Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 01218

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 04 өдөр                         Дугаар 142/ШШ2016/01218                                  Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1982 онд төрсөн, 34 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 51 дүгээр гудамжны 09 тоотод оршин суух Боржигин овгийн Ганболдын Хишгээгийн нэхэмжлэлтэй С.Нямжаргалыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ичинхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Хишгээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ганболд овогтой Хишгээ миний бие 2014 оны 07 сарын 04-ны өдөр иргэн Сандагдорж овогтой Нямжаргалд 3.000.000 /гурван сая/ төгрөг зээлдүүлсэн. Зээлдүүлсэн мөнгөө авч чадахгүй байсан учир шүүхэд хандсан боловч шүүхээс тухайн иргэний хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр буцаагдсан билээ. Ийм учраас иргэн Сандагдорж овогтой Нямжаргалыг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Хишгээ нь С.Нямжаргалыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан.

С.Нямжаргал нь 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 3 000 000 төгрөг зээлсэн болох нь зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Гэтэл хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг нь тодорхойгүйгээс хүсэлт гаргагч түүнд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй болсон нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Шанд багийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 229 дугаар тоот зэрэг баримтаар нотлогдож байх тул Г.Хишгээгийн нэхэмжлэл гаргах эрхийг хангах үүднээс С.Нямжаргалыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

С.Нямжаргалыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт даалгаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Г.Хишгээгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар С.Нямжаргалыг /регистрийн дугаар ГЮ84082660/ эрэн сурвалжилсугай.

2.Шүүхийн шийдвэрийн дагуу иргэн С.Нямжаргалыг эрэн сурвалжлах, тэдний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Н.Хишгээгээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.ҮҮРИЙНТУЯА