Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 01219

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 04 өдөр                         Дугаар 142/ШШ2016/01219                                  Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-23-103 тоотод оршин суух Аюушийн Алтансүх, Цэдэнбалын Хонгорзул нарын нэхэмжлэлтэй Б.Мөнхтулгыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн А.Алтансүх, Ц.Хонгорзул нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А.Алтансүх, Ц.Хонгорзул бид Б.Мөнхтулгад өөрийн өмчлөлийн Орхон аймаг Баян- Өндөр сум, Уурхайчин баг, 3-23-103 тоотын 3 өрөө орон сууцаа 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 29-ны өдөр хүртэл Иргэний хуулийн 302, 303, 304, 306 дугаар заалтуудыг үндэслэл болгон орон сууц хөлслөх гэрээ байгуулан хөлслүүлсэн. Тухайн үед Б.Мөнхтулга нь Орхон аймгийн Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт Болор Аграмба ХХК-ны орон сууцны барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллахаар өөрийн хамт 10 гаруй ажилчидтай бидний орон сууцыг хөлсөлсөн. Тухайн үед орон сууц хөлсөлсөн болон гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад заасан байрны ашиглалтын зардлын төлбөрийг ажил гүйцэтгүүлж байгаа компани болох Болор Аграмба ХХК бидний ажил гүйцэтгэсний ажлын хөлсийг өгөхгүй байгаа тул гэрээ дуусгавар болж ажлын хөлсийг өгөх үед төлөхөөр тооцон төлбөр төлөх хугацааг хойшлуулж өгнө үү гэж аман байдлаар удаа дараа гуйж бид тухайн үед итгэн төлбөрийг хойшлуулсан. Гэрээгээр хүлээсний дагуу Б.Мөнхтулга нь ажлаа гүйцэтгэж дууслаа. Ажил гүйцэтгүүлсэн компани бас л мөнгөө өгөхгүй байна бид одоо цалингүй ажлаад буцлаа та нар түр хүлээгээч гэж удаа дараа гуйхад бид дахин итгэн гэрээнд төлөх төлбөрийн нэг бүрчлэн бичиж тэмдэглэлцсэн. Түүнээс хойш бид удаа дараа утсаар холбогдоход удахгүй өглөө, хэд хоногийн дараа өглөө гэх мэт учир шалтгаан тайлбарласаар сүүлдээ утсаа /99084202, 91916220/ авахгүй сураггүй болсон. Ингээд бид оршин суугаа хаягийн дагуу Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхэд нэхэмжлэл гаргахад тус хаягаар нэхэмжлэлийг хүргүүлэх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийг буцаасан шүүгчийн захирамж/2016 оны 03 дугаар сарын 15-ны Дугаар 101/Ш32016/10841/-ийг гаргасан. Бид Боржигон овогт Болдын Мөнхтулгын хаяг эрэн сурвалжилж улсын бүртгэлээс , авсан хаягийн дагуу Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 19-р хорооны тахилтын 2 гудамж, 173 тоотод удаа дараа очсон боловч тус хаягт амьдардаггүй байсан ба тус Чингэлтэй дүүргийн 19-р хорооны Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 04-ны 1527 тоот, тус хаягт Б.Мөнхтулга нь бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн тодорхойлолтыг авсан. Иймд бид нэхэмжлэлийн хариуцагч Б.Мөнхтулгыг эрэн сурвалжуулж, оршин суугаа хаягийг тогтоолгох хүсэлтэй байна” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Алтансүх, Ц.Хонгорзул нар нь Б.Мөнхтулгыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан.

Б.Мөнхтулга нь нэхэмжлэгч А.Алтансүх, Ц.Хонгорзул нартай 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-23-103 тоот орон сууцыг хөлсөлсөн болох орон сууц хөлслөх гэрээ, нэхэмжлэгчийн тайлбар  зэргээр тогтоогдож байна.

Гэтэл хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг нь тодорхойгүйгээс хүсэлт гаргагч түүнд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй болсон нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хорооны Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1527 дугаар тоот, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтаар нотлогдож байх тул А.Алтансүх, Ц.Хонгорзул нарын нэхэмжлэл гаргах эрхийг хангах үүднээс Б.Мөнхтулгыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Б.Мөнхтулгыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт даалгаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ц.Хонгорзул өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Хонгорзулыг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч А.Алтансүх, Ц.Хонгорзул нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Б.Мөнхтулгыг /регистрийн дугаар МИ86011411/ эрэн сурвалжилсугай.

2.Шүүхийн шийдвэрийн дагуу иргэн Б.Мөнхтулгыг эрэн сурвалжлах, тэдний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч А.Алтансүх, Ц.Хонгорзул нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.ҮҮРИЙНТУЯА