Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 95

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагч Э.Хосбаяр,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн яллагдагч Б.Гд холбогдох 1930001900116 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат, 1998 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 3 дугаар багийн нутаг “А” гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй,  Б.Г. 

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

           Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр баг “О” гэх газар Г.Гын гэрт Х.Иыг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, хүзүүнд улайлт, аюулхай орчим зулгарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв. 

 

Эрүүгийн 1930000000115 дугаартай хэргээс: 

Шүүгдэгч Б.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр би Г гэх айлд очиход Га, М, Гаын эхнэр С, У нар байсан ба Га М хоёр нь 0.75 л соёрхол архи ууцгааж байхаар нь би тэр хоёртой тэр архинаас нь уусан. Тэгээд тэр архи нь дуусахаар би сумын төв рүү орж Шинэ сонголт дэлгүүрээс 0.75 л ерөөл архи авч буцаад Гынд очиж тэр хоёртой цуг архи уусан. Гэтэл гаднаас хажуу айлын И гэх ах орж ирээд юу болоод байгаа юм, архи дарс уугаад айл амьтан буулгалаа гээд намайг заамдаа цамцны захаас боогоод ор руу түлхэхээр миний уур хүрч Иыг гараараа нүүр рүү 2-3 удаа цохисон. Бид 2 барилцалдаад гэрээс гарч гэрийн гадаа би Иыг гараараа 2-3 удаа цохисон. Би тухайн үед нилээд согтуу байсан. Тухай үед надад ямар нэгэн гэмтэл учраагүй... гэх мэдүүлэг /хх-24-25х/

 

Хохирогч Б.И мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 18 цагийн үед намайг гэртээ байхад манай ар талын хашаа болох Г гэх айлд чимээ шуугиан гараад байхаар нь ортол танихгүй дөрвөөс таван залуу хоорондоо муудаад хэрэлдэж байхаар нь та нар юу болоод байгаа юм гэж асуухад баруун орон дээр байсан өндөр залуу босч ирээд чи хэн юм гээд намайг заамдаад баруун гараараа толгой руу дөрвөөс таван удаа цохисон мөн хөлөөрөө миний хөл рүү хоёроос гурван удаа өшиглөсөн. Тэгээд тэр залуу намайг гэрээс гаргаад гэрийн гадаа мөн гараараа хоёроос гурван удаа цохисон. Тэгээд би сүүлдээ хашаа давж гэр рүүгээ орж машинаа аваад сумын цагдаагийн байр руу явсан юм. Тухайн үед гэрт Гын ахынх нь хүүхэд болох У, охин Шинэцэцэг нар байсан. Намайг зоддог өндөр залууг Г гэдэг гэж сүүлд хүнээс сонссон. Бусад залуус нилээн согтчихсон надтай бол муудаагүй. Миний шилэн хүзүү мөн толгой өвдөөд байгаа эмчид үзүүлсэн доргисон байж магадгүй. Мөн тухайн үед толгойноос цус гарсан, зүүн нүд хөхөрсөн. Өөр зовиур байхгүй. Гомдол санал байхгүй. Эм тариа бараг аваагүй. Толгой доргиод бариачид 3 удаа 15,000 төгрөгөөр бариулсан... гэх мэдүүлэг /хх-6х/

 

Гэрч М.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 12 цагийн үед Г ахынд Га гэх найзтайгаа уулзсан бөгөөд тухай үед Г ах хөдөө байсан ба гэрт нь түүний охин Шинэцэцэг, Га ахын эхнэр С, У нар байсан юм. Тэгээд Га бид хоёр Дарьганга сумын төв рүү орж Гурван хөдөө гэх дэлгүүрээс 0.75 л соёрхол архи аваад Г ахынд ууж байтал гаднаас Г чамайг хөдөө гэрээс чинь хүн дуудаж байна гээд орж ирсэн ба бид гурав тэр архийг хувааж уугаад сүүлд нь Г 0.75 л ерөөл архи авчирч уугаад байж байтал гаднаас И ах орж ирээд та нар юу хийгээд айл үймүүлээд байгаа юм гээд бид нарыг загнаж байх шиг байсан. Тэгээд Гтай муудаад байх шиг байсан. Би тухай үед яг юу болсныг санахгүй байна. сүүлд Г 0.75 л ерөөл архи авчирсан тэрийг бараг дуусч байхад И ах орж ирсэн санаж байна. яг хэн нь хэнийгээ цохисныг би хараагүй гэх... мэдүүлэг /хх-10х/

 

Насанд хүрээгүй гэрч Г.Ш мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр аав Г  морь уяхаа А ахынх руу явчихсан харин манай ээж дүү хоёр хөдөө явсан ах сургуульдаа би гэртээ аавын ахынх нь хүүхэд болох У эгч, С эгч, С эгчийн нөхөр болох Га, тэрнээс гадна 2-3 танихгүй ах нар байсан юм. Тэгээд тэр ах нар манайд архи уугаад хоорондоо маргалдаад байж байтал гаднаас манай урд талын айлын ах болох Х.И ах танайд юу болоод байгаа юм гэж гэр рүү орж ирэхэд Г гэх ах та юу юм гэж асуухад Ихээ ах би хамаатан нь байна гэж хэлэхэд Г ах И ахыг заамдаад автал И ор руу түлхэж унагаасан бөгөөд Г нь босож ирээд гараараа И ахыг 2-3 удаа нүүр рүү нь цохисон, Б.И ах мөн зөрүүлээд нэг цохиж байгаа харагдсан тэгээд тэр 2 зууралдаад гэрээс гарч гэрийн гадаа Г И ахыг мөн гараараа нүүр рүү нь 2-3 удаа цохиж байгаа харагдсан юм. Тэгээд И ах цагдаа дуудна гээд хашаа руугаа гүйгээд орсон юм... гэх мэдүүлэг /хх-11х/

 

Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 215 дугаартай дүгнэлтэд: 1. Б.Иын биед зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, хүзүүнд улайлт, аюулхай орчим зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Уг гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэжээ /хх-14/, 

  Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 49 дугаартай эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний тухай прокурорын санал  /хх-37/ 

Б.Гын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28/ 

Б.Гын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-36х/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр баг “О” гэх газар Г.Гын гэрт хохирогч Х.Иыг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, хүзүүнд улайлт, аюулхай орчим зулгарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Гын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.И, гэрч М.М, Г.Ш нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын  19-ний өдрийн 215 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Б.Гд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч Б.Гын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна. 

Шүүгдэгч Б.Гын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Гын хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

Шүүгдэгч Б.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

 

Прокуророос Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Б.Гд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч Б.Гын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч Б.Гын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

 Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.И гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Б.Гд оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Гд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 6. Ялтан Б.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.И гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА