Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2024/0101

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны

Төрийн нарийн бичгийн даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

      Даргалагч, танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

      Шүүгчид:                                         Г.Банзрагч

                                                              М.Батсуурь

                                                               Ц.Цогт

      Илтгэгч шүүгч:                                 Д.Батбаатар

      Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0177 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2024/0444 дүгээр магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 001/ШХТ2024/0313 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нарыг оролцуулан хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/197 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын даргын албан тушаалд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах;

2.Хэргийн нөхцөл байдал: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга “Засгийн газрын 2022 оны 417 дугаар тогтоолоор татан буулгасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын даргаар ажиллаж байсан” Б.Б-ийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/197 дугаар тушаалаар тус яамны Салбарын хяналтын газрын Нийгмийн хамгааллын хяналтын ахлах шинжээчийн албан тушаалд түр томилсон.

3.Нэхэмжлэгчээс “... газрын дарга буюу эрхэлсэн түшмэл намайг ахлах шинжээч буюу ахлах түшмэлээр томилсон нь хууль бус” гэж, хариуцагчаас “... нэхэмжлэгч нь төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй, ковидын үед газрын даргын албан тушаалд түр томилогдсон, хуулийн үйлчлэл 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон, цалин хөлсийг бууруулж томилоогүй, шинээр байгуулагдсан Салбарын хяналтын газрын албан тушаалын тодорхойлолтууд батлагдаагүй, шилжин ирсэн бүх хүмүүс өнөөдрийг хүртэл албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдох ажиллаж байгаа” тус тус маргажээ.

4.Анхан шатны шүүх: “ ... “Засгийн газрын тогтоолоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын татан буулгаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд Салбарын хяналтын газрыг байгуулсан байна, нэхэмжлэгч нь Мэргэжлийн хяналтын газраас зарласан төрийн албаны сул орон тоог нөхөх тусгай шалгалтад тэнцсэн, Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолоор албан тушаалд дэвшүүлсний дагуу тус газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын албан тушаалд томилогдсон байна” гэх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3, 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

5.Давж заалдах шатны шүүх: “... “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар зөв дүгнэсэн боловч хууль хэрэглээний алдаа гаргасан“ үндэслэлээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3” гэснийг хассан өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б гомдолдоо:

6.1.Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь татан буугдсан нь илэрхий үйл баримт тул Б.Б-ийн цалин хөлсийг бууруулалгүй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын Нийгмийн хамгааллын хяналтын ахлах шинжээчийн албан тушаалд түр томилсон нь хууль зөрчөөгүй.

6.2.Давж заалдах шатны шүүх “төрийн нэг байгууллага татан буугдсан тул энэ харилцаанд хэрэглэгдэхгүй” гэж Төрийн албаны тухай хуулийн 44.1, 44.3 дахь хэсгийг хасаж, бусад хэсгийг хэвээр үлдээснийг хүлээн зөвшөөрөхгүй.

6.3.Учир нь анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тул анхан шатны шүүхэд буцаах ёстой гэж үзэж байна.

6.4.Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127.2.5-д заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 001/ШХТ2024/0313 дугаар тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

8.Нэхэмжлэгчээс хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

10.Шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

11.Төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааны талаар Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэж, 62.1.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэж тус тус хуульчилжээ.

12.Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгаж, мөн тогтоолын 2.3-т “мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллагад ажиллаж байгаа салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарыг орон тоо, төсөв, ашиглаж буй компьютер техник, хэрэгслийн хамт одоо эрхэлж байгаа чиг үүрэг, мэргэжлийн чиглэлийн дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.1-д заасан байгууллагад шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах”-аар, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Мэргэжлийн хяналтын чиг үүргийг салбарын яамдад шилжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 469 дүгээр тогтоолоор мэргэжлийн хяналтын чиг үүргийг шилжүүлэх зорилгоор, тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд салбарын хяналтын газрыг байгуулсан байна. Үүнтэй холбогдуулан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ХЭГ/3167 дугаар албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан хаагчдыг эрхэлж байсан ажил, чиг үүргийн дагуу эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр холбогдох албан тушаалд томилохыг хариуцагчид мэдэгджээ.

13.Үүнээс үзвэл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хэлбэрийн хувьд татан буугдсан боловч агуулгаараа түүний чиг үүрэг зохих салбарын яамдад шилжиж, албан хаагчдыг орон тоо, төсөв зэргийн хамт шилжүүлсэн нь дээрх Засгийн газрын 2022 оны 469 дүгээр тогтоол, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ХЭГ/3167 дугаар албан бичигт тодорхой тусгагджээ.

14.Энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан “төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн” гэх урьдчилсан нөхцөл хамаарах тул нэхэмжлэгч Б.Б мөн зүйлд заасан “уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах” баталгаагаар хангагдах учиртай.

15.Өөрөөр хэлбэл, хариуцагч албан тушаалтан Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д зааснаар Засгийн газрын шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Б.Б-ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр урьд эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэлийг бууруулахгүйгээр холбогдох албан тушаалд томилох үүрэгтэй.

16.Нэхэмжлэгч Б.Б нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/302 дугаар тушаалаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын дарга буюу төрийн албаны ангилал, зэрэглэлийн хувьд ТЗ-11-5, эрхэлсэн түшмэлийн албан тушаалд томилогдсон байтал хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/197 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг яамны Салбарын хяналтын газрын Нийгмийн хамгааллын хяналтын ахлах шинжээч буюу ахлах түшмэл, ТЗ-4 албан тушаалд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасан төрийн албан хаагчийн баталгааг,

17.Энэ талаар Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 02/1199 дүгээр албан бичгээр хариуцагчид мэдэгдсэн боловч, үл биелүүлж Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д заасныг тус тус зөрчжээ.

18.Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан цалин хөлс бууруулахгүй байх баталгаагаар хангагдсан” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

19.Анхан болон давж заалдах шатны шүүх төрийн албан хаагчийн баталгаа зөрчигдсөн талаар зөв дүгнэлтийг хийсэн боловч Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 болон 62.1.4-т заасан төрийн албан хаагчийн баталгааны урьдчилсан нөхцөл, агуулгыг маргаан бүхий харилцаанд зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

20.Иймд шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0177 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2024/0444 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн хуулийн зүйл, заалт баримталсан хэсгийг “Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Д.МӨНХТУЯА

             ШҮҮГЧИД                                                                             Г.БАНЗРАГЧ

                                                                                                           М.БАТСУУРЬ

                                                                                                           Ц.ЦОГТ

                                                                                                           Д.БАТБААТАР