| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2019/0075/Э |
| Дугаар | 75 |
| Огноо | 2019-06-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 75
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Л.Солонго,
Шүүгдэгч: Н.Т ,
Нарийн бичгийн дарга: Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх овгийн Н.Т д холбогдох 1928000000069 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, малчин, ам бүл 2, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8 дугаар баг, Цагаан булаг, ..................... тоотод оршин суух, Халх овгийн Н.Т , регистрийн дугаар: ..................,
Шүүгдэгч Н.Т нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 15 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Б.Т ын толгойн тус газарт чулуугаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Н.Т г яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Манайх Өмнөговь аймгийн Даланзадгад сум 8-р багийн нутаг Зүүн Өлзийт голд Ширгэн усны хонд гэх газар нутагладаг юм. 2019 оны 05 сарын 17-ны өдөр өглөө малаа бэлчээгээд малаа хариулж явж байгаад өдөр ходоод өвдөөд байхаар нь Н.Т малаа хариулаад явахаар нь очоод ах нь ходоод өвдөөд болдоггүй эм уучихаад ирье мал харж байгаарай гээд захьчихаад явж эм уучихаад гэрт жаахан хэвтэж байтал манай дүү Н.Т утсаар ярьж байна танай малыг нохой барьчихлаа гээд утсаар хэлж байна гэхээр нь Н.Т дээр очоод танай малыг өмнө нь би зөндөө цагаар хараад байж л байдаг байсан, ганц хоёр цаг болоход нохойд мал бариулсан байх юм. Мал төлж өгөөрэй гэж хэлсэн чинь танай мал нохойд бариулна уу ямар хамаатай юм бэ гэх зэргээр хэлж байсан. Тэгээд цагдаа дуудсан. Цагдаа ирээд бид нарын хооронд болсон асуудлыг зохицуулаад явсан. Би Н.Т гийн малтай манай мал нийлсэн байсныг нь ялгаж аваад дүүгийнхээ гэрийн үүдэнд тууж очоод гэрийнх нь үүдний дээр сандал сууж байсан юм. Тухайн үед цаг 14-15 цаг болж байсан байх. Н.Т ээжтэйгээ ирэнгүүтээ ээжийгээ мотоциклиосоо буулгаад манай малыг өөрийнхөө малтай нийлүүлчихээд над дээр ирэнгүүтээ газраас чулуу аваад шууд миний өөдөөс заамдаад чулуугаар толгой руу 2-3 удаа цохьсон. Тэгээд тэр хоёр явсны дараа би гэр рүү буюу Номгон сум руу эхнэр рүү утсаар хэлсэн чинь эхнэр цагдаа дуудсан байсан. Удалгүй цагдаа ирээд бүгдээрээ хамт явцгаасан. Санал гомдол байхгүй. Ахиж ийм зан битгий гаргаасай гэж бодож байна. /хх-ийн 07-08-р хуудас/
Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 05 сарын 17-ны өдрийн 15 цагийн үед охин Н.Т малын бэлчээрт яваад ирэхдээ Б.Т намайг хулгайч гэж элдвээр хэлээд муудаад ирлээ гээд уйлаад ирсэн. Би яагаад дандаа ингэж хэл ам хийж дээрэлхээд байдаг юм. Урьд өмнө нь ч иймэрхүү жижиг сажиг хэрүүл салахгүй муудаж сайдаад л байдаг. Нэг очиж уулзана гээд охиноо дагуулаад Б.Т ын дүүгийн гадаа яваад очсон. Б.Т т яагаад ингээд байдаг талаар хэлэхийн зуургүй хулгайч гэж дуудаад загнаж байсан. Тэр хооронд Н.Т г түлхэх шиг болсон. Унаад босож ирэхэд мал тууж байсан чулуугаараа толгойн тус газар цохьчихсон. Хүүхэд элдвээр доромжилж хулгайч гэж гүтгэж сэтгэл санааг нь байнга үймүүлж ганц бие хүүхнийг дээрэлхээд байгаад их гомддог. Айл саахалт байж хэрүүл шуугиан хийхгүй юм сан гэж бодохоор л муу охиныг минь уйлуулж байгаа нь их зохисгүй байна. Миний охин ер нь цочмог ууртай, уур нь түргэн гарчихдаг, цайлган охин байгаа юм. Цаашид иймэрхүү байдлаар хэл амаар доромжлоод, охиныг минь үндэслэлгүйгээр гүтгээд байвал ийм хэрэг дахин давтагдахгүй гэх газар байхгүй. Тиймээс аль алийг нь сайн шалгасан нь зөв. Хүний толгой руу цохьсон үйлдэл нь буруу. Хуулийн дагуу хариуцлага хүлээх нь зөв. Б.Т ыг дахин ингэж хүн гүтгэж, ялих ялихгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан хийхгүй бол миний охин хэрүүл шуугиан хийгээд явах охин биш. Би багаасаа л мод үржүүлэхийн хавьд мал маллаж өссөн. Мал дагаж байж хэрүүл шуугиан хийгээд байх нь зохисгүй гэдгийг охиндоо хэлж ярьдаг. Ааш авирыг нь мэдэх болоод хүнтэй битгий марга гэж хэлдэг. Дуугүй байхаар нь бас дээрэлхдэг юм болов уу гэж бодогдох болсон. Манайх мал хулгайлж байсан удаа бол байхгүй. Хууль хяналтын байгууллагаар шалгуулаад манайд хулгайн мал байдаг бол ирээд авахад татгалзах зүйлгүй. Шалгаж болно. /хх-ийн 10-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 303 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: Б.Т ын биед толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 11-12-р хуудас/
Шүүгдэгч Н.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 05 сарын 17-ний өдөр 10 цагийн үед би малаа бэлчээгээд явж байхад Б.Т ах над дээр хүрээд ирээд малаа сурсан. Тэгэхээр нь танай мал С ахын цаана явж байсан гэж хэлсэн чинь мал руу яваад өгсөн. Төд удалгүй дахиад хүрээд ирсэн. Б.Т ах над дээр ирээд миний бие өвдөөд байна. Манай малыг харж байгаач ээ гэж хэлэхээр нь за за малыг чинь харж байя, мал нийлвэл танай гэрийн гадаа авчраад ялгачихъя гэж хэлээд мал руугаа явж байтал Б.Т ахын малыг нохой элдээд туулгаж байгаа харагдсан. Тэгэхээр нь би наанаас нь очоод нохойг нь хөөж явуулчихаад, Б.Т ахын утасны дугаарыг нь ахаас нь аваад залгаад ярьсан чинь утсаа авахгүй байсан. Тэгээд би малаа хариулаад Баянбулаг хорооллын ард явж байсан чинь Б.Т ах ирэнгүүтээ намайг янхан гичий банзал хулгайч минь гэж хэлснээ манай малыг нохой барьсан байна. Тэр малыг төлөөрэй гэхээр нь би харин танай малыг нохойноос салгасан. Манай нохой ураагүй, би ураагүй гэж хэлсэн чинь муу хар хулгайч минь би бичлэг хийнэ гэж хэлснээ мотоциклиосоо бууж ирээд над руу дайраад чи мал хулгай хийдэг биз дээ гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь би цагдаа руу дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар ирээд бид хоёртой уулзчихаад явцгаасан. Би найз руугаа хэлчихээд гэр рүүгээ давхиад очсон. Тэгсэн ээж чи чинь яасан хурдан давхидаг юм унаа тэргээ эвдчих гээд ирлээ гэхээр нь Б.Т гуай чинь намайг хэл амаар доромжлоод байна гэж хэлсэн. Тэгтэл ээж Б.Т гуайтай уулзана аа гэж хэлсэн. Би малаа туугаад Б.Т ахтай уулзаад энэ мал танайх юм бол энэ малаа бүгдийг нь ав гэж хэлэнгүүтээ барьж явсан чулуугаараа Б.Т ахын толгойнд цохьсон чинь Б.Т ах эхнэр рүүгээ эмнэлэг рүү утасдаад энэ хүн намайг алах нь ээ гэж дуудлага өгсөн. Тэгтэл удалгүй цагдаа ирэхээр нь би амдаж очоод уулзаад энэ Б.Т гэдэг хүн намайг доромжлоод байна, энэ хүнээ ав гэж хэлсэн. Би Цагдаагийн газар руу хамт ирсэн. Тухайн үед малыг нь нохой туулгаад байхаар нь би очоод салгаад явуулсан чинь ирээд манай малыг нохой хазсан байна төлж өгөөрэй гээд хэрүүл маргаан болсон. Бас намайг дандаа гичий банзал хулгайч гэх зэргээр байнга доромжилдог. /хх-ийн 22-23-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /04-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Т нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 15 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Б.Т ын толгойн тус газарт чулуугаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Т ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 303 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: Б.Т ын биед толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 11-12-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба энэхүү гэмтэлтэй холбогдуулан хохирогч нь шүүгдэгчээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Н.Т г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлж байна.
Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргав.
Шүүх шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Т нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч, хохирол төлбөр нэхэмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА