| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2019/0091/э |
| Дугаар | 89 |
| Огноо | 2019-05-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 89
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч С.Сугар,
Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн яллагдагч Д.Эд холбогдох 1930000000115 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат, 1975 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Ц ХХК-д Далангийн хянагч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баруун-Урт сумын 2 дугаар баг Цын ... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, Д.Э.
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг, Цын ... тоотод өөрийн гэртээ согтуугаар Ж.Аг хутгалж, эрүүл мэндэд нь зүүн суганы доод хэсэгт 5, 6 дугаар хавирганы завсраар хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан. 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа очтол миний оронд нөгөө ээлжийн Б гарсан байсан. Тэгэхээр нь ээлжиндээ гаралгүй харих гээд аймаг руу буцаад явж байхад Ж.Атай таарсан. Ж.А миний амралтыг тэмдэглэнэ гээд 0.5 литрийн ерөөл нэртэй архи аваад манай гэр рүү очиж уусан. Би 0.75 литрийн экс архи авч, бид хоёр хувааж уусан. Ж.А бид хоёр гар барилдаан хийж байснаа сүүлдээ бөх барилдсан. Тухайн үед яг юу хийснээ сайн санахгүй байна. Нэг мэдэхэд Ж.Агийн цамцнаас цус нэвчиж гарч байсан. Түүнийг нь үзэхэд хавирганых нь тэнд хатгагдсан байсан. Би түүнийг нь даавуугаар тогтоогоод, хүн дуудаад эмнэлэгт хүргэж өгсөн гэв.
Эрүүгийн 1930000000115 дугаартай хэргээс:
Хохирогч Ж.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Цын уурхайд ажилладаг бөгөөд тухайн өдөр ээлжийн амралттай байж байгаад ажилдаа орж байсан Д.Э нь ажилдаа орох гээд очтол оронд нь хүн гарсан байсан. Тэгээд би Д.Эын автомашинтай уурхайгаас аймагт цуг орж ирсэн. Тэгээд би Д.Эыг амраад ажилдаа орж байгаа гээд дэлгүүрээс Ерөөл нэртэй 0.5 литрийн архи авч Д.Эын гэрт очиж хувааж ууцгаасан. Дараа нь Д.Э дэлгүүрээс Экс нэртэй 0.75 литрийн архи авч Д.Эын гэрт хувааж ууж байгаад би хоёр архиндаа согтсон. Бид хоёр архи ууж байхдаа хоорондоо гар барилдаан дараа нь бөх барилдаж байсан. Тэгээд хөлс гарч бүр тасарсан. Нэг мэдэхэд миний зүүн суганы доод хэсгээс цус гараад байхаар нь Д.Э хүн дуудаж намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Одоо миний биеийн байдал хэвийн, ажлаа хийгээд явж байгаа. Би Д.Этай маргалдаж муудалцсан зүйл байхгүй, надад учирсан гэмтлийг Д.Э учруулсан. Ямар хутга барьсан талаар мэдэхгүй байна. надад нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй. Бид хоорондоо эвлэрсэн. Урьдын адил харьцаатай байгаа бөгөөд надаас уучлалт гуйсан... гэх мэдүүлэг /хх-8х/
Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 244 дугаартай дүгнэлтэд: 1. Ж.Агийн биед зүүн суганы доод хэсэгт 5, 6 дугаар хавирганы завсраар хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь шинэ байна. 3. Ир үзүүртэй зүйлээр үүсгэгдэх боломжтой. 4. Уг гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэжээ /хх-69/,
Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 47 дугаартай эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний тухай прокурорын санал /хх-33/
Д.Эын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-26/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг, Цын ... тоотод өөрийн гэртээ согтуугаар хохирогч Ж.Аг хутгалж, эрүүл мэндэд нь зүүн суганы доод хэсэгт 5, 6 дугаар хавирганы завсраар хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Эын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Ж.Агийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 244 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Эд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Эын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Д.Эын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Эын хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Д.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Прокуророос Д.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Д.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Эд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Эын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч Д.Эын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ж.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Д.Эд оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Д.Эд таслах сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Ялтан Д.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ж.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА