Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 73

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч: Р.Х ,

Нарийн бичгийн дарга: Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

   Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овгийн Р.Х т холбогдох 1928000540055 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1968 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 51 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8 дугаар баг, .............................. тоотод оршин суух, урьд Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоног хорих ял шийтгүүлж, ялын хугацаа дуусч суллагдсан, Боржгон овгийн Р.Х , регистрийн дугаар:......................,

Шүүгдэгч Р.Х  нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 14 цагийн орчим Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 5 дугаар баг, ......................... хашааны гаднаас иргэн Б.О гийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн ява маркийн мотоциклийг хулгайлан 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Р.Х  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 10 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад Голомт банкинд гэрлийнхээ мөнгийг өгсөн. Тэгээд Зүүн сайхны .................... байх хамаатан М.Ч  ахынд очсон. Би М.Ч  ахад гэрийн яндан хийлгэхээр захиалга өгсөн байсан. Яндангаа авах гээд очиход М.Ч  ах дуусаагүй, урьд өдөр нь архи уусан гээд шартсан байсан. Би дэлгүүрээс 750 граммын Ерөөл нэртэй архи авч уусан. Дахиж архи уумаар санагдаад “М.Ч  ах гэртээ байж бай, надад мөнгө байгаа архи аваад ирье” гэж хэлсэн. Гэрээс гарахад урд хашааны үүдэн дээр асаалттай цагаан мотоцикль байсан. Би Б-нх юм байна гэж бодоод мотоциклийг нь унаад давхисан. Цас ороод цас хайлчихсан байсан болохоор явж болохгүй байсан. Тэгээд засмал руу ороод хойшоо эргэхэд цагдаа зогс гээд намайг барьсан. Би шөнө эрүүлжүүлэх байранд хоносон.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 02 сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг .................тоотод байх айлд очихдоо өөрийн эзэмшлийн 2018 онд таньдаг хүнээсээ худалдаж авсан цагаан өнгийн Даюун маркийн мотоцикльтой очоод уг айлын хашааны гадна талд баруун тийшээ харсан цэнхэр өнгийн хаалганы хажууд урд зүг рүү харуулаад тавьчихаад айлд орж 10 минут болоод гараад ирэхэд хашааны гадаа байсан мотоцикль алга болсон байсан. Би айлын ойр орчмоор хайж байгаад олдохгүй болохоор нь Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Урд талын керлан нь байхгүй. Зүүн талын толины суурийг төмөр утсаар боосон байсан. Цагаан өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн банкин дээрээ улаанаар Даюун гэсэн бичигтэй, цагаан өнгийн банктай, хар өнгийн суудлын бүрээстэй, 2 тольтой мотоцикль байсан. Би 2018 оны 09 сард таньдаг хүнээсээ 1.200.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би хулгайд алдсан мотоциклоо Цагдаагийн байгууллагаас бүрэн бүтэн хүлээн авсан. Энэ хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү гэж хүсэж байна. /хх-ийн 26-27-р хуудас/

Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 02-р сарын 28-ны өдөр намайг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5-р баг .................тоот хашаанд гэртээ байж байхад Б.О  надтай уулзах гэж ява маркийн мотоциклиор ганцаараа манайд орж ирсэн юм. Б.О  надтай ойр зуурын юм ярьж байгаад гэрээс гараад явсан. Тэгээд удаагүй Б.О  манай гэрт орж ирээд хашааны үүдэн дээр байсан миний ява маркийн мотоцикль алга болчихсон байна гэхээр нь би хамт гэрээс гараад хашааны үүдэн дээр очоод мөр харсан чинь мотоциклийн мөр нь тод зам руу ороод мэдэгдэхгүй болчихсон. Б.О  цагдаад ява маркийн мотоциклоо алдчихлаа гэж хэлсэн. Манай хашааны гадаа үүдэн дээр тавьсан байсан юм билээ. Хашааны том хаалга нь хаалттай байсан. Мотоциклио асаалттай орхисон байсан гэсэн. /хх-ийн 32-р хуудас/

Гэрч М.Ч  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тэр өдөр манайхаас гараад явж байгаад мотоцикль хулгай хийгээд баригдсан гэж сонссон. Ааш зангийн хувьд архи уухаараа янз бүрийн ааш авир гаргаад байдаг хүн байгаа юм. /хх-ийн 35-р хуудас/

Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 301 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Тайлангаар үнэлэгдэж буй эд зүйлийн өнөөгийн зах зээлийн дундаж үнэ цэнийг 700.000 төгрөгөөр тогтоов. /хх-ийн 38-р хуудас/

Шүүгдэгч Р.Х  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би тэр хашааны гадаа асаалттай байсан мотоциклийг авсан. Тэр мотоцикль хашааны гадна талд нь асаалттай байсан. Тухайн үед мотоциклийн эзнийг нь мэдээгүй. Цагдаад баригдаад маргааш өглөө нь Б.О  гэдэг хүний мотоцикль байсан гэдгийг мэдсэн юм. Би тэр Б.О гээс уучлалт гуйсан. Би Б.О д учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Мотоциклийг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. /хх-ийн 45-46-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-10-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-14-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Р.Х  нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 14 цагийн орчим Өмнөговь аймаг Даланзадгад сум, 5 дугаар баг, .................тоот хашааны гаднаас иргэн Б.О гийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн ява маркийн мотоциклийг хулгайлан 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Р.Х  нь Б.О гийн эзэмшлийн даюун маркийн ява мотоциклийг хулгайлж түүнд 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 301 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Тайлангаар үнэлэгдэж буй эд зүйлийн өнөөгийн зах зээлийн дундаж үнэ цэнийг 700.000 төгрөгөөр тогтоов /хх-ийн 38-р хуудас/ гэснээр, мөн хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Р.Х  нь хохирогч Б.О гийн Даюун-150 маркийн мотоциклийг хулгайлж түүнд 700.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд тухайн хулгайд алдагдсан мотоциклийн хууль ёсны эзэмшигч болох Б.О д биет байдлаар буцаан хүлээлгэн өгч, хохирогч Б.О  нь хохирол төлбөргүй болсон болох нь түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад “Мотоциклоо буцаагаад авсан учир нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Р.Х  нь хохирогч Б.О гийн эзэмшлийн ява маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч Р.Х ийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 14 цагийн орчим Өмнөговь аймаг Даланзадгад сум, 5 дугаар баг, .................тоот хашааны гаднаас иргэн Б.О гийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн ява маркийн мотоциклийг хулгайлан 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Х т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах ялын санал гаргав.

Шүүх шүүгдэгчийн хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлоо биет байдлаар нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Р.Х  нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдэж, шүүгдэгч Р.Х  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Боржгон овгийн Р.Х ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Х т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Х  нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Р.Х  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Т.ДЭЛГЭРМАА