| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 155/2024/01042/И |
| Дугаар | 225/МА2025/00014 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 225/МА2025/00014
| 2025 оны 03 сарын 19 өдөр | Дугаар 225/МА2025/00014 |
Д.Бгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 155/ШШ2024/01233 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Д.Бгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Бд холбогдох
32,000,000 (гучин хоёр сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Б нь уул уурхайн ДХХК-д бүртгэл бүхий 00УБП улсын дугаартай, North benz маркийн авто машиныг урьд том тэрэг барьж байхдаа танилцаж, сайн найз нөхдийн харилцаатай болсон Д.Б гэх залуутай хамтран 62,000,000 төгрөгөөр 2023 оны 3 дугаар сард худалдан авч байсан.
Тухайн үед Д.Б нь өөрөөсөө 20,000,000 төгрөг гаргасан бол миний хувьд 42,000,000 төгрөгийг гарган уг тээврийн хэрэгслийг өөрсдийн болгосон юм.
Ингээд уг машиныг худалдан аваад хэдхэн хоносны дараа миний хувьд Т ХХК-д ажлын ярилцлагад дуудагдан, цаашид худалдан авсан дээрх тээврийн хэрэгслээр ажил үйлчилгээ хийх шаардлагагүй болсон тул Д.Бд уг машиныг худалдан авах саналыг тавьсан. Д.Б нь миний энэхүү саналыг хүлээн авч, бид хоёр 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Чирэгч толгой болон чиргүүлийн үлдэгдэл тооцоо төлж барагдуулах тухай хэлцлийг бичгээр хийн нотариатаар баталгаажуулсан юм. Тус хэлцэлд Д.Б нь ...эхний мөнгө болох 10 сая төгрөгийг 2023 оны 4 дүгээр сард багтаан төлөөд үлдэгдэл 32 сая төгрөгийг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулна. Хэрэв хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ... гэсэн байдаг. Гэвч хариуцагч Д.Б нь хэлцэл хийсэн цагаас хойш хэлж, ярьсандаа хүрэлгүй эхний мөнгө болох 10,000,000 төгрөгийг удаа дараа гуйлгуулж байж арай хийж 2023 оны 7 дугаар сард төлж барагдуулан, хугацаа хэтрүүлсэн. Харин тэрээр үлдэгдэл 32,000,000 төгрөгийг ...тун удахгүй төлж барагдуулна... гэх итгэл үнэмшил төрүүлсэн хий хоосон зүйлийг ярин цаг хугацааг аван, намайг хуурч мэхэлсээр өдийг хүрсэн.
...Иймд Д.Бд худалдсан тээврийн хэрэгслийн төлбөрийн зөрүү үлдэгдэл 32,000,000 төгрөгийг түүнээс гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байгаа учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...2023 оны 2 сарын үед Б нь өөртөө машин худалдан авч нүүрс зөөх ажилд явна гайгүй машин харж байгаарай хө гэж надад захисан. Тэгээд би машин зарах хүн судалж байтал 1 зарах гэж байгааг Бд хэлсэн. Тэгтэл Б тэр машиныг би авъя гэж ярьсан. Тэгээд надаас машин авахад мөнгө дутаж байна гээд надаас 20,000,000 /хорин сая/ төгрөг зээлсэн. Уг машиныг аваад удаагүй байхдаа Б өөр ажилд орох боллоо, би чиний 20,000,000 төгрөгийг өгч чадахгүй болсон тул чи энэ машиныг ав гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би авч үлдэх болвол энэ машиныг өөрийг нь явуулж, мөнгө хийж байж чиний мөнгийг гаргана шүү дээ гэж хэлэхэд ямар ч байсан чи аваад үлд гээд 1 нотариатын бичиг хийсэн. Ямар бичиг нотариатаар хийлгэснийг мэдээгүй. Тухайн үед би өөрийн мөнгөө авах зорилгоор Бгийн машиныг авч үлдсэн. Анхнаасаа би Бгийн машиныг өөрийн мөнгөний барьцаанд авч үлдсэн. Б надад чи наад машинаа явуулж байгаад надад мөнгийг нь гаргаж өгөөрэй гэсэн ба би жолооч олж тухайн машиныг явуулж байгаад Бд 2023 оны 7 сард 10,000,000 төгрөг өгсөн. Тухайн үед Өмнөговь аймагт ажил муу байсан учраас би Сүхбаатар аймаг руу тээвэр хийхээр явсан. Сүхбаатар аймаг руу явж байтал Бгийн үлдээсэн машины мотор эвдэрсэн. Тэгээд тухайн машины моторыг өөрөөсөө мөнгө гаргаж засаад Улаанбаатар луу оруулсан. Тэгтэл Улаанбаатар ороод дахиад мотор нь эвдэрсэн. Тэрнээс хойш уг машиныг хөдөлгөөгүй 22-ын товчоонд орхисон байгаа. Б өөрөө очиж машинаа хараад бичиг баримтаа аваад явсан байсан. Тухайн машиныг надад шилжүүлж өгөөгүй, Бгийн өөрийн нэр дээр байгаа болно. Д.Бгийн нэхэмжилж байгаа 32,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: маргаж буй тээврийн хэрэгслийн гэрчилгээ хавтаст хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч өмчлөх эрхтэй болох нь тогтоогдсоны үндсэн дээр өөрийнхөө эрхийг зөрчигдсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан. Уг тээврийн хэрэгсэл одоогийн байдлаар хэний эзэмшилд байгаа нь нэхэмжлэл гаргах цаг хугацаагаар, нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэлтэй байсан эсэх талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн. Тиймээс нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхтэй субъект гэж тодорхойлох боломжгүй. ...Тиймээс тээврийн хэрэгслийн талаар эрх зөрчигдсөн гэж үзэж хариуцагчийн зүгээс Д.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэл байхгүй байна гэж харж байна. ...Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 155/ШШ2024/01233 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.Баас 32,000,000 (гучин хоёр сая) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317,950 (гурван зуун арван долоон мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баас 317,950 (гурван зуун арван долоон мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал давж заалдах гомдолдоо: ...Өмгөөлөгчийн хувьд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 155/ШШ2024/01233 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцаах саналтай байна. Үүнд:
1. Хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан нь хууль зүйн үндэслэлгүй тухайд:
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийн дагуу хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргах бөгөөд түүнийг шүүх хуралдаан зарласнаас хойш хугацаанд сөрөг нэхэмжлэл гаргасан нь сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нэхэмжлэгч Д.Баас Иргэний хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан шүүхэд төлөөлөх эрхийг авсан байх бөгөөд уг эрхийнхээ үндсэн дээр шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан.
Гэтэл анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1,2-ийг зөрчсөн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх процессын хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг харилцан зөрүүтэй тодорхойлсон буюу 37,500,000 төгрөгнөөс тооцож тэмдэгтийн хураамж төлсөн буюу тэмдэгтийн хураамж дутуу төлсөн гэж үзжээ.
Нэхэмжлэгч Д.Бтай харилцан сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлоход нэлээдгүй хэмжээний зардал гарч байсан гэж хэлдэг бөгөөд өмгөөлөгчийн хувьд сөрөг нотлох баримтын хувьд баримтаар тогтоогдох боломжтой үнийн дүнг 37,500,000 төгрөг юм байна гэдгийг харилцан үйлчлүүлэгч Д.Бтай харилцан зөвшилцсөний үндсэн дээр 37,500,000 төгрөгөөр сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлсон тул уг үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн болно.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа талаар танилцуулахад шүүхийн зүгээс уг асуудлыг асууж тодруулах боломжтой байсан атал огт тодруулаагүй атлаа тэмдэгтийн хураамж дутуу төлсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт бол маргаан бүхий тээврийн хэрэгслийн өмчлөлийн бүртгэлийн асуудал чухал ач холбогдолтой нотлох баримт юм бөгөөд бүртгэлийн байгууллагаас 00УБП бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагааг гаргуулах тухай хүсэлтийг аль байгууллагаас гаргах нь тодорхойгүй гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Хүсэлтийг хэлэлцэж байхад шүүхийн зүгээс хүсэлтийг шийдвэрлэхэд шаардлагатай асуултыг тодруулах эрх байхад уг эрхээ хэрэгжүүлээгүй атлаа хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
00УБП тээврийн хэрэгсэл нь хариуцагч Д.Бы нэр дээр бүртгэгдэж байсан тохиолдол байхгүй тул хариуцагчийн уг баримтыг олох боломжгүй бөгөөд шүүхэд хүсэлт гаргасны үндсэн дээр цуглуулах боломжтой нотлох баримт болно.
