Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2025/00442

 

 

 

 

 

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/04685 дугаар шийдвэртэй,

*******ын нэхэмжлэлтэй, *******т холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 27-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр 457,477,965,89 төгрөгийг ******* ХК-д төлөх болсон. Дээрх шийдвэрийг гүйцэтгэхдээ хариуцагч нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, *******байр, ******* тоот, ******* 3 өрөө орон сууцыг ******* ХХК-аар үнэлгээ хийлгэхэд орон сууцыг 776,600,000 төгрөгөөр үнэлсэн тухай мэдэгдлийг төлбөр төлөгчид 2024 оны 03 сарын 11-ний өдөр мэдэгдсэн. Хариуцагч байгууллагын мэдэгдэл нь 2024 оны 02 сарын 15-ны өдрөөр огноологдсон байхаас гадна талуудаас санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилсон үнэлгээ тогтоолгосон гэжээ. ******* 1,150,000,000 төгрөг, ******* 457,477,956,89 төгрөгийн үнийн санал тус тус өгсөн. Миний бие хөндлөнгийн шинжээч ******* ХХК-ийн гаргасан үнэлгээг зөвшөөрөхгүй байна. Учир нь ******* ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо үнэлгээний ямар аргыг хэрэглэсэн нь тодорхойгүй, орон сууцыг бодитоор үзээгүй, зах зээлийн өнөөгийн ханш ямар байгааг харьцуулсан баримтгүй, өмчийн эзэнд мэдэгдэлгүйгээр ямар нөхцөл байдлыг үндэслэн үнэлгээ хийсэн нь ойлгомжгүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байгааг шүүх хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 27-ны өдрийн ******* шийдвэрээр төлбөр төлөгч нараас 457,477,965 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2023 оны 06 сарын 21-ний өдөр үүссэн. Төлбөр төлөгч нарт удаа дараа төлбөрийг төлөх талаар мэдэгдсэн боловч төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Барьцаа хөрөнгийг битүүмжлэн хураагаад үнийн санал авахад ******* ХК үнийн санал ирүүлээд төлбөр төлөгч нараас үнийн санал ирүүлээгүй. Тийм учраас ******* ХХК-ийг шинжээчээр томилсон. Хөрөнгийн үнэлгээг заасан хугацаанд хүлээж аваад 02 сарын 15-ны өдөр дуудахад төлбөр төлөгч ******* ирээд ******* ирээгүй учраас түүний оршин суугаа газар руу баталгаат шуудангаар хүргүүлсэн. Ирэхгүй байж байгаад албадан дуудлага худалдааг зарлахад ирээд шүүхэд гомдол гаргасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын *******т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Би шүүх хуралдааны товыг мэдэж байсан.

Нэхэмжлэгчийг оролцуулалгүй, мэтгэлцэх зарчмын үүднээс эрхийг минь хязгаарлаж шүүх хуралдааныг хийсэнд гомдолтой байна. Нийт хоёр удаа шүүх хуралдаан зарласан. Анхны хурал дээр би итгэмжлэгдсэн төлөөлөгч авах талаар болон гадаад улс руу хүүхдээ аваад эмчилгээнд хоёр сар явна, энэхүү хугацаанд хурлыг зарлахгүйгээр хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт тавьж биечлэн оролцсон. Гэтэл 2 сарын хугацааг хангах боломжгүй дээд тал нь 30 хоногийн хугацаа гэж хүсэлтийг хангалгүйгээр анхны шүүх хуралдаан дээр дараагийн шүүх хурлыг зарлаж гарын үсэг зуруулсан.

Миний бие 4 хүүхэдтэй бага нь 3 настай бага насны хүүхэдтэй хүүхэд маань ойрхон ханиад хүрч, хатгаа авч эмнэлэгт хэвтдэг билээ, иймд итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулахаар хүсэлт гаргасан юм.

Надад сүүлийн хоёр жил хууль зүйн зөвлөгөө өгдөг хууль зүйн туслалцаа үзүүлдэг хүнтэйгээ холбогдоход утас нь холбогдохгүй байсан тул чатаар холбогдоход гадаад улс руу хүүхдээ аваад нурууны хагалгаанд орох эмчилгээнд явчихсан байна, хоёр сар болох байхаа гэсний дагуу эхний шүүх хуралдаанд оролцож байхдаа хэлж амаар хүсэлт гаргаж анхны шүүх хуралдаанд хэлж байсан, гэтэл хүлээж авалгүй 30 хоногийн хугацаа дээд тал нь гэсэн мөртөө 14 хоногийн хугацаатай хойшлуулж шүүх хуралдааныг зарлаж гарын үсэг зуруулсан. Хоёр дахь шүүх хурал болоход шүүгчийн туслахад хэлж, мессеж бичсэн, замын түгжрэлээс болоод хоцорч очиход шүүх хуралдаанд намайг оролцуулалгүй хийж шийдвэрээ гаргасан байсан.

Шийдвэр гаргахдаа итгэмжлэгдсэн төлөөлөгчийн талаар болон нэхэмжлэгч хуралдаа ирсэн ирээгүй талаар нэг ч үг үсэг байхгүй шууд л хэргийг буюу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй чатаар холбогдсон тухайгаа гадаад руу хүүхдээ аваад хагалгаанд орох талаар дурдаж шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэж хүсэлт тавьж байсан. Шүүх хуралдаан болох үед ******* би өөрийн ******* утсаар шүүгчийн туслахад хэлж мессеж бичиж холбогдож байсан.

Нэхэмжлэгч би анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар биечлэн оролцож чадаагүй байхад буруу дүгнэлт хийж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн шаардлагыг хангаагүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шударга бус шийдвэр гаргасанд иргэн миний хувьд гомдолтой байна.

Иймд иргэн ******* миний шүүх хуралдаанд биечлэн оролцож эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулан нотлох баримт гарган өгөх, мэтгэлцэх зарчмын үүднээс шүүх хуралдаанд оролцох эрхийг минь хязгаарлаж, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн талаар хүндэтгэн үзэх шалтгаантайгаар өвчинтэй, зовлонтой, хүний нутагт хүүхдээ аваад эмчилгээнд байхад, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт өгөөд байхад нэхэмжлэгч талыг оролцуулалгүй шийдвэрлэсэн нь хууль бус шийдвэр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тойргийн харьяаллын дагуу шинжээчийг томилдог. Мөн шийдвэр гүйцэтгэлийн албанаас хуульд заасны дагуу сонгон шалгаруулах ажиллагааг явуулж, зах зээлийн үнэлгээг бодитоор гаргасан. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан ******* ХХК-ийн 2024 оны 02 сарын 15-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн үнэлж, маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн байна.

 

4. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 27-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 376,320,000 төгрөг, хүү 81,157,767.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 198,76 төгрөг, нийт 457,477,965.89 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч нар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд иргэн *******, *******, ******* нарын өмчлөлийн Нийслэлийн *******дүүргийн *******дүгээр хороо, *******, *******гийн гудамж, ******* байрны ******* тоотод байрлах, ******* талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэжээ.

 

5. Төлбөр төлөгч нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр *******аас 2023 оны 06 сарын 21-ний өдөр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, улмаар барьцаа хөрөнгө болох *******, *******, ******* нарын өмчлөлийн ******* дүүрэг, ******* дүгээр хороо, *******, *******гийн гудамж, ******* байрны ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураах ажиллагааг тус тус явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасантай нийцсэн. Энэ талаар зохигч маргаагүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Харин үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ хуульд нийцсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

6. Талууд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй тул хариуцагч байгууллагаас 2024 оны 01 сарын 25-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор ******* ХХК-ийн шинжээч *******ыг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-т заасантай нийцсэн байна.

Шинжээчээс ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******, *******гийн гудамж, ******* байрны ******* тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн,******* талбай бүхий, орон сууцны зах зээлийн үнийг 2024 оны 02 сарын 15-ны өдрийн байдлаар 770,610,000 төгрөгөөр тогтоосон байна.

 

6.1. Хэргийн баримтаас үзвэл хариуцагч байгууллагаас 2024 оны 02 сарын 15-ны өдрийн ******* тоот мэдэгдлүүд, 2024 оны 02 сарын 16-ны төлбөр төлөгч *******т 2024.02.15-ны өдөр хариуцагчийн 202 тоот өрөөнд уулзаж танилцуулсан, энэ талаар *******т дамжуулаарай гэхэд за гэсэн, мөн өдөр *******т түүний оршин суугаа ******* дүүрэг ******* дугаар хороо ******* хотхон ******* тоот хаягаар баталгаат шуудангаар хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдэж, тайланг хүлээлгэн өгсөн байх тул нэхэмжлэгчийн үнэлгээний тайлантай танилцсан хугацааг 2024 оны 02 сарын 16-ны өдөр гэж үзнэ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

6.2. ******* нь 2024 оны 03 сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч 2024 оны 03 сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, улмаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024 оны 10 сарын 10-ны өдөр шийдвэрлэж, шүүх хуралдааныг 2024 оны 10 сарын 16-ны өдөр товлосон байна. Тус товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд оролцуулах, шүүхийн өмнө эрх, тэгш байх эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж, 2023 оны 10 сарын 28-ны өдрийн 12:00 цагт товложээ.

2024 оны 10 сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч биечлэн оролцож хуульч *******т итгэмжлэл олгож, хууль зүйн зөвлөгөө авч байгаа, хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргасныг шүүх хангаснаар шүүх хуралдааныг хойшлуулж, 2024 оны 11 сарын 13-ны өдрийн 11:30 цагт товложээ.

Шүүхээс шүүх хуралдааны товыг талуудад 2024 оны 10 сарын 28-ны өдөр мэдэгдсэн байна. /хх102/

2024 оны 11 сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч өөрөө хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болох нь тус өдөр шүүгчийн туслах нэхэмжлэгч ******* ******* дугаарын утсанд ******* дугаарын утсаар залгаж мэдэгдэхэд би хурлын товоо мартчихсан байна гэх тус өдрийн утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

6.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* үнэлгээний тайланг эс зөвшөөрсөн гомдлоо 2024 оны 02 сарын 23-ны өдөрт багтаан шүүхэд гаргах байтал 2024 оны 03 сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргаж, хуульд заасан хугацааг 21 хоногоор хэтрүүлжээ. Иймээс нэхэмжлэгч нь ******* дүүрэг, ******* дүгээр хороо, *******, *******гийн гудамж, ******* байрны ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-ийн үнэлгээний тайлангийн талаар шүүхэд гомдол гаргах эрхээ алдсан байна

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ******* ХХК-ийн орон сууцыг 776,600,000 төгрөгөөр үнэлсэн тухай мэдэгдлийг 2024 оны 03 сарын 11-ний өдөр мэдэгдсэн гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, иймд энэ тухай гомдлыг хангахгүй.

 

7. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч байгууллагын нэрийг *******т гэж буруу бичсэн байгааг *******т гэж залруулж байна.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/04685 дугаар шийдвэрийн

1 дэх заалтад ...гүйцэтгэх... гэсний дараа Ерөнхий гэж нэмж гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Э.ЭНЭБИШ