| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 132/2024/00602/И |
| Дугаар | 214/МА2025/00007 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 214/МА2025/00007
А.А*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 304/ШШ2025/00023 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: А.А*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Д*******ид холбогдох,
22,600,000 /хорин хоёр сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д*******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Хишигдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б******* /цахимаар/, хариуцагч Б.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.А*******ийн нэхэмжлэлийн агуулга: ...Б.Д******* нь надаас Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн, хэрэглээ багатай шинэвтэр Тайга-3 маркийн хөрөө рамыг худалдаж авахаар болсон. Тухайн үед Тайга-3 хөрөө рамны зах зээлийн үнэ 15-17 сая төгрөг байсан. Б.Д******* нь хөрөөний үнэнд бэлэн мөнгө өгөх боломжгүй, оронд нь 7x7 метр хэмжээтэй дүнзэн торхыг дээвэрлэж, доторлоход бэлэн болгож өгье гэсэн. Б.Д******* байшингийн торхоо 10 сая төгрөгөөр, би хөрөөгөө мөн 10 сая төгрөгөөр үнэлж, харилцан тохиролцсон. Ингээд 2023 оны 07 сарын 26-ны өдөр Б.Д******* нь надаас хөрөө рамыг авч явсан. Түүнээс хойш Б.Д******* элдвийн шалтаг тоочиж байшингийн торхоо өгөхгүй удсан.
Би 2024 оны 4 дүгээр сард О******* аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан. Гэтэл уг маргааныг иргэний журмаар шийдвэрлэгдэнэ, гэрээний маргааныг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзээд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн.
Б.Д******* нь миний хөрөөг 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс хойш өнөөг хүртэл эзэмшин ашиглаж, түүгээр дүнз, банз, модон бүтээгдэхүүн бэлтгэж, түүний ашиг шимийг дангаараа хүртсээр байна. Өнөөдрийн байдлаар ийм хөрөө рамны нэг өдрийн түрээсийн төлбөр нь 60-350,000 төгрөг байна.
Би Б.Д*******оос анх тохиролцсон хөрөөний үнэ 10 сая төгрөг, мөн хөрөөг авсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 420 хоног ашигласны хөлс / 1өдрийн түрээсийг хамгийн багаар буюу 30,000 төгрөгөөр тооцож /30,0007 х 420 хоног/ 12,600,000 төгрөг, нийт 22,600,000 /хорин хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б.Д*******ийн шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга: А.А*******тай тохиролцож, ОХУ-д үйлдвэрлэсэн Тайга-3 маркийн ашиглаж байсан хуучин хөрөө рамыг 8,000,000 төгрөг, 380V-ийн шаврын миксерийг 2,000,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөгөөр тооцож авахаар тохиролцсон. Төлбөрийн үнийн дүнд 7м х 7м хэмжээтэй дүнзэн торхыг 10,000,000 төгрөгт тооцож, 2023 оны 07 дугаар сард өгөхөөр тохиролцсон. Би 2023 оны 07 дугаар сард Тайга-3 /хуучин/ туузан хөрөөг очиж авсан. Тус хөрөөг авснаас хойш огт ашиглаагүй. Одоо агуулахад хадгалагдаж байна. Үнийн дүнд өгөх байсан 7х7 хэмжээтэй модыг бэлтгэсэн боловч өрөх хүн байгаагүйн улмаас удааширсан.
Одоо иргэн А.А*******ийн нэхэмжилж байгаа 22,600,000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. А.А******* бид хоёрын тохиролцоог буцааж Тайга-3 хөрөөг буцааж өгөх хүсэлтэй байна гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.2.2, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Д*******оос 10,000,000 /арван сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.А*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,600,000 /арван хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,950 /хоёр зуун далан мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Д*******оос 174,950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д******* давж заалдах гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.1-д талуудын хооронд Иргэний хуулийн 274.1-т заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн Б.Д******* нь тохиролцсоны дагуу нэхэмжлэгчид 7м х 7м хэмжээтэй дүнзэн торхыг 10,000,000 төгрөгөөр тооцож, 2023 оны 07 сард хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байна Нэхэмжлэгч торхыг бэлтгэж өгөх талаар хариуцагчид удаа дараа мэдэгдэж, хугацаа тогтоож өгсөн талаар зохигч маргаагүй гэжээ. Мөн үндэслэх хэсгийн 6-д ... Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт 12,600,000 төгрөгийг гаргуулна гэж маргаж байгаа хэдий ч энэхүү шаардлага нь үүрэг гүйцэтгэгч үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлага буюу нэхэмжлэгч олох байсан орлогыг хохиролд тооцож шаардсан нэхэмжлэлд хамаарах ойлголт юм ... гээд Иргэний хуулийн 227.1-д заасны дагуу нэхэмжлэгч гэрээнээс татгалзсантай холбоотой хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй байна гэжээ.
Шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.1-д дүгнэснээр талуудын хооронд арилжааны гэрээний харилцаа үүссэн тул хариуцагч нь Иргэний хуулийн 206.1-д заасны дагуу үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх ёстой. Мөн хуулийн 219.1-д зааснаар хариуцагч хүлээсэн үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна. Б.Д******* дүнзэн торхыг 2023 оны 07 дугаар сард хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй учир Иргэний хуулийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Иймээс мөн зүйлийн 222.3-т заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хариуцагч аливаа болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйн хариуцлагыг хүлээж, 222.4-т зааснаар түүнд ямар нэгэн тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр Б.Д******* хохирлыг хариуцах ёстой. Нэхэмжлэгч нь 222.7-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. А.А******* энэхүү шаардах эрхийнхээ хүрээнд хариуцагчаас хөрөөний үнэ дээр нэмж, өөрт учирсан хохирлын хэмжээг 12,6 сая төгрөгөөр тодорхойлж хариуцагчаас шаардсан. Гэтэл нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй гэх шалтгаанаар нэхэмжлэгчид учирсан хохирлыг Б.Д*******оос гаргуулалгүй, нэхэмжлэгч хохирох нь зөв, хохь чинь" хэмээн шийдвэрлэсэн нь хууль дээдлэх, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, түүний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шүүхийн үндсэн зарчим болон ИХШХШТХ-ийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимтай зөрчилдөж байна.
Зохигчийн хоорондын арилжааны гэрээг Иргэний хуулийн 8.1.1-д заасан хэлцэл, 8.1.5-д заасан гэм хор учруулах эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ. Иймээс уг гэрээнээс үүдэлтэй зөрчигдсөн эрхийг сэргээх иргэний эрх зүйн хамгаалалт нь Иргэний хуулийн 9.4.3-д заасан хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх болон 9.4.4-т заасан учруулсан хохирлыг арилгуулах арга юм. Анхан шатны шүүх Б.Д*******ийн хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр түүнээс 10 сая төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн атлаа, хариуцагчийн А.А*******т учруулсан хохирол 12,6 сая төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шударга бус байна.
... Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлээр, ИХШХШТХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг баримтлан Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025.01.15-ны өдрийн 304/ШШ2025/00023 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д нэхэмжлэлийн шаардлагаас 12,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож, мөн зүйлийн 167.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Б.Д*******оос 22,600,000 /хорин хоёр сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.А*******т олгохоор өөрчлөлт оруулж өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад талууд эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч А.А******* нь хариуцагч Б.Д*******оос хөрөөний үнэ 10,000,000 төгрөг, хөрөө ашигласаны түрээс 12,600,000 төгрөг, нийт 22,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасаныг хариуцагч эс зөвшөөрч хөрөөгөө буцаан өгнө гэж маргажээ.
3.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, хариуцагч Б.Д*******оос 10,000,000 /арван сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.А*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,600,000 /арван хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Дээрх шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.
4.Шүүхийн хэлэлцүүлэгт зохигч эвлэрч, хариуцагч Б.Д******* нь 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 5,000,000 /таван сая/ төгрөг, 03 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 /таван сая/ төгрөг, 07 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 /хоёр сая/ төгрөг, нийт 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлэхээр, нэхэмжлэгч дээрх үнийн дүнгээр зөвшөөрч үлдсэн нэхэмжлэлийн шаардлага болох 10,600,000 /арван сая зургаан зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулсан.
5.Эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул давж заалдах шатны шүүхээс батлан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн, ... бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасан.
Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 216,550 /хоёр зуун арван зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
7.Талууд эвлэрэн хэлэлцсэнээр хэргийг шийдвэрлэсэн тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, мөн энэхүү зохигчийн эвлэрлийг баталж шийдвэрлэсэн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 304/ШШ2025/00023 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Б.Д******* нь 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 5,000,000 /таван сая/ төгрөг, 03 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 /таван сая/ төгрөг, 07 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 /хоёр сая/ төгрөг, нийт 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,950 /хоёр зуун далан мянга есөн зуун тавь/ төгрөг, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 216,550 /хоёр зуун арван зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д*******оос 206,950 /хоёр зуун зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.А*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧИД Л.АРИУНЦЭЦЭГ
Л.ХИШИГДЭЛГЭР