| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01184/И |
| Дугаар | 01214 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 01214
2016 оны 10 сарын 03 өдөр Дугаар 142/ШШ2016/01214 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1961 онд төрсөн, 55 настай, эмэгтэй Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багт оршин суух, Монгол овгийн Гомбосүрэнгийн Нэргүйн /регистрийн дугаар ГК61082566/ хүсэлттэй ажиллаж байсан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Нэргүй, гэрч Г.Цэцгээ, Д.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Г.Нэргүй 1981 онд Анагаах ухааны дунд сургуулийг төгсөөд Булган аймгийн Хангал сумын 2 дугаар бригадын хүний бага эмчээр 1981 оны 07 дугаар сарын 15-аас 1996 он хүртэл тасралтгүй 14 жил ажилласан бөгөөд газар нутгийн харъяаллыг өөрчилсөнтэй холбоотой 1996 оны 01 дүгээр сарын 01-ээс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Одоо тэтгэвэрт гарах гэтэл 1981 оноос 1996 он хүртэл ажиллаж байсан үеийн архив болон бусад бичиг баримт материал олдохгүй байгаа тул 1981 оны 07 дугаар сарын 15-аас 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Булган аймгийн Хангал суманд эмчээр ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Нэргүй нь 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Булган аймгийн Хангал суманд эмчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Архивын лавлагаанд Даатгуулагч Б.Нэргүй Булган аймгийн Хангал сумын Хүн эмнэлэгт 1995 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал шимтгэл төлсөн гэжээ.
2.1994 онд ажилагсадын цалингийн жагсаалтанд Нэргүй 1994 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл цалин авсан байна.
3.1981 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 870 дугаартай дипломд “1977 онд эх баригч бага эмчийн ангид элсэн орж 1981 онд төгссөн тул эх баригч бага эмч мэргэжил олгов” гэжээ.
4.Гэрч Д.Нарантуяа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Г.Нэргүй нь Анагаах ухааны дунд сургуулийг 1981 онд төгсөөд Булган аймгийн Хангал сумын 2 дугаар бригадын бага эмчээр 1981 оноос 1996 он хүртэл ажиллаж байгаад газар нутгийн харьяаллын өөрчлөлтөөс ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Д.Нарантуяа миний бие нь 1972 онд Анагаах ухааны дунд сургуулийг төгсөж ирээд тус сумын эх баригч бага эмчээр 1994 он хүртэл ажиллаж байгаад өндөр насны тэтгэрэвт гарсан. Г.Нэргүй нь надтай хамт 1981 оноос 1994 он хүртэл 2 дугаар багийн эмчээр ажиллаж байсныг би гэрчилж байна” гэжээ.
5.Гэрч Д.Нарантуяагийн 1989 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Баярын бичиг, 1981 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Баярын бичиг, 1990 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах яамны жуух зэрэг баримтууд хэрэгт авагдсан.
6.Гэрч Г.Цэцгээ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Г.Нэргүй нь 1984 онд намайг Хангал сумын 1 дүгээр бригадын эмчээр ажилд ороход 2 дугаар бригадын бага эчмээр ажиллаж байсан. Г.Нэргүй эмч 1996 он хүртэл Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн эмчээр ажиллаж байгаад газар нутгийн харьяаллын өөрчлөлтөөс болж ажлаас чөлөөлөгдсөн болно” гэжээ.
7.Булган аймгийн Архивын тасгийн 2002 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 289 дугаар лавлагаанд “Хангал сумын 3 дугаар багийн харьяат Гэндэн овогтой Цэцгээг АДХГЗ-ны ЭХГ-ын даргын 1984 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 141 тоот тушаадаар 7 дугаар сарын 15-ны өдрөөс Могод сумын 1 дүгээр бригадын бага эмчээр томилсон, мөн даргын 1985 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 40 тоот тушаалаар уг ажлаас чөлөөлж, Хангал сумын 1 дүгээр бригданы бага эмчээр томилов” гэжээ.
Нэхэмжлэгч Г.Нэргүй нь 1981 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Дархан хотын Анагаах ухааны дунд сургуулийг эх баригч бага эмч мэргэжлээр төгсөөд 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Булган аймгийн Хангал суманд эмчээр ажиллаж байсан болох нь Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Архивын лавлагаа, 1981 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 870 дугаартай диплом, 1994 онд ажилагсадын цалингийн жагсаалт, гэрч Г.Цэцгээ, Д.Нарантуяа нарын мэдүүлэг, тодорхойлолтоор нотлогдож байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Г.Цэцгээ, Д.Нарантуяа нарыг гэрчээр асуусан ба гэрч Г.Цэцгээ, Д.Нарантуяа нар нэхэмжлэгчтэй хамт Булган аймгийн Хангал суманд эмнэлэгт ажиллаж байсан, гэрч Г.Цэцгээ одоо ч энэ эмнэлэгт сувилагчаар ажиллаж байгаа болох нь гэрч Д.Нарантуяад хүн эмнэлэгээс олгож байсан баярын бичиг, гэрч Г.Цэцгээгийн архивын лавлагаа зэрэг баримтаар тогтоогдож байх тул гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтын ач холбогдолтойд тооцож үнэлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Г.Нэргүйгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Монгол овгийн Гомбосүрэнгийн Нэргүйг 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Булган аймгийн Хангал суманд эмчээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Г.Нэргүйгээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА