Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 15

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын 

эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй 

болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнханд би Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр багийн иргэн Б.Анхбаярын нэхэмжлэлтэй, тус сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар аймгийн Халзан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгож, өмнө ажиллаж байсан Хүн ам зүй, нийгмийн бодлогын мэргэжилтний албан тушаалд миний биеийг эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж өгөх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Анхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Халзан сумын Засаг даргын Тамгын газарт Хүн ам зүй, нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад Үндсэн хуулинд заасан сонгох, сонгогдох эрхийнхээ дагуу Орон нутгийн иргэдийн Хурлын Төлөөлөгчийг сонгох сонгуульд нэр дэвшиж, Төрийн албаны тухай хуулийн дагуу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдөж, сонгуульд оролцоод иргэдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдоогүй ба дараа нь зайлшгүй шаардлагаар Тамгын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/21 тоот тушаалаар томилогдон ажиллаж байсан юм. 

Гэтэл 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр улс төрийн дарамт, шахалт үндэслэлгүй шалтгааны улмаас ажлаасаа халагдсан. Шинээр сонгогдсон болон томилогдсон тушаал, шийдвэр гаргагч нар ажлаас чөлөөлсөн тушаалдаа Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.14, 17 дугаар зүйлийн 17.7, 26 дугаар зүйлийн 26.7 дахь заалтуудыг авч оруулсан нь хэтэрхий улс төржсөн, ямар ч үндэслэлгүй шалтгаанаар ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж үзэж байна. 

Ингээд би ажлаас хууль бусаар чөлөөлсөн тухай 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Төрийн албаны зөвлөлд хандаж өргөдөл гаргасан боловч хуулийн хугацаанд надад хариу өгөөгүй болно. Энэ тухай утсаар лавлахад манай аймгийн Төрийн албаны зөвлөл байгуулагдаагүй таны асуудлыг шийдвэрлээгүй гэсэн хариуг мэргэжилтэн Баясалсайхан 99470009 гэсэн утсаар өгсөн. 

Иймд Халзан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгож өмнө ажиллаж байсан Хүн ам зүй, нийгмийн бодлогын мэргэжилтний албан тушаалд миний биеийг эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч Б.Анхбаяр, хариуцагч Халзан сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Батбэх нар бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр багийн иргэн Б.Анхбаярын нэхэмжлэлтэй, Халзан сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох “Халзан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгож, өмнө нь ажиллаж байсан Хүн ам зүй, нийгмийн бодлогын мэргэжилтний албан тушаалд миний биеийг эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж өгөх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч бид дараах байдлаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж байна.

1. Халзан сумын Засаг даргын Тамгын газрын Хүн ам зүй, нийгмийн бодлогын мэргэжилтний албан тушаалд Б.Анхбаярыг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс төрийн албан хаагчийн мэргэшлийн сонгон шалгаруулалт зарлагдаж, хүн томилогдох хүртэлх хугацаагаар томилон ажиллуулах,

2. 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2.413.832 төгрөгийг олгохоос нийгмийн даатгал болон хүн амын орлогын албан татварыг суутган тооцож олгох гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Анхбаяр нь “Сүхбаатар аймгийн Халзан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгож, өмнө ажиллаж байсан Хүн ам зүй, нийгмийн бодлогын мэргэжилтний албан тушаалд миний биеийг эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж өгөх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан шүүхэд ирүүлжээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар  зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд харилцан тохиролцож эвлэрэх эрхтэй бөгөөд эвлэрсэн тохиролцоогоо бичгээр илэрхийлж маргаанаа дуусгавар болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Анхбаяр, хариуцагч Сүхбаатар аймгийн Халзан сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Батбэх нарын

 

а. Халзан сумын Засаг даргын Тамгын газрын Хүн ам зүй, нийгмийн бодлогын мэргэжилтний албан тушаалд Б.Анхбаярыг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс төрийн албан хаагчийн мэргэшлийн сонгон шалгаруулалт зарлагдаж, хүн томилогдох хүртэлх хугацаагаар томилон ажиллуулах,

б. 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2.413.832 / хоёр сая дөрвөн зуун арван гурван мянга найман зуун гучин хоёр / төгрөгийг олгохоос нийгмийн даатгал болон хүн амын орлогын албан татварыг суутган тооцож олгох гэсэн нөхцөлтэй байгуулсан эвлэрлийг баталж  “Сүхбаатар аймгийн Халзан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгож, өмнө ажиллаж байсан Хүн ам зүй, нийгмийн бодлогын мэргэжилтний албан тушаалд миний биеийг эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж өгөх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Анхбаяраас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                     Б.ЦЭРЭНХАНД