| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 183/2024/03182/И |
| Дугаар | 210/МА2025/00436 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/00436
|
|
|
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/00007 дугаар шийдвэртэй,
*******ын нэхэмжлэлтэй, *******т холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 23-ны өдрийн ******* дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 сарын 08-ны өдрийн ******* дугаартай магадлалаар *******аас 68,013,061 төгрөг гаргуулж, мөн түүний өмчлөлийн ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоот хаягт байх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* талбайтай хувийн сууц, гараж, мөн хаягт байх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай ******* талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэрлэсэн.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа явуулж дээрх үл хөдлөх хөрөнгөд 2024 оны 04 сарын 15-ны өдөр хөрөнгийн үнэлгээчин томилж, 2024 оны 04 сарын 22-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайланг гаргаж, *******д мэдэгдсэнийг 2024 оны 04 сарын 26-ны өдөр хүлээн авсан.
******* үл хөдлөх эд хөрөнгөө 500,000,000 төгрөгөөр үнэлж, үнийн саналаа хүргүүлсэн ч хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 12, 13 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй, үнэлгээний тайлан нь мөн хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй бөгөөд тус үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур буюу бага үнээр үнэлж байгаа нь *******ын хөрөнгийг үнэгүйдүүлж хууль ёсны эрх, ашгийг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна. Хөрөнгийн үнэлгээний тайлан болон үнэлгээчний үйл ажиллагаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн, хөрөнгийн зүйлийн шинж байдал онцлог зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн жишиг үнийг орлогын аргуудыг хослуулан зах зээлийн үнэлгээг тогтоох, хөрөнгийн өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэсэн байх ёстой. Түүнчлэн дээрх барьцаа хөрөнгө нь хувийн сууц гаржийн зориулалттай, өөрийн эдэлбэр газартай, үнэ цэнэ бүхий бие даасан объект атал зах зээлийн бодит үнэ ханшид нийцэхгүй, үндэслэлгүй байна.
Иймд барьцаа хөрөнгө болох газар, хувийн сууц, гаражийг 255,103,756 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Дээрх шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, барьцаа хөрөнгүүд болох ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоот хаягт байрлах, ******* талбайтай хувийн сууц, гараж, Эрхийн улсын ******* дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг хурааж, хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгоход 255,103,756 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээний тайлангаар тухайн хувийн сууц, газрыг үнэлэхдээ төмөр бетон цутгамал гэсэн төрөлд оруулан зах зээлийн жишиг харьцуулалтын аргаар үнэлж, үнэлэгдэж буй хөрөнгөтэй ижил төстэй хөрөнгүүдийн зах зээлийн үнэ ханшийн судалгаа, зэх зээлийн үнийн мэдээллийг уг хөрөнгийн ашиглалт, өнгө үзэмж, элэгдэл хорогдол, чанар байдалд харьцуулан үнэлсэн байна. тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг нийт 255,103,756 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж үзэх боломжгүй юм.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар *******т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрээр *******аас 68,013,061 төгрөг гаргуулж, түүний өмчлөлийн ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоот хаягт байх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* талбайтай, мөн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй ******* талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа *******ын өмчлөлийн газар болон хувийн сууц, гаражид 2024 оны 04 сарын 15-ны өдөр хөрөнгийн үнэлгээчин томилж, Хөрөнгийн үнэлгээний байгууллага 2024 оны 04 сарын 22-ны өдөр тайлан гаргасныг *******д 2024 оны 04 сарын 25-ны өдөр албан бичгээр мэдэгдсэнийг 2024 оны 04 сарын 26-ны өдөр хүлээн авсан.
******* нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 500,000,000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл нэхэмжлэгчийн өмчлөлийн хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 12, 13 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй, үнэлгээний тайлан нь мөн хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй бөгөөд тус үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж байгаа нь хөрөнгийг үнэгүйдүүлж, нэхэмжлэгчийн эрх, ашгийг зөрчиж байна. Барьцаа хөрөнгө нь хувийн сууц гаражийн зориулалттай, өөрийн эдэлбэр газартай үнэ цэнэ бүхий бие даасан обьект юм. Монгол Улсын зах зээлд үл хөдлөх хөрөнгө төдийгүй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ, ханш өдрөөс өдөрт өсч, байнгын өсөлттэй байх атал зах зээлийн бодит үнэ, ханшид нийцэхгүй, үндэслэлгүй үнэлгээ гаргасан байна.
Анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тухайн хөрөнгийн онцлог шинжийг харгалзсан болон зах зээлийн хандлага, харьцуулалтын аргаар үнэлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбарлан маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн үнэлж, маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн байна.
4. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 23-ны өдрийн 183/ШШ2023/00016 дугаар шийдвэрээр хариуцагч *******аас 39,860,323 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, ******* дүүргийн *******дугаар хороо, ******* ******* дугаар гудамж, ******* тоотод байрлах улсын бүртгэлийн ******* дугаартай ******* талбай бүхий хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *******, нэгж талбарын ******* дугаартай, ******* талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, гэрийн эд хогшил зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 сарын 08-ны өдрийн ******* дугаар магадлалаар уг шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******аас 67,517,523 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 495,538 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн. Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны 07 сарын 04-ний ******* дугаар хуралдааны тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцэхээс татгалзаж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
5. Төлбөр төлөгч дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 09 сарын 29-ний өдөр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгө болох *******ын өмчлөлийн дээрх ******* талбайтай газар болон мөн хаягт орших ******* талбайтай хувийн сууц, гаражийн хамт битүүмжилж, хураах ажиллагааг тус тус явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасантай нийцсэнийг анхан шатны шүүх зөв тогтоосон.
Энэ тухай талууд маргаагүй бөгөөд харин үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ хуульд нийцсэн эсэх нь маргааны зүйл болжээ.
6. Хариуцагчийн зүгээс албадан дуудлага худалдаагаар худалдах барьцаа хөрөнгийн талаар талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч, төлбөр авагч нар өөр өөр үнийн санад ирүүлж, тохиролцоогүй байна. Иймд барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шийдвэр гүйцэтгэгч 2024 оны 04 сарын 15-ны өдрийн *******дугаартай тогтоолоор ******* ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин *******ыг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-т заасантай нийцжээ.
Шинжээчээс ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны, ******* тоот хаягт байх улсын бүртгэлийн ******* дугаартай ******* гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байх ******* дугаартай ******* талбайтай хувийн сууц, гаражийн зах зээлийн үнийг 2024 оны 04 сарын 22-ны өдрийн байдлаар 255,103,756 төгрөг болохыг тогтоосон байна.
Хөрөнгийн үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 оны 04 сарын 25-ны өдөр төлбөр төлөгч *******д мэдэгдэж, тайланг хүлээлгэн өгсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт нийцсэн, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй байна. Нэхэмжлэгч мэдэгдлийг хүлээн авч 2024 оны 05 сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасантай нийцсэн.
7. Үнэлгээчин үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 12, 13 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй, үнэлгээний тайлан нь мөн хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй бөгөөд тус үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур буюу бага үнээр үнэлсэн нь эд хөрөнгийг үнэгүйдүүлж хууль ёсны эрх, ашгийг зөрчсөн гэх агуулгаар нэхэмжлэгч гомдлоо гаргасан.
Хэрэгт авагдсан шинжээчийн тайланд үнэлэгдэж буй хөрөнгийг өртгийн, зах зээлийн хандлагын гэсэн аргуудыг ашиглан үнэлснийг дурдаж, эдгээр аргаас зах зээлийн хандлагын аргаар хөрөнгийг үнэлэхэд үл хөдлөх эд хөрөнгийн бодит үнэ цэнийг тодорхойлох ач холбогдолтой болон хөрөнгийг үнэлүүлж буй зорилгыг харгалзан уг аргаар үнэлсэн үнэлгээг хөрөнгийн эцсийн үр дүн гэж үзсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5-д заасан зарчимд нийцсэн, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх, 8.3.10-д заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдал-ын шаардлагыг тус тус хангасан байна.
Үнэлгээний тайлангаас үзвэл шинжээч нь үнэлэгдэж буй газар, хувийн сууц, гаражийг ойролцоо байршилтай хөрөнгөтэй харьцуулж буюу тус дүүргийн *******дугаар хороонд байрлах хувийн сууцнуудтай харьцуулан үнэлж хөрөнгийг өртгийн хандлагын аргаар 371,039,704 төгрөг, зах зээлийн хандлагын аргаар 255,103,756 төгрөг болохыг тогтоожээ. Мөн тайланд хөрөнгийн үнэлгээний тайланд харьцуулалт хийгдсэн хөрөнгүүдийн мэдээлэл, эх сурвалжийг тодорхой тусгагдсан байна.
Иймээс шинжээч үнэлгээг зохих хууль, журамд нийцүүлэн явуулж, хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор үнэлүүлж байгаа үнэлгээний зорилгыг харгалзан зах зээлийн хандлагын аргыг тухайн хөрөнгийн бодит үнийг тодорхойлсон үнэ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийн зах зээлийн үнийг 500,000,000 төгрөг гэж тодорхойлсон ч энэ талаархи баримт, нотолгоог шүүхэд гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлээ нотлоогүй байх тул энэ тухай давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/00007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Э.ЭНЭБИШ