| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 183/2025/00038/И |
| Дугаар | 210/МА2025/00469 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/00469
|
|
|
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 04-ний өдрийн 197/ШШ2025/00655 дугаар шийдвэртэй,
*******ын нэхэмжлэлтэй, *******д холбогдох,
Гэм хорын хохиролд 3,462,372 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зам тээврийн ослын улмаас түүний өмчлөлийн мотоциклд учруулсан хохиролд 2,700,000 төгрөг, хохирлоо арилгуулахтай холбоотой гарсан зардалд /шатахуун 100,000 төгрөг, шинжээчийн хөлс 100,000 төгрөг, 4 хоногийн цалин 420,372 төгрөг, үнэлгээний зардал 142,000 төгрөг/ 762,372 төгрөг, нийт 3,462,372 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 262,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, үлдэх 3,200,372 төгрөгийн шаардлага нь нотлогдохгүй гэж тайлбарлан маргасан байна.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоон нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
4. Хариуцагч ******* нь 2024 оны 10 сарын 02-ны өдрийн 17:00 цагийн үед ******* дүүргийн нутаг дэвсгэрт ******* зөрчсөний улмаас *******ын өмчлөлийн ******* маркийн ******* улсын дугаартай мотоциклд гэмтэл учруулсан нь Тээврийн цагдаагийн албанаас 2024 оны 10 сарын 02-ны өдөр хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, мөн 2024 оны 11 сарын 26-ны өдрийн *******, ******* тоот Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан ******* ХХК-ийн тайлангаар нэхэмжлэгчийн өмчлөлийн мотоциклын баруун хажуу баг, урд тоормозны базуур, урд гишгүүр-т их хэмжээний эвдрэл үүсч 1,845,000 төгрөгийн хохирол учирсныг тогтоож дүгнэсэн байна. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо Тээврийн цагдаагийн албанаас 2024 оны 10 сарын 02-ны өдөр хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлд нэхэмжлэгчийн мотоциклын хойд дөрөө-нөөс өөр эвдрэл байгаагүй, өөр эд анги нэхэмжилсэн нь үндэслэлгүй, үнэлгээний тайлан шаардлага хангаагүй гэж дурджээ.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээ хийхэд бодитой байх зарчмыг баримтлах бөгөөд *******ХХК-ийн үнэлгээчин дээрх дүгнэлтийг гаргахдаа Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасны дагуу шинжилгээг хуульд заасан үндэслэл журмын дагуу хийх талаар эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулсан талаар дүгнэлтэд бичигджээ.
Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн мотоциклд учирсан эвдрэл, гэмтлийг осол болсон газарт үзлэг хийсэн цагдаагийн ажилтны тэмдэглэлээр тогтоохгүй, харин тусгай мэдлэгийн хүрээнд мэргэжлийн байгууллагаар тогтоох бөгөөд ******* ХХК-ийн гаргасан хохирлын үнэлгээний тайланг шүүх шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцсэн байна.
Иймээс анхан шатны шүүх хариуцагч *******гаас хохирол 1,845,000 төгрөг, зардал төлсөн 142,000 төгрөг, нийт 1,987,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хамаарах хуулийг хэрэглээгүй байгааг залруулан өөрчлөлт оруулна. Тодруулбал, хариуцагч ******* нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг, өөрөө жолоодон явахдаа бусдад гэм хорын хохирол учруулсан байх тул гэм хор учруулснаас үүсэх үүргийн ерөнхий үндэслэлд хамаарах Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй. Гэтэл анхан шатны шүүх гэм хор учруулснаас үүсэх үүргийн тусгай төрөлд хамаарах Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь буруу болжээ.
6. Хариуцагч давж заалдах гомдолдоо гэм хорын хохирлын асуудлыг шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэх нь ач холбогдолтой гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дугаар зүйлийн 751.1 дэх хэсэгт Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах дараах нэхэмжлэлийг шүүгч дангаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан. Хуулийн 751.1.4-т бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас мөнгөн хөрөнгө гаргуулах гэж заасан тул хариуцагчаас гэм хорын хохиролд 3,462,372 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх зохицуулалтад хамаарахгүй юм.
7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 04-ний өдрийн 197/ШШ2025/00655 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д ... гэснийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,742 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Э.ЭНЭБИШ