| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 181/2023/01892/И |
| Дугаар | 210/МА2025/00503 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/00503
*******-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/00582 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Шат албадан буулгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Манай ******* байрны дээвэр нь хавтгай баригдсан. Тус байрны *******ын өмчлөгч ******* байрны дээвэрт шувуу нуруу хийх нэрээр оршин суугчид болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр мансардны давхар нэмж барьж, улмаар үүн дээрээ өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж, зарим хэсгийг нь *******д шилжүүлсэн байсныг бид *******г байрны шатны хонгилын таазыг нурааж, шат барьж эхэлсэн үед мэдсэн. Улмаар ******* нь Сүхбаатар дүүрэг, *******, ******* гудамж, ******* байрны мансардны давхрын ын өмчлөгч болсон.
1.2 Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны байшингийн гадна хана, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил зэрэг нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаардаг. Гэтэл хариуцагч ******* нь мансардны давхар дахь өрөө рүүгээ орох, гарах гарц гаргах зорилгоор ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр, шатны хонгилын таазыг нурааж, шат барих зэргээр орон сууцны байшингийн дундын өмчлөлд дур мэдэн халдсан, хууль бус үйлдлийг гаргасан.
Энэ талаар манай байрны зарим оршин суугчид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан ба улмаар тус газраас хяналт шалгалт явуулж, *******г Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.9 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн болохыг тогтоож, эрх бүхий албан тушаалтны 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгуулах хүрээнд *******гийн шат барьж буй үйлдлийг нь таслан зогсоох арга хэмжээг авсан.
1.3 Гэвч өнөөг хүртэл ******* уг шатаа буулгахгүй, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг чөлөөлж өгөхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага *******гийн барьсан шатыг албадан буулгах арга хэмжээг авахгүй байна. Учир нь эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэргийн хүрээнд зөрчлийн үр дагаврыг арилгуулах арга хэмжээ авахдаа *******гийн шат барьж буй үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авсан байх ба харин шатыг албадан буулгах арга хэмжээ аваагүй, ийм агуулгатайгаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдээгүй тул бид шатыг буулгах арга хэмжээ авч чадахгүй гэсэн тайлбарыг амаар өгсөн.
1.4 Иймд хариуцагч *******гийн Сүхбаатар дүүрэг, *******, ******* гудамж, ******* байрны шатны хонгилын тааз нурааж барьсан шатыг албадан буулгах шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Сүхбаатар дүүрэг, *******, ******* гудамж, ******* байрны мансардны давхрыг 2015 онд зохих журмын дагуу холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр, мөн тухайн үеийн тус байрны өмчлөгч нарын зөвшөөрлийг авч модон мансардны давхар барьж, ашиглалтад оруулж, Улсын бүртгэлийн ерөнхий газар зохих баримтаа өгч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ авсан. Тухайн үед 4 давхрын дээд давхраас борооны ус гоожиж, 4 давхрын оршин суугчдад хүндрэл учруулдаг байсан тул ******* нарын хүмүүс оршин суугчдаасаа зөвшөөрөл авч, мөн мансардны давхрын барилга барих нь хуулиар хориглоогүй тул өөрийн хөрөнгөөр тус давхарт модон мансардны барилга барьснаар ус гоождог асуудлыг шийдвэрлэсэн. Харин нэр бүхий тус байрны 2, 3 өмчлөгчийн зүгээс дээрх үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд тус хэрэгт ******* миний бие гуравдагч этгээдээр татагдан оролцож байна. Энэхүү маргаан нь энэ хэрэгт огт хамааралгүй бөгөөд тус маргааныг шүүхээс эцэслэн шийдвэрлээгүй байгаа болно. Захиргааны шүүхэд маргааныг эцэслэн шийдвэрлэсний дараа шатны асуудлыг зохих байгууллага болон нийт оршин суугчдын хүсэлтээр хэвийн байдалд оруулахад миний бие татгалзахгүй.
2.2 Тус байрны мансардны барилгыг 2015 онд барьж ашиглалтад оруулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан бөгөөд энэ мансард барьсныг 2015 оноос хойш 8 жилийн хугацаанд тус байрны бүх оршин суугчид мэдэж байсан. Гэтэл өнөөдөр мэдсэн гэж, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Харин энэхүү маргаан нь зарим нэг этгээдийн явцуу ашиг сонирхол төдий маргаан бөгөөд тус мансардны орц гарцын асуудал нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн зүйл огт байхгүй. ******* нь маргах эрх зүйн чадамжгүй, хууль бусаар байгуулагдсан.
2.3 Тус байранд шат гаргаснаар оршин суугчдын эрх, ашиг сонирхлыг огт зөрчигдөхгүй. өмчлөгчөөс галын аюулаас урьдчилан сэргийлсэн орц, гарц хийх зорилгоор шат хийх гэсэн үйлдэл болно. Харин Мэргэжлийн хяналтаас зөвшөөрөлгүй шат барьсан асуудлыг миний бие хүлээн зөвшөөрч, зохих хариуцлагаа хүлээсэн. Гэтэл эрх бүхий байгууллагын тухайн үед шийдвэрлэсэн асуудлыг ийнхүү дахин маргаан үүсгэх нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, эсхүл бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******д холбогдох шат албадан буулгуулах тухай *******-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн улсын байцаагч нь хяналт шалгалтын явцад, хариуцагчид холбогдуулан 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зөрчлийн 08-210689 дугаартай хэрэг нээн, хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад 0047223 дугаартай Шийтгэлийн хуудсаар зохих байгууллагын зөвшөөрөлгүй барилгын үндсэн хийц, бүтэц, төлөвлөлт өөрчилсөн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.9 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчид шийтгэл оногдуулсан.
Анхан шатны шүүх ...Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.9 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчид шийтгэл оногдуулсан байх бөгөөд уг шийдвэрт хариуцагч гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болжээ... хэмээн дүгнэсэн атлаа ....Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлэх үүднээс орох, гарах гарц бий болгох зорилгоор мансардны давхар луу хүргэх шат барьсан ... нь барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл алдагдсан нөхцөл байдал баримтаар нотлогдохгүй оршин суугчдын эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй... гэж дүгнэсэн нь хэт өрөөсгөл бөгөөд хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж дүгнэх хангалттай үндэслэлтэй байна.
4.2 Түүнчлэн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны Эрх бүхий албан тушаалтны даалгавар үйлдэж. зөрчлийн үр дүнг арилгах үүднээс хариуцагчид Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт заасныг хангуулах, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэгжүүлэн хариуцагчид даалгасан. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус шүүхээс зөрчлийн үр дагаврыг арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгаврыг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 128 ГХ2021/0322 дугаартай гүйцэтгэх хуудас тус тус бичигдсэн байхад оршин суугчдын эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж шууд үзэх боломжгүй байна хэмээн илт алдаатай дүгнэлт хийсэн.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан шат албадан буулгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.
3.1 Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, *******, гудамж, байр, мансардны давхрын зүүн жигүүр, хаягт байршилтай, 158.6 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр ******* бүртгэлтэй. /хх 45/
3.2 Эрх бүхий албан тушаалтны 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 07-132/847 дугаар Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, шийтгэлийн хуудсаар зохих зөвшөөрөлгүй барилгын үндсэн хийц, бүтээц, төлөвлөлт өөрчилсөн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.9 дэх заалтад заасан шийтгэл буюу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр хариуцагчийг торгосон. /хх 46-47/
3.3 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгавраар Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх заалтыг хангуулах, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэгжүүлэх албан даалгаврын дагуу холбогдох арга хэмжээг авч биелэлтийг ажлын 15 хоногт багтаан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт бичгээр ирүүлэхийг мэдэгджээ. /хх 48/
3.4 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 8589 дугаар Эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. /хх 57-59/
3.5 Улмаар 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ГХ2021/0322 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хх 60/
4. Талууд дээрх шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа гэж тайлбарладаг боловч хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх бөгөөд мэтгэлцэх зарчим нь нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбараа нотлох журмаар хэрэгждэг. Энэ талаарх нотлох баримтаа талуудын хэн аль нь гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.
5. Иймд хариуцагч нь өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгөд орох, гарах гарц бий болгох зорилгоор шат барьсан нь барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар бүрэн тогтоогдоогүй талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.
6. Харин анхан шатны шүүх хариуцагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн байхад талуудын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн нь оновчгүй болсон байна. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримталсан өөрчлөлт оруулна.
7. Зохих зөвшөөрөлгүй гүйцэтгэсэн барилга байгууламжийн талаар нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/00582 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 135 дугаар зүйлийн 135.1 дэх гэснийг 106 дугаар зүйлийн 106.2 дахь гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
М.БАЯСГАЛАН