| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2019/0119/э |
| Дугаар | 125 |
| Огноо | 2019-07-16 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 125
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч А.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн яллагдагч А.Дт холбогдох 1930000000126 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн харьяат, 1980 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баруун-Урт сумын 9 дүгээр баг ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийх ял шийтгүүлж, мөн шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 200 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 25 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон,
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2018/ШЦТ/235 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, мөн шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 85 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ялыг нэг хоногоор тооцож 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан,
регистрийн дугаар ..., А.Д.
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч А.Д нь 2019 оны 05 сарын 06-ны шөнийн 22 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Аймгийн нэгдсэн эмнэлгийн баруун хойд талд байх эмийн сангийн үүдэнд хохирогч Х.Эийн хоолойг боож унаган хүч хэрэглэн довтолж, цүнхийг нь дээрэмдэн авсан,
-2019 оны 05 дугаар сарын 06-ны шөнө 23 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Төмөртэйн 1 дүгээр гудамжны зүүн талд хохирогч У.Нгийн хоолойг боож унаган хүч хэрэглэн довтолж, цүнхийг нь дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч А.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тухайн үед архи уусан согтуу байсан учраас юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Би дахин давтан гэмт хэрэг хийхгүй. Миний ялыг хөнгөрүүлж өгнө үү...гэв.
- Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Эийн хэрэг бүртгэлтэд өгсөн: 2019 оны 05 дугаар сарын 06-ны орой 22 цаг өнгөрч байхад эмнэлгээс ... тоотод байдаг гэр рүүгээ явахаар болоод эмнэлгийн баруун хойд талд байдаг эмийн сангийн урд явж байхад үл таних залуу баруун талаасаа миний урдаас ирээд гэнэт хоолойг шахаад унагаасан. Тэгээд цүнхнээс татахаар булаацалдсан чинь миний толгой руу цохичихоод цүнхийг булаагаад эмийн сангийн зүүн талын хашааны булангаар хойшоо яваад цэцэрлэгийн хойгуур гараад зүүн тийшээ зугтаасан. Тэгээд тухай үед шоконд ороод цагдаа руу дуудлага өгөх гэсэн боловч дугаараа харахгүй нүд бүрэлзээд хэсэг байж байгаад цагаад дуудлага өгсөн.Би хар өнгийн бичгийн цаасны хэмжээтэй арьсан цүнх үүрсэн байсан. Миний цүнхэнд улаан өнгийн арьсан түрийвч, моносын гарын тос байсан. Түрийвчинд Х.Э гэсэн цахим үнэмлэх 1 ширхэг, Хаан банкны виза карт 1 ширхэг, 0.10 граммтай хос монетон ээмэг, бэлэн мөнгө 450,000 төгрөг, төрийн банкны виза карт 1 ширхэг байсан. Би уг цүнхээ 2019 оны 01 дүгээр сард 70,000 төгрөгөөр, улаан өнгийн арьсан түрийвчийг тухайн үед 80,000 төгрөгөөр манай охин бэлгэнд авч өгсөн. 0.10 граммын хос монетон ээмгээ 250,000 төгрөгөөр авахуулж байсан. Хаан банкны тэтгэврийн виза картыг 5,000 төгрөгөөр авч байсан. Миний толгой өвдөж, зүүн гарын шуун хэсэгт бага зэрэг хөхөрсөн байна. Өөр гэмтэл байхгүй. Эд зүйлээ олж авмаар байна. Гомдолтой байна. Намайг дээрэмдсэн хүн 2 ханцуй болон цээжиндээ цагаан үсгээр юм бичсэн хар цамцтай, дунд зэргийн нуруутай хүн байсан. Уг хүнээс архи үнэртэж байсан...гэх мэдүүлэг /хх-10/,
- Гэрч О.Нийн ” Д нь миний дүү байгаа юм. Манай дүүгийн хувьд их томоотой залуу байгаа юм. Сүүлийн 2 жилийн хугацаанд архи уух болсон эхнэрээ зодоод цагдаад шалгагдаж байгаа гэсэн зүйл надад яриад байсан. Нарийн учрыг нь сайн мэдэхгүй байна. Манайхаар хааяа ирдэг. Надад бол янз бүрийн зан гаргаад байдаггүй. Архинаас болоод ийм асуудал орлоо гэж бодож байна “ гэх мэдүүлэг /хх-11/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-6, 58-61/
- Хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх- 16/,
- Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 251 тоот дүгнэлтэд: 1. Х.Эийн биед зүүн гарын шуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэжээ /хх-15/,
- Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 012 тоот дүгнэлтэд: 1. Хэргийн газраас илрүүлж бэхжүүлж авсан гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. 2. “4” цэгээр тэмдэглэсэн гутлын мөр нь Алтангэрэл Овогтой Дийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр өмсөж явсан гэх гутлын зүүн өмсгөлийн мөр байна. гэжээ /хх-18/,
- Гэрэл зургийн үзүүлэлт/ хх- 19-21/
- Эд зүйлийн үнэлгээ /хх- 34/
- Х.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа/хх- 35/
- Х.Эийн “ Хохирлын төлбөр хүлээн авсан тухай “ тодорхойлолт. 2019.06.28.
- Хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Нн: 2019 оны 05 дугаар сарын 06-ны орой 23 цагт ажлаасаа тараад Төмөртэйн 6-18 тоотод байх гэр рүүгээ явсан. Гэр рүүгээ явахдаа эмнэлгийн хойгуур гараад зүүн тийшээ явж өлзийтэй тойргоос хойшоо 13 дугаар дэлгүүр рүү явдаг засмал замын баруун талаар хойшоо алхаж байтал хойноос хүн ирж байгаа чимээ гарсан. Тэгээд миний зүүн гар талаар зөрж урд гарснаа эргэж хараад намайг боож унагаагаад гудамж руу чирч оруулсан. Тэгэхээр нь би бахирах гэсэн чинь миний амыг дараад байсан. Тухайн үед боолгосондоо бага зэрэг манарсан байсан. Би уг хүнтэй зууралдаад ноцолдож байхдаа өөрийг нь унагаасан босож ирээд дахин намайг боож унагаагаад цүнхийг маань аваад баруун зүг рүү явж байгаад урагшаа айлын хашаа руу ороод алга болсон. Миний цүнхэнд цалингийн энгийн 2 ширхэг виза карт, бэлэн мөнгө 60,000 төгрөг, тоди нэртэй 2 ширхэг памперс, сүү ХХК-ны ногоон савтай элгэн таргийг 2500 төгрөгөөр худалдаж авсан 1 ширхэг, талх чихэр ХХК-ны 2 ширхэг талх, 2 хүүхдийн төрсний гэрчилгээ, самсунг маркийн хар өнгийн нөте-2 гар утас 1 ширхэг, 2 ширхэг элэгний нухаш байсан. Мөн ягаан өнгийн 2 оосортой цүнх байсан. Виза карт тус бүрийг 3,000 төгрөгөөр, 2 ширхэг тоди памперсийг тус бүрийг 500 төгрөгөөр, элгэн тараг 2750 төгрөгөөр, атар талхыг 1450 төгрөгөөр, мишээл талхыг 1750 төгрөгөөр, хар өнгийн нөте-2 гар утсыг 2 жилийн өмнө хуучнаар нь 100,000 төгрөгөөр, 2 элэгний нухшыг тус бүрийг нь 1,000 төгрөгөөр 2 оосортой цүнхээ 2 жилийн өмнө 30,000 төгрөгөөр, хүүхдүүдийн төрсний гэрчилгээг үнэгүй авч байсан. Намайг боож унагаасан газар миний нүдний шил хагарсан байсан шилээ 2019 оны 05 дугаар сарыд 15,000 төгрөгөөр хийлгэсэн. Миний баруун чихний доор хөндүүрлээд, хоолой хэсэг улайж шүлс залгихад хөндүүрлээд байна. Баруун хөлний шилбэ бага зэрэг хөндүүр байна. Намайг дээрэмдсэн хүн 2 ханцуй болон цээжиндээ цагаан үсгээр юм бичсэн хар цамцтай, дунд зэргийн нуруутай хүн байсан. Уг хүнээс архи үнэртэж байсан...” гэх мэдүүлэг/хх- 64- 65/
- Гэрч Д.Өийн “ Д бид хоёр хамтран амьдрагч юм. Би А.Дтэй 2008 оноос хамтран амьдрах болсон юм. Бид 2 дундаасаа нэг хүүхэдтэй ба 2014 онд төрсөн одоо 5 настай. 2017 оны намраас эхлээд Д нь намайг согтуу үедээ зодоод байдаг болсон. Тэрнээс болоод 2019 оны 03 сараас эхлэн би хүүхдээ аваад Эрдэнэцагаан суманд амьдрах болсон. Зан чанарын хувьд архи уусан үедээ ухаанаа алдчихдаг. Эрүүл үедээ хүнтэй бараг юм дуугараад байдаггүй, хүний үгээр сайн хүн байгаа юм. Ямар учраас ийм хэрэгт холбогдсон талаар мэдэхгүй байна. Дт өөрийн гэсэн ямар нэгэн эд хөрөнгө байхгүй. Намайг зодсон асуудлаараа хэд хэдэн удаа шүүхээ орж байсан. ” гэх мэдүүлэг /хх-67/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-58-61/
- Хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх- 69/,
- Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 011 тоот дүгнэлтэд: 1. Хэргийн газраас илрүүлж бэхжүүлж авсан гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. 2. “5” цэгээр тэмдэглэсэн гутлын мөр нь Алтангэрэл Овогтой Дийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр өмсөж явсан гэх гутлын зүүн өмсгөлийн мөр байна. гэжээ /хх-73/,
- Гэрэл зургийн үзүүлэлт/ хх- 74-76/
- Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 250 тоот дүгнэлтэд: 1. У.Нн биед хүзүүний урд хэсгийн цус хуралт, 2 өвдгөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэжээ /хх-78/,
- Эд зүйлийн үнэлгээ /хх- 87/
- Хохирогч У.Нд эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /хх-70-71/
- У.Нгийн иргэний үнэмлэхийн хуулбар/хх- 86/
- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-36/
- А.Дийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-89/
- Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дүгээр сарын 09-ний өдрийн 45 дугаартай “ А.Дийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй байна “ албан бичиг /хх-88/
- А.Дийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-37/
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоол/хх-39-42/,
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай “ Ялтан А.Дт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солих тухай “шүүгчийн захирамж/хх- 43-45/,
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоол/ хх- 46-50/,
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн 24 дугаартай “ Ялтан А.Дт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солих тухай “шүүгчийн захирамж /хх-52-53/
- “ Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай “ 2019 оны 05 дүгээр сарын 31-ний өдрийн 5/25 дугаартай Прокурорын тогтоол /хх-55/
- А.Дт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, сунгасан тухай шүүгчийн захирамжууд /хх-24-25 / зэрэг болно.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Шүүгдэгч А.Д нь 2019 оны 05 сарын 06-ны шөнийн 22 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Аймгийн нэгдсэн эмнэлгийн баруун хойд талд байх эмийн сангийн үүдэнд хохирогч Х.Эийн хоолойг боож унаган хүч хэрэглэн довтолж, цүнхийг дээрэмдэн 648.300 төгрөгийн,
мөн өдрийн шөнийн 23 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Төмөртэйн 1 дүгээр гудамжны зүүн талд хохирогч У.Нгийн хоолойг боож унаган хүч хэрэглэн довтолж, цүнхийг нь дээрэмдэн авч 219.950 төгрөгийн хохирол учруулсан дээрэмдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч А.Дийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Х.Э, У.Н нарын мэдүүлгүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хэв загвар, дээж авсан тэмдэглэл, шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 251 тоот дүгнэлт, Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 012 тоот дүгнэлт, Гэрэл зургийн үзүүлэлт, Эд зүйлийн үнэлгээ, Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 011 тоот дүгнэлт, шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 250 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн баримтаар шүүгдэгч А.Д нь согтуурсан үедээ бусдын эд зүйл авахаар зорилгоор Х.Э, У.Н нарын хоолойг боож унаган хүч хэрэглэн довтолж, цүнхийг авсан үйл баримтууд тогтоогдоно.
