| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 183/2023/06615/И |
| Дугаар | 210/МА2025/00462 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2025/00462
|
|
|
******* ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/04955 дугаар шийдвэртэй,
******* ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК, *******, *******, *******, ******* БСБ, ******* ХХК нарт холбогдох,
Зээлийн гэрээг цуцалж 437,502,385.56 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч ******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* ХХК нь манай банктай 2020 оны 07 сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 700,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар, жилийн 18 хувийн хүү, 60 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч ******* өмчлөлийн ******* дүүрэг, ******* дугаар хороо, *******дүгээр үйлчилгээний төв байр, *******давхарт байх ******* талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, мөн *******гийн өмчлөлийн ******* дугаартай ******* дүүрэг, *******дүгээр хороо, ******* хороолол, *******гийн гудамж, ******* давхар, ******* тоотод байх ******* м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, мөн *******ын өмчлөлийн ******* дугаартай ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* өргөн чөлөө, ******* тоот ******* м.кв худалдаа, үйлчилгээний зориулалттай барилга, мөн *******ийн өмчлөлийн ******* дугаартай ******* дүүрэг, ******* дүгээр хороо, *******байр, ******* тоотод байрлах ******* м.кв талбайтай ******* өрөө орон сууц, мөн ******* ХХК-ийн бүх дансны орлогыг барьцаалсан.
1.2. Зээлдэгч зээлийг эргэн төлөлтийн хуваарийн үүргээ зөрчсөн ба банкнаас зээлдэгчид 2023 оны 10 сарын 13-ны өдрийн ******* тоот албан мэдэгдлээр зөрчлөө арилгаж 41,144,687 төгрөг төлөх 14 хоногийн хугацааг олгосон ч зөрчлийг арилгаагүй учир гэрээний 10.2.2, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт зааснаар нэг талын санаачилгаар зээлийн гэрээг шүүхийн журмаар цуцлах үндэслэлтэй. Нэхэмжлэл гаргасан өдрөөр үндсэн зээлийн үлдэгдэл 411,806,986 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 25,347,235 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 288,164 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гаргасан зардал 68,000 төгрөг, нийт 437,502,385 төгрөгийн үлдэгдэлтэй.
1.3. ******* ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй бол бусад хариуцагч нартай байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалсан дээрх үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, мөн 2020 оны 07 сарын 30-ны өдөр байгуулсан баталгааны гэрээний дагуу *******ийн хөрөнгөөр үүргийг хангуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч ******* ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Зээлийн гэрээ байгуулсныг зөвшөөрч байгаа. Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас компанийн үйл ажиллагаанд доголдол үүсэж, орж ирэх мөнгөн урсгал хаагдаж зээл төлөхөд хүндрэл учирсан. Гэхдээ бид зээл төлөхгүй гэж үгүйсгээгүй төлнө. Гэхдээ зээл төлөх саналыг нэхэмжлэгчид удаа дараа гаргасан. Зээлийн хуримтлагдсан нийт хүү 18,570,175 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 411,806,000 төгрөг нийт 430,376,175 төгрөгийг ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* хороолол, ******* төв, Олон улсын драгон терминал төвд байх ******* м.кв болон ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* өргөн чөлөө, *******тоот ******* м.кв худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус худалдан борлуулж төлье гэж, 2024 оны 08 сар хүртэл сар бүр 5,000,000 төгрөгийг төлье гэсэн саналыг удаа дараа гаргаж байгаа гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар ******* ХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан ******* дугаар зээлийг гэрээг цуцалж, хариуцагч ******* ХХК-аас 437,434,385.56 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 68,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хариуцагч ******* БСБ-ын өмчлөлийн ******* дүүрэг, *******хороо, ******* үйлчилгээний төв байр, ******* дугаар давхар, ******* м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч *******гийн өмчлөлийн ******* дүүрэг, ******* дүгээр хороо ******* хороолол /18072/ *******гийн гудамж, ******* тоот хаягт байрлах ******* м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай ******* дугаар давхрын хэсэг, хариуцагч *******ын өмчлөлийн ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байрлах ******* м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч *******ийн өмчлөлийн ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* /17041/, ******* байр, ******* тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай ******* м.кв талбайтай гурван өрөө үл хөдлөх эд хөрөнгө, банкууд дахь ******* ХХК-ийн эзэмшлийн бүх дансны орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* БСБ-д холбогдох тус байгууллагын эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,485,861.9 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 2,345,122 төгрөг, хариуцагч *******, *******, *******, ******* БСБ нараас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.2-т "Зээл олгох мөнгөн хөрөнгө, хэмжээ, хэлбэр, хүү" тусгаснаар зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү 18 хувь, сарын 1.5 хувь байхаар тохиролцсон. Мөн гэрээний 3.3-т зээлийн хүү жилийн 30 хувь, сарын 2.5 хувь байхаар тохиролцсо атлаа ХХ-ийн 14 "Зээл зээлийн хүүгийн тооцоолол" баримтад нэхэмжлэгч үндсэн зээлийн хүүг 3.6 хувиар тооцож 25,347,235 төгрөгийг шаардаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний хүү болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн тооцооллын ийнхүү зөрүүтэй байдалд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, нэхэмжлэгч талын гаргасан тооцоололд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Мөн "*******" ХК-ийн 2023 оны 12 сарын 07-ны өдөр гаргасан нэхэмжлэлд гүйцэтгэх захирлын орлогч ******* гарын үсэг зурсан бол 2021 оны 02 сарын 08-ны ******* дугаартай Итгэмжлэлээр гүйцэтгэх захирал ******* нь 3 жилийн хугацаагаар итгэмжлэл олгосон байх бөгөөд тус итгэмжлэлийн хугацаа 2024 оны 02 сарын 08-ны өдөр дууссан боловч шинэчилж олгоогүй нь төлөөлөх эрхгүй этгээд хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаанд оролцсон гэж үзэхээр байна. Дээрхээс үүдэн ХХ-ийн 11 талд авагдсан 2023 оны 12 сарын 07-ны №5/12293 тоот *******т олгосон итгэмжлэлд хугацаа заагаагүй нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн, төлөөлөх эрхгүй этгээдээс олгосон итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт "Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана" гэж заасан ба 65.1.5-т "нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан" нь шүүх хуралдааны явцад хэргийг хэрэгсэхгүй болгох заалттай нийцэхгүй байна.
Шүүхийн шийдвэрийн 8 дахь талд "...ё банкинд нэхэмжлэл гаргах нь" гээд "12." хэмээн шууд 5.2-12 хэмээн нэхэмжлэгчийн шаардаж буй үндсэн зээлийн үлдэгдэл болон хүү, алдангийн тооцоололгүй нэхэмжлэгчийн шаардсан 437,434,385 төгрөгийг хангасан үндэслэлээ шүүх тайлбарлаж дүгнэлт өгөөгүй нь Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй шийдвэр болсон.
Мөн миний бие *******, *******, ******* нарыг төлөөлөх бүрэн эрхээс татгалзсан атал уг хариуцагч нарын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил хэмээн үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр болон хэргийг бүхэлд нь хянаж үзнэ үү гэжээ.
5. Хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу 3.6 хувийн хүү гэсэн нь хэргийн 14 талд байгаа зээлийн хүүгийн тооцооллын баримтад байгаа. Уг баримтад 18 хувь хүүгийн дор 3.6 хувь гэх дүнг тавьсан. 18 хувь хүү нь 2022 оны 07 сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үндсэн хүү дүн. Мөн уг зээлийн гэрээний 3.4-т зааснаар нэмэгдүүлсэн үнийн хүү 3.6 байна гэж тохиролцсон. Нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байна гэж заасан тул үндсэн хүү 18 хувь учраас нэмэгдүүлсэн хүү 3.6 хувь юм. Иймээс хариуцагчийн давж заалдах гомдолд хүүг 3.6 хувиар тооцож 25,347,235 төгрөг нэхэмжилсэн гэсэн нь үндэслэлгүй. Уг 25,347,235 төгрөгийг үндсэн хүүгийн дүн буюу 18 хувиар тооцсон. Харин 3.6 хувиар тооцсон дүн бол нэмэгдүүлсэн хүүгийн үнийн дүн тул тооцооллын алдаа гаргаагүй. ******* гэдэг хүнээс надад олгосон итгэмжлэлийн хугацаа дуусаагүй. Гэхдээ ******* захирлаас ******* захиралд олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан гэж дурдсан. Гэтэл уг итгэмжлэлийн хугацаа дуусаагүй нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Хариуцагч нарын төлөөлөгч төлөөлөх эрхээсээ татгалзсан байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн гэж тайлбарласан. Уг процесс шүүх хуралдааны явцад болсон буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т төлөөлүүлж байгаа хүн буюу *******, *******, ******* гэх хариуцагч нар төлөөлөгч *******ээс татгалзсан бичгээр шүүхэд ирүүлээгүй. Нэмэлтээр хариуцагчийн зүгээс шүүх хуралдааныг хийх сонирхолгүй, хойшлуулах нөхцөл байдал байсан учраас уг хүсэлтийг гаргасан гэж үзэж байна. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлыг няцааж байна гэжээ.
ХЯНАВАЛ нь:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагч ******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргээ зөрчиж зээл төлөх хуваарьт зааснаар зээлийг төлөөгүй гэсэн үндэслэлээр зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 437,502,385.56 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг бусад хариуцагч болох ******* БСБ, *******, *******, ******* нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч ******* ХХК-ийн бүх банкин дахь дансны орлого болон хариуцагч ******* БСБ-ын эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******* ХХК-аас үндсэн зээл 411,806,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 18,570,175 төгрөг, нийт 430,376,175 төгрөгийг *******дүүргийн ******* дүгээр хороо, ******* хороолол, ******* төв, Олон улсын ******* төвд байх *******м.кв талбайтай болон ******* дүүргийн ******* дугаар хороо, *******, ******* тоотод орших ******* м.кв талбайтай, худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан борлуулах замаар төлөхөөр, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх шаардлагаас татгалзсан бол хариуцагч ******* БСБ, *******, *******, ******* нар шүүхэд тайлбар гаргаагүй байна.
3. ******* ХК, ******* ХХК-ийн хооронд 2020 оны 07 сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 700,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүү, 60 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар олгохоор тохиролцож, зээлдэгч нь зээлийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээжээ.
Зээлийн гэрээний 2.1.2, 3.2-т зээлийн үндсэн хүү, хүүгийн хэмжээ, гэрээний 3.4-т зээл, хүүгийн эргэн төлөгдөх хуваарийн дагуу төлөгдөөгүй зээлд ногдох хүүгийн 20 хувьтай тэнцүү нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт, мөн гэрээний 2.1.3-т хугацаа хэтэрсэн хүүгийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн байна.
Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээний хүчин төгөлдөр байна. Хариуцагч ******* ХХК гэрээний хүчин төгөлдөр байдал болон зээл олгогдсон эсэхэд маргаагүй байна.
4. Хариуцагч ******* ХХК нь зээлийн гэрээний хавсралт болох зээл эргэн төлөлтийн хуваарийг 2023 оны 09 сарын 02-ны өдрөөс эхлэн зөрчиж, улмаар 2023 оны 09 сарын 23-ны өдрөөс хойш төлөлт огт хийгээгүй бөгөөд хариуцагчийн төлбөл зохих гэрээний үүргийг нэхэмжлэгч 2023 оны 12 сарын 07-ны өдрийн байдлаар тооцож, үндсэн зээлийн үлдэгдэл 411,806,986 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 25,347,235 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 280,164 төгрөг, нийт 437,434,385 төгрөгийг шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлох үүргээ хэрэгжүүлж зээлийн гэрээний үүргийг тооцсон Зээл, зээлийн хүүгийн тооцоолол гэсэн баримтыг шүүхэд гаргасныг хариуцагч үгүйсгэж, няцаасан үндэслэл бүхий тайлбар, баримтыг шүүхэд гаргаагүй байна.
Зээл, зээлийн хүүгийн тооцоолол-д бичигдсэн 3.60 хувь гэсэн нь гэрээний 3.4-т заасан нэмэгдүүлсэн хүүгийн дүн буюу үндсэн хүү жилийн 18 хувь бол түүний 20 хувь нь 3.6 хувь гэж нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан нь үндэслэлтэй. Нэхэмжлэгч тал зээлийн хүүг тус тооцоолборт 3.60 гэж бичсэнээр тооцсон үйл баримт тогтоогдсонгүй. Түүнчлэн зээлийн гэрээний 3.3-т барьцаа хөрөнгийг бусдад барьцаалсан, зээлийг зориулалтын дагуу ашигласан бол зээлийн нэг сарын хүүг 1.50-иас 2.5 хувь, жилийн 18-аас 30 хувь болгон өсгөхөөр заасан нөхцөл бий болоогүй байна. Иймд нэхэмжлэгч тал зээлийн гэрээний 3.2-т заасан нэг сарын 1.50 хувиар бус 3.60 хувиар тооцож зээлийн хүүг нэхэмжилсэн гэсэн хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.
Хариуцагч нь 2020 оны 09 сарын 03-ны өдрөөс 2023 оны 09 сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл 288,193,013.70 төгрөг, зээлийн хүү 337,280,065.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 842,232.95 төгрөг, нийт 626,315,311.97 төгрөгийг нэхэмжлэгчид төлснийг хасч, төлөгдөөгүй зээлийн гэрээний нийт үүрэгт 437,434,385 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн шаардлагыг анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 437,434,385 төгрөгийн зээлийг буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Хариуцагч ******* ХХК-аас үндсэн хүүд 930,253,058 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 141,408,071 төгрөг төлсөн, үндсэн зээл эсхүл үндсэн хүүгийн төлбөр 208,082.90 төгрөг болсон тухай анхан шатны шүүх хуралдаанд тайлбарласан хэдий ч энэ талаархи тооцооллыг шүүх хуралдаанд гаргаагүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн тайлбарыг хэргийн бодит байдалд нийцсэн гэж дүгнэхгүй.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан үйл баримтыг зөв тогтоосон ч зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн тооцооллын талаар дүгнэлт өгөөгүйг давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар нөхөн дүгнэж, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авна. Энэ нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасанд тооцогдохгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах тухай давж заалдах гомдлыг хангахгүй. Харин давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох үндэслэл болно.
5. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 2020 оны 07 сарын 30-ны өдөр ******* дугаартай барьцааны гэрээгээр *******ийн ******* дүүргийн *******дугаар хороо, ******* дүгээр үйлчилгээний төв байр, ******* давхарт байх ******* м.кв талбайтай барилга, мөн *******дугаартай барьцааны гэрээгээр *******гийн өмчлөлийн ******* дүүргийн *******дүгээр хороо, ******* хороолол, *******гийн гудамж, ******* давхар, ******* тоотод байх ******* м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, мөн ******* дугаартай барьцааны гэрээгээр *******ын өмчлөлийн *******дүүргийн ******* дугаар хороо, *******, *******тоот ******* м.кв худалдаа, үйлчилгээний зориулалттай барилга, мөн *******дугаартай барьцааны гэрээгээр *******ийн өмчлөлийн ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******байр, *******тоотод байрлах ******* м.кв талбайтай ******* өрөө орон сууцыг, мөн ******* дугаартай барьцааны гэрээгээр арилжааны банкууд дахь ******* ХХК-ийн дансны орлогыг тус тус барьцаалжээ.
Барьцааны гэрээнүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасанд нийцсэн, хүчин төгөлдөр байна. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, энэ талаар хариуцагч ******* БСБ, *******, *******, *******, ******* ХХК нар давж заалдах гомдол гаргаж маргаагүй байна.
6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан тухай хариуцагч ******* ХХК-ийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй, шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж буруутгахгүй.
Нэхэмжлэгчийн 2023 оны 12 сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч ******* гарын үсэг зурж, тус компанийн гүйцэтгэх захирал *******ы 2021 оны 02 сарын 08-ны өдөр 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлийг үндэслэн нэхэмжлэлээ гаргасан. Тус итгэмжлэлд төлөөлөгч өөрт олгогдсон эрх, үүргийг бусдад шилжүүлэх эрхтэй олгогдсон байх тул *******аас 2023 оны 12 сарын 07-ны өдөр *******т, мөн 2024 оны 10 сарын 01-ний өдөр *******д тус тус нэхэмжлэгчийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх олгожээ.
Шүүх хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсний дараа нэхэмжлэгч тал 2024 оны 02 сарын 02-ны өдрийн огноотой, гүйцэтгэх захирал *******оос гүйцэтгэх захирлын орлогч *******т 3 жилийн хугацаагаар олгосон, мөн гүйцэтгэх захирлын орлогч *******аас төлөөлөгч *******т 2025 оны 01 сарын 13-ны өдөр олгосон итгэмжлэлийг тус тус шүүхэд гарган өгчээ. Энэ нь нэхэмжлэгч ******* ХК-аас төлөөлөгч *******, *******, ******* нарт итгэмжлэл олгосон хүсэл зориг хүчин төгөлдөр, төлөөлөгчөөс татгалзаагүйг илэрхийлнэ. Нэхэмжлэгч итгэмжлэлээ хожим гаргасан нь хариуцагч талын эрх, ашиг сонирхлыг хөндөхгүй бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
Төлөөлөгч ******* нь 2024 оны 11 сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны явцад хариуцагч ******* БСБ, *******, *******, *******, ******* ХХК нарыг шүүхэд төлөөлөхөөс татгалзаж хариуцагч нарт итгэмжлэлээсээ татгалзаж байгааг мэдэгдсэн байгаа гэж тайлбарлажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасны дагуу төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах үүргийг заасан. Харин мөн зүйлийн 36.4 дэх хэсэгт зааснаар төлөөлүүлэгчийн хувьд өөрийг нь төлөөлж буй этгээдээс татгалзах, татгалзсан бол энэ тухай шүүхэд бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болохоор журамласан. Иймээс төлөөлөгч *******гийн дээрх хариуцагч нарын бүрэн эрх дуусгавар болоогүй байна. Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу төлөөлүүлэгчийг хэлцэлд төлөөлж буй төлөөлөгчийн бүрэн эрх мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.1-д зааснаар дуусгавар болох зохицуулалтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох төлөөлөгчийн бүрэн эрхийг зохицуулсан харилцаанд төсөөтэй хэрэглэхгүй.
Шүүх хэргийг хянан хэлэлцэх товыг тогтоож, төлөөлөгч *******д 2024 оны 11 сарын 22-ны өдөр буюу төлөөлөгч төлөөлөх эрхээсээ татгалзах хүсэлт гаргахаас өмнө мэдэгдсэн байх тул дээрх хариуцагч нарт мэдэгдсэн гэж үзэхийн зэрэгцээ төлөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцсон. Хариуцагч ******* БСБ, ******* ХХК, *******, *******, ******* нар нь анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хуулиар олгогдсон эрх нь ноцтой зөрчигдсөн асуудлаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй байх тул эдгээр хариуцагч нарын процесст оролцох эрх зөрчигдсөн гэж үзэхгүй.
7. Дээрх үндэслэлээр хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/04955 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,969 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Э.ЭНЭБИШ