| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2019/0128/э |
| Дугаар | 124 |
| Огноо | 2019-07-16 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 124
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр
Шүүгдэгч У.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Бд холбогдох эрүүгийн 1930002220148 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, Зэвсэгт хүчний ... дугаар ангид салбарын орлогч дарга ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг Жавхлант жишиг хорооллын ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. У.Б.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч У.Б нь 2019 оны 05 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвөөс 11 кмт Улаанбаатар Сүхбаатар чиглэлийн төв магистрал зам дээр 41-41 СҮЭ улсын дугаартай мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “ Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй,, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 3.4-т ” жолооч дараах үүргийг хүлээнэ. б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 12.2 ” Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч С.Нийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч У.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний буруутай үйлдлээс болж энэ осол гарсан. Нойрмоглоод замын урд тал руу машинтайгаа унасан. Хохирогчид хохирлын талаарх асуудлыг дор бүр нь шийдэж өгч байсан. Сүүлд 2019.07.07-ны өдөр 8.000.000 төгрөг өгсөн. Одоогийн байдлаар хохиролд нийт 13.000.000 төгрөг өгчихөөд байгаа. Хохирогч одоо гомдолгүй гэсэн...гэв.
- Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Нарантуул зах дээрээс Сүхбаатар аймаг явна гэсэн унаанд суугаад 17 цаг 30 минутын үед гарсан. Миний суусан машин 41-44 СҮЭ улсын дугаартай, мөнгөлөг өнгийн приус-20 маркийн машин байсан, жолоочийг нь танихгүй. Осол олох үед би жолоочийн эсрэг талын урд суудал дээр унтаад явж басан. Тэгээд аймаг дөхөж байгаад осолд орсон байсан. Миний хувьд унтаж байсан болохоор хэрхэн осолд орсон талаар мэдэхгүй байна. Цаг хэд болж байсныг хараагүй. Би хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Жолооч бүсээ бүсэлсэн байсан эсэхийг мэдэхгүй. Жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан. Хэр хурдтай явсныг мэдэхгүй байна. Миний сээрний яс бяцарсан, зүүн гар хөдөлж болохгүй байгаа, мөн толгой хавантай, 2 өвдөг зулгарсан байна. Одоогоор өөр гэмтэл мэдэхгүй байна. Хэдэн төгрөгийн зардал гарсан талаар мэдэхгүй байна. Осолд орсноос хойш эмчилгээ хийлгэсэн, эм тарианы бүх мөнгийг Б тухай бүрт нь өгч байгаа. Миний хувьд гомдолтой байна. Цаашид гарах зардлаа нэхэмжилнэ. Манай нөхөр таксинд явж мөнгө олдог тэгээд сар бүр машины 550,000 төгрөг төлдөг. Одоо намайг асрах хүн байхгүй, нөхрөөрөө асруулахаар уг мөнгийг Бэр төлүүлмээр байна...гэх мэдүүлэг /хх- 10-14, /
- Яллагдагч У.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “ Би Улаанбаатар хотоос өөрийн эзэмшлийн41-41 СҮЭ улсын дугаартай приус-20 маркийн автомашинтайгаа Сүхбаатар аймаг руу дөхөж яваад нойрмоглоод замын урд тал руу машинтайгаа ойчсон. Тэгээд надтай хамт явж байсан эмэгтэй нь ёолоод байхаар нь эмнэлгийн тусламж үзүүлэхгүй бол болохгүй гээд машины гэрэл гарахаар нь зогсоогоод эмлэлэг рүү явуулсан. Эмнэлэгт үзүүлээд нуруу нь гэмтсэн гэж байсан. Хохирогчид эмчилгээний төлбөр болон бэлэн мөнгө нийт 4,718,900 төгрөг өгөөд байна. Энэ мөнгийг дансаар шилжүүлж байсан. Дансны хуулга гаргаж өгч байна. Цаашид гарах зардлыг би хариуцаж гаргана. ” гэх мэдүүлэг /хх- 35/,
- 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-21-23/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 252 дугаартай: 1. С.Нийн биед сээрний 1-р нугалмын шахагдсан хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТ журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /ХХ- 19/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 253 дугаартай “ 1. У.Бийн биед гэмтэл тогтоогдсонгүй. ” гэх дүгнэлт /хх-17/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- 3-7/
- У.Бийн согтуурал шалгасан магадлагаа /хх-36/
- 41-41 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, У.Бийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-39/
- Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн Техникийн шинжээчийн 36 дугаартай: 1. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн үзэхэд Т.Приус-20 маркийн 41-41 СҮЭ улсын дугаартай автомашины жолооч У.Б /ЛЮ77102519/ нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ЗГ-ын 239 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. 2. 1.3 “ Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй,, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 3.4-т ” жолооч дараах үүргийг хүлээнэ. б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 12.2 ” Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 3. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн үзэхэд Т.Приус-20 маркийн 41-41 СҮЭ улсын дугаартай автомашин дотор зорчиж явсан зорчигч С.Н нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ЗГ-ын 239 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 4.3 дахь асуултаар хариулагдсан болно. 5. Зам тээврийн осол гарах үед А-2001 дугаартай замын нөхцөл байдал нөлөөлөөгүй ба жолоочийн буруутай үйлдлээс зам тээврийн осол гарсан байна. 6. 1,.2 дахь асуултаар хариулсан болно. 7. Дүгнэлт гарах явцад өөр зүйл илрээгүй болно.” гэх дүгнэлт /хх- 25/,
- Баруун-Урт сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-40/
- У.Бийн иргэний үнэмлэхийн хуулбар/хх-39/
- У.Бийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-37/
- Ухнай овогтой У.Бийн ажил байдлын тодорхойлолт /хх-41-42/
- У.Бийн Хаан банкны 5630284943 тоот дансны хуулга /хх-48-51, 69-70/
- Хохирлын баримтууд /хх-52-56/
- У.Бийн 057305 дугаартай Жолоочийн үзэмлэх/хх- 59/
- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-60/
- У.Бийн Аймгийн прокурорын газарт гаргасан 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хэргийг ердийн журмаа шийдвэрлүүлэх хүсэлт
- Ингүүн од финанс ББСБ ХХК-ны автомашины лизингийн зээлийн гэрээний хуулбар, Фидуцийн гэрээний хуулбар /хх-43-46/
- Хохирогч С.Нийн 2019.07.07-ны өдрийн шүүхэд гаргасан хохирлын талаар тодорхойлолт,
- 2019.07.08-ны өдрийн Хаан банкны Дипозит дансны хуулга / У.Б / зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Шүүгдэгч У.Б нь 2019 оны 05 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвөөс 11 кмт Улаанбаатар- Сүхбаатар чиглэлийн засмал зам дээр 41-41 СҮЭ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “ Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй,, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.4 ” жолооч дараах үүргийг хүлээнэ. б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх ”, 12.2 ” Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна ” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч С.Нийн эрүүл мэндэд “ биед сээрний 1-р нугалмын шахагдсан хугарал бүхий “ хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч У.Бийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч С.Нийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 252 дугаартай дүгнэлт, 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн яаралтай тусламжийн хуудас, Техникийн шинжээчийн 36 дугаартай дүгнэлтүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, У.Бийн согтуурал шалгасан магадлагаа, 41-41 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Тухайн хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөл нь шүүгдэгч У.Бийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан, нойрмоглосон үедээ машин жолоодсон, мөн зорчигчид хамгаалах бүс хэрэглүүлээгүй зэрэг Замын хөдөлгөөний дүрмийг хэрэгжүүлээгүй нөхцөл байдалтай холбоотой хийгээд энэ түүний “ Миний буруутай үйлдлээс болж энэ осол гарсан. Нойрмоглоод замын урд тал руу машинтайгаа унасан“ гэх мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Техникийн шинжээчийн 36 дугаартай: Т.Приус-20 маркийн 41-41 СҮЭ улсын дугаартай автомашины жолооч У.Б /ЛЮ77102519/ нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ЗГ-ын 239 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. 2. 1.3 “ Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй,, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино ”, мөн дүрмийн 3.4-т ” жолооч дараах үүргийг хүлээнэ. б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.2 ” Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 3. жолоочийн буруутай үйлдлээс зам тээврийн осол гарсан ” гэх дүгнэлт зэргээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ. Тэрээр ядарсан, нойрмоглосон үедээ машин жолоодох, зорчигчид хамгаалах бүс хэрэглүүлэх зэрэг замын хөдөлгөөний дүрмийн зохицуулалтыг биелүүлээгүйгээс осол гарах, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч тухайн нөхцөл байдалд мэдэлгүйгээр нойрмоглосноос осол гаргаж, үүний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Шүүгдэгч У.Бийн зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч С.Нийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч У.Б эмчилгээний болон бусад зардал, хохиролд нийт 13.473.500 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогчийн 2019.07.07-ны өдрийн ” Эм эмчилгээнд 5.437.500 төгрөгийг шийдэж өгсөн. Цаашид гарах эм, эмчилгээний зардалд 8.000.000 төгрөг өгсөн, Дахин эм, эмчилгээтэй холбоотой зардлыг нэхэмжлэхгүй, гомдолгүй ” гэх тодорхойлолт, 2019.07.08-ны өдрийн Хаан банкны Дипозит дансны хуулга / У.Б/ зэргээр тогтоогдоно.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч У.Бийн үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эмчилгээний болон бусад хохирлыг хохирогчийн нэхэмжилсэн хэмжээнд бүрэн нөхөн төлсөн, хохирогч “ дахин эм, эмчилгээтэй холбоотой зардлыг нэхэмжлэхгүй, гомдолгүй” гэсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
У.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. У.Бийг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шатанд шүүгдэгч У.Бт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан У.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч У.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Н гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, тэрээр бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН