| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2019/0115/э |
| Дугаар | 112 |
| Огноо | 2019-06-19 |
| Зүйл хэсэг | 116.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 112
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Гт холбогдох 1930002470154 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувийн мал ахуй эрхлэх, ам бүл 8, эхнэр, хүүхдмйн хамт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Д.Г.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар багийн нутаг Ш гэх газарт иргэн Ө.Нийг “хавар манай хүүхдэд юу гэж овордлоо” гэж ялимгүй зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь “зүүн нүдний эргэн тойрон, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зүүн чамархай, хацар, зүүн даланд, зүүн тохойд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хониндоо явж байгаад Ө.Нтай таараад машиндаа сууж байхаар нь цонхыг нь тогшоод “ чи хавар яахаараа манай охиныг доромжилдог юм бэ ” гэхэд “танай хүүхэд өөрөө буруу яриад байсан” гээд өөдөөс хэгзэлдээд байхаар нь уурандаа цохиод авсан. Манай охинтой маргалдсан асуудлыг надтай таарвал би хэлээд өнгөрье гэж бодож байсан юм. Тэгээд таарахгүй байж байгаад 05 дугаар сарын 29-ний өдөр таараад хэлэхэд өөдөөс хэгзэлдээд, хэдэн үг хэлээд байхаар нь уурандаа цохисон. Охиноо өмөөрснөөс болоод ийм асуудал гаргасан. Би залуу насандаа ийм асуудал гаргаж байгаагүй. Энэ үйлдэл миний алдаа боллоо. Хохирогч эхлээд 5.000.000 төгрөг нэхсэн. Би өгөх боломжгүй хуулийнх дагуу шийдүүлнэ гэж хэлсэн. Хохирогчийн зүгээс сүүлд нэхэмжлэлээ татаж авсан. Хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна..гэв.
- Яллагдагч Д.Гийн: 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдөр 12 цагийн үед шиг санаж байна цагийг сайн мэдэхгүй байна.Намайг хониндоо явж байхад замд хоёр машин зогсож байхаар нь очиход Ө.Н, А нар байж байсан. Би Ө.Нийн машины цонхыг тогшиход машины хаалгыг нээхэд нь “чи яагаад манай охиныг хавар доромжилсон юм бэ?” гэж хэлээд миний уур хүрээд нүд рүү нь цохисон намайг зөрүүлээд миний зүүн гарын булчин руу цохиж унагаад бид хоёр хоорондоо барьцалдаж бие биенээ цохиж зодолдсон. Ө.Н бид хоёрын зодолдсон асуудал хавар манай охиныг доромжилсон гэж би уурлаж зодооныг үүсгэсэн юм. Би Ө.Нтай эвлэрсэн хэргийг түргэн шуурхай шийдэж өгнө үү?. Миний хувьд Ө.Нтай урьд өмнө маргалдаж муудаж байсан зүйлгүй биед нь гэмтэл учруулах ямар нэгэн шалтгаан байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/
- Хохирогч Ө.Нийн: Манайх Баяндэлгэр сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан шанд” гэх газар нутагладаг юм. Би 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдөр баз Б.Дамдинсүрэнгийн хамт машинтай нь хадам аав Д.Ганбатын руу оччихоод гэр рүүгээ буцаж явж байхдаа “Ш“ гэх газрын зүүн урд түр зуур зогсож байхад Д.Г мотоцикльтойгоо ирж машинд хамт явж байсан А, Дамдинсүрэн нартай уулзсан юм. Намайг машинд сууж байхад Д.Г мотоциклиос бууж ирээд “машиныхаа хаалгыг нээ гээд надад хандан “чи хавар манай хүүхдэд юу гэж овордсон юм” гэж хэлээд шууд цээжин тус газар 1 удаа цохих үед би Д.Г ахыг та яаж юм бэ? гэж хэлээд гарыг нь барьж аваад хоорондоо зууралдах үед би машинаас буусан. Тэгээд би Д.Г ахтай зодолдож бие биенээ цохисон юм. Д.Г ах бид хоёр тухайн үед зодолдоод салсан юм. Миний цээжин тус газар 1 удаа, нүүрэнд 1 удаа Д.Г цохсоны улмаас зүүн нүд хөхөрсөн, далны ар хэсэгт бага зэрэг зулгарсан гэмтэл учирсан. Би Д.Г ахын нүүрэн тус газар 1 удаа мөргөсөн өөр цохисон зүйл байхгүй. Д.Г ах бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Миний хувьд эмчилгээтэй холбоотой хохирол, төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй. Д.Г ах надаас уучлалт гуйсан бид хоёр эвлэрсэн тул хэргийг түргэн шуурхай шийдэж өгнө үү. Миний хувьд гомдол санал байхгүй учир шүүх хуралд суухгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 311 дугаартай дүгнэлтэнд: Ө.Нийн биед зүүн нүдний эргэн тойрон, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зүүн чамархай, хацар, зүүн даланд, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд , хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй... гэжээ /хх-ийн 18/
- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Ц.Жигмэдсүрэнгийн эмчийн үзлэгийн тэмдэглэл, тодорхойлолт /хх-13,17/
- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2019.06.02-ны өдрийн 135 дугаартай тодорхойлолт /хх- 28/
- Д.Гийн Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-30/
-Д.Гийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-29/
- Хохирогч Ө.Н, шүүгдэгч Д.Г нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-35/
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 53 дугаартай санал /хх-41/ зэрэг баримтууд болно.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 12.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар багийн нутаг Ш гэх газарт хохирогч Ө.Нтай хувийн асуудлаас маргаан үүсгэн, түүний нүүрэн тус газарт гараараа цохих зэргээр харилцан зодолдож эрүүл мэндэд нь “ зүүн нүдний эргэн тойрон, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зүүн чамархай, хацар, зүүн даланд, зүүн тохойд зулгаралт гэмтэл ” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Д.Гийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Ө.Нийн мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 312 дугаартай дүгнэлт, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын ЭМТ-ийн их эмч Ц.Жигмэдсүрэнгийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Тухайн хэрэг үйлдэгдсэн байдлыг тодруулбал, Д.Г нь “ охиныг нь хэл амаар доромжилсон“ гэх шалтгаанаар Ө.Нтай маргаан үүсгэн, зодолдож нүүрэн тус газар гараараа цохиж гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдох ба энэ нь хохирогч Ө.Нийн “ Ш гэх газар зогсож байхад Д.Г мотоцикльтойгоо ирж надад хандан “чи хавар манай хүүхдэд юу гэж овордсон юм” гэж хэлээд шууд цээжин тус газар 1 удаа цохих үед би Д.Г ахыг та яаж юм бэ? гэж хэлээд гарыг нь барьж аваад хоорондоо зууралдах үед би машинаас буусан. Тэгээд би Д.Г ахтай зодолдож бие биенээ цохисон юм. Миний цээжин тус газар 1 удаа, нүүрэнд 1 удаа Д.Г цохисны улмаас зүүн нүд хөхөрсөн, далны ар хэсэгт бага зэрэг зулгарсан гэмтэл учирсан“ гэх,
шүүгдэгч Д.Гийн “ 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдөр 12 цагийн үед хониндоо явж байхад замд хоёр машин зогсож байхаар нь очиход Ө.Н, А нар байж байсан. Би Ө.Нийг“чи яагаад манай охиныг хавар доромжилсон юм бэ?” гэж хэлээд, уур хүрээд нүд рүү нь цохисон. Намайг зөрүүлээд миний зүүн гарын булчин руу цохиж унагаад бид хоёр хоорондоо барьцалдаж бие биенээ цохиж зодолдсон. Хавар манай охиныг доромжилсон гэж би уурлаж зодооныг үүсгэсэн ” гэх,
шинжээчийн 312 дугаартай “Ө.Нийн биед зүүн нүдний эргэн тойрон, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зүүн чамархай, хацар, зүүн даланд, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна “ гэх дүгнэлт зэргээр хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон байна..
Д.Г нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүйг, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Д.Гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Нт хөнгөн хохирол учирсан, тэрээр хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй, “ бид ах дүү улс учир бидний дунд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, бид хоорондоо эвлэрч учир зүйгээ олсон, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү “ гэсэн хүсэлтийг гаргажээ /хх- 35/.
Шүүгдэгч Д.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Д.Гийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд хангагдсан буюу “ гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх, үйлдсэн хэрэг нь нотлогдсон байх “ зэрэг эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим, шаардлагад нийцсэн байна.
Тухайлбал, шүүгдэгч Д.Гийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч “ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, бид хоорондоо эвлэрч учир зүйгээ олсон, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө “ гэх хүсэлт гаргасан, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Д.Гт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шатанд ялтан Д.Гт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Г оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Ялтан Д.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй,түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ө.Н гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН