Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 215/МА2025/00007

 

 

                            Т***** **** ХК-ийн нэхэмжлэлтэй

                          иргэний хэргийн тухай

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 305/ШШ2025/00087 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т***** **** ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ***** сумын *** -р баг, ********-д оршин суух Б овгийн С.А-д холбогдох,

Үндсэн зээлийн үлдэгдэл 2,812,083.28 төгрөг, хүүгийн төлбөр 4,489,342.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 114,998.10 нийт 7,416,424.14 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, хариуцагч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т***** **** ХК нь С.А-д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 2,812,083.28 төгрөг, хүүгийн төлбөр 4,489,342.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 114,998.10 нийт 7,416,424.14 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Т***** ****-аас 2015 онд С.А нөхрийн хамтаар зээл авсан. Энэ зээлийг төлүүлэхээр Т***** ****-аас удаа дараа шаардаж өөрсөдтэй нь холбогдож байсан. Тухайн үедээ С төлөхгүй болоод сүүлдээ огт холбогдохоо ч байсан. Тэгээд энэ талаар шүүхэд гомдол гаргасан шүүхээс эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн. С-ыг эрэн сурвалжлуулж байх явцад 1 удаа эрүүлжүүлэхээс манай банкны Улаанбаатар хотод байдаг тусгай активийн хэлтсийн н.З гэдэг хүн очиж хүлээж авч уулзаж байсан. Тухайн үед би одоо зээл төлөх боломжгүй. Надад тогтсон хаяг байхгүй. Эргээд шүүхээр тогтсон хаягийг нь тодорхойлж өгнө гэхээр цагдаагаас ирж байгаа тоотууд нь 1 тогтсон хаяг байдаггүй. Үргэлжлүүлэн эрэн сурвалжилж байгаа гэсэн агуулгатай албан тоот бичгийг 2 удаа ирүүлсэн. 2023 онд билүү, 2024 онд нас барсан тухай бичиг нь эцсийн байдлаар цагдаагийн газраас ирсэн. Ховд аймгийн нэг сумд нас барсан юм байна. Банкны байгуулсан гэрээгээр хамтран зээлдэгч үндсэн зээлдэгчийн адил үүрэг хүлээнэ гэсэн байна. Энэ заалт гэрээн дээрээ байж байгаа болно. Хамтран зээлдэгчээс зээлийг төлүүлэхээр нэхэмжлэлийг гаргасан гэж тайлбарлажээ.

3. Хариуцагч С.А нь шүүх хуралдаанд “...10 жил болж байхад хаагуур эрэн сурвалжлаад яваад байсныг би мэдэхгүй байна. Т***** ****-ы А эгчид удаа дараа очиж ах дүүсийнх нь утсаар болон би 1 удаа хотод уулзаад бас яриулж байсан. Энд тэнд байна гээд байнга мэдээлж байсан сүүлд Булган сумд байна гээд би А эгчид хэлээд ээжийнх нь дугаарыг өгч байсан. Миний тухайд би энэ зээлийг төлж чадахгүй тийм орлогын эх үүсвэр байхгүй. Энэ олон жил болж байхад энд тэндээс олоод шүүх хуралд бид хоёрыг дуудаад хуваагаад төлүүлчих боломж бололцоо байгаагүй юм болов уу? 10 жил болж байхад шүүх хурал хийж байхгүй, тэр хүнийг амьд байхад нь асуудлыг хөндөж, эрэн сурвалжилж байхгүй яасан юм бэ...” гэж татгалзжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Т***** **** ХК-иас Б овгийн С.А-д холбогдуулан гаргасан үндсэн зээлийн үлдэгдэл 2,812,083.28 төгрөг, хүүгийн төлбөр 4,489,342.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 114,998.10 нийт 7,416,424.14 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т***** **** ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,613 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж ..... шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 305/ШШ2025/00087 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 35/797 дугаар албан бичгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэрийг зөвшөөрөхгүй. Учир нь уг албан бичгээр Я.С-ыг тогтсон хаяггүй, холбоо барих утасны дугааргүй болохыг мэдэгдсэн бөгөөд тус албан бичгийг үндэслэн шүүхэд хандах боломжгүй байсан.

Мөн зээлдэгчийн зээл сүүлийн байдлаар 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр С.А-аас 100,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Я.С-оос 204,965 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Я.С-оос 83.840 төгрөг тус тус төлөгдсөн. Энэ нь зээл хүүгийн тооцооллоор тогтоогддог бөгөөд зээлийн төлөлт хийгдсэн сүүлийн өдрөөс банкны шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно.

Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

  ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч Т***** **** ХК нь С.А-д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 2,812,083.28 төгрөг, хүүгийн төлбөр 4,489,342.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 114,998.10 нийт 7,416,424.14 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

8. Хариуцагч С.А нь “...10 жил болж байхад хаагуур эрэн сурвалжлаад яваад байсныг би мэдэхгүй байна. Т***** ****-ны А эгчид удаа дараа очиж ах дүүсийнх нь утсаар болон би 1 удаа хотод уулзаад бас яриулж байсан. Энд тэнд байна гээд байнга мэдээлж байсан сүүлд Булган сумд байна гээд би А эгчид хэлээд ээжийнх нь дугаарыг өгч байсан. Миний тухайд би энэ зээлийг төлж чадахгүй. Тийм орлогын эх үүсвэр байхгүй. Энэ олон жил болж байхад энд тэндээс олоод шүүх хуралд бид хоёрыг дуудаад хуваагаад төлүүлчих боломж бололцоо байгаагүй юм болов уу? 10 жил болж байхад шүүх хурал хийж байхгүй, тэр хүнийг амьд байхад нь асуудлыг хөндөж, эрэн сурвалжилж байхгүй яасан юм бэ...” гэж тайлбарлаж, маргажээ.

9. Үндсэн зээлдэгч Я.С нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нас барсан болох нь ( х/х 45 дахь талд авагдсан ) CVL25************* дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

10. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл, үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нас барсан тохиолдолд үүрэг дуусгавар болохоор заажээ.

11. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар Я.С нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нас барсанаар Т***** **** Я.С нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан №171 дугаартай зээлийн гэрээний үүрэг дуусгавар болжээ.

12. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, талуудын хуулиар олгогдсон эрхийг эдлүүлсэн бөгөөд хөөн хэлэлцэх хугацаатай хамаарал бүхий баримт болох (х/х 23 дахь талд авагдсан) Я.С-ыг эрэн сурвалжилж Т***** ****-нд хүлээлгэн өгсөн Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 35/797 дугаар албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлснээр Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д зааснаар шинээр хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр уг нэхэмжлэлд холбогдох зээлийн гэрээний хугацаа дууссан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

13. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж хуульчилсан байх бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгч С.А-ын хувьд түүний оршин суугаа *********** аймаг, ****** сум *** -р баг, ********* баг гэх хаяг тодорхой, түүнд одоо ч оршин сууж байгаа, уг хаягаар энэхүү нэхэмжлэлийг гаргасан байдлаас дүгнэхэд ******* ****-нд зээлийн гэрээний үүргийг шаардах эрх байсан ч нэхэмжлээгүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

14.  Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 305/ШШ2025/00087 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 305/ШШ2025/00087 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,613 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх нь хэргийг эцэслэн шийдвэрлэх болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ЭНХТӨР

                               ШҮҮГЧИД                            Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

                                                                       Ш.БАТТОГТОХ