Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2021/0646/з |
Дугаар | 001/ХТ2024/0105 |
Огноо | 2024-10-28 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2024/0105
нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Шүүгчид: М.Батсуурь
П.Соёл-Эрдэнэ
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Д.Батбаатар
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/0987 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2024/0427 дугаар магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/ШХТ2024/0335 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.М нарыг оролцуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийн зориулалт, хаяг өөрчлөх тухай” А/903 дугаар захирамжийн “В” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах;
2.Хэргийн нөхцөл байдал: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийн зориулалт, хаяг өөрчлөх тухай” А/903 дугаар захирамжаар “... Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 37 дугаар зүйлийн 37.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2020 оны 05 дугаар сарын 01, 06 дугаар сарын 04-ний өдрийн хурлуудаас гарсан дүгнэлтийн дагуу эзэмшилд байгаа газрын зориулалт, хаягийг өөрчилж шийдвэрлэжээ.
3.Нэхэмжлэгчээс “...Соёлын өвийг хамгаалах тухай хууль зөрчигдсөн, хамгаалалтын дэглэм зөрчигдсөн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталснаар Б х о м-н талд бүрэн шийдвэрлэсэн хэмээн ойлгож явсан” гэж тус тус маргажээ.
4.Анхан шатны шүүх: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33.1.1, 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б х о м-гээс нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийн зориулалт, хаяг өөрчлөх тухай” А/903 дугаар захирамжийн “В” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
5.Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
6.1.Анхан, давж заалдах шатны шүүхүүд хуулийг буруу хэрэглэсэн.
6.2.Газрын эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон тул “В” ХХК газар эзэмших эрхгүй.
6.3.Өмнөх маргаан бүхий газрын эзэмших эрхтэй холбоотой “В” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн маргаан дээр гуравдагч этгээд болох Б х о м-н эрх зөрчигдөөд эвлэрлийн гэрээ байгуулах боломжгүй байхад нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулж, шүүх хууль бусаар баталсан.
6.4.Хүчингүй болгосон нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/296 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн аваагүй.
6.5.Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор Б х о м-н хамгаалалтын зурвас газрыг 5,7 га газрыг кадастрын зурагтайгаар баталсан.
6.6.Б х о м-н хамгаалалтын зурвас газрыг 5,7 га газрыг кадастртай давхцаж байгааг төрийн байгууллагаас 3 удаагийн албан бичиг, хавсаргасан зургийн нотлох баримтаар ирүүлсэн.
6.7.Хамгаалалтын зурвасыг зөрчсөн.
6.8.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан.
6.9.Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/ШХТ2024/0335 дугаар хэлэлцүүлэх тогтоолоор нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
8.Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээс өөр гомдлын үндэслэлээр хэргийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь мэтгэлцэх зарчмыг зөрчиж байна, Улсын дээд шүүхийн 85 дугаар тогтоол нь эрх зүйн эх сурвалж болохгүй одоогийн хэрэгт хамааралгүй, захиргааны байгууллага нэхэмжлэл гаргах эрхгүй, нэхэмжлэгч өөрөө А/296 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзсан гэх агуулгаар тайлбар, хүсэлт гаргажээ.
ХЯНАВАЛ:
9.Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
10.“В” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, “нийслэлийн Засаг даргын 2018 оны А/439 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлагатай, гуравдагч этгээдээр Б х о м оролцсон захиргааны хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалыг хянасан Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 85 дугаар тогтоолоор хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 43 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Уг тогтоолд “В” ХХК-д эзэмшүүлсэн 16,000 м.кв газар нь Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор тогтоосон “хамгаалалтын бүс”-тэй хэдий хэмжээгээр давхцаж буй нь тодорхойгүй, үүнийг тогтоосны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх шаардлагатай, түүнчлэн, нэхэмжлэгч нь “хамгаалалтын бүс”-ээр тогтоогдсон газарт хуулиар хориглосон ямар үйл ажиллагаа явуулсан эсэхийг тогтоох шаардлагатай гэх зэргээр дүгнэжээ.
11.Хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ийнхүү буцаасны дараа “В” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Б х о м-н хойд талд байрлах 16,000 м.кв газрыг үйлчилгээ, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшиж байсан “В” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/439 дүгээр захирамжийн, мөн тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан 2017 оны А/920 дугаар захирамжийн хавсралтын 37 дахь хэсгийг хүчингүй болгосон 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/441 дүгээр захирамжийн тус тус 9406 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан, гэвч уг хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 78 дугаар тогтоолоор нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ “хариуцагч хүлээн зөвшөөрч, биелүүлсэн шалтгаанаар бүхэлд нь татгалзсаныг баталж”, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
12.Үүний дараа нийслэлийн Засаг дарга 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/296 дугаар захирамжаар “Нийслэлийн Засаг дарга болон “В” ХХК нарын хооронд байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/09 дүгээр эвлэрлийн гэрээнд заасны дагуу газар эзэмших эрхийг сэргээн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “В” ХХК-д 9406 м.кв газрыг “Монголчуудын уламжлалт буддын шашны сүмийн цогцолбор, бүх нийтэд зориулсан түүх, соёлын цэцэрлэгт хүрээлэн”-гийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
13.Улмаар нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийн зориулалт, хаяг өөрчлөх тухай” А/903 дугаар захирамжийн 1 дэх заалтаар “В” ХХК-ийн газар эзэмших эрхийн зориулалтыг “цэцэрлэгт хүрээлэн, сүм хийдийн үйл ажиллагаа, үйлчилгээ”-ний болгон өөрчилснийг нэхэмжлэгч Б х о м- эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар маргасан[1], харин уг актын 3 дахь заалтаар дээрх 2020 оны А/296 дугаар захирамжийн “В” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсон байна.
14.Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийн 2020 оны А/903 дугаар захирамж нь “В” ХХК-д газар эзэмших эрх олгосон бус газар эзэмших эрхийн зориулалтыг өөрчилсөн агуулгатай, газар эзэмших эрхийг олгосон 2020 оны А/296 дугаар захирамжтай нэхэмжлэгч маргаагүй гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нэг үндэслэл болгосон нь буруу болжээ.
15.Түүнчлэн, дээр дурдсанчлан Улсын дээд шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасны дараа “В” ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан, талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний дагуу хариуцагч нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий актыг шинээр гаргасантай холбоотойгоор нэхэмжлэгч Б х о м- нь эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж маргаж байх тул шүүхээс гуравдагч этгээд болох “В” ХХК-ийн газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн эсэхийг хянах бөгөөд “уг хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа” гэх агуулга бүхий гуравдагч этгээдийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.
16.Монгол Улсын Засгийн газар Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийн /1994 оны/ 16 дугаар зүйлийн 6 /Эртний хот, суурингийн үлдэгдэл, байшин барилга, цогцолбор зэрэг түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, харагдах сүр барааг хадгалах зорилгоор эргэн тойронд нь 0,1-3 км-ийн хамгаалалтын бүсийг Засгийн газар тогтоож болно. Хамгаалалтын бүсэд байшин барилга барих, түүх, соёлын дурсгалт зүйлд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахыг хориглоно./-д заасныг үндэслэн 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 96 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Б х о м-н хамгаалалтын бүсийг 5,7 га байхаар тогтоож, 2 дахь заалтаар “хамгаалалтын бүсэд түүх соёлын дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулах, барилга барихгүй байхыг” нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
17.Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн /2014 оны/ 3.1.7-д “түүх соёлын дурсгалт газар” гэдгийг тухайн хуулийн 5 дугаар зүйлд заасан түүх, соёлын үл хөдлөх дурсгал бүхий газар, түүний хэвлийг хэлэхээр тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.12-т түүх, соёлын үл хөдлөх дурсгал болон дурсгалт газарт хамгаалалтын бүс тогтоох, өөрчлөх, цуцлах эрх Засгийн газарт хамаарахаар хуульчилсан.
18.Үүнээс гадна мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Соёлын өвд хохирол учруулж болзошгүй дараах үйл ажиллагааг хориглоно”, 38.1.1-д “түүх, соёлын дурсгалт газар түүний орчны бүсэд дэд бүтцийн барилга байгууламж барих,...”, 38.1.2-т “палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэхгүйгээр хот суурин, барилга байгууламж барих, ... зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулах”, 43 дугаар зүйлийн 43.1.6-д “хамгаалалтын бүсд шинээр барилга байгууламж барих”-ыг тус тус хориглосон байна.
19.Гэтэл Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.2, 16.1.6-д зааснаар соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, соёлын өвд эрсдэл учруулахуйц аливаа үйл ажиллагааг таслан зогсоож, хуульд заасны дагуу арга хэмжээ авах, соёлын өвийг хамгаалах, зохистой ашиглах ажлыг зохион байгуулах үүрэгтэй албан тушаалтан болох нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий актаар Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор тогтоосон Б х о м-н хамгаалалтын бүсэд “цэцэрлэгт хүрээлэн, сүм хийдийн үйл ажиллагаа, үйлчилгээ”-ний зориулалтаар газрыг эзэмшүүлж, үйл ажиллагаа явуулах боломжийг гуравдагч этгээдэд олгосон нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчжээ.
20.Энэхүү маргаан нь хэдийгээр нэхэмжлэгч Б х о м- болон гуравдагч этгээд “В” ХХК-ийн газар эзэмших эрхийн маргаан боловч, угтаа нэхэмжлэгчийн “субьектив эрх”-ийн цаана Монгол Улсын түүх, соёлын дурсгалт газар, түүний орчны бүсийг хамгаалах, ирээдүй хойч үедээ бүрэн бүтэн үлдээх зэрэг “нийтийн эрх ашиг” шууд хөндөгдөж байна. Иймээс энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь дээрх хууль зүйн зохицуулалтаар гуравдагч этгээдийн эрхээс давуу хамгаалалттай байна.
21.Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх “гуравдагч этгээд “В” ХХК-ийн газар нь бүхэлдээ хамгаалалтын бүстэй давхацсан” гэж дүгнэсэн атлаа “түүх, соёлын дурсгалт зүйлд хохирол учруулах үйл ажиллагаа явуулаагүй, хамгаалалтын дэглэм тогтоохоос өмнө тохижилтын ажил эхэлсэн, нийслэлийн Засаг даргаас бүрэн эрхийнхээ хүрээнд газар эзэмших эрх олгосон” зэрэг үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэсэн нь буруу, Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар тогтоосон хориглолт болон Засгийн газрын тогтоолын зорилго, түүний үйлчлэх хүрээг анхаараагүй байна.
22.Харин “В” ХХК нь эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу газар эзэмшиж байх үедээ барьсан үл хөдлөх хөрөнгө, зарцуулсан хөрөнгөтэй холбоотой асуудлаар эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хуулийн дагуу хамгаалахад энэхүү тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/0987 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2024/0427 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б х о м-н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасныг тус тус баримтлан нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийн зориулалт, хаяг өөрчлөх тухай” А/903 дугаар захирамжийн 1 дэх заалтын “В” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ
Д.БАТБААТАР
[1] ХХ-2-173 дахь тал