Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2025/00454

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/00129 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 195,650,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь *******-тай 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр BSS-20220909 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний төлбөрт 118,900,000 төгрөгийг төлсөн. Гэрээний 4.1.1-т Гэрээний хавсралт 1-д заасан, чанарын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн зөрчилгүй бохирын системийн тоног төхөөрөмжийг худалдан авагчид ажлын 30 хоногт бүрэн актаар хүлээлгэн өгнө гэж заасны дагуу 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай байгууллагад бохирын системийн тоног төхөөрөмжийг ******* хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Гэвч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

1.2 *******-аас 2023 оны 10 дугаар сарын 02, 03, 04-ны өдрүүдэд төхөөрөмжийг угсарч, суурилуулахаар харилцан тохиролцож, манай байгууллага дээрх хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон боловч төхөөрөмжийг суурилуулж өгөөгүй, бидний үйл ажиллагаанд 17,300,000 төгрөгийн хохирол учруулсан.

1.3 Иймд *******-аас гэрээний дагуу төлбөрт шилжүүлсэн 118,900,000 төгрөг, алданги 59,450,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг дуустал үйл ажиллагаагаа зогсоосны улмаас учирсан хохирол 17,300,000 төгрөг, нийт 195,650,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******-аас 176,031,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,618,500 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,294,151 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 1,038,107 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Шүүх нэхэмжлэгч байгууллагын дурдаад байгаачлан 3 хоногийн хугацаанд 17,300,000 төгрөгийн орлого болох боломжтой байсан эсэх, үндсэн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны орлого нь хэдэн төгрөг олдог байсан эсэх, тэдгээрийн тооцоолоод буй орлогын хүснэгт нь бодит эсэх, шүүх чухам аль баримтад үндэслэн нэхэмжлэгч байгууллагад 17,300,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн нь үндэслэлгүй.

4.2 Мөн тухайн байгууллагыг нэг өдрийн орлого нь нийт тэдэн төгрөг олдог гэсэн эрх бүхий байгууллагын дүгнэлт болон санхүү эдийн засаг болон татварын тодорхойлолт зэрэг огт байхгүй байсаар байтал шүүх энэхүү дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт үнэн зөв бодит дүгнэлт хийж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн зүгээс шаардлагатай нотлох баримтуудаа гаргаж өгсөн. Хариуцагчтай 2023 оны 10 дугаар сард манай компанид тоног төхөөрөмж суурилуулна гэдэг бөгөөд танайх энэ хугацаанд тоног төхөөрөмжөө суурилуулах уу гэж асуухад манайх очиж суурилуулна гэж ярилцсан байдаг. Энэ нь гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар нотлогддог.

5.2 Мөн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 04-ний өдрийг дуусах хүртэлх хугацаанд компанийн дансаар гүйлгээ хийгдээгүй бөгөөд компанийн үйл ажиллагааг зогсоосон нь дансны хуулгаас харагддаг. Тухайн 17,300,000 төгрөг нь үйл ажиллагаа явуулаагүй 3 хоногийн хугацаанд байгууллагад орох ёстой орлого учраас энэ мөнгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийг гардаж авснаас хойш энэ үйл баримтад маргаагүй. Гэтэл шүүх маргаагүй үйл баримтад нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргасан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан гэрээний төлбөрт шилжүүлсэн 118,900,000 төгрөг, алданги 59,450,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 02, 03, 04-ний өдөр тус тус үйл ажиллагаагаа зогсоосны улмаас учирсан хохирол буюу олох байсан орлого 17,300,000 төгрөг, нийт 195,650,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.1 Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариу тайлбар гаргаагүй болно.

3. ******* болон ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр BSS-20220909 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч ******* худалдан авагч *******-ийн захиалгын дагуу гэрээний хавсралт 1-д заасан 30,000 литрийн багтаамжтай, 150 хүний хүчин чадалтай 1 ширхэг бохирын системийн тоног төхөөрөмжийг үзүүлэлт, тоо хэмжээгээр, түүнтэй холбоотой баримт бичгийн хамт худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч ******* нь тоног төхөөрөмжийн үнэ болох 118,900,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх6-12/

3.1 Гэрээний 2.2-т тоног төхөөрөмжийг ирж, суурилуулахад бэлэн болсон үед холболт угсралтыг 30 хоногт багтаан гүйцэтгэх, уг ажилд шаардлагатай 27,470,000 төгрөгийг холболт угсралтын ажил эхлэхэд урьдчилгаа 16,000,000 төгрөгийг, холболт угсралтын ажил дуусахад актаар хүлээж авсны дараа үлдэгдэл 11,470,000 төгрөгийг төлөхөөр заажээ.

3.2 Нэхэмжлэгч *******-аас гэрээний үнэд нийт 118,900,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, зохигч энэ талаар маргаагүй. /хх 15-19/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

4.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

5. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу хариуцагчид 118,900,000 төгрөгийг төлсөн боловч хариуцагч нь гэрээнд заасан бохирын системийн тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй, угсралт хийх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцсэн байна.

5.1 Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн 118,900,000 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Талууд үүнд гомдол гаргаагүй.

6. Мөн анхан шатны шүүх алдангид 39,831,500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх талуудын зарчимд үндэслэн энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

7. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд мөн зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.

7.1 Нэхэмжлэгч нь тоног төхөөрөмжийг угсарч, суурилуулах 3 хоногийн хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон боловч төхөөрөмжийг суурилуулж өгөөгүй бидний үйл ажиллагаанд 17,300,000 төгрөгийн хохирол учирсан гэж тайлбарлан, хэрэгт *******-ийн дансны хуулга болон тооцооллын хүснэгтийг баримтаар гаргаж өгсөн байна. /хх 38-152/ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан хохирол нь нотлох баримтаар тогтоогдсон байхаас гадна хохирол болон гэм буруу, шалтгаант холбоо бүрэн тогтоогдсон нөхцөлд мөн зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг талд хохирол шаардах эрх үүснэ.

7.2 Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэдийгээр хариу тайлбар гаргаагүй боловч нэхэмжлэгч нь уг шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Тодруулбал, тоног төхөөрөмжийг угсарч, суурилуулах 3 хоногийн хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосны улмаас нэхэмжлэгчид 17,300,000 төгрөгийн хохирол буюу мөн хугацаанд тухайн хэмжээний ашиг, орлого олох байсан гэж дүгнэх үндэслэл дээрх баримтаар бүрэн тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлд холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй байна. Иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/00129 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 176,031,500 гэснийг 158,731,500 гэж, ...олгохоор гэснийг ...олгож, гэж, 19,618,500 гэснийг 36,918,500 гэж,

2 дахь заалтын 1,038,107 гэснийг 951,607 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,038,107 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

М.БАЯСГАЛАН