Энэ нь хохирогч Х.Эийн “ 2019 оны 05 дугаар сарын 06-ны орой 22 цаг өнгөрч байхад эмнэлгийн баруун хойд талд байдаг эмийн сангийн урд явж байхад үл таних залуу баруун талаасаа миний урдаас ирээд гэнэт хоолойг шахаад унагаасан. Цүнхнээс татахаар нь булаацалдсан чинь миний толгой руу цохичихоод цүнх булаагаад зугтаасан... Намайг дээрэмдсэн хүн 2 ханцуй болон цээжиндээ цагаан үсгээр юм бичсэн хар цамцтай, дунд зэргийн нуруутай хүн байсан “ гэх,
хохирогч У.Нгийн “ 2019 оны 05 дугаар сарын 06-ны орой 23 цагт ажлаасаа тараад 13 дугаар дэлгүүр рүү явдаг засмал замын баруун талаар хойшоо алхаж байтал хойноос хүн ирж урд гарснаа намайг боож унагаагаад гудамж руу чирч оруулсан. Би бахирах гэсэн чинь миний амыг дараад байсан. Уг хүнтэй зууралдаад ноцолдож байхдаа өөрийг нь унагаасан, босож ирээд дахин намайг боож унагаагаад цүнхийг маань аваад баруун зүг рүү явж байгаад урагшаа айлын хашаа руу ороод алга болсон.Намайг дээрэмдсэн хүн 2 ханцуй болон цээжиндээ цагаан үсгээр юм бичсэн хар цамцтай, дунд зэргийн нуруутай хүн байсан “ гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “...4 цэгээр тэмдэглэсэн гутлын мөр нь Алтангэрэл Овогтой Дийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр өмсөж явсан гэх гутлын зүүн өмсгөлийн мөр байна” гэх 012 тоот дүгнэлт,
шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “...“5” цэгээр тэмдэглэсэн гутлын мөр нь Алтангэрэл Овогтой Дийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр өмсөж явсан гэх гутлын зүүн өмсгөлийн мөр байна” гэх 011 тоот дүгнэлтүүд зэргээр хэрэгт хөдөлбөргүй нотлогдоно.
А.Д гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй буюу өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа шөнийн цагаар, өөрөөс хүч чадлаар дутуу эмэгтэй хүмүүсийн эсрэг хүч хэрэглэн довтолж цүнхийг нь авч бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч А.Дийн, хохирогч Х.Э, У.Н нарын хоолойг боож унаган цүнхийг нь авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж,...авахаар довтолсон/ буюу дээрэмдэх гэмт хэргийн бүх шинжийг агуулах бөгөөд прокуророос түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Эт учирсан 648,300 , У.Нд учирсан 219,950 төгрөгийн хохирлууд нөхөн төлөгдсөн, тэдгээр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Хохирогч нарын эд зүйлийг үнэлгээг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын эд зүйлийн үнэлгээ комиссоос “ Эрдэнэчимэгт 198,300+ бэлэн мөнгө 450,000 төгрөг, Нэргүйд 159950+ бэлэн мөнгө 60,000 “ гэж тогтоожээ/хх-34, 87/.
Шүүгдэгч А.Дийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Иймд шүүх өмгөөлөгч Х.Эрдэнэбаатарын шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар гаргаж буй “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт хорих ялын доод хэмжээг 2 жил, дээд хэмжээг 8 жил хүртэлх хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэгт заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүй, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Шүүгдэгч нь өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн учраас хуульд заасан боломжийг нь олгож өгнө үү “ гэх санал, хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Учир нь шүүгдэгч нь хохирогч нарын эсэргүүцлийг зогсоох зорилгоор амыг нь дарах, толгой руу цохих, хоолыг боох зэргээр хүч хэрэглэсэн, мөн өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, уг ялыг биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэрээр хорих ялаар сольж байсан, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг үндэслэвэл түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хөнгөрүүлж ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд А.Дийн үйлдсэн хэрэг нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэнэ.
Энэ нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэх буюу тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч А.Дийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 50 хоногийг хуульд заасны дагуу эдлэх ялд оруулан тооцох ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А. Дийг дээрэмдэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлох/-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дийг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан А.Дт оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2-т зааснаар ялтан А.Дийн цагдан хоригдсон 50 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Ялтан А.Дт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас хохирогч Х.Э, У.Н нарт учирсан хохирлууд нөхөн төлөгдсөн, тэдгээр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН