| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2019/0113/э |
| Дугаар | 110 |
| Огноо | 2019-06-17 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 110
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч Э.Хосбаяр,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ц,
Шинжээч Б.Батцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн,
Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Год холбогдох 193000380045 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг Жавхлант жишиг хорооллын ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй М.Г .
Холбогдсон хэргийн талаар/ прокурорын яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч М.Г Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвөөс урагш байх “Муу усны далан”-гийн баруун талд 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 12 цаг 30 минутын орчим өөрийн уяж сойж байсан моринд бэлтгэл сургуулилт хийлгэхдээ “Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” МNS6264:2018 Монгол Улсын стандарт зөрчиж унаач М.Өт хамгаалалтын хувцас хэрэглэлийг өмсгөөгүйн улмаас үсэргээ /тар/ хийлгэж байсан моринд дайрагдаж унахдаа “ гавал ясны баруун чамархай, дагзны болон суурь ясны шугаман хугарал, тархины эдийн няцрал, тархины орой болон суурийн хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалтын улмаас үүссэн төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж” хүний амь насыг болгоомжгүй хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талынн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч М.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Ө 12 настай, миний морийг унадаг байсан. 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тэнгэр сайхан болохоор нь тэжээлийн морьдоо хөлөргөж, хөлс авахаар явсан юм. 3-4 км газар давхил хийсэн. Гэтэл урдаас нь сунгаж байгаа морьдоос хоёр морь нь ирээд дайрсан. Тэгээд ийм зүйл болсон. Тухайн өдөр талийгаач хүүхдэд хамгаалалтын хувцас, хэрэглэл өмсгөөгүй байсан. Би хүний морь уядаг. Тэр үед хүмүүс нь хамгаалалтын хувцас гээд авчраад өгсөн хувцас байгаагүй. Тэрнээс болоод би хамгаалалтын хувцас өмсөж чадаагүй. Үүнээс болж ийм хэрэг боллоо. Би оршуулгын зардлыг бүрэн хариуцсан. Талийгаач гэнэтийн ослын даатгалаа Номин даатгалд даатгуулсан байсныг би хөөцөлдөөд даатгалын компаниас 15.000.000 төгрөг авч ээжид нь өгсөн. Талийгаачийн ээж нь аймагт байгаа. Би хот руу хоёр удаа авч явж эмчилгээ хийлгэсэн. Одоо эмчилгээ хийлгээд гайгүй болсон. Одоо нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хамгаалалтын малгай, хувцас өмсгөөгүйдээ харамсаж байна...гэв.
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ц: Талийгаачийн ээж нь бие муутай тул намайг томилсон. Энэ хүн оршуулгын бүх зардлыг даасан. Охиныг маань хот руу эмчилгээнд хоёр удаа авч явсан. Амь даатгалын мөнгө 15.000.000 төгрөгийг хөөцөлдөж авч өгсөн. Одоо гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэв.
- Яллагдагч М.Гын: Тухайн өдөр тэнгэр сайхан байсан учраас мориныхоо хөшөөг гаргах гээд алхуулаад явж байсан. Тэгтэл өөдөөс морь сунгаж байсан хүмүүсийн морь ирж дайрч Ө нь морьтойгоо хамт унасан. Тийм болохоор уг хүмүүсийг буруутай гэж үзэж байна. Өын унаж байсан морь уралддаг морь юм. Уг морийг би уядаг юм. Би Өт хамгаалалтын малгай өмсүүлээгүй, өвлийн зузаан комбинзон өмсүүлсэн байсан. Тухайн үед сандраад Өын нэрийг Ө гэж өгсөн байна. Албан ёсны нэр нь Ө юм. Би моринд бэлтгэл, сургуулилт хийнэ гэдгийг тар, сунгаа хийнэ ойлгож байна. Миний хувьд тар, сунгаа хийсэн үед хамгаалалтын хувцас, хэрэглэл өмсөнө гэж ойлгодог. Тухайн өдөр ямар нэгэн байдлаар тар, сунгаа хийгээгүй мөн цогиулаагүй алхуулж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,
- Гэрч М.Гын : Би Сүхбаатар аймагт морь уядаг юм. 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр уяж байсан мориндоо ажил хийх гээд 11 цаг өнгөрөөгөөд муу ус хуримтлуулдаг газрын баруун талд 4 морьтой талийгаач Ө хар зүсмийн морь унаад, туслах хийж байгаа Мөнхөө гэх залуу шаргал зүсмийн морь унаад, манай төрсөн хүү Тэмүүн хар морь унаад, М хээр морь унаад явсан. Араас нь машинтай эхнэр А, Мө бид гурав явсан. Тэгээд мориндоо урдаасаа хойшоо ажил хийчихээд ирж байхад хойноос урагшаа 5-6 морь сунгах гээд хүн хөтөлчихсөн зогсож байснаа морьдоо баруун урагшаа явсан машины замаар тавьсан чинь 2 морь нь манай 4 морь луу чиглэж ирээд Өы унаж явсан хар морийг мөргөөд унагаасан. Ө нь морьтойгоо унахаар нь машинтайгаа яваад очиход толгойноос нь цус гараад ухаангүй байдалтай ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байсан. Тэгээд хойноос морь тавьсан хүмүүс нь өргөөд машиндаа аваад эмнэлэг рүү явсан. Би ч гэсэн эмнэлэг рүү дагаад явсан. Хар морь нь Ганцогт гэдэг хүний морь байгаа юм. Би морийг нь уяж өгдөг юм. Уг хүүхдийг 2016 оноос эхлэн би морь унуулж байгаа. Миний хувьд насыг нарийн мэдэхгүй байна. Ойролцоогоор 12 настай байх гэж бодож байна. Ө нь морь унаж байхдаа хамгаалах хэрэгсэл өмсөөгүй байсан. Моринд дайрагдаж унах үедээ цагаан цэнхэр өнгийн комбинзонтой байсан. Толгойдоо чихтэй үстэй малгай өмссөн байсан. Ө нь тухайн үед хүүхдийн спорт эмээлтэй морь унаж байсан. Өы ээж манай эхнэрийн төрсөн эгч байгаа юм. Цалин гэж өгдөггүй. Хичээлдээ орох үед хичээлийн хэрэглэл, хувцас хунар авч өгдөг юм. Хамаатны хүүхэд болохоор нэгэн ямар гэрээ хийсэн зүйл байхгүй. Ээж нь зөвшөөрөөд л морь унадаг байсан. Би хурдан морь унаж байгаа хүүхдэд хамгаалалтын хувцас хэрэглэл, өмсүүлэх ёстойг мэднэ. Мөнгөнсайханы өмсөж байсан комбинзон нь зузаан болохоор хамгаалалтын малгай орохгүй байсан юм. Тэгээд л өмсүүлээгүй. Хойноос морь сунгаж байгаа хүмүүсийг урдаасаа ирж байгаа морьдыг өнгөрөөгөөд морьдоо тавих гэж бодож байсан боловч шууд тавьчихсан. Талийгаач М.Өы хувьд 3 жил морь унаж байгаа туршлагатай хүүхэд юм...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Цгийн: Ө 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө гэрээсээ 10 цаг өнгөрөөгөөд мориндоо ажил хийлээ гээд цэнхэр өнгийн комбинзоноо өмсөөд гарсан. Тэгээд 13 цаг өнгөрч байхад манай хүүхдүүд Өыг мориноос унаад нас барчихлаа гэж хэлсэн. Ө нь манай охин Агийн нөхөр Гын уядаг морьдыг унадаг юм. Тухайн өдөр ч гэсэн мориндоо ажил хийхээр явсан. Морины ажил хийгээд явж байхад морь дайрч унагаагаад нас барсан гэж байсан. Морь унах хугацаандаа ямар нэгэн байдлаар мориноос унаж бэртэж гэмтэж байсан зүйл байхгүй. Тэр морь нь Ганцогт гэдэг хүний морь гэсэн. Уг морийг манай хүргэн Г нь уядаг байсан. Ө нь хамаатныхаа уяж байгаа морьдыг унадаг байсан болохоор тогтмол цалин авдаггүй. Харин өөрийнхөө дуртай зүйлсийг авах, хичээлдээ орох үедээ хичээлийн хэрэглэлээ бэлтгүүлдэг байсан. Миний хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл гээд байх зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 08-10/,
- Гэрч М.Мөы: Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд Г ахтай хамт морь уяж байгаа юм. 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр мориндоо ажил хийхээр болоод хар морийг Ө, шаргал морийг Мөнхөө, хээр морийг Цоож, хар морийг Тэмүүн унаад газан колонкийн зүүн талд байдаг хашаанаас гараад урагшаа муу усны далан руу явуулчихаад араас нь Г ах машинаа бариад урд нь эхнэр А суугаад ард нь би суугаад явсан. Тэгээд морины ажил хийх газраа очоод урагшаа ойролцоогоор 6-7 км газар 4 морио цуглуулж ажил хийчихээд буцаад ирж байхад ногоон хашааны урд 5-6 морийг явган хүн хөтөлчихсөн сунгах гэж байгаа байдалтай зогсож байсан. Тэгээд уг хүмүүс нь бид нарыг өнгөрөөж байгаад тавих байлгүй гэж бодоод явж байхад морьдоо тавьчихсан. Тэгээд баруун урагшаа замаар явж байснаа 4 морины хажуугаар гарах үедээ 2 морь урагшаа ханарч гараад Өы унаж явсан хар морийг мөргөсөн. Тэгээд Ө нь морьтойгоо унахаар нь бид нар хойноос нь явж байснаа давхиж очоод би түрүүлээд буусан чинь Өы толгой нь зүүн тийшээ харсан баруун талаараа хэвтэж байсан ба чих, хамарнаас нь цус гарч байсан. Тэгээд Г ах бууж ирээд хойно байсан хүмүүс гүйж ирсэн. Тэр үед Г ах “эмнэлэг аваад явмаар байна шүү дээ” гэхэд улаан машинтай ах машиндаа аваад эмнэлэг рүү явсан. Тэгээд эмнэлэг ирээд нас барлаа гэж эмч хэлж байсан. Бүгд комбинзон өмссөн байсан. Хамгаалалтын малгай, өвдгөвч, тохойвч өмсөөгүй байсан. Ө нь Г ахын эхнэриийн эгчийнх нь хүүхэд гэж байсан. Тэгээд Г ахын морийг унадаг юм. Ө нь морьтойгоо унаад морь босоод явсан. Ө нь мориноос унасны дараа ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй мөн юм ярихгүй байсан. ...Би урьд өгсөн мэдүүлэгтээ талийгаач Мөнгөн овогтой Өын нэрийг Ө гэж буруу хэлсэн байна. Г бид нар Өыг Өсөхөө гэж дууддаг юм. Тэгээд цагдаа асуухаар нь Ө гэж хэлсэн байна. 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Өсөхөөгийн бүтэн нэрийг асуух хүн байгаагүй. ...Уг морийг Г ах уралдуулах гээд тэжээлд оруулсан байсан. Тухайн өдөр тэнгэр сайхан байсан учраас тэжээлийн моринууддаа ажил хийхээр явж, морьдоо цогиулж цантуулсан юм. Тэгээд хашаанаас гараад урагшаа муу усны далангийн үзүүрээс урагшаа гахайн байр хүртэл ойролцоогоор 4-5 километр цогиулсан. Тэгээд буцаад морьдоо цогиулаад алхуулаад араас нь Г ах, түүний эхнэр А бид гурав машинтай дагаад явж байсан. М.Ө нь зузаан комбинзон өмссөн байсан. Харин хамгаалалтын малгай хувцас хэрэглэл өмсөөгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,
- Гэрч С.Бийн: Би Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумаас 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө ирэхэд манай базууд мориндоо ажил хийх гэж байгаа гэхээр нь хамт явсан. Тэгээд аймгийн урд талын төмөр ногоон хашааны урд байдаг муу усны далангийн хойноос баруун урагшаа морьдоо тавихаар 11 цаг өнгөрч байхад ирсэн. Тухайн үед О, И, Ж нар байсан. Тэгээд бид нар машиндаа хараад сууж байсан. Тэд нарыг морьдоо тавих гэж байхад урдаасаа баруун урагш явдаг замаас нилээн зүүгээр хойшоо замгүй газраар явж байсан юм. Тэгээд морьдоо тавиад явуулж байхад 2 хээр морь нь зүүн тийшээ ханараад очоод мөргөх шиг болоод цаашаа яваад өгсөн. Тухайн үед ямар зүйл болсныг мэдээгүй байж байтал хажууд нь араас нь дагаж явсан машинтай хүн ирж зогсохоор ямар нэгэн юм болж гэж бодоод яваад очтол нэг хүүхэд нь унасан байдалтай хамар, чихнээс нь цус гараад ямар нэгэн хөдөлгөөнгүй байхаар нь би машиндаа аваад Мө гэх залуу тэврээд эмнэлэг рүү явсан. Би тухайн үед ухаан алдчихсан юм байх гэж бодсон. Тэгээд эмнэлэг дээр авчраад оруулж өгчихөөд буцаж яваад эмнэлэг дээр иртэл нас барсан гэж байсан. Уг хүүхэд нь комбинзонтой байсан. Өөрөө ямар нэгэн каск өмсөөгүй байсан. Манай базууд нэг дор морьдоо уядаг юм. Тэгээд мориндоо ажил хийж ганц, нэг хөдөлгөж үзэхээр явсан. Ямар нэгэн уралдаан сунгаан зохион байгуулаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 15/,
- Гэрч О.Оын: Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумыг тойрсон ногоон хашааны урд байдаг муу усны далангийн тэнд уяж байсан морьдоо 2-3 км газар тарлаж үзье гээд 5 морь аваачсан юм. Тухайн үед миний санаж байгаагаар 12 цаг өнгөрч байсан байх. Тэгээд бид нар баруун урагшаа явсан машин замаар морьдоо давхиулахаар болоод бариад байж байсан ба урдаас 4 моринд ажил хийгээд урдаасаа ирж байсан ба замаас нилээн зүүн тийшээ харагдахаар нь морьдоо тавьсан. Тэгээд явж байснаа 4 морины хажуугаар гарах үедээ 2 хээр морь зүүн тийшээ ханарч гараад урдаас ирж байсан 4 морины нэг морийг нь дайрч унагаагаад цаашаа явсан. Тэгэхээр нь бид нар гүйгээд очиход цагаан, цэнхэр комбинзонтой хүүхэд газар унасан чих, хамраас нь цус гарсан ухаангүй байсан ба Батмөнх уг хүүхдийг тэврээд эмнэлэг рүү авч явсан. Тэрнээс хойш болсон асуудлыг мэдэхгүй байна. Би 2 морио хайж байгаад буцаад эмнэлэг дээр ирэхэд Г гадаа нь сууж байсан ба нөгөө хүүхдийг нас барчихлаа гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16/,
- Насанд хүрээгүй гэрч Ц.Дын: Манайх 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр мориндоо ажил хийх гээд 12 цагийн үед Баруун-Урт сумын урд байдаг муу усны далангийн баруун талд очсон. Тэгээд би өөрийнхөө хээр морийг унаад, Б нь И ахын морийг унаад, Б нь Оын морийг унаад, Гансүх ахын морийг нэг танихгүй хүүхэд унасан. Бид нарыг баруун урагш явдаг замаар 2-3 км явуулаад амыг нь татаарай гэсэн. Тэгээд баруун урагш явж байтал зүүн урд морины ажил хийгээд 3 билүү 4 морь унасан хүмүүс явж байсан тэр лүү Б бид хоёрын морь ханарч давхиад миний унаж байсан хээр морь урдаасаа нэг хар морьтой хүүхдийн морийг нь мөргөх үед морьтойгоо ойчиж байгаа харагдсан ба цаашаа давхиад явсан. Тухайн үед би амыг нь татаад дийлээгүй. Би каск малгай өмсөөд гадуур нь өвлийн зузаан комбинзон өмссөн байсан. Уг нь баруун урагш явсан тод замаар явж байснаа гэнэт морины ажил хийж байсан морьд руу явсан. Анх морьтой хүмүүс явж байгааг хараагүй, урдаасаа машин ирж байгаа л харагдаж байсан. Би морь унаад 2-3 жил морь унаж байна. Бид нарын морины ажил хийсэн морьд нь бүгд нэг уяаны морьд байгаа юм. Ямар нэгэн байдлаар уралдаан, сунгаан зохион байгуулаагүй. Морины ажил хийгээгүй удсан болохоор морьдоо тарлаж үзсэн. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Миний унаж байсан хээр морь цээжээрээ уг морийг мөргөж унагаасан....гэх мэдүүлэг/хх-ийн 17/,
- Насанд хүрээгүй гэрч А.Бийн: Манайх 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр мориндоо ажил хийх гээд 12 цагийн үед Баруун-Урт сумын урд байдаг муу усны далангийн баруун талд очсон. Тэгээд би өөрийнхөө хээр морийг унаад, Д өөрийнхөө хээр морийг унаад, Б нь Оын морийг унаад, Гансүх ахын морийг нэг танихгүй хүүхэд унасан. Бид нарыг баруун урагш явдаг замаар 2-3 км явуулаад амыг нь татаарай гэж хэлээд барьж байгаад тавьсан. Бид нар морьтойгоо баруун урагш явах гэж байхад урдаас нэг машин ирж байсан. Тухайн үед морь ирж байгааг хараагүй. Тэгээд баруун урагшаа морьдоо тарлаад явж байтал миний унаж байсан хээр морь болон, Дын унасан хээр морьд зүүн тийшээ ханараад урдаас цогиулаад ирж байгаа морьд руу давхисан. Тэгээд Дын хээр морь нь нэг хар морийг мөргөж унагаагаад цаашаа давхисан. Миний морь хажуугаар нь гараад явсан. Би болон Д морьдынхоо амыг татсан боловч зогсоогүй цаашаа явчихсан. Тухайн үед хар морины хүүхэд морьтойгоо унаж байсан. Д бид 2 каск малгай өмссөн байсан. Уг нь баруун урагшаа явж байснаа гэнэт зүүн талд байгаа морийг харснаа тэд нар луу явсан. Яагаад явсан талаар нь мэдэхгүй. Уг нь баруун урагшаа замаар явж байсан. Би хурдан морь унаад 3 жил болж байна. Бид нарын морины ажил хийсэн морьд нь бүгд нэг уяаны морьд байгаа юм. Бид нар мориндоо ажил хийж байсан. Мөргүүлсэн гэх морьд ч гэсэн мориндоо ажил хийгээд цогиулаад явж байсан. Хажууд нь нэг цагаан өнгийн жийп машин явж байсан. Тэд нар замгүй хойшоо цогиулаад явж байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 18/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 14 дугаартай дүгнэлтэнд: М.Өын цогцост гавал тархины битүү гэмтэл, гавал ясны баруун чамархай, дагзны болон суурь ясны шугаман хугарал, тархины эдийн няцрал, тархины орой болон суурийн хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, толгойн баруун чамархай хэсгийн хэсгийн хуйхан доорх цус хуралт, 2. Тархи уушигны хаван 3. Хоёр нүдний зовхины зөөлөн эдийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон ба мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтлүүд нь амьддаа үүссэн гэмтлүүд байна. М.Өын цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин үгүй байна. М.Ө нь гавал ясны баруун чамархай, дагзны болон суурь ясны шугаман хугарал, тархины эдийн няцрал, тархины орой болон суурийн хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалтын улмаас үүссэн төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан байна...гэжээ /хх-ийн 26-28/,
- Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 17/02 дугаартай дүгнэлтэнд: Мөнгөн овогтой Ө нь морь унаж байхдаа моринд дайруулан нас барах үедээ хамгаалалтын хувцас хэрэглэлгүйгээр бэлтгэл сургуулилтад оролцуулсан нь Монгол улсад мөрдөгдөж байгаа “Үндэсний морины уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага “MNS 6264:2018 стандартыг зөрчсөн байна. Монгол Улсад мөрдөгдөж байгаа “Үндэсний морины уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага “MNS 6264:2018 стандартын 1.2 дахь заалтанд заасан “Уралдаанч хүүхэд хамгаалалтын малгай буюу дуулга, хантааз, гутлыг уралдаан тэмцээн, бэлтгэл сургуулилтын үед өмсөж хэрэглэнэ”, 2.2 дахь заалтанд заасан “Уяач, асран хамгаалагч, нийгмийн ажилтан, багш дасгалжуулагч нь стандарт норматив шаардлагыг биелүүлж ажиллана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна...гэжээ. /хх-ийн 30/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5/
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-24/
- Хохирогч М.Өын 0174201 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 50/
- Хохирогч М.Өын насыг тоолсон мөрдөгчийн тэмдэглэл /хх-47/
- Хохирогч М.Өын нас барсны 0000202132 дугаартай гэрчилгээний хуулбар /хх-ийн 49/
- Ю.Мний № 110/000204 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа/ хх- 52/
- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 02 сарын 14-ний өдрийн 1/48 дугаартай Сэтгэл зүйн оношлогооны дүгнэлт/хх- 53/,
- Эмнэлгээс өвчтөн илгээх хуудас.2019.03.02. /хх- 54/
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 03 сарын 19-ний өдрийн 1/3154 тоот тодорхойлолт /хх-ийн 51/
- М.Гын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/
- Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 55/
- МNS6264:2018 стандартын хуулбар /хх-ийн 63-67/
- Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаартай тогтоолын хуулбар /хх-ийн 68/
- Сүхбаатар аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/89 дугаартай захирамжийн хуулбар /хх-ийн 60/зэргийг судалсан болно.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн гэж үзсэн тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 12 цаг 30 минутын орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвөөс урагш байх “Муу усны далан”-гийн баруун талд өөрийн уяж сойж байсан моринд бэлтгэл сургуулилт хийлгэхдээ “ Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” МNS6264:2018 Монгол Улсын стандартын 1.2 “ Уралдаанч хүүхэд хамгаалалтын малгай буюу дуулга, хантааз, гутлыг уралдаан тэмцээн, бэлтгэл сургуулилтын үед өмсөж хэрэглэнэ”, 2.1 “ Уяач, хүүхдийн асран хамгаалагч, нийгмийн ажилтан, багш дасгалжууулагч нь стандарт норматив шаардлагыг биелүүлж ажиллана “ гэсэн заалтыг зөрчиж унаач хүүхэд М.Өт хамгаалалтын малгай буюу дуулгыг өмсгөөгүйн улмаас М.Ө нь үсэргээ хийж байсан моринд дайрагдан мориноос унахдаа “ гавал ясны баруун чамархай, дагзны болон суурь ясны шугаман хугарал, тархины эдийн няцрал, тархины орой болон суурийн хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалтын улмаас үүссэн төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдал ” бүхий гэмтэл авч нас барсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч М.Г, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ц нарын мэдүүлэг, гэрч Б.Мө, С.Б, Ю.А, О.О, насанд хүрээгүй гэрч Ц.Д, А.Б нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний албаны 14 дугаартай шинжээчийн дүгнэлт, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 17/02 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Сүхбаатар аймгийн Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Сүхбаатар аймгийн М.Өын төрсний гэрчилгээ, Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл, М.Өын нас барсаны гэрчилгээ зэргээр нотлогдож байна.
Тухайн хэрэг гарсан шалтгаан, нөхцөл нь шүүгдэгч М.Гын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох “ Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага ” МNS6264:2018 Монгол Улсын стандартад заасан уяачийн үүргийг биелүүлээгүй эс үйлдэхүйтэй холбоотой ба энэ нь тухайн үед хамт морины ажил хийсэн гэх гэрч Б.Мөы “ Уг морийг Г ах уралдуулах гээд тэжээлд оруулсан байсан. Тухайн өдөр тэжээлийн моринууддаа ажил хийхээр явж, морьдоо цогиулж цантуулсан. Урагшаа муу усны далангийн үзүүрээс урагшаа гахайн байр хүртэл ойролцоогоор 4-5 километр цогиулсан. М.Ө нь зузаан комбинзон өмссөн байсан. Харин хамгаалалтын малгай хувцас хэрэглэл өмсөөгүй байсан” гэх,
гэрч С.Бийн “ Уг хүүхэд нь комбинзонтой байсан. Өөрөө ямар нэгэн каск өмсөөгүй байсан” мэдүүлгүүд,
Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 17/02 дугаартай “ М.Ө нь морь унаж байхдаа моринд дайруулан нас барах үедээ хамгаалалтын хувцас хэрэглэлгүйгээр бэлтгэл сургуулилтад оролцуулсан нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа “ Үндэсний морины уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага “MNS 6264:2018 стандартыг зөрчсөн байна. Монгол Улсад мөрдөгдөж байгаа “Үндэсний морины уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага “MNS 6264:2018 стандартын 1.2 “Уралдаанч хүүхэд хамгаалалтын малгай буюу дуулга, хантааз, гутлыг уралдаан тэмцээн, бэлтгэл сургуулилтын үед өмсөж хэрэглэнэ”, 2.2 “Уяач, асран хамгаалагч, нийгмийн ажилтан, багш дасгалжуулагч нь стандарт норматив шаардлагыг биелүүлж ажиллана ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна “ гэх дүгнэлт зэргээр хэрэгт хангалттай тогтоогджээ.
Тэрээр амь хохирогч М.Өын унаж явсан морийг уралдуулахаар тэжээж байсан, тухайн өдөр уг моринд ажил хийсэн, унаач хүүхдэд хамгаалалтын малгай, дуулга өмсүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлэх ба түүний “ тэжээлийн морьдоо хөлөргөж, хөлсөлсөн. 3-4 км газар давхил хийсэн “ гэх үйлдэл нь “ Үндэсний морины уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага “ MNS 6264:2018 стандартад заагдсан “ бэлтгэл сургуулилт ”-д хамаарна.
Өөрөөр хэлбэл, уяач нь үндэсний морины уралдаанд оролцуулахаар хурдан морьдыг өвөл, хаврын цагт тэжээж, уяа сойлгыг тааруулах зорилгоор хөлслөх, алхуулах, давхиулах зэрэг нь бэлтгэл сургуулилтын төрөлд багтах юм.
М.Гын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйгээс бусдын амь насыг хохироосон эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
М.Гыг гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Тэрээр уяач бөгөөд морин уралдаан тэмцээн, бэлтгэл сургуулилтын үед уралдаанч хүүхдэд хамгаалалтын хувцас өмсөж хэрэглүүлэх үүрэгтэйгээ мэдэж, мөн хамгаалалтын хувцас өмсөөгүйгээс хүүхэд мориноос унахдаа илүү их бэртэх, гэмтэл авах, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас М.Ө нь моринд дайрагдаж унахдаа тархиндаа гэмтэл авч амь нас нь хохирчээ.
Шүүгдэгч М.Гын үйлдсэн гэмт хэргийн бусдын амь нас хохирсон, тэрээр амь хохирогчийн оршуулгын зардлыг нөхөн төлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Цд учирсан эдийн хохирлыг нөхөн төлсөн бөгөөд Ш.Ц нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй талаараа “Энэ хүн оршуулгын бүх зардлыг даасан. Охиныг маань хот руу эмчилгээнд хоёр удаа авч явсан. Амь даатгалын мөнгө 15.000.000 төгрөгийг хөөцөлдөж авч өгсөн. Одоо гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй “ гэж мэдүүлжээ. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.
М.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас буюу бусдын морь ханарч дайрснаас унаач хүүхэд нь унаж амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн амь хохирогчийн оршуулгын зардлыг нөхөн төлсөн, түүний ээжийг эмчилгээнд авч явж эмчлүүлсэн, гэнэтийн ослын даатгалын мөнгийг ээжид нь олгуулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т “ энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх“ гэж зохицуулсан бөгөөд шүүгдэгч М.Гын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа, болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, тухайн гэмт хэргийн улмаас бусдын амь нас хохирсон боловч тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, амь хохирогчийн оршуулгын зардлыг хариуцан төлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан эдийн хохирлыг арилган, амь хохирогчийн өвчтэй эхийг эмчлүүлж, тэтгэж байгаа, амь хохирогч нь түүний хадам дүү байсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолгүй гэсэн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь хуулийн дээрх зохицуулалт, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ” Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна “ гэж заасан шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ” Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Харин түүнд хуульд заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан “ оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тогтоолоо.
М.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө, орлогогүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М. Гыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан, тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Год хорих ял оногдуулахгүйгээр 1/ нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан “ оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч М.Год анхааруулсугай.
4. Ялтан М.Год шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Ялтан М.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө, орлогогүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ц гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН