| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2024/08415/И |
| Дугаар | 210/МА2025/00470 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/00470
|
|
|
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 10-ны өдрийн 197/ШШ2025/00925 дугаар шийдвэртэй
*******ын нэхэмжлэлтэй, *******д холбогдох
7,715,463 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлсэн 7,715,463 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, чулуу наах ажлын урьдчилгаанд 4,200,000 төгрөг авч ажлаа хийсэн, автомашин авсан ч нэхэмжлэгч буцаагаад авсан гэж тайлбарлан маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
4. Талууд 2024 оны 04 сарын 16-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулж, нэхэмжлэгч нь барилгын дотоод заслын чулуу наах ажлыг хариуцагчаар гүйцэтгүүлж хөлс төлөх, хариуцагч уг ажлыг гүйцэтгэж хөлс авахаар харилцан тохиролцжээ. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэнийг зөв тодорхойлсон байна.
Нэхэмжлэгч ******* Хаан банкин дахь өөрийн *******тоот данснаас 2024 оны 05 сарын 29-ний өдөр 4,200,000 төгрөгийг *******тоот дансанд *******гэсэн утгаар, мөн ******* маркийн автомашиныг ажлын хөлсөнд тооцож хариуцагчийн эзэмшилд шилжүүлснийг хариуцагч тус тус хүлээн авсан талаар маргаагүй. Харин ******* маркийн автомашинаа нэхэмжлэгч буцаан авсан тухай хариуцагчийн тайлбарт нэхэмжлэгч мөн маргаагүй байна.
Талууд ажлын хэмжээ, үнийн талаар маргаж нэхэмжлэгч талаас ******* м.кв ажлыг 7,715,463 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тохирсон гэж, хариуцагч талаас ******* м.кв ажлыг 9,600,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон гэж харилцан зөрүүтэй тайлбарыг гаргасны зэрэгцээ талууд ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулаагүй учир гүйцэтгэх ажлын хэмжээ, үнийн талаархи бичгийн нотлох баримтыг зохигчийн хэн аль нь шүүхэд гаргаагүй байна.
5. Нэхэмжлэгч 2024 оны 10 сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дүнг 9,600,000 төгрөг гэж тодорхойлсон ч 2025 оны 02 сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд ажлын хөлс 4,200,000 төгрөг, зээлдүүлсэн 3,515,463 төгрөг, нийт 7,715,463 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч татгалзлаа нотлох үүргийг өөрөө хэрэгжүүлэх үүрэгтэй.
Энэ хүрээнд шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр *******ийг дуудаж мэдүүлэг авчээ.
Гэрч ******* мэдүүлэгтээ ...барилгын 2, 3 давхрын 400 гаруй м.кв чулууны ажлыг хийсэн ... 1-р давхарт дутуу хийсэн ******* м.кв орчим чулууны ажил байсныг хийж өгсөн ... 1-р давхрын дутуу ажлаас хэдэн м.кв ажил хийгдсэн байсныг мэдэхгүй гэжээ. Мөн 2025 оны 02 сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* ...******* м.кв чулуу наах ажлыг 1 м.кв-ыг 30,000 төгрөгөөр хийхээр тохиролцсон ... нийт 4,500,000 төгрөгийн ажил хийхээс ******* м.кв ажил нь болчихсон байсан... гэсэн, хариуцагч ******* ...******* м.кв чулуу наах ажлыг 1 м.кв-ыг 30,000 төгрөгөөр хийхээр тохиролцсон гэж, мөн ...******* ажлыг 9,600,000 төгрөгөөр хийхээр тохирч урьдчилгаа 4,200,000 төгрөг авсан, үлдэх төлбөрт ******* маркийн автомашин авсан ч *******ын гомдлын дагуу хурааж авсан гэсэн тайлбарыг тус тус гаргасан байна.
Зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлгээс үзвэл зохигч барилгын дотоод заслын чулуу наах ажлын 1 м.кв талбайн хөлсийг 30,000 төгрөгөөр гүйцэтгэхээр Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцсон, мөн хариуцагч тохиролцсон ажлаас *******м.кв ажлыг гүйцэтгэсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Хариуцагч гэрээний үүргээ зөрчиж, гэрээгээр тохиролцсон ажлыг бүрэн гүйцэтгэлгүй орхиж явсан байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж, учирсан хохирлоо шаардсан нь үндэслэлтэй. Харин мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт зааснаар гэрээ цуцлахаас өмнөх хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн болох ******* м.кв чулуу наасан ажлыг хүлээн авсан тухайгаа нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарласан учир хариуцагч нь гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй учир нэхэмжлэгч ажлын хөлсөнд шилжүүлсэн 4,200,000 төгрөгийг бүхэлд нь буцаан шаардсан нь үндэслэлгүй юм.
Иймээс энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн болох ******* м.кв чулуу наасан ажлын хөлс (130х30,000) 3,900,000 төгрөгийг хасч, үлдэх (4,200,000-3,900,000) 300,000 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулан нэхэмжлэгч *******од олгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,515,463 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч нь чулуу наах ажлын хөлсөнд ******* маркийн тээврийн хэрэгслийг хариуцагчид шилжүүлсэн ч гэрээг цуцалсан үндэслэлээр уг тээврийн хэрэгслийг буцаан авчээ. Тээврийн хэрэгсэл зээлийн барьцаанд байсныг зохигч маргаагүй ба нэхэмжлэгч тээврийн хэрэгслийн зээлийн гэрээний үүрэгт 1,690,000 төгрөг төлснийг хариуцагчийн өмнөөс зээл төлсөн гэж үзэхгүй буюу нэхэмжлэгч тээврийн хэрэгслээ хариуцагчийн эзэмшлээс буцаан авснаар зээл төлсний үр дагавар хариуцагчид бус нэхэмжлэгчид үүснэ. Нэхэмжлэгч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй.
7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******гаас 300,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,415,463 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 10-ны өдрийн 197/ШШ2025/00925 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гаас 300,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,415,463 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,
2 дахь заалтын ...82,150... төгрөг гэснийг 9,650 төгрөг гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Э.ЭНЭБИШ