| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2019/0129/э |
| Дугаар | 123 |
| Огноо | 2019-07-16 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 123
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр
Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ат холбогдох эрүүгийн 1930002240150 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдүүдийн хамт, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. Г.А.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Г.А нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвөөс баруун зүгт 36 км-т засмал зам дээр 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 12 цаг 30 минутын орчимд 06-45 СҮА улсын дугаартай приус-10 маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т ” жолооч дараах үүргийг хүлээнэ. б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Х.Оын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Улаанбаатар хотоос Сүхбаатар суманд байх хүүхдийнхээ үсийг авахаа ирээд буцаад эхнэртэйгээ Улаанбаатар хот руу явж байхад гэнэт миний машин баруун гар тал руугаа рулл булаагаад байхаар нь зүүн гар тал руугаа дартал шарваад машин олон удаа эргэлдэж онхолдсон. Би 100 орчим км цагийн хурдтай явж байсан. Хээрийн замд 80 км цагийн хурдтай явах ёстойг мэднэ. Тээврийн хэрэгслийн хурд тохируулаагүйгээс осол гарсан гэдгийг ойлгож байгаа. Зүгээр явж байгаад гэнэт буруу тал руугаа булаасан. Тэгэхээр нь би хариулж дарахад онхолдсон. Би дугуй хагарсан байх л гэж бодож байгаа. Хурд хэтрүүлснээс гэмт хэрэг гарсныг хүлээн зөвшөөрч байна... гэв.
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Дын мөрдөн байцаалтанд өгсөн: .Х.О нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зам тээврийн ослын улмаас нас барсан юм. Миний бие төрсөн эгч нь учир хохирогчоор оролцож байна. Ээж маань өндөр настай, бие муутай учир оролцож чадахгүй. Аав маань олон жилийн өмнө өөд болсон. Дүү маань Сэлэнгэ аймгийн Орхон сумын харьяат хүн бөгөөд Г.Атай гэр бүл болоод 6-7 жил болж байна. нөхрийнхөө хамт Улаанбаатар хотод барилга дээр ажилладаг байсан. 2-6 насны 3 хүүхэдтэй. 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүүхдүүдийнхээ үсийг авна гэж ажлаасаа чөлөө аваад Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд ирээд буцах замдаа зам тээврийн осолд орсон байна. Осолд орсон талаар анх цагдаагаас мэдсэн. Ослын талаар хараагүй тул ярих зүйл байхгүй. Энэ талаар ах дүү нартайгаа ярилцсан. Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь Г.А нь ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй. Мөн 2-6 насны 3 хүүхэд нь үлдсэн, хүүхдүүдээ асарч өсгөж хүмүүжүүлэх ёстой юм. Шүүх хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт байна...гэх мэдүүлэг /хх- 13-15/
- Гэрч Ө.Гийн: Би 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 12.00 цагийн орчим Баруун-Уртаас Улаанбаатар хотын чиглэлд 89-08 УНИ улсын дугаартай ниссан маркийн машинтай 30 орчим км-т явж байтал миний урд талд засмал замаар баруун зүгт хөх ногоон өнгийн приус маркийн автомашин явж байснаа гэнэт замаас хойд зүгт гарснаа буцаад замынхаа урд тал руу гарч замаас гарч унахдаа хамраараа унаад олон удаа өнхөрсөн. Энэ үед шороо манараад тоос болсон. Ингээд би зогсож бууж очиход жолооч нь их зам руу машинаасаа бууж ирээд миний цуг явсан хүн байхгүй байна. гэсэн. Ингээд хайсан боловч машинаас нь баруун зүгт 30 орчим метр зайд эмэгтэй хүн ухаангүй хэвтэж байсан. Ингээд түргэн тусламж дуудсан юм. Осол 12 цаг 30 минутанд болсон. Осол болсон машинтай зөрж өнгөрсөн машин байхгүй. Миний хувьд уг автомашины ард 200 орчим метр зайд явж байсан...гэх мэдүүлэг /хх- 17-18/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 65 дугаартай “1. Х.Оын цогцосноос авсан цусанд спиртийн агуулга илрээгүй. ” гэх дүгнэлт /хх-25/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 35 дугаартай: 1.Талийгаачийн биед гавлын дагз, баруун чамархай суурь ясны шугаман хугарал, тархины орой зулай чамархай суурийн хэсгийн аалзавчан хальсан доорх тархмал цус харвалт, баруун талын 3, 4, 5, 6, 7 дугаар хавирганы зөрөөтэй хугарал, гялтангийн цус хуралт, 2 уушигны болон элэгний эдийн урагдалт, бөөрний өөхөн эд дэх цус хуралт няцралт, хэвлийн хөндийн цус хуралт /1200 мл/, дух, хамар, зүүн шанаа болон баруун шуу, баруун ташаа, баруун хөлийн өвдөг, зүүн дал, ар нуруу, зүүн хөлийн шилбэ, өвдөг, зүүн гарын сарвуунд олон тооны зулгаралт, няцралт, цус хуралт бүхий гэмлэт тогтоогдлоо. 2 Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь амьддаа үүссэн гэмтлүүд байна. 4. Талийгаач нь гавлын дагз, баруун чамархай суурь ясны шугаман хугарал, тархины орой зулай чамархай суурийн хэсгийн аалзавчан хальсан доорх тархмал цус харвалтын улмаас нас баржээ. 5. Талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байжээ. 6. Талийгаач нь нас барах үедээ эрүүл байжээ. 7. Талийгаач нь эмнэлгийн тусламж авсан ч амь нас аварагдах боломжгүй байжээ. 8. Дээрх гэмтлүүдийг нэг цаг хугацаанд авсан ба хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх- 26-29/,
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-20-24/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 289 дугаартай: 1. Г.Аын биед толгойн үстэй хэсгийн няцралт, баруун нүдний салстын цус хуралт,, зүүн гарын шуу, сарвууны хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТ журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ” гэх дүгнэлт /хх- 31/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- 3-10/
- Г.Аын согтуурал шалгасан магадлагаа /хх-44/
- 06-45 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-45/
- Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн Техникийн шинжээчийн 35 дугаартай: 1. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн үзэхэд Т.Приус-10 маркийн 06-45 СҮА улсын дугаартай автомашины жолооч Г.А /ЛЗ90011896/ нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ЗГ-ын 239 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. 2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “ Жолооч дараах үүргийг хүлээнэ. б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 3. 1,2 дахь асуултаар хариулагдсан болно. 4. Дүгнэлт гарах явцад өөр зүйл илрээгүй болно.” гэх дүгнэлт /хх- 33/,
- Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-46/
- Г.Аын Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-47/
- Г.Аын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43/
- Х.Оын 0000202113 дугаартай нас барсны гэрчилгээ /хх- 48/
- А.Б 0000861528-9 дугаартай Төрсний гэрчилгээ /хх- 49/
- А.Агийн 4325000051 дугаартай Төрсний гэрчилгээ /хх- 41/
- А.Баын 2222000028 бүртгэлийн дугаартай Төрсний гэрчилгээ /хх- 50/ зэрэг баримтууд болно.
- А.Б, А.Ба, А.А нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-49-51/ зэрэг баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Шүүгдэгч Г.А нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 12 цаг 30 минутын орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвөөс баруун зүгт 36 км-т засмал зам дээр 06-45 СҮА улсын дугаартай Приус-10 маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 ” жолооч дараах үүргийг хүлээнэ. б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн 12.1 “ жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна ” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Х.Оын амь нас хохирсон болох нь шүүгдэгч Г.Аын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д, гэрч Ө.Г нарын мэдүүлэг, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Г.Аын согтуурал шалгасан магадлагаа, 06-45 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 35 дугаартай дүгнэлт, Х.Оын 0000202113 дугаартай нас барсны гэрчилгээ, Техникийн шинжээчийн 35 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Тухайн хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөл нь шүүгдэгч Г.Аын засмал зам дээр 100 км цагийн хурдтай явсан, зорчигчид хамгаалах бүс хэрэглүүлээгүй зэрэг Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдал буюу машины жолоо гэнэт алдагдсан зэрэг нөхцөл байдалтай холбоотой хийгээд энэ түүний “ Би Улаанбаатар хот руу явж байхад гэнэт миний машин баруун гар тал руугаа рулл булаагаад байхаар нь зүүн гар тал руугаа дартал шарваад машин олон удаа эргэлдэж онхолдсон. Би 100 орчим км цагийн хурдтай явж байсан. Зүгээр явж байгаад гэнэт буруу тал руугаа булаасан. Тэгэхээр нь би хариулж дарахад онхолдсон. Би дугуй хагарсан байх л гэж бодож байгаа “ гэх,
гэрч Ө.Гийн ” Би 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 12.00 цагийн орчим Баруун-Уртаас Улаанбаатар хотын чиглэлд 30 орчим км-т явж байтал миний урд талд засмал замаар баруун зүгт хөх ногоон өнгийн приус маркийн автомашин явж байснаа гэнэт замаас хойд зүгт гарснаа буцаад замынхаа урд тал руу гарч замаас гарч унахдаа хамраараа унаад олон удаа өнхөрсөн...гэх мэдүүлгүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Техникийн шинжээчийн 35 дугаартай “ Т.Приус-10 маркийн 06-45 СҮА улсын дугаартай автомашины жолооч Х.А /ЛЗ90011896/ нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ЗГ-ын 239 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “ Жолооч дараах үүргийг хүлээнэ. б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна” гэх дүгнэлт зэргээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ. Тэрээр хурд тохируулан явах, зорчигчид хамгаалах бүс хэрэглүүлэх үүрэгтэй байсан, замын хөдөлгөөний дүрмийн уг зохицуулалтыг биелүүлээгүйгээс осол гарах, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч тухайн нөхцөл байдалд анхаарал болгоомжгүй явснаас осол гаргаж, үүний улмаас хүний амь нас хохирсон байна.
Шүүгдэгч Г.Аын зам тээврийн осол гаргаж, бусын амь насыг хохироосон дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрсний улмаас хүний амь нас хохироох гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д хохирол, хор уршигтай холбогдуулан нэхэмжлэл, гомдол гаргаагүй болно.
Шүүгдэгч Г.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Г.Ат холбогдох гэмт хэрэг нотлогдож, тогтоогдсон тул тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийг шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг үндэслэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.
Энэ нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэх буюу тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх үзлээ.
Харин Г.Аын холбогдсон гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээ нэгээс таван жил хүртэл байхаар хуульчилсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д “ Х.О нь зам тээврийн ослын улмаас нас барсан. Г.Атай гэр бүл болоод 6-7 жил болж байна. Мөн 2-6 насны 3 хүүхэд нь үлдсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй “ гэсэн, түүнчлэн уг хэргийн улмаас амь нас хохирогч нь түүний гэр бүл байсан, мөн тэрээр 2-6 насны 3 хүүхэдтэй үлдсэн зэрэг тухайн хэргийн онцгой нөхцөл байдлыг харгалзан хуульд заасны дагуу хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг хойшлуулахаар шийдвэрлэв.
Г.А нь 2-6 насны 3 хүүхэдтэй болох нь А.Б 0000861528-9, А.Агийн 4325000051, А.Баын 2222000028 бүртгэлийн дугаартай Төрсний гэрчилгээнүүдээр нотлогдоно.
Мөн дээрх нөхцөл байдлыг үндэслэвэл Г.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзнэ.
Шүүгдэгч Г.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Г.Ат шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгана.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Аыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрсний улмаас хүний амь нас хохироох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 / зургаан/ сарын хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Ат оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Г.Ат 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Г.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаа дуусгавар болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан нэг жилийн хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг Г.Ат анхааруулсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ат шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Ат шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 1 жилийн хугацаанд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.
9. Шүүгдэгч Г.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН