| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2016/00431/И |
| Дугаар | 130/ШШ2016/00454 |
| Огноо | 2016-08-10 |
| Маргааны төрөл | Хариуцагчийг татан буулгах, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 130/ШШ2016/00454
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Алтай сумд оршин суух, С-н Ед холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: С.Е эзэнтэй Б төрийн бус байгууллагыг татан буулгахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хууль зүйн яаманд бүртгэлтэй Б төрийн бус байгууллага нь шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй байх ба Татварын хэлтэс болон Санхүү, төрийн сангийн хэлтэст олон жил тайлан мэдээ гаргаж өгөөгүй байна. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 10 дугаар зүйлийн 10.1, 10.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 8.1.8, 11 дүгээр зүйлийн 11.3 дугаар заалтуудыг зөрчсөн байх тул Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, Иргэний хуулийн 32 дугаар зүйлд тус тус зааснаар эдгээр хуулийн этгээдүүдийг татан буулгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тухайн үед хуулийн этгээдийн бүртгэл нь Хууль зүйн яамд бүртгэлтэй байхад Б төрийн бус байгууллага нь бүртгэгдсэн байдаг. Б төрийн бус байгууллага нь аймгийн Татварын хэлтэс болон Санхүү, төрийн сангийн хэлтэст хуулийн хугацаанд тайлан, мэдээгээ тушаагаагүй. Мөн үүсгэн байгуулагч тэргүүн нь нас барсан гэдэг шалтгаанаар татан буулгах нэхэмжлэл гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Б Төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч буюу эзэн нь болох Сейсенбай овогтой Е нь нь 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нас барсныг 9 дүгээр сарын 09-ний өдөр бүртгэж 24 дугаартай нас барсны гэрчилгээ олгосон болох нь 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын 211 дугаар албан бичгээр ирүүлсэн хаяг, регистрийн дугаар, нас барсны жагсаалт-ын тухай тус албаны архивч С.Гүлжаны гаргасан жагсаалтаар нотлогдож байна.
Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газар нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 27 дугаар зүйлийн 27.4-д хуулийн этгээд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжийг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн бол улсын бүртгэлийн байгууллага нь тухайн хуулийн этгээдийг татан буулгах талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасны дагуу тус шүүхэд Б Төрийн бус байгууллагыг татан буулгахыг хүссэн тухай нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцсэн байна.
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газраас Б Төрийн бус байгууллагыг татан буулгахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах болсон хууль зүйн үндэслэл нь:
- Баян-Өлгий аймгийн Алтай сумын Б Төрийн бус байгууллага нь Мал аж ахуйн үйлдвэрлэлийг байгаль орчинд хоргүй аргаар эрхлэн хөтөлж, эрчимжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2004 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хууль зүйн дотоод хэргийн яамны улсын бүртгэлд бүртгүүлэх газарт бүртгүүлэн 2528 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болсон байна.
-Б Төрийн бус байгууллага нь Хууль зүйн дотоод хэргийн яамны улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш сүүлийн 12 жилийн хугацаандаа өөрийн үйл ажиллагааг эрхлээгүй санхүүгийн тайлангаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаартогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй, Баян-Өлгий аймгийн татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, тус хэлтэст тайлан балансыг гаргаж өгөөгүй, хуулийн этгээдийн шинэчилсэн бүртгэлд бүртгүүлээгүй болох нь 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 213 дугаар Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн даргын болон 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 5-03/1148 дугаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан бичгүүд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
-2003 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон боловч уг хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар ...энэ хууль батлагдахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан уг хууль хүчин төгөлдөр болсноос хойш арван найман сарын дотор буюу 2005 оны 4 дүгээр сарын 01-ний дотор хуульд заасан баримт бичгийг энэ хуулийн 7.1-д заасан бүртгэх байгууллагад ирүүлнэ... гэсэн заалтыг уг хууль хүчин төгөлдөр үйлчилж байхдаа Б Төрийн бус байгууллагын эзэн С.Е нь зөрчиж тухайн үед шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй байна.
Иймд С.Е эзэнтэй Б Төрийн бус байгууллага нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ тогтоомжийг удаа дараа дээрх үндэслэлээр зөрчсөн байх тул 2528 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй, С.Е эзэнтэй Б Төрийн бус байгууллагыг татан буулгаж, нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар 135.2.14, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.1.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 27 дугаар зүйлийн 27.4-д заасныг тус тус баримтлан 2528 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй, С.Е эзэнтэй Б Төрийн бус байгууллагыг татан буулгасугай.
2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 24 дүгээр зүйлийн 24.3-д заасныг баримтлан улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэл хийхийг Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн албанд даалгасугай.
3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар шийдвэрийн хувийг ажлын 3 хоногт багтаан бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Маншук-т даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
7.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