, зорилтууд болон ажлын байрны чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн байна гэж үзэхээр байна.
Дээрх үйл баримт нь хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтууд /хх-ийн 22-25, 57-59-рт/, нэхэмжлэгч А.Чулуунбатын төсвийн шууд захирагчтай 2016 онд байгуулсан үр дүнгийн гэрээ, илтгэх хуудас /хх-ийн 30-41-рт/, Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн 2016 оны үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө /хх-ийн 26-29-рт/, 2017 оны 02 дугаар сарын 07, 08-ны өдрүүдийн хурлын тэмдэглэл /хх-ийн 47-51, 150-151-рт/, аймгийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/368 дугаар захирамж /хх-ийн 204-205-рт/, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/09 дүгээр тушаал /хх-ийн 61-62-рт/, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Тогтоол хэрэгжүүлэх асуудлаар чиглэл өгөх тухай” ХЭГ/1433 дугаар албан бичиг /хх-ийн 95-96-рт/, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газарт бүтцийн өөрчлөлт хийхтэй холбогдуулан хийсэн нөхцөл байдлын үнэлгээ тогтоосон судалгаа /хх-ийн 145-148-рт/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иймд хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “ ... албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөгдсөн, нэхэмжлэгч нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар ажиллахад мэргэжлийн хувьд тохирохгүй болсон. Түүнчлэн нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т заасан “албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар нам, төрийн бус болон шашны байгууллагын үйл ажиллагаанд төрийн албан хаагчийн хувьд оролцох”, 15.1.2-т “ ... төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох”-ыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж улс төрийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байсан учраас түүнийг ажлаас чөлөөлсөн. Тус хэлтсийн даргын сул орон тоо гарсан гэж үзэж төрийн алба тасралтгүй байх зарчмын үүднээс Т.Мөнхтулгыг хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон ... ” гэх тайлбар үндэслэлгүй байна.
Хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь нэхэмжлэгч А.Чулуунбатыг Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн даргын үүрэгт ажлаас Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөөгүй бөгөөд үүнийг нотлох үүднээс нэхэмжлэгчийг Ардчилсан намын хуралд оролцож байгаа гэх зургийг хариуцагч талаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгснийг хэрэгт хамааралгүй бөгөөд нотолгооны ач холбогдолгүй гэж үзэж шүүхээс үнэлээгүй болно.
Түүнчлэн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “ ... Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргыг Тамгын газрын ажилтнуудыг томилж, чөлөөлөх эрхтэй, эрхгүй гэдэг дээр маргахгүй ... ” гэсэн тайлбарыг хийсэн учраас нэхэмжлэгчийн “ ... Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхцэцэг нь холбогдох хуулийн заалтуудыг зөрчин томилогдсон тул төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлж, томилох эрхгүй ...” гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд, нэхэмжлэгч А.Чулуунбатыг албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/14 дүгээр тушаал, мөн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 дугаар тушаалуудын Т.Мөнхтулгад холбогдох хэсэг нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “... төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, …” гэж заасантай нийцээгүйн улмаас нэхэмжлэгч А.Чулуунбатын төрийн алба хаах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/14 дүгээр тушаал, мөн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 дугаар тушаалуудын Т.Мөнхтулгад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, А.Чулуунбатыг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалд томилж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч А.Чулуунбатын ажилгүй байсан хугацаа болох 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх нийт 3 сар 18 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу тооцоолж 3.572.506 (гурван сая таван зуун далан хоёр мянга таван зуун зургаа) төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас ажлаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан нэхэмжлэгчид урьд олгосон 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг 2.201.589 (хоёр сая хоёр зуун нэг мянга таван зуун наян ес) төгрөгийг хасч үлдэгдэл 1.370.917 (нэг сая гурван зуун далан мянга есөн зуун арван долоо) төгрөгийг нэхэмжлэгч А.Чулуунбатад олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд гуравдагч этгээд Т.Мөнхтулгаас “Хариуцагчтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа өмгөөлөгч Б.Баярмааг өөрийн өмгөөлөгчөөр оролцуулах тухай” хүсэлт гаргаж үүнийг хариуцагч талаас зөвшөөрч, өмгөөлөгч Б.Баярмааг гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөр ажиллахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлснийг шүүх хүлээн авч гуравдагч этгээд Т.Мөнхтулгын өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хангаж шүүх хуралдаанд оролцуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А.Чулуунбатыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар томилохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/14 дүгээр тушаалын 1 дүгээр заалтын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Т.Мөнхтулга, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 дугаар тушаалын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Түндэвжамцын Мөнхтулгад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, А.Чулуунбатыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгасугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3.572.506 (гурван сая таван зуун далан хоёр мянга таван зуун зургаа) төгрөгийг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч А.Чулуунбатад олгохоос урьд олгосон тэтгэлэг 2.201.589 /хоёр сая хоёр зуун нэг мянга таван зуун наян ес/ төгрөгийг хасч үлдэгдэл 1.370.917 (нэг сая гурван зуун далан мянга есөн зуун арван долоо) төгрөгийг олгож, уг олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНХАНД