| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 183/2024/05328/И |
| Дугаар | 210/МА2025/00502 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/00502
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн Ерөнхий газар
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч*******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газар нь өөрийн албан хаагчдынхаа орон сууцны нөхцөл, хангамжийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Хан-Уул дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах, өөрийн эзэмшлийн, 3000 м.кв талбайтай газарт *******-тай хамтран орон сууцны барилга барихаар 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулсан. Гэрээгээр Геодези зураг зүйн газрын 84 ажилчдад хөнгөлөлттэй үнээр буюу орон сууцны 1 м.кв-ыг 1,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Үүнийг үндэслэн ******* нь *******-тай 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, 2 дугаар байр, 4 дүгээр давхрын ын 55 м.кв талбайтай орон сууцыг, нийт 55,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.
1.2 Гэрээний 2.2.1-д урьдчилгаа 30% 2.2.2-т карказ дүүргэлт хийж дуусмагц нийт төлбөрийн 20%, 2.2.3-т байр ашиглалтад орж, улсын комисс хүлээж авч дүгнэлт гаргасны дараа үлдэгдэл 50%-ийн төлбөрийг төлнө гэж заасан. Нэхэмжлэгч нь гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлсэн.
1.3 2024 оны 03 дугаар сараас эхлэн *******-аас орон сууцны босох өртгийн өсөлтийн улмаас орон сууцны м.кв-ын үнэд өөрчлөлт орсон, 1 м.кв-ын босох өртөг 2,209,000 төгрөгөөр нэмэгдсэнтэй холбогдуулан гэрээг шинэчлэн байгуулах, байгуулаагүй тохиолдолд гэрээ цуцална гэх мэдэгдлийг өгсөн. Гэрээний 2.4-т Талууд зайлшгүй шаардлагаар буюу валютын ханш болон бараа материалын үнэд өөрчлөлт болон огцом өөрчлөлтийн үед гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй, 6.1.10-т Гүйцэтгэгч тал гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй байх үүрэг хүлээнэ гэж заасан. Мөн Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газар болон *******-ийн байгуулсан хамтран ажиллах гэрээнд орон сууцны үнэд өөрчлөлт оруулахгүй байхаар заасан.
1.4 Орон сууц захиалан бариулах гэрээ болон Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газартай байгуулсан хамтран ажиллах гэрээнд гүйцэтгэгч нь гэрээ байгуулсан өдрөөс тооцож орон сууцыг батлагдсан зураг, төслийн дагуу Барилгын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм, чанар стандартад нийцүүлэн, 2021 оны 4 дүгээр улиралд багтаан барьж, Улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулна гэж тохиролцсон. Гэтэл ******* нь өөрөө хүсэлт гаргаж, Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газартай уулзан тохиролцон Хамтран ажиллах гэрээ-д 2021 оны 09 дүгэр сарын 13-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, 2021 оны 04-р улиралд гэснийг 2022 оны 3-р улиралд гэж өөрчилсөн. Гэвч барилгыг 2022 оны 03 дугаар улиралд барьж дуусгаагүй. Мөн Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газарт хүсэлт гаргаж 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөлт оруулж барилгыг ашиглалтад хүлээлгэн өгөх хугацааг 2024 оны 2-р улирал гэж дахин өөрчилсөн. Ийнхүү барилгыг барьж дуусган ашиглалтад хүлээлгэн өгөх хугацааг удаа дараа өөрчлөхдөө нэхэмжлэгчтэй байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээ-нд өөрчлөлт оруулж байгаагүй.
Иймд *******ыг орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.
3. Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:
3.1 Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газар албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангаж *******-тай 2020 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үүний дагуу газар эзэмших эрхээ шилжүүлэх нөхцөлтэйгөөр 84 албан хаагчдад 84 айлын орон сууцны квот авсан. Гэрээгээр барилгын явц 60 хувьтай болоход төлбөрийг шилжүүлнэ гэж тохиролцсон. Барилгын ажлыг үргэлжлүүлэн явуулахад газар эзэмших эрх *******-ийн нэр дээр байхгүй байгаатай холбоотой хүндрэл учирч байна гэх хүсэлтийг хариуцагч байгууллагын зүгээс удаа дараа тавьсан учраас газар эзэмших эрхийг 2021 онд тус байгууллагын нэр дээр шилжүүлсэн. Орон сууцны санхүүжилтэд нийт 84 албан хаагч гэрээ байгуулж хамгийн анхны урьдчилгаа төлбөрт 2,700,000,000 төгрөг төлсөн.
3.2 Гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллуулах, үүргээ биелүүлэхтэй холбоотой манай байгууллагаас хэд хэдэн албан бичгийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Гүйцэтгэгч байгууллагыг гэрээний үүргээ биелүүлж ажиллахыг шаардаж, нэхэмжлэлийг дэмжиж байна. Уг гэрээг хоёр удаа сунгасан.
3.3 2024 оны 03 дугаар сараас эхлэн ******* орон сууцны босох өртгийн өсөлтийн улмаас орон сууцны м.кв-ын босох өртөг 2,209,000 төгрөгөөр нэмэгдсэнтэй холбогдуулан гэрээг шинэчлэн байгуулна гэх мэдэгдэл хүргүүлсэн. Нэмсэн үнийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд уулзах шаардлагагүй гэсэн хариуг өгсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
4.1 Иргэний хуулийн 10 зүйлийн 101.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг Хан-Уул дүүрэг, *******, ******* хороолол //, гудамж, , орц, , од байрлах, 55 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 382,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1 Тус шүүхийн 2024 оны 1 сарын 18-ны өдрийн 25073 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хэргийн материал танилцах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хойшлуулсан. Миний бие хүндэтгэн үзэх /эрүүл мэндийн/ шалтгааны улмаас дээрх хугацаанд шүүхэд очих боломжгүй болж, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт өгсөн ба үүнийг тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 26870 дугаар захирамжаар шүүх хуралдааныг жич товлон хойшлуулсан. Гэтэл шүүх хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр товлосон байсан болохыг шийдвэр гардаж авахдаа мэдсэн. Улмаар дээрх захирамжаар шүүхийн бүтцийн өөрчлөлтэй холбогдуулан дахин шүүх хуралдааныг жич товлон хойшлуулсан байх ба 2025 оны 0 сарын 20-ны өдөр шүүх хуралдаан товлосон захирамж гараагүй.
5.2 Ингээд 2025 оны 0 сарын 20-ны өдөр шүүхээс миний дугаарын утас руу залгаж, хуралдаандаа ирж байна уу гэж асуусан ба миний бие хурал товлосон болохыг мэдээгүй, хэргийн материал танилцаагүйн зэрэгцээ мөн өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдаантай байсан тул сүүлийн хурлаа дөнгөж тараад Давж заалдах шатны шүүхээс гарч байгаа тухай хүсэлтэд дурдан шүүх рүү илгээсэн. Ийнхүү шүүхээс хурлын тов мэдэгдээгүй, мэдэгдсэн баримт шийдвэр гардаж авах өдрийн байдлаар хэрэгт авагдаагүй, шүүх хуралдааныг захирамжаар жич товлосон байж дахин хурал товлолгүй, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж улмаар шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25 дугаар зүйлийн 25.1.2, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт заасан эрхийг ноцтой зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийн төлөөлөгч намайг шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэснээр өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцах, нотлох баримт гаргаж, тухайн маргаан бүхий орон сууцыг худалдан авч өдгөө дотор нь амьдарч байгаа гуравдагч этгээдийг оролцуулаагүй зэрэг нөхцөл байдлын улмаас хариуцагчийн болоод гуравдагч этгээдийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
6.1 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүссэн цагаас хойш шүүх хуралдааныг хэд хэдэн удаа товлон зарлаж хуралдуулсан. Уг хуралдаануудыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр хойшилж байсан нь хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамжид тодорхой дурдагдсан. Хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг шүүхээс зохих журмын дагуу мэдэгдэж байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн, мэдэж байсан учраас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг цахимаар шүүхэд илгээсэн. Уг хүсэлтэд хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон ямар нэгэн нотлох баримт хавсаргаагүй байсан. Тиймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, шүүх хуралдаан үргэлжилж хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байна.
6.2 Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гардан авч, зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгчид эрх, үүрэг тайлбарласан тухай баримт дээр гарын үсэг зурсан байна. Тиймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хуульд заасан шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй. Ялангуяа анх 2024 оны ******* сарын 21-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, шүүх хуралдааны тов тогтсон захирамж гарснаас хойш тухай бүр шүүх хуралдааныг хойшлуулж байх тохиолдолд дараагийн шүүх хуралдааны товыг лавлах үүрэг нь хэргийн оролцогчдод байна. Хуралдааны товыг мэдэгдэх, мэдэх асуудалд шүүхийг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна.
6.3 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны ******* сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч авах хүсэлт гаргаж, шүүхээс уг хүсэлтийг хангаж шүүх хуралдаан хойшилсон. Мөн 2024 оны 1 сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг хэлэлцээд өмнөх шүүх хуралдаанаар өмгөөлөгч авах хүсэлтийг хэлэлцэж хангаж шийдвэрлэсэн болохыг дурдаад хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг дахин хойшлуулсан. Тухайн иргэний хэрэгт хэн нэгэн иргэн гуравдагч этгээд оролцох хүсэлт гаргаагүй учир шүүх гуравдагч этгээдийг оролцуулаагүй, түүний эрх ашиг ноцтой зөрчигдсөн гэж байгаа нь үндэслэлгүй.
Иймд гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
7.1 Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар нь -тай байгууллагын эзэмшлийн газарт төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд албан хаагчдын орон сууц бариулах, хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээг 2020 онд байгуулаад үүнээс хойш буюу 5 жилийн хугацаанд ******* орон сууцыг ашиглалтад орохыг хүлээсэн. Нийт албан хаагчдаас 2,700,000,000 төгрөгийн урьдчилгаа цуглаж, энэ мөнгөөр барилгыг барьж эхэлсэн.
7.2 Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн материалтай танилцах, өмгөөлүүлэх эрхээр хангаж тухай бүрд шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн. Үүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасны дагуу тайлбар өгөх хугацаанд тайлбар өгөөгүй, эзгүйд нь хэргийг шийдвэрлэх боломжтой гэх үндэслэлүүдийг харгалзаж үзээд хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тайлбар гаргаагүй буюу энэ үүргээ биелүүлээгүй.
Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.1 Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар гаргаагүй. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж тайлбар гаргасан.
3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...******* нь гэрээнд заасан орон сууцны үнийн 50 хувийг төлсөн, үлдэх төлбөрийг орон сууцыг улсын комисс хүлээн авсны дараа төлөхөөр гэрээнд заасан боловч хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байх тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно. гэж тодорхойлсон.
4. Хэргийн 3-8 дугаар талд орон сууц захиалан бариулах нэртэй гэрээ авагдсан. Уг гэрээг нэг талаас буюу гүйцэтгэгчийг төлөөлж хариуцагч, нөгөө талаас буюу захиалагчийг төлөөлж нэхэмжлэгч нар байгуулсан талаар зохигч маргаагүй бөгөөд нэхэмжлэгч уг гэрээг шаардлагын үндэслэлээ болгосон.
4.1 Нэхэмжлэгч нь гэрээний үнийн дүнд нийт 55,000,000 төгрөг төлөхөөс 27,500,000 төгрөг төлсөн, үлдэх төлбөрийг төлөөгүй үйл баримтын талаар зохигч маргаагүй. Өөрөөр хэлбэл, гэрээний 2.2.3-т захиалагч нь үлдэх 27,500,000 төгрөгийг орон сууцыг байнгын ашиглалтад хүлээн авах комиссын дүгнэлт гарсны дараа төлөхөөр заасан байна.
4.2 Нэхэмжлэгч нь өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлээ өмчлөх эрхийн, эсхүл үүргийн хэлцлийн алинаар шаардсаныг шүүх тодруулаагүй нь учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээний дагуу шаардаж буй тохиолдолд өөрөө үүргээ биелүүлсэн байхыг шаардах бөгөөд харин нөгөө талд хариуцагчийн гэрээний үүргийн зөрчил яригдах учиртай. Үүнээс хамаарч холбогдох хуулийг шүүх тайлбарлан хэрэглэх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байхад тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн гэж давж заалдах шатны шүүх үзэв.
4.3 Түүнчлэн, гэрээнд заасан орон сууцыг ашиглалтад оруулах эсэх талаар улсын комисс ажилласан боловч байнгын ашиглалтад оруулаагүй гэх тайлбарыг талууд шүүх хуралдаанд гаргасан. Уг нөхцөл байдлыг тодруулахгүйгээр шүүх маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь, тухайн орон сууцыг улсын комисс хүлээн авсан болон байнгын ашиглалтад оруулсан эсэхийг тодруулах нь талууд гэрээний үүргээ биелүүлсэн эсэх үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байна.
5. Дээрх байдлаар анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, хэргийн үйл баримт тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх, уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх, зөвтгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 0 сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/00430 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
М.БАЯСГАЛАН