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 сарын 18-ны өдрийн А/222 тушаалын хавсралт Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам-ын 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэхүү журмын зорилго нь автотээврийн хэрэгслийн өмчлөх эрх болон бүртгэл хөтлөх, улсын бүртгэлийн дугаар олгох, тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн сан байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. гэж заасан байдаг.
Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч Х.Б нь нэхэмжлэл гаргах эрхтэй субьект эсэхэд эргэлзээтэй байх тул маргаан бүхий 00УБП тээврийн хэрэгслийн бүртгэлийг гаргуулах хүсэлтийг аль байгууллагаас гаргуулах тухай тодорхой заагаагүй тул хангахаас татгалзаж шийдвэрлэсэн гэжээ.
Тээврийн хэрэгслийн бүртгэлийг улсын хэмжээнд Автотээврийн Үндэсний төвд хийх бөгөөд орон нутагт бүртгэлтэй холбоотой лавлагааг Хөвсгөл аймгийн Автотээврийн төвөөс гаргуулах боломжтой юм.
Хүсэлтийг хэлэлцэхдээ энэ асуудлыг тодруулах боломжтой байсан, нөгөө талаас талуудын хооронд хүсэлтийг хэлэлцэх явцад мэтгэлцсэн асуудал огт байхгүй буюу Хөвсгөл аймгийн Автотээврийн үндэсний төвөөс лавлагаа гаргуулна гэж бичээгүй байгаа талаас нэхэмжлэгч тал мэтгэлцсэн зүйл байхгүй.
Улаанбаатар хотод Автотээврийн үндэсний төв нэгдсэн байдлаар бүртгэл хөтөлдөг тул бүртгэлийн байгууллага гэхэд талуудын хувьд аль байгууллагаас нотлох баримт гаргуулах нь ойлгомжтой тул бүртгэлийн байгууллага гэж бичсэн байсан болно.
Дээрх нөхцөл байдлууд нь хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна.
2.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу хэрэглэсэн талаар:
Хэрэгт цугларсан нотлох баримтаар Талуудын хооронд 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Чирэгч болон толгойн үлдэгдэл тооцоо төлж дуусгах тухай хэлцэл хийгдсэн гэж үзэхээр байна.
Гэвч нэхэмжлэгч Д.Б нь уг хэлцлийн зүйл болох УБП 00дугаартай Чирэгч толгой болон 63-25 чиргүүлийг хариуцагч Д.Бд худалдах эрх бүхий этгээд гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.2-д Хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой эрх болон мэдэгдлийг улсын бүртгэлд бүртгүүлнэ. гэж заасан бөгөөд маргаан бүхий тээврийн хэрэгсэл Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 сарын 18-ны өдрийн 222 тушаалын хавсралт Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын дагуу бүртгэгдсэн байх бөгөөд уг тээврийн хэрэгслийн гэрчилгээ хэргийн материалд авагдаагүй болно.
ДХХК нь өөрийн хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийг өмчлөгчийг Д.Б гэж тодорхойлон, улмаар уг тодорхойлолтоор тээврийн хэрэгслийн талаар нэхэмжлэл гаргах эрхийг тодорхойлох эрхгүй болно.
Өөрөөр хэлбэл Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч Д.Б нь нэхэмжлэл гаргах эрхтэй субьект гэж үзэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Д.Бд холбогдуулан 32,000,000 (гучин хоёр сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба тэрээр шаардах эрхээ ...бид хоёр 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Чирэгч толгой болон чиргүүлийн үлдэгдэл тооцоо төлж барагдуулах тухай хэлцлийг бичгээр хийн нотариатаар баталгаажуулсан юм. Тус хэлцэлд Д.Б нь ...эхний мөнгө болох 10 сая төгрөгийг 2023 оны 4 дүгээр сард багтаан төлөөд үлдэгдэл 32 сая төгрөгийг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулна. Хэрэв хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ... гэсэн байдаг. Гэвч хариуцагч Д.Б нь эхний мөнгө болох 10,000,000 төгрөгийг 2023 оны 7 дугаар сард төлж барагдуулан, хугацаа хэтрүүлсэн. ...Иймд Д.Бд худалдсан тээврийн хэрэгслийн төлбөрийн зөрүү үлдэгдэл 32,000,000 төгрөгийг түүнээс гаргуулах... гэж тодорхойлсон.
Хариуцагч Д.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...машин авахад мөнгө дутаж байна гээд надаас 20,000,000 /хорин сая/ төгрөг зээлсэн. ...Би чиний 20,000,000 төгрөгийг өгч чадахгүй болсон тул чи энэ машиныг ав гэж надад хэлсэн. ...Анхнаасаа би Бгийн машиныг өөрийн мөнгөний барьцаанд авч үлдсэн. ...Бд 2023 оны 7 сард 10,000,000 төгрөг өгсөн. ...Сүхбаатар аймаг руу явж байтал Бгийн үлдээсэн машины мотор эвдэрсэн. Тэгээд тухайн машины моторыг өөрөөсөө мөнгө гаргаж засаад Улаанбаатар луу оруулсан. Тэгтэл Улаанбаатар ороод дахиад мотор нь эвдэрсэн. Тэрнээс хойш уг машиныг хөдөлгөөгүй 22-ын товчоонд орхисон байгаа. Б өөрөө очиж машинаа хараад бичиг баримтаа аваад явсан байсан. Тухайн машиныг надад шилжүүлж өгөөгүй, ...Д.Бгийн нэхэмжилж байгаа 32,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэгч гэрээний зүйлийг худалдан авагчид шилжүүлсэн, хариуцагч нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй нь хэрэгт цугларсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон тул худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 32,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг шалгаж, үнэлэх талаар хуульд заасан журмыг хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулаагүй, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь талуудын 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Чирэгч толгой болон чиргүүлийн үлдэгдэл тооцоо төлж барагдуулах тухай хэлцэл /хх-н 2/-ийг үндэслэж шаардах эрхээ тодорхойлжээ.
Автотээврийн хэрэгслийг өмчлөх, эзэмших эрх нь Автотээврийн тухай хууль, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 сарын 18-ны өдрийн 222 тушаалаар баталсан Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам-д заасны дагуу эрх бүхий байгууллагын бүртгэлээр тодорхойлогдоно.
Гэтэл нэхэмжлэгч нь маргаан бүхий тээврийн хэрэгсэл болон чиргүүлийн хууль ёсны өмчлөгч болохоо нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Тодруулбал, хэрэгт ДХХК-ийн 2023.04.10-ны өдрийн Нотариатад гаргасан Манай байгууллагын эзэмшилд байгаа 00УБП улсын дугаартай 000арлын дугаартай Nort Benz загварын чирэгч толгой, 00ОЧ улсын дугаартай 000арлын дугаартай чиргүүлийг нь иргэн Довогтой Б /РД:ВЭ00-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн болохыг тодорхойлов. гэх агуулга бүхий 01.82 дугаартай тодорхойлолт /хх-н 59/ авагдсан байх боловч уг тодорхойлолт нь нэхэмжлэгч болон ДХХК-ийн хэн аль нь уг тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч болохыг нотлохгүй.
Өөрөөр хэлбэл маргаан бүхий тээврийн хэрэгслийг өмчлөх, эзэмших эрх бүртгэгдсэнийг нотлох эрх бүхий байгууллагын шийдвэрийг нотлох баримтаар гаргаагүй тохиолдолд байгууллагын тодорхойлолт дангаараа бусдын өмчлөх, эзэмших эрхийг нотлох баримт болохгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлэх бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ...түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар ...шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах... үүрэгтэй ба нэхэмжлэгч энэ үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, дээрх үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдсон тохиолдолд мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болдог.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргалын давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 155/ШШ2024/01233 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317,950 /гурван зуун арван долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Н.БАЯРХҮҮ