Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 118

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагч С.Сугар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар

Шүүгдэгч С.Ө нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч С.Өт холбогдох 1930002410155 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн харьяат, 1980 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг Б гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, С.Ө. 

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

           Шүүгдэгч С.Ө нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагийн орчим Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг Б гэх газарт хохирогч У.Эыг “эмэгтэй хүнийг зодлоо” гэж хөлийг нь хавсарч унгаснаас баруун хөл нь хугарч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч С.Ө шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019.05.24-ний өдөр худаг дээрээ малаа услаад зогсож байхад Д.А, эхнэр Т.Т хамт ус авах гээд ирсэн. Д.А ах “айлаас ямаа авах гэсэн юм. Ахдаа машинтайгаа яваад өгчих ” гэхээр нь явсан. Айл руу хоосон очоод яах вэ,пиво аваад явъя гээд У.Эынх руу ороод пиво авъя гэхэд бэлэн мөнгөөр өгнө гэсэн. Би түрүүвчээ гэртээ орчихжээ, зээлээр өгчих гэхэд өгөхгүй гээд өгөөгүй. Гэтэл Д.А ах У.Этой худаг, өвөлжөөн дээрээс болоод маргалдаж эхэлсэн. Би дунд нь хорьж байхад У.Э нь Т эгчийг модоор цохиод байхаар нь “чи эмэгтэй хүний модоор цохиж болохгүй” гээд зүүн мөрөн дээрээс нь барьж байгаад зүүн хөлд нь хөлөө тээглүүлээд татсан юм. Гэтэл У.Э баруун талын хөлөө бариад “хөл хугарчихлаа” гээд бархираад унасан. Тэр үед би хаван боогоод гутал нь хөлийг нь барьчихгүй гээд гутлыг нь тайлаад үзэхэд хөл нь хавантаагүй байсан. Тэгээд Д.А ах явъя гэхээр нь ямааг нь хүргэж өгчихөөд эргээд ирэхэд намайг ар гэрийнхэн нь У.Этой уулзуулаагүй. Ийм л зүйл болсон. У.Э маш их уурласан байсан. Тиймээс би эмэгтэй хүнийг дахиад цохчих вий гэж бодоод сандарсандаа мөрөн дээрээс нь бариад хавсарчихсан юм. Эрүүлийг нь барихаар согтуу нь ирээд байсан. Би тухайн үед ганцаардаад байсан. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэдгээ ойлгож байгаа. Хохиролд 1.000.000 төгрөг өгсөн... гэв. 

 

- Хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Эын: 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагийн орчимд намайг гэртээ байж байхад Ө, Д.А, Т нар цагаан өнгийн Портер маркийн машинтай ирсэн. Ирээд надаас архи авъя гэхээр нь байхгүй гэж хэлэхэд Д.А нь “ чи муу байхгүй байхаараа яадаг юм”  гээд над руу дайрахаар нь би мод бариад өөдөөс нь дайрахад тэрээр зугтаасан. Тэгээд Д.А нь надад хандаж “ би чиний бярууг өвөл хөнгөлж өгөхөд чи надад архи өгөөгүй, танайхыг архи зардгийг чинь мэдэж байна “ гээд над руу дайраад байсан. Бид гэрээс гарахад намайг заамдаж аваад зүүн талын мөр, бугалга хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Гэрээс гарахаас өмнө галын хайчаар мөн цохих гэхэд нь Ө дундуур орж хориод салгасан. Гадаа гараад намайг мод, төмөр бариад туугаад байхаар нь би лоом бариад толгой дээгүүрээ шидсэн. Оносон үгүйг нь мэдэхгүй байна. Тэгээд би гэр тойроод зугтааж байгаад гэр рүүгээ ороод хаалгаа түгжихэд Д.А нь манай гэрийн хаалганы жижиг цонхыг хагалаад бахираад байхаар нь би буцаж гарсан. Тэгээд гэр тойроод зугтааж байхад Т эгч нөхөр Д.Атаа “ наадахыгаа алаад өг “ гээд зогсож байхаар нь би мод бариад Т эгчийн нуруу хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхэд Ө ирээд намайг “ эмэгтэй хүн модоор цохилоо г” эж загнаад хавсраад унагаасан. Газар ойчихдоо миний баруун хөл хугарсан. Би миний хөл хугарчихлаа гэж хэлэхэд тэд машинаа унаад яваад өгсөн. Ө нь өөрөөр намайг зодож цохисон асуудал байхгүй. Өаас архи үнэртэж байсан гэж бодож байна. Гэхдээ согтуу биш байсан. Миний баруун хөлийн шилбэ, шагай хэсэг газраараа хугарсан байсан. Улаанбаатар хотод очиж 4 хадаас тавиулаад ирсэн. Миний эмчилгээнд зарцуулсан 2 сая төгрөгийг Ө гаргаж өгөхөөр тохирсон учир надад өөр гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх- 8-11/

 

- Гэрч Г.Бгийн: 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 17 цагийн үед нөхөртэйгээ гэртээ хоёулаа байж байтал гаднаас Д.А, Ө, Т нар машинтай ирээд Д.А нь манай нөхрөөс архи, тамхи нэхсэн. Нөхөр цагаан сарын үлдэгдэл тамхинаасаа Д.Ат нэгийг өгөөд архи байхгүй гэж хэлсэн. Д.А нь уурлаад манай нөхрийг гэрийн гадаа гараараа хоёр удаа цохисон. Тэгээд банз аваад Э руу дайрахад манай нөхөр Э гэр рүүгээ гүйж ороод хаалгаа түгжсэн. Тэр үеэр манай гэрийн хаалганы цонхыг модоор цохиж хагалсан. Д.А нь манай нөхрийг гараад ир гээд байсан. Ө нь харин манай нөхөр Д.А хоёрын дундуур орж боль гээд хорьж байсан. Тэгэхэд Д.Аын эхнэр Т нь нөхөртөө зод зод гээд байсан. Д.А нь мод бариад манай нөхрийг зодно гээд гэрийн хойно очсон, араас нь Ө салгаж байгаа бололтой явсан. Удалгүй манай нөхөр Э хөл хугарчихлаа гээд бархираад байсан. Д.А, Ө, Т нар тэгээд яваад өгсөн. Д.А согтуу байсан, Өаас архи үнэртэж байсан ч гайгүй байсан....гэх мэдүүлэг /14-15/,

 

- Гэрч Д.Аын: 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр би гэртээ ганцаараа 0.75 литрийн архи уусан. Тэгээд 16 цагийн орчим С.Өын худаг дээр эхнэрийн хамт ус авах гэж очиход С.Ө нь худаг дээр малаа услаад байж байсан. Би Өыг машинаараа айл руу ямаанд явж өгөхийг гуйхад тэрээр зөвшөөрч явсан юм. Би айл руу очихдоо пивотой очъё гэж хэлээд замаараа Э гэх айлынхаар орсон. Би ороод пиво авъя гэхэд тэрээр бэлэн мөнгөөр нь өгнө гэсэн бөгөөд би түрийвчээ гэртээ орхисон байсан. Тэгээд би зээлье гэхэд зээл өгөхгүй гэсэн. Тэгэхээр нь би уурлаад “ танайх өвөлжөө давтаад дууслаа, худгаа хаагаад одоо наанаасаа нүү “ гэж хэлэхэд “ энэ худгийг гаргахад чи ерөөсөө оролцоогүй шүү, манай дүү нар ухаж гаргасан худаг “ гээд уурлаад гэр дотроо намайг хоёр удаа өшиглөсөн. Тэгээд Э гэрээсээ гүйгээд гарсан. Би араас нь гараад мод бариад хөөхөд тэрээр янз бүрийн юм шидээд зугтаагаад байсан. Над руу тоосго аваад шидэхээр нь би тонгойтол дээгүүр гарсан, мөн мод аваад шидсэн нь миний хажуугаар өнгөрсөн. Сүүлд нь над руу 50 орчим см урт иштэй, үзүүрт нь машины нум хийсэн лоом шидэж миний аймхайн тус газар оносон. Э нь гэр тойроод зугтааж байхдаа манай эхнэр Тг нуруунд нь нэг удаа модоор цохисон. Тэр үед С.Ө нь Эыг “ эмэгтэй хүнийг зоддог нь яаж байгаа юм “ гээд салгаад зүүн мөрөн дээрээс нь татаад хавсраад унагааж байсан. Э нь хөл хугарлаа гээд орилоод унасан. Ө, Э нар нь гэрт орчихсон, хаалгаа түгжсэн байсан. Би хаалгаа нээ гэж бахираад хаалганых нь цонхыг модоор цохиж хагалахад эхнэр нь хаалга нээсэн бөгөөд Э баруун хөлийнхөө гутлыг тайлаад Өсөхөө хажууд нь зогсож байсан. Тэгээд Ө явъя гээ ямаа авах айл руугаа явсан. Би Эыг намайг гэртээ өшиглөхөд нь хөлийг нь хамж аваад баруун ор руу нь нэг удаа түлхсэн. Өөр би халдаж зодоогүй. Надад баригдаагүй юм...” гэх мэдүүлэг /хх-17/,

 

- Гэрч Б.Тийн: 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр манай нөхөр Д.А гэртээ ганцаараа 0.75 литрийн архи уусан. Тэгээд үдээс хойш С.Өын худгаас ус авах гэж хоёулаа очиход С.Ө нь худаг дээр малаа услаад байж байсан. Тэгээд манай хүн Өыг айл руу ямаанд явж өгөхийг гуйсан бөгөөд нөгөө айл руугаа очихоос өмнө Эын гэдэг айлаас архи авах гээд очсон. Тэгээд очоод манай нөхөр Эгоос архи авъя гэхэд тэрээр байхгүй гэсэн. Тэгээд манай нөхөр уурлаад загнаад байх шиг байсан. Э ч өөдөөс нь мөчөөгөө өгөхгүй хэрэлдээд маргалдаад байсан. Манай нөхөр цохих гэхээр Э нь бултаж зугтаагаад байсан. Тэгээд гэрээс нь гараад гэр тойроод Э нь зугтаагаад Д.А нь хөөгөөд байсан. Э зугтаж байхдаа намайг нэг удаа модоор цохиход Ө ирээд арагш татаад нэг удаа хавираад унагаасан. Тэр үед Э газар унаад Өсөхөө чи миний хөлийг хугалчихлаа гээд  бахираад байсан. Тэгээд бид гурав ямаа авах айл руугаа явсан. Ө нь ер нь Э Д.А хоёрын дундуур орж салгаад байсан...” гэх мэдүүлэг /хх- 18/,

 

- У.Эын Хохирлын баримтууд /хх 5-6/

 

- 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 284 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1. У.Эын биед баруун хөлний шаант ясны ташуу мушгирсан зөрөөтэй хугарал, баруун талын шагайн гадна ясны хугарал, шагайн үений хагас мултрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.3.1-т зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна... гэжээ /хх-20/, 

 

- 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 285 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:  1. Д.Аын биед аюулхайд болох ар нуруунд зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэжээ /хх-24/ 

 

- 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 286 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд : Тийн биед гэмтэл тогтоогдсонгүй /хх-28/,

 

- Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 193 дугаартай тодорхойлолт /хх-44/

 

- С.Өын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-45/

 

- Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 161  дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-47-48/

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоол /хх-49-55/,

 

- Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол.№ 59 /хх- 63/

 

- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-56-57/

 

- С.Өын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-62/

 

- Хохирогч У.Эын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан 209 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-64/

 

- Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн прокурорын тогтоол /хх-65/

                

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

 Шүүгдэгч С.Ө нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг Б гэх газарт хохирогч У.Эыг “эмэгтэй хүнийг зодлоо” гэж хөлийг нь хавсарч унагаснаас “ баруун хөлний шаант ясны ташуу, мушгирсан хугарал, баруун талын шагай гадна хачаар ясны хугарал, шагайн үений хага мултарал “ бүхий хүндэвтэр хохирол  санаатай учруулсан учруулсан болох нь С.Өын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч У.Э, гэрч Г.Б, Д.А, Б.Т нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 284 дугаартай дүгнэлт, 0000461 дугаартай Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан баримт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 4023, 4022,4021 дугаартай Орлогын баримт зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.   

 

        Хэргийн баримтаар шүүгдэгч С.Ө нь хохирогч У.Эын, Б.Т гэх эмэгтэйг модоор цохих үйлдлийг таслан зогсоохоор зорилгоор түүнийг барьж хөлийг нь хавсарч унагаснаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйл баримт тогтоогдоно. 

Энэ нь хохирогч У.Эын “ Т эгч нөхөр Д.Атаа “ наадахыгаа алаад өг “ гээд зогсож байхаар нь би мод бариад Т эгчийн нуруу хэсэгт цохисон. Тэгэхэд Ө ирээд намайг “ эмэгтэй хүн модоор цохилоо ” гэж загнаад хавсраад унагаасан. Газар ойчихдоо миний баруун хөл хугарсан. Миний баруун хөлийн шилбэ, шагай хэсэг газраараа хугарсан байсан. Улаанбаатар хотод очиж 4 хадаас тавиулаад ирсэн“ гэх,

гэрч Г.Бгийн “ Д.Аын эхнэр Т нь нөхөртөө зод зод гээд байсан. Д.А нь мод бариад манай нөхрийг зодно гээд гэрийн хойно очсон, араас нь Ө салгаж байгаа бололтой явсан. Удалгүй манай нөхөр Э хөл хугарчихлаа гээд бархираад байсан..гэх,

гэрч Д.Аын “ Э нь гэр тойроод зугтааж байхдаа манай эхнэр Тг нуруунд нь нэг удаа модоор цохисон. Тэр үед С.Ө нь Эыг “ эмэгтэй хүнийг зоддог нь яаж байгаа юм “ гээд салгаад зүүн мөрөн дээрээс нь татаад хавсраад унагааж байсан. Э нь хөл хугарлаа гээд орилоод унасан “ гэх,

гэрч Б.Тийн “Э зугтаж байхдаа намайг нэг удаа модоор цохиход Ө ирээд арагш татаад нэг удаа хавираад унагаасан. Тэр үед Э газар унаад Өсөхөө чи миний хөлийг хугалчихлаа гээд  бахираад байсан” гэх мэдүүлгүүд, 

284 дугаартай “ У.Эын биед баруун хөлний шаант ясны ташуу мушгирсан зөрөөтэй хугарал, баруун талын шагайн гадна ясны хугарал, шагайн үений хагас мултрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.3.1-т зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна “ гэх дүгнэлт зэргээр хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон байна..

С.Ө нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүйг, хүний хөлийг хавсарснаас унах, хөл нь бэртэх боломжтойг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогчийг хөлөөрөө хавсарч эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан байна. 

Шүүгдэгч С.Өын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч У.Эод хүндэвтэр хохирол учирсан, шүүгдэгч С.Ө түүнд эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч “ эмчилгээний зардалд 1 сая төгрөг авсан.Одоо эмчилгээний зардал нэхэмжлэхгүй, гомдолгүй “ гэх хүсэлтийг 2019.07.02-ны өдөр тус аймгийн Прокурорын газарт гаргажээ /хх- 64/.

 

Шүүгдэгч С.Ө гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол буюу эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.            

 

С.Өын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд хангагдсан буюу “ гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх, үйлдсэн хэрэг нь нотлогдсон байх “ зэрэг эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим, шаардлагад нийцсэн байна.

Тухайлбал, шүүгдэгч С.Өын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч “ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэхэд татгалзах зүйлгүй“гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна. 

Иймд С.Өт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

       Шүүх шүүгдэгч С.Өын “Эхнэр, хүүхэд Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан байгаа учраас энэ торгуулыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх саналтай байна “ гэх хүсэлтийг үндэслэн түүнд оногдуулах торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо. 

Шүүгдэгч С.Ө энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Өыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Өыг 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850,000 /найман зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан С.Өт оногдуулсан дээрх торгох ялыг 8 /найман/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан С.Өт таслах сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай. 

 

5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан С.Ө нь түүнд оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

6. Ялтан С.Ө энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч У.Эын гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН