Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2020/0095

 

Ж.Д-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Ж.Д, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 678 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Ж.Д-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 678 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/105 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ж.Д-г урьд эрхэлж байсан Нийслэлийн соёл, урлагийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 3 сар 9 хоногийн цалин 1.979.996 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Ж.Д урьд нь 2 удаа Төрийн албаны тухай хууль зөрчиж алдаа дутагдал гаргасан учир 3 дахь удаагаа Нийслэлийн соёл урлагийн 7 байгууллагын дарга удирдлагууд хамтарч 2019.02.28-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандаж шаардлага ирүүлсэн. Уг шаардлагад Ж.Д нь ажпын байрандаа төрийн албан хаагчийг зодож танхайрсан, хувийн ашиг сонирхлоор төрийн ажилд хандаж зөрчил гаргасан зэрэг үндэслэл бүхий шаардлага тавьсан. Энэ үндэслэлээр Ж.Д-г төрийн албанд үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх нийтлэг үүргээ биелүүлээгүй, хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй учир Төрийн албаны тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.7, 39-р зүйлийн 39.1.2, 48-р зүйлийн 48.1.3-д заасныг тус тус үндэслэн төрийн албанаас халсан асуудлыг анхан шатны шүүх нотлох баримтыг бүх талаас нь үнэлж, дүгнэж үндэслэл бүхий шийдвэр гаргалгүйгээр асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэх тул шийдвэрийг хүчингүй болгож, Ж.Д-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Нэхэмжлэгч Ж.Д нь “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/105 дугаар захирамжийг хүчингүй болгож урьд эрхэлж байсан Нийслэлийн соёл, урлагийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

            Маргаан бүхий захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалтыг тус тус баримтлан, “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг баримтлах, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх нийтлэг үүргээ биелүүлээгүй, хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Дамдинцэрэнг Нийслэлийн соёл, урлагийн газрын даргын албан тушаалаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг, 39 дүгээр зүйлийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх” гэж төрийн жинхэнэ албан хаагчид хориглох зүйлийг тодорхойлсон байх бөгөөд хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: 48.1.З-т “төрийн албанаас халах” гэж сахилгын шийтгэлийн төрлийг заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэж төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах шийтгэл ногдуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасныг хангасан байх шаардлагатай.

Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгч  Ж.Д-ийн гаргасан гэх зөрчлийг шалгаж тогтоогоогүй, чухам ямар үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсон нь тодорхойгүй, гагцхүү нэр бүхий иргэдээс ирүүлсэн албан шаардлагад дурдсан үндэслэлийг шууд зөрчилд тооцон төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимтай нийцээгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.

Хэдийгээр нэхэмжлэгчид нийслэлийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/179 дүгээр захирамжаар сануулах сахилгын шийтгэл, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/209 дүгээр захирамжаар цалингийн хэмжээг 3 сарын хугацаатай 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байх ч дээрх захирамжуудад дурдагдсан зөрчилд давхар сахилгын шийтгэл хүлээлгэх боломжгүйн зэрэгцээ дахин зөрчил гаргасаныг шалгаж, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй байх тул маргаан бүхий  захиргааны акт хууль ёсны болж чадаагүй гэж үзнэ.

            Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “анхан шатны шүүх нотлох баримтыг бүх талаас нь үнэлж, дүгнэж үндэслэл бүхий шийдвэр гаргалгүйгээр асуудлыг шийдвэрлэсэн” гэх гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй алдааг зөвтгөсөн өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 678 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “39.1.2-т” гэсний дараа “48 дугаар зүйлийн 48.1.3” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                    Б.Тунгалагсайхан

                ШҮҮГЧ                                                                    О.НОМУУЛИН