Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 225/МА2025/00015

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 225/МА2025/00015

 

 

 

Д.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2024/01306 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Оийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЭТӨҮГ-т холбогдох

1/ЭТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/662 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 8 дахь хэсгийн 8.2, 8.16.9, 8.17 дахь хэсэг бүхэлдээ, мөн тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээний загварын 6.3 хэсгийн заалтууд бүхэлдээ Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байгаа эсэхийг тогтоож, дээрх заалтуудыг мөрдөгдөж эхэлсэн үеэс нь тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, ажилтны эрх зүйн байдлыг хуульд зааснаас дордуулахгүйгээр, Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээг өөрчлөн Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэхийг хариуцагчид үүрэг болгох,

2/ЭТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б/330 дугаартай Ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоолгох, урьд эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас нөхөн олгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Дорждулам нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, түүний өмгөөлөгч С.Дорждулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.6-д зааснаар ...ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй, ял оногдуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болно. Гэтэл ажил олгогчийн дотоод журамд гэмт хэргийн шинжтэй зөрчил нь шүүхээр эцэслэн тогтоогдохгүй байсан ч ажилтанд сахилгын шийтгэл оногдуулж, улмаар ажлаас халахаар журамласан нь ажилтны эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаас дордуулсан байна.

...Хөдөлмөрийн дотоод журмын 8.17.4, 8.17.7-д тус тус заасан ноцтой гэх зөрчлийг хэн, хэрхэн яаж тогтоох нь тодорхой бус, ойлгомжгүй байгаа учир эдгээр нь эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актын хууль зүйн шаардлагыг хангахгүй байна.

...ЭТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.17 хэсэгт сахилгын ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар журамласан асуудал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т хөдөлмөрийн дотоод журамд биш, ажилтны хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заахаар хуульчлагджээ.

Ийнхүү тухайн ажилтны хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд тусгайлан зааж оруулах ноцтой зөрчлийн тухай хуулийн зохицуулалтыг Хөдөлмөрийн дотоод журамд нийтлэг байдлаар журамласнаар ажилтны эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаас дордуулсан байна.

...ЭТӨҮГ-ын ерөнхий захирлын 2022.10.19-ний өдрийн А/662 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээний загварын 6.3 хэсэгт Хөдөлмөрийн дотоод журмын 8.17 хэсэгт заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах заалтуудыг мөн адилаар давтан оруулсан байна. Ийнхүү Хөдөлмөрийн дотоод журмын 8.17.4, 8.17.7 дахь хэсэгт заасныг хөдөлмөрийн гэрээнд хуулбарлан оруулахдаа эдгээр зөрчлийг эрх бүхий байгууллага тогтоосон байхаар тусгасан бөгөөд 8.17.19 заалтыг оруулаагүй байна. Хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 49.2.4-т зааснаар хөдөлмөрийн сахилга, гомдол гаргах журмыг тусгаж болно. Харин хариуцагч хөдөлмөрийн гэрээндээ ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах заалтыг ажилтны хувьд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаас дордуулсан байдлаар тусгасан боловч сахилгын шийтгэлд гомдол гаргах зохицуулалтыг огт оруулаагүйд гомдолтой байна.

...Хариуцагчийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.16.9 болон 8.17 хэсэг болон хөдөлмөрийн гэрээний 6.3 хэсэгт тусгасан заалтууд нь ажилтны эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаас дордуулсан гэж би үзэж байна. Ажилтан миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8-д ...хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний зохицуулалт нь хүнийг ялгаварлан гадуурхсан, эрхийг нь хязгаарласан, эсхүл давуу байдал олгосон бол тухайн зохицуулалт хүчин төгөлдөр бус байна, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т ...хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний аливаа зохицуулалт нь ажилтны эрхийг хууль тогтоомжид зааснаас дордуулсан бол тухайн зохицуулалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцно ... гэж тус тус заасны дагуу ЭТӨҮГ-ын хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний дээр дурдсан заалтуудыг шүүхээс хүчин төгөлдөр бусад тооцуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.

...Иймд ЭТӨҮГ-ын ерөнхий захирлын 2022 оны 10 дугаар сарын 19- ны өдрийн А/662 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 8 дахь хэсгийн 8.16.9 заалт болон 8.17 дахь хэсэг бүхэлдээ, мөн тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээний загварын 6.3 хэсгийн заалтууд бүхэлдээ Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байгаа эсэхийг тогтоож, дээрх заалтуудыг мөрдөгдөж эхэлсэн үеэс нь тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү. Улмаар ...Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.6 болон 80.1.4-80.1.6, 80.2 дахь заалтын дагуу ажилтны эрх зүйн байдлыг хуульд зааснаас дордуулахгүйгээр, Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээг өөрчлөн Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэхийг хариуцагчид үүрэг болгож шийдвэрлэнэ үү. гэжээ.

Нэхэмжлэгч Д.О 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагчийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б/330 дугаар ажилтан Д.Оийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар ажил олгогчийн санаачилгаар миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ. Уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалттай илт зөрчилдөж байгаа бөгөөд хууль зүйн үндэслэлгүй байна... ЭТӨҮГ-ын хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний дээр дурдсан заалтуудыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай миний гомдлоор тус шүүхийн 2024.03.04-ний өдрийн 142/Ш32024/01520 дугаар захирамжаар үүсгэсэн иргэний хэрэг шүүхэд хянагдаж байгаа учраас энэхүү маргаан бүхий актаар намайг ажлаас халах үндэслэлгүй юм. Иймд дээрх хууль зүйн үндэслэлүүдээр ЭТӨҮГ-ын ерөнхий захирлын 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б/330 дугаар тушаалыг зохих ёсоор хүчингүй болгож, намайг өмнө эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоож, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасны дагуу миний урьд нь эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас нөхөн олгуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Д.О нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ...хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулиас өөр хууль тогтоомж болон Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заагаагүй асуудлыг хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд хамруулж, улмаар ажилтанд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаас өөр нөхцөл байдлаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах эрх хуулиар олгогдоогүй байх тул дээрх 8.2 заалтыг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...ЭТӨҮГ нь Хөдөлмөрийн дотоод журам /цаашид ХДЖ гэх/, хөдөлмөрийн гэрээний загвараа /цаашид ХГЗ гэх/ батлахдаа хууль тогтоомжид бүрэн нийцүүлэн баталсан ба Хөдөлмөрийн дотоод журмын 8.2 дугаар зүйлд Хууль зөрчсөн ажилтны гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбогдох бол эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн энэхүү журмын 8.1-т зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчилд тооцно" гэж заасан. Өөрөөр хэлбэл хууль зөрчсөн ямар ч үйлдэлд бус зөвхөн хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбогдолтой хууль зөрчсөн үйлдлийг хамааруулах ба үүнийг нь эрх бүхий байгууллагаас шийдвэрлэж тогтоосон байхаар тусгасан.

Иймд нэхэмжлэлд дурдсан ХДЖ-ийн 8.16.9, 8.17.19-д заасан...гэм буруутай үйлдэл гэж ямар үйлдлийг ойлгох нь тодорхой бус гэсэн нь үндэслэлгүй байна. ...Нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь нүүр 1-р догол мөрөнд ...ажил олгогчийн дотоод журамд гэмт хэргийн шинжтэй зөрчил нь шүүхээр эцэслэн тогтоогдохгүй байсан ч ажилтанд сахилгын шийтгэл оногдуулж... журамласан нь ажилтны эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаас дордуулсан байна гэжээ. ЭТӨҮГ-ын ХДЖ болон ХГЗ-т гэмт хэргийн шинжтэй зөрчил нь шүүхээр эцэслэн тогтоогдохгүй сахилгын шийтгэл ногдуулах ямар нэг агуулга байхгүй тул дээрх шаардлага нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь нүүр 3-р догол мөрөнд ХДЖ-ийн 8.17 дахь хэсгийн заалтууд нь ажил олгогчид хууль бусаар давуу байдал олгосон... гэжээ. Гэтэл ХДЖ-ын 8.17.1-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан., 8.17.2-д ...ажил гараагүй тохиолдолд холбогдох баримт бичгийг ажилд орсноос хойш ажлын 3 хоногийн дотор ирүүлээгүй, 8.17.3-д ...хуурамч бичиг баримт бүрдүүлсэн... зэрэг эдгээр зүйл нь хэрхэн яаж ажил олгогчид давуу байдал олгож байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна.

...Нэхэмжлэгчээс гаргасан ЭТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б/330 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор нөхөн олгуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Д.О нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 01,02,03-ны өдрүүдэд ЭТӨҮГ-ын захиргааны 1-р байранд Б.Б, Д.М, Д.Б нарын өрөөнд хэрүүл маргаан үүсгэсэн, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр танхайрах явцдаа Л.Эын гар утсыг шидэж гэмтээсэн, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ЭТӨҮГ-ын 1-р байранд удирдлагын шуурхай хуралдааны үеэр Д.М руу өндөг шидсэн, 2023 оны 12дугаар сарын 12-ны өдөр Д.Мын ажлын өрөөнд орж хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэн, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан танхайрсан зөрчил гаргасан болохыг Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 48 дугаартай шийтгэвэр, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ДШЗ/06 дугаартай магадлалаар тогтоосон.

...Ийнхүү Д.Оийн удаа дараагийн үйлдлээр ажлын байранд хэрүүл маргаан үүсгэж танхайрсан нь шүүхийн хүчин төгөлдөр магадлалаар тогтоогдсон ба энэ нь Д.Отэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, ЭТӨҮГ-ийн Дотоод журмын холбогдох заалтад ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулсан тул ЭТӨҮГ-ийн Ерөнхий захирлын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/330 тоот тушаал нь холбогдох хууль тогтоомжид бүрэн нийцсэн болно. гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2024/01306 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2., 158.1.3, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Оийг ЭТӨҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын мониторингийн инженерийн албан тушаалд ажилд эгүүлэн тогтоож, ЭТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 15,360,302 төгрөг гаргуулан Д.Од олгож, ЭТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8 дахь хэсгийн 8.2, 8.16.9, 8.17 заалт, хөдөлмөрийн гэрээний загварын 6.3 дахь заалт нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байгаа эсэхийг тогтоож, дээрх заалтуудыг мөрдөгдөж эхэлсэн үеэс нь тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, ажилтны эрх зүйн байдлыг хуульд зааснаас дордуулахгүйгээр, Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээг өөрчлөн Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэхийг хариуцагчид үүрэг болгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-Д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ЭТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжаар 305,952 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М давж заалдах гомдолдоо: ...Д.Оийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ЭТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/330 дугаар тушаалаар дуусгавар болгосон. Уг тушаалын үндэслэх хэсэгт Д.Отэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.3.12 дугаар зүйл болон бусад холбогдох хууль тогтоомжийг үндэслэж байгаа болохыг тодорхой заасан.

Түүнчлэн Б/330 дугаар тушаалын 1 дүгээр хэсэгт Д.О нь ажлын байранд бусдыг доромжилсон, танхайрсан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ тушаал гарсан өдрөөр дуусгавар болгосугай. гэж тодорхой заасан.

...Гэтэл шүүхийн шийдвэрийн 8 дугаар талын 5.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар заалтын аль заалтыг үндэслэлд хамааруулсан нь тодорхойгүй хэмээн алдаатай, ойлгомжгүй дүгнэлт гаргажээ.

Мөн шүүхийн шийдвэрийн 9 дүгээр хуудасны 6 дахь хэсэгт Хөдөлмөрийн гэрээний 8.17.10 болон 8.17.19 дэх хэсгийг дурдаад тушаалын үндэслэл бүрэн нотлогдоогүй. гэжээ.

ЭТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.17.10 дугаар заалт нь Хөдөлмөрийн гэрээний 6.3.12 дахь хэсэгтэй яг адилхан бөгөөд Ажлын байр, хувцас солих өрөө, хооллох танхим, захиргаа, аж ахуйн байр, үйлдвэрийн бүс,..олон нийтийн арга хэмжээний үеэр бусдыг доромжилсон, танхайрсан, эрх чөлөөнд халдсан, хүч хэрэглэсэн бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан.

...Д.О нь Хөдөлмөрийн гэрээний 6.3.12-д заасан ажлын байранд бусдыг доромжилсон, танхайрсан болох нь шүүхээр эцэслэгдэн тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс тушаалын үндэслэл бүрэн нотлогдоогүй гэж илэрхий алдаатай, буруу шийдвэр гаргажээ. Түүнчлэн шүүхээс Д.Оийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон Б/330 дугаар тушаалыг хүчинтэй хэвээр үлдээсэн атлаа Д.Оийг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон нь логик алдаатай, ИХШХШТХ-ийн 115 дугаар зүйлтэй зөрчилдөж байна.

Ийнхүү хэргийн гол үйл баримтад дүгнэлт хийгээгүй, илэрхий алдаатай дүгнэлт гаргаж буруу шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийн Д.Оийг ЭТӨҮГ-ын ХАБЭА хэлтсийн ХАБ Мониторингийн инженерийн албан тушаалд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 15,360,302 төгрөг гаргуулан О.Од олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Дорждулам давж заалдах гомдолдоо:

Нэг. Хөдөлмөрийн дотоод журам /цаашид ХДЖ гэх/-ын зарим заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Шүүх ...ХДЖ-тай холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. Энэ нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг дараах байдлаар хангаагүй байна.

1.1.Д.О нь Хөдөлмөрийн тухай хууль /цаашид ХтХ гэх/-ийн 4-р зүйл буюу хуулийн нэр томьёоны тодорхойлолтын 4.1.3-д ажилтан гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн.

1.2.... Аливаа байгууллага дотооддоо мөрдөх ХДЖ-ыг боловсруулж гаргахад ажилтны төлөөлөгч сонгож, уг төлөөлөгч нь ажил олгогчтой хэлэлцэн тохиролцох шаардлага ХтХ-д тусгагдаагүй. Иймээс ЭТӨҮГ-ын ХДЖ-ыг ажилтны төлөөлөгч нар ажил олгогчтой хэлэлцэн тохиролцож боловсруулаагүй, төлөөлөгч нар гарын үсэг зурж ХДЖ-ыг баталгаажуулаагүй. Харин уг журмыг Ерөнхий захирал 2022.10.19- ний өдрийн А\662 дугаар тушаалаар баталсан.

1.3. ...ХДЖ нь хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн тухай ажилтны гомдлыг ХтХ-ийн 158-р зүйлийн 158.1.3-т зааснаар шүүх шууд хянан шийдвэрлэх хөдөлмөрийн эрхийн маргаанд хамааруулсан учир Д.О шүүхэд гомдол гаргаж, ХДЖ-ыг хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцүүлэхийг шаардах эрхтэй байна.

1.4.Д.О шүүхэд ЭТӨҮГ-ын ХДЖ-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Харин ХтХ-ийн 6.8-д ...хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний зохицуулалт нь хүнийг ялгаварлан гадуурхсан, эрхийг нь хязгаарласан, эсхүл давуу байдал олгосон бол тухайн зохицуулалт хүчин төгөлдөр бус байна, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т ...хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний аливаа зохицуулалт нь ажилтны эрхийг хууль тогтоомжид зааснаас дордуулсан бол тухайн зохицуулалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцно... гэж тус тус заасны дагуу хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцээгүй ХДЖ-ын зарим хэсэг, заалтуудыг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргасан.

1.5.Би Д.Оийн хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардсан ХДЖ-ын хэсэг, заалтуудын ХтХ-д нийцэхгүй байгаа хууль зүйн үндэслэлүүдийг тус тусад нь бичиж, тайлбарыг холбогдох хууль тогтоомжийн жагсаалтын хамт АШШ-д бичгээр гаргаж өгсөн тул дахин тайлбарлах шаардлагагүй байна.

Хоёр. Хариуцагчийн 2024.03.13-ны өдрийн Б\330 тушаалын тухайд:

...шийдвэрийн тогтоох хэсэгт Б\330 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай бичилгүй орхигдуулсныг ДЗШШ залруулж, шийдвэрт зохих ёсоор өөрчлөлт оруулах нь зүйтэй.

...Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 заалтыг баримтлан Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.24-ний өдрийн 142\ШШ2024\01306 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д ...ЭТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8 дахь хэсгийн 8.2, 8.16.9, 8.17 заалт, хөдөлмөрийн гэрээний загварын 6.3 дахь заалт нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байгаа эсэхийг тогтоож, дээрх заалтуудыг мөрдөгдөж эхэлсэн үеэс нь тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, ажилтны эрх зүйн байдлыг хуульд зааснаас дордуулахгүйгээр, Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээг өөрчлөн Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэхийг хариуцагчид үүрэг болгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, улмаар уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах тухай өөрчлөлт оруулж, шийдвэрт ЭТӨҮГ-ын ерөнхий захирлын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б\330 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай нэмэлт өөрчлөлт оруулж, Д.Оийг ЭТӨҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдлын мониторингийн инженерийн албан тушаалын ажилд эгүүлэн тогтоох хэсгийг хэвээр үлдээж, Д.Од урьд нь эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нөхөн олгохыг хариуцагчид даалгахаар өөрчилж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

1.Нэхэмжлэгч Д.О ЭТӨҮГ-т холбогдуулан ЭТӨҮГ-ын ерөнхий захирлын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/662 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 8 дахь хэсгийн 8.2, 8.16.9, 8.17 дахь хэсэг бүхэлдээ, мөн тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээний загварын 6.3 хэсгийн заалтууд бүхэлдээ Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байгаа эсэхийг тогтоож, дээрх заалтуудыг мөрдөгдөж эхэлсэн үеэс нь тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, ажилтны эрх зүйн байдлыг хуульд зааснаас дордуулахгүйгээр, Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээг өөрчлөн Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэхийг хариуцагчид үүрэг болгох,

- ЭТӨҮГ-ын ерөнхий захирлын 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б/330 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоолгох, урьд эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас нөхөн олгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М дээрх шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэн хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг 51 минутад дардас дарж хүлээн авахдаа Б.Хишигдаваа-д гэж тэмдэглэсэн байх ба Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа нь нэхэмжлэлийг хүлээн авч 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШЗ2024/01919 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна /1-р хх-н 1, 10-13 тал/.

Тухайн шүүгч нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэх болсон үндэслэлийг тодорхойлсон баримт хэрэгт авагдаагүй байх ба энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган тогтоож, Ерөнхий шүүгч албажуулах хуулиар тогтоосон журам зөрчигдсөн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасан шүүх хуралдааны даргалагчийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч захирамж гарган томилох нь шүүх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлэх, шүүгч хараат бус байх зарчмыг хэрэгжүүлэх нэг гол нөхцөл болно.

4.Шүүгч 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Д.Оийн нэхэмжлэлтэй, ЭТӨҮГ-т холбогдох ЭТӨҮГ-ын ерөнхий захирлын 2022.10.19-ний өдрийн А/662 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 8 дахь хэсгийн 8.16.9, 8.17 дахь хэсэг бүхэлдээ, мөн тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээний загварын 6.3 хэсгийн заалтууд бүхэлдээ Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байгаа эсэхийг тогтоож, дээрх заалтуудыг мөрдөгдөж эхэлсэн үеэс нь тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, ажилтны эрх зүйн байдлыг хуульд зааснаас дордуулахгүйгээр, Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээг өөрчлөн Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэхийг хариуцагчид үүрэг болгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтууд бүрдсэн... гэх үндэслэл зааж Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргажээ /1-р хх-н 143-146-р тал/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д ...хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан... товлох-оор зохицуулсан.

Гэтэл шүүгч нэхэмжлэгчийн гаргасан ЭТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б/330 дугаартай Ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоолгох, урьд эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас нөхөн олгуулах шаардлагыг хэлэлцүүлэх захирамжид тусгаагүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д зохицуулалттай нийцээгүй гэж үзнэ.

5.Мөн хэргийн 1 дүгээр хавтасны 78-80 дугаар талд авагдсан Гомдол хэлэлцэх тухай шүүх хуралдааны тэмдэглэл, 81-84 дүгээр талд авагдсан Гомдол хэлэлцэх тухай шүүхийн тогтоолд шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнд оролцсон шүүгчдийн нэрийг зөрүүтэй тусгасан байгааг анхаарах нь зүйтэй.

6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журам зөрчигдсөн нөхцөлд давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт, шүүхийн хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, илэрхий алдаатай дүгнэлт гаргаж буруу шийдвэр гаргасан... гэх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Дорждуламын ...шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 заалтыг баримтлан шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэхь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү... гэх агуулгаар гаргасан гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн мөнгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2024/01306 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,152 /гурван зуун долоон мянга, нэг зуун тавин хоёр/ төгрөг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Дорждуламын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,400 /далан нэгэн мянга, дөрвөн зуу/ төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                             Б.СОСОРБАРАМ

Л.ЭРДЭНЭБАТ