Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2017/01030

 

Б.Ө-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 136/ШШ2017/00110 дугаар шийдвэр,

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 202/МА2017/00013 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.Ө-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Т.Б-, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох,

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд эмчилгээний зардал 12 350 150 төгрөг замын зардал болон эмчийн үзлэг, зөвлөгөөний төлбөр 50 150 төгрөг, нийт 12 400 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханы гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт мотоцикльтой явж байгаад том оврын ковш машинтай мөргөлдсөний улмаас баруун өвдөг дунд чөмөгний хэсэгт гэмтэл авч өдийг хүртэл бүрэн эдгэрэхгүй хөгжлийн бэрхшээлтэй болж хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувиар группд орж хохирсон. Уг хэргийн холбогдогч Т.Б-, Алтансүх нар нь хоёулаа гэм буруутайд тооцогдож тус аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсгээр шийтгэгдэж зохих ёсны ял шийтгэлийг авсан юм. Энэ хугацаанд Алтансүх нь нас барсан учир надад учирсан гэм хорын хохирлыг Батбилэг хариуцах үндэслэлтэй юм.Миний бие нь Батбилэгийн буруутай үйлдлийн улмаас одоог хүртэл суга таягтай, баруун хөлний өвдөг үеэрээ нугарахаа больж хөдөлгөөн нь хязгаарлагдаж улмаар өвдөг бяцарч, дунд чөмөгний толгой голоороо дээшээ цуурсаны улмаас үе солиулах яаралтай хагалгаа эмчилгээнд орох шаардлагатай болсон билээ.Гэвч миний хувьд өрх толгойлсон эмэгтэй, өөрийн гэх орлогогүй нэн ядуу амьдралтайн улмаас уг хагалгаандаа орж чадалгүйгээр өнөөдрийг хүрч цаг хугацаа алдаж байгаа бөгөөд цаашид ийм байдлаар удаан хугацаагаар явж болохгүйг эмнэлгээс анхааруулсан болно. Иймд миний бие нь Улаанбаатар хотын Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэж өвдөгний үе солиулахаар болсон тул уг эмчилгээнд зориулагдсан хагалгааны зардал болох 5000 доллар буюу 12 350 150 төгрөг, мөн уг эмнэлэг рүү явж үзүүлж шинжилгээ хийлгэсэн болон Замын-Үүдээс Улаанбаатар хот руу явсан ирсэн замын зардал нийлээд 50 150 төгрөг, бүгд 12 400 300 төгрөг болох гэм хорын хохирлыг хариуцагч Батбилэгээс гаргуулан авахыг хүсч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Т.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.Алтансүх бид хоёрт холбогдох эрүүгийн 21106272 тоот хэрэгт байгаа зам тээврийн ослын талаарх бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 05 тоот дүгнэлтэд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь жолооч Т.Алтансүх Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 6-ийн Б-д заасан зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж ZL408 маркийн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийснээс болсон байна гэж тогтоосон.Дээрх хэргийг хянан шийдвэрлэсэн Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дүгээр заалтад ...хохирогч Б.Ө- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Т.Алтансүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай...” гэж заасан. Иймд дээрх үндэслэлүүдээр намайг иргэний хариуцагчаар оролцуулахаар нэхэмжлэлд дурдсаныг хүлээн зөвшөөрөхгүй болно.Шүүх хэрвээ намайг иргэний хариуцагч гэж үзэх тохиолдолд миний ажилладаг байгууллага Улаанбаатар төмөр замын Барилга, ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийг хариуцагчаар татах хүсэлтэй. Учир нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ. Осол гарсан тэр өдөр би байгууллагынхаа томилолтоор ажлын зааварчилгаа, замын хуудас аваад ажил үүрэг гүйцэтгээд байсан учраас намайг ажилд томилсон Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийг хариуцагчаар оролцуулах ёстой, би хариуцагчаар оролцох хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд УБТЗ-ын Барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийг Б.Ө-ийн нэхэмжлэлд хариуцагчаар оролцуулахаар тайлбар гаргаж байна гэжээ.

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал шүүхэд гаргасан тайлбартаа:

Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 16 дугаар шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор тус эрүүгийн хэрэгт Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь иргэний хариуцагч биш байсан. Б.Ө- нь 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгуулахыг хүссэн 5 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.Дээрх хэргийг Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 136/ШШ2016/00409 шийдвэрээр Б.Ө-ийн нэхэмжлэлтэй Т.Б-т, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангид холбогдох 5 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа гэж заасан. Иймд дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд байгаа тул Б.Ө-ийн гаргасан нэхэмжлэлийг буцааж өгнө үү гэжээ.

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 136/ШШ2017/00110 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 6 200 150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ө-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 200 150 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас улсын тэмдэгтийн хураамжид 114 152 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 202/МА2017/00013 дугаар магадлалаар Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 136/ШШ2017/00110 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 114 152 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээр нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг соннирхлыг илтэд хохироосон, хариуцагч талд хэт давуу байдал бий болгож, нэг талд үйлчилсэн шийдвэр гэж үзэж байна....Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д “МУ-ын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй...” гэж зааснаар нэхэмжлэгч Өлзийцэцэг нь өөрийн биед учирсан гэмтлийг бүрэн гүйцэд эрсдэлгүй хурдан хугацаанд эдгээж чадна гэж итгэсэн эмнэлгээ өөрөө сонгож эмчлүүлэх эрхтэй. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд зааснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь пролтезийн үйлчилгээг өөрөө сонгох эрхтэй гэж заасан. Иймд нэхэмжлэгч Өлзийцэцэг нь 2014 оноос хойш МУ-ын иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүргэж байгаа гэмтэл согогийн цогц тусламж үйлчилгээ, дүрс оношилгоо, дотор мэдрэлийн тасаг, клиник лабортори, сэргээн засах, физик эмчилгээ, мэс заслын тусламж үйлчилгээг аюулгүй, эрсдэлгүй орчинд хүргэж буй магадлан итгэмжлэгдсэн хувийн хэвшлийн хамгийн том эмнэлэг болох “Мөнгөн гүүр” эмнэлгээр өвдөгний үе солиулах хагалгаа хийлгэхээр сонгон уг хагалгааг хийлгэхэд шаардагдах зардлыг гэмтэл учруулсан гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байхад давж заалдах шатны шүүхийн “тухайн шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээг авалгүйгээр “Мөнгөн гүүр” эмнэлгийн өндөр өртөгтэй эмчилгээ, үйлчилгээг авах зайлшгүй шаардлагатай талаархи нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй гэх дүгнэлт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг хариуцагч өөрөө гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд тиймээс 13 400 300 төгрөгийн эмчилгээнд шаардлагатай гэх нэхэмжлэгчийн тайлбарыг эсэргүүцсэн хүлээн зөвшөөрөхгүй талаархи нотлох баримтыг хариуцагч талаас шүүхэд гаргаж өгөөгүй байхад хариуцагчийн энэхүү үүргийг нэхэмжлэгчид оноосон дүгнэлтийг гаргасан нь тус тус нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Хэрэгт Дорноговь аймаг дахь Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 83 тоот, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 127 тоот, “Мөнгөн гүүр” эмнэлгийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн өвчтөн илгээх хуудас зэрэг баримтууд авагдсан бөгөөд эдгээр баримтууд нь цаг хугацааны хувьд дараалж гэмтлийн улмаас бий болсон өвчний оношийг тодруулсан үе шаттай хийгдсэн баримтууд ба ослоос хойш Өлзийцэцэгийн өвдөг улам бүр муудаж байсан тул дээрхи баримтуудыг зөрүутэй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.Нэхэмжлэгч Б.Ө-т учирсан гэмтлийн дүгнэлт, өвдөгний үе солиулах хагалгаанд яаралтай орох шаардлагатай гэх эмчийн тодорхойлолт зэрэг нь хэрэгт авагдсан ба энэ талаар нэхэмжлэгч талаас шүүх хуралдаан дээр тайлбарласан тул Өлзийцэцэгийн амбулториор эмчлүулэгчдийн картанд бичигдсэн бичилт гаргацгүй, Өлзийцэцэгт ямар эмчилгээ шаардлагатайг тодорхойлсон эмчийн бичилтийг тогтоох боломжгүй гэх дүгнэлт нь үндэслэлгүй байна. “Мөнгөн гүүр” ХХК нь нийгмийн даатгалын ерөнхий газартай байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02/49 дугаартай “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх худалдан авах гэрээ” хэрэгт авагдсан бөгөөд гэтэл Б.Ө-ийн зайлшгүй шаардлагатай эмчилгээний зардал нь Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад хамаарах эсэхтэй холбоотой нотлох баримт авагдаагүй гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юмТ.Б-,Т.Алтансүх нар нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж Өлзийцэцэгийн биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутай болох нь Дорноговь аймаг дахь сум дундын шүүхийн 16 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсон боловч Алтансүх нь нас барсан учир эмчилгээ хийлгэхэд шаардагдах зардлын тал хувийг Батбилэгийн ажил олгогч Монгол оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас гаргуулахаар шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг хэт өндөр зардлаар эмчилгээ хийлгүүлэхээр сонгосон нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Б.Ө- нь 3 хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй өрхийн ямар нэгэн орлогогүйн улмаас өөрийн зардлаар өвдөгний үе солиулах хагалгааны зардлыг төлөх ямарч боломжгүй юм. Тиймээс 2012 оноос хойш одоог хүртэл энэхүү гэм хорын хохирол зардлаа нэхэмжилж цаг хугацаа алдах тусам Өлзийцэцэгийн биеийн байдал улам хүндэрч байгаа болно.

Иймд давж заалдах шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 202/MA2017/00013 дугаар магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                            ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалын дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Б.Ө- нь хариуцагч Т.Б- болон Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 12 400 300 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм хороо Т.Б-ийн ажил олгогч Улаанбаатар төмөр замаас гаргуулахыг хүссэн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна. Хуулийн уг зохицуулалтын дагуу гэм хорыг арилгуулах асуудлыг шийдвэрлэхийн тулд нэхэмжлэгчид учирсан гэм хорын хэмжээ, хариуцагчийн хууль бус үйлдэл, гэм буруу, гэм хор болон буруутай үйлдэл, эс үйлдэхүйн хоорондох шалтгаант холбоо тогтоогдсон байх учиртай. Дээрх нөхцлүүдийн аль нэг хангалттай бүрэн тогтоогдоогүй бол тухайн харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэх боломжгүй юм.

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтын зарим нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, улмаар тэдгээрийг үнэлэх, эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журам зөрчигдсөн гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1., 168.3.-т зааснаар 168.1.1.шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 202/МА2017/00013 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН