| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2024/00789/И |
| Дугаар | 201/МА2025/00004 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 201/МА2025/00004
*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч Г.Уртнасан, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 138/ШШ2024/00930 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч *******, ******* нарт холбогдох
24 150 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч С.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Миний бие Facebook дээр өвсний гэрээ хийж өвч худалдана гэсэн зарын дагуу 2023 оны 8 сард *******, ******* нартай утсаар холбогдон уулзсан. Хадлан хадах техник, түлш хэрэглээний зардлаа олохын тулд урьдчилгаа авна гэж ярилцаад 2023 оны 8 сарын 23-нд гэрээ хийж 4 500 000 төгрөг, 8 сарын 28-нд 4 000 000 төгрөг, 9 сарын 03-нд 1 800 000 төгрөг, 9 сарын 05-нд 8 500 000 төгрөг, 9 сарын 06-нд 6 000 000 төгрөг, 9 сарын 22-нд 4 000 000 төгрөг, 9 сарын 25-нд 1 000 000 төгрөг, нийт 29 800 000 төгрөг *******, ******* нарын дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл 2 900 000 төгрөгийг бэлэн өгсөн.
...Манай дүү 2500 боодол өвс ачихаар Баян-Өлгий аймгаас 2 том машинтай ирэх болсон. Тэгээд түлшний мөнгө хэрэгтэй болсон. ******* нь 1 боодол өвсийг 6000 төгрөгөөр авъя, 2800 боодол өвсийг чинь би зараад өгье гэж хэлэхээр нь зөвшөөрч нэг боодол өвсийг 6000 төгрөгөөр заруулахад нийт 16 800 000 төгрөг болсон. Үүнээс 2 900 000 төгрөгийг өвсний үлдэгдэл мөнгөнд суутгаж авсан.
...2023 оны 10 сарын 19-нд 6 000 000 төгрөг, 10 сарын 23-нд 3 900 000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Миний бие ******* гэдэг залуугийн хамт хадлан өвсний байдлаа очиж үзэхэд хадлан хийгдсэн 500 орчим боодол өвс хураасан байсан. Өвсөө үзээд өвсөө хурдан боож хураагаарай эхний өвсөө авах цаг болсон шүү гэж хэлээд ирсэн. Эхний ээлжинд ******* өвсөө авах байсан. Утсаар ярихад хурааж амжаагүй байна гэхээр нь 2023 оны 10сарын 05-нд очиход захиалсан өвс маань байхгүй болохоор нь асуухад хүмүүс өвс гуйгаад байхаар нь зарчихсан гэж хэлсэн. ...Ингээд Баян-Өлгийгөөс 2023 оны 11сарын 13-нд 2 том машин өвс ачих гээд ирэхэд талбай дээр хураалгасан 2500 боодол өвсний боолт нь сул, задарсан, шарласан, хатсан өвс байсан. Уг өвс нь гэрээнд заасан чанар хангаагүй учраас өвсөө авахгүй явсан. ...Байгаа өвснөөс нь нийт 3230 боодол өвс авч зарсан.
2180 боодол өвс авахаас 2023 оны 11 сарын 23-нд гэрээнд нэмэлт заалт оруулж, 850 боодол өвсийг 6 000 000 төгрөгөнд бодож авсан. Үлдэгдэл 1330 боодол өвсийг Цагаан овоо сумаас олж өгнө гэж ярилцсан. 1330 боодол өвсийг 2023 оны 3 сарын 01-нд нийлүүлнэ гэсэн боловч хугацаандаа нийлүүлээгүй учир гэрээний дагуу тухайн үеийн ханшаар нэг боодол өвс 15000 төгрөг байсан тул өвсний үнэ 19 950 000 төгрөг, мөн өвөлжөөнд 2900 боодол өвс хураасан гэж 2 900 000 төгрөг, 11 сарын хадгалалтын зардал гэж 1 000 000 төгрөг, 2023 оны 11 сарын 13-нд зээлсэн 300 000 төгрөг, нийт 24 150 000 төгрөг нэхэмжилж байна. гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ...Бид нэхэмжлэгчтэй өвс худалдах худалдан авах гэрээ байгуулсан нь үнэн. Хамгийн анх 2023 оны 8 сарын 23-ны өдөр 5000 боодол, 2000 боодол өвс худалдах, худалдан авах гэрээг байгуулж 8 сарын 25-ны өдөр хадландаа гарсан. Гэрээ байгуулахдаа өвсөө хурдан аваарай гэж хэлж байсан. Хадланд гарсаны дараа хадсан, боосон өвсийг ирж хараад боломжын байна гэсэн. Үүнээс хойш утсаар яриад 1200 боодол өвс нэмчих гэж шалсаар байгаад нийт 8200 боодол өвс худалдан авахаар тохирсон. ...5400 боодол өвсөө нэг боодлыг 1000 төгрөгөөр хураалгахаар, мөн харуул манааны 1 000 000 төгрөг өгөхөөр ярилцсан. ...2800 боодол өвсийг бид нараар заруулж өөрөө мөнгийг нь авсан. ...******* нь Баян-өлгий аймгаас дүү ирж 2500 боодол өвсийг авна гэсэн учир 2500 боодол өвсийг газар дээр нь, 2900 боодол өвсийг хойшоо гэр лүүгээ татаж хураасан. 2900 боодол өвс хураасан 2 900 000 төгрөг, харуул манааны 1 000 000 төгрөг авсан нь үнэн. Энэ мөнгийг буцааж төлөхийг зөвшөөрөхгүй.
...Тухайн үед нэхэмжлэгч бидэнд бас их төвөгтэй байдал үүсгэсэн. Хугацаандөө өвсөө авахгүй элдэв шалтаг тоочсоор 11 сарын 20-доор машин нь ирсэн боловч өвсөө голоод аваагүй. ...Бид 1330 боодол өвс өгч чадаагүй нь үнэн. Нэхэмжлэгч 1330 боодол өвсөө 15000 төгрөгөөр үнэлж нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Бид тухайн өвсөө 4000 төгрөгөөр тооцож 1330 боодол өвсний үнэ 5 320 000 төгрөгийг төлнө. Зээлсэн 300 000 төгрөгөө өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч *******, ******* нараас 7 016 670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 133 330 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278 700 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч нараас 132 017 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдлын агуулга: ...Би хариуцагч *******аас гэрээ хийж тохиролцсон ёсоороо дутуу нийлүүлсэн 1330 боодол өвсөө гэрээний үүрэг гүйцэтгэж дуусах хугацаа буюу 2023 оны 2 сарын зах зээлийн ханшаар буюу 1 боодол өвсийг 15 000 төгрөгөөр үнэлж 19 950 000 төгрөг нэмэмжилснээс шүүх 5 320 000 төгрөг гаргуулж 14 630 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Илэрхий хариуцагчийн тайлбарыг л үнэлж үзсэн гэж үзэж гомдолтой байна. Би статистикийн газраас албан ёсоор ханшийн мэдээлэл авья, шүүхэд маргаан шийдүүлэхэд хэрэг болоод байна гэхэд сайтаас мэдээлэл авах боломжтой, ямар нэгэн тодорхойлолт өгөхгүй гэсэн учраас сайтаас мэдээлэл авч шүүхэд өгсөн. Гэтэл шүүх түүнийг Дорнод аймгийн Хэрлэн сумын ханш гэдэг нь тогтоогдохгүй, мөн нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзсэн. Ядаж л нэг боодол өвсийг 6 000 төгрөгөөр тооцсон бол зөвхөн 1330 боодол өвсийг төлөөгүй учир 7 980 000 төгрөг гэж тооцохоор байсан байна. Статистикийн мэдээлэл цахимд ил тод нээлттэй мэдээлэл учир аль ч байгууллага иргэн тодорхой зорилгоор ашиглахад албан ёсны баримт эх сурвалж болдог гэдэг.
Хуульд зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай бичмэл нотлох баримтын хуулбарыг зохигч шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Үүний дагуу миний бие статистикийн нийтэд ил тод, нээлттэй мэдээг шүүхэд өгсөн. Уг мэдээлэл тодорхой бус, хэрэг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай ба шүүх хурлыг хойшлуулж, уг баримт мэдээллийг шалгах боломжтой байжээ. Цахимаар ороод шалгах боломжтой. Гэтэл шүүгч тэгсэнгүй.
Мөн хоёр тал гэрээ хийсэн бөгөөд уг гэрээнүүдийг нэгтгэж 2023 оны 10 сарын 05-нд 7000 боодол өвсийг 4000 төгрөгөөр, 1200 боодол өвсийг 5000 төгрөгөөр, үнэлж гэрээ хийсэн. 1330 боодол өвсний 1200 боодол өвсийг 5000 төгрөгөөр тооцож болох байсан. Хэргийн материалд байгаа нэхэмжлэл болон дахин байгуулсан гэрээнүүдэд дурдсанаар 2023 оны 10 сарын 19-нд ******* миний захиалсан өвснөөс 2800 боодлыг нэг боодол өвсийг 6000 төгрөгөөр зарж надтай тооцоо хийсэн. Энд 1 боодол өвсийг 6000 төгрөгөөр зарсан нь батлагдаж байна.
2023 оны 11 сарын 23-нд бид гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж тухайн өөрчлөлтөөр үлдэгдлээ тооцоод 2024 оны 3 сарын 01-нд өвсийг өгнө гэж тохиролцсон. Энд 2183 боодол өвс авахаас 6 000 000 төгрөг надад өгч түүнийг 850 боодол өвс гэж тохирон хасуулж 1330 боодол өвс өгөхөөр тохиролцсон. Энэ тохиролцоогоор 6 000 000 төгрөгийг 850 боодол өвсөнд тооцсон тул нэг боодол өвсийг 7058 төгрөгөөр тооцсон. Шүүгч ингэж хэрэгт байгаа материалд тал бүрээс нь үнэлэлт харьцуулан хийхгүй иргэн намайг хохироолоо. Иймд анхан шатны шүүхээс хүчингүй болосон 14 630 000 төгрөгийг *******аар төлүүлж өгнө үү. гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
...Анхан шатны шүүхээс статистикийн мэдээллийг Дорнод аймаг дахь Хэрлэн сумын үнэ ханш гэдэг нь тогтоогдохгүй байна гээд үнэлээгүй. Гэтэл энэ мэдээлэл нь нийтэд нээлттэй мэдээлэл байсан, дурын сайтаас орж харах бүрэн боломжтой гэсэн үг. Шүүх хэт нэг талыг баримталсан шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Шинээр байгуулсан гэрээ болгоныг хэрэгт хавсаргасан. Тухайн цаг үеийн өвсний зах зээлийн үнэлгээгээр гэрээг байгуулж байсан. Хариуцагчийн нэхэмжилсэн өвсийг 4000 төгрөгөөр л төлмөөр байна гэсэн тайлбарыг шүүхээс хүлээн авч шийдвэрлэсэн. Гэрээ хэлцлийг огт үнэлээгүй. 1200 боодол өвсийг 10 сарын 05-ны өдрийн байдлаар 5000 төгрөгөөр тооцож нийлүүлнэ гэсэн гэрээ байна. ...2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч өөрөө газар дээр нь нэг боодол бүрийг 6000 төгрөгөөр худалдсан. Энэ бол бодит ханш юм. Гэтэл 6000 төгрөгөөр тооцсонгүй. Сүүлд 11 дүгээр сарын 23-ны өдөр дахин шинэчилж гэрээ байгуулж гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэ үед 850 боодол өвсийг 6 000 000 төгрөгт бодож өгсөн. Нэг бүр нь 7058 төгрөг болж байна. Ядаж энэ үнэлгээгээр тооцох бүрэн боломжтой байсан. ...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж гомдол гаргасан байгаа. Үүнийг үнэхээр хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзвэл нэг боодол өвсийг 7058 төгрөгөөр тооцох боломжтой юм. Талууд энэ үнийн дүнг хүлээн зөвшөөрч байсан учраас шийдвэрлэх боломжтой. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэв.
6. Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: ...Гэрээний дагуу нэг боодол өвсийг 4000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон. Шүүхэд гаргаж байгаа нотлох баримт нь өөрөө хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий нотлох баримт байх ёстой. Нэхэмжлэгч тал нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй учраас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч ******* нь ямар үнэлгээг баримтлахыг хүсээд байгаа нь тодорхойгүй байдаг.
...Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын дунд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн. 2900 боодол өвсийг хадлангийн талбай дээрээс өөр газарт тээвэрлэх ажлын талаар дурдсан. Энэ бол ажил гүйцэтгэх гэрээ бус хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэдгийг хэлэхийг хүсч байна. Хамгийн сүүлд өвс авах цаг хугацаанаас хойш тодорхой хугацаа өнгөрсөн. Хөдөө хээр тухайн өвсийг эзэнгүй байлгах боломжгүй байсан учраас зөөж өөр газарт тээвэрлэсэн. Өвс хураасан хөлсийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцож өгнө үү гэж хүсч байна. Мөн Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт заасны дагуу хадгалалтын гэрээ байгуулагдсан. Энэ талаарх ажиллагаа нь ч хийгдсэн. Зарим зүйлийн бодит нөхцөл байдлыг тогтоохгүйгээр хэсэгчлэн хангасныг хүчингүй болгож өгнө үү. Дээрх өөрчлөлтийг давж заалдах шатны шүүхээс оруулах бүрэн боломжтой гэж үзэж байна. гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******, ******* нарт холбогдох 24 150 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 1330 боодол өвсний үнэ 19 950 000 төгрөг, өвсийг хурааж зөөсөн зардал 2 900 000 төгрөг, хадгалалттай холбоотой зардал 1 000 000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 300 000 төгрөг, нийт 24 150 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч *******, ******* нар нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагчтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний заалтын дагуу үлдэгдэл 1330 боодол өвсөө тухайн үеийн зах зээлийн ханш болох нэг боодол өвсийг 15 000 төгрөгөөр тооцон 19 950 000 төгрөг, ...өвс хураах, хадгалах үүргээ биелүүлээгүй учир 3 900 000 төгрөгөө буцаан нэхэмжилнэ, ... 2023 оны 11 сарын 13-нд зээлсэн 300 000 төгрөгийн хамт нийт 24 150 000 төгрөг гаргуулна... гэж тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч маргадаг ба нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзаж буй үндэслэлээ ...зээлж авсан 300 000 төгрөгийг төлнө, ...1330 боодол өвсний хувьд гэрээгээр тохиролцсоны дагуу нэг боодол өвсийг 4000 төгрөгөөр тооцон 5 320 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, ...2900 боодол өвсийг хурааж гэрийн ойролцоох хашаанд зөөж хадгалсан учир 3 900 000 төгрөгийг буцааж төлөх үндэслэлгүй... гэж тайлбарладаг.
5. Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, ******* нар нь 2023 оны 08 сарын 23-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 5000 боодол өвсийг нэг бүрийг нь 4000 төгрөгөөр, мөн 2000 боодол өвсийг нэг бүрийг нь 5000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон, улмаар 2023 оны 10 сарын 05-ны өдөр өмнө байгуулсан хоёр гэрээгээ нэгтгэн 7000 боодол өвсийг нэг бүрийг нь 4000 төгрөгөөр, нэмж 1200 боодол өвсийг нэг бүрийг нь 5000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон, хариуцагч нар нь нэхэмжлэгчид гэрээгээр тохирсон хугацаандаа 1330 боодол өвсийг хүлээлгэн өгөөгүй үйл баримтууд тогтоогдож байна.
6. Анхан шатны шүүх нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг зөв тодорхойлсон.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Гэрээний дагуу нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт өвсний үнийг бүрэн төлсөн, хариуцагч нар нь 6870 боодол өвсийг мөнгөөр болон өвсөөр нь хүлээлгэн өгч, 1330 боодол өвсийг хүлээлгэн өгөөгүй талаар талууд маргаагүй болно.
7. Талууд хүлээлгэн өгөөгүй өвсний үнэлгээний талаар маргадаг.
2023 оны 10 сарын 05-ны өдрийн өвс худалдах, худалдан авах гэрээний 2.1-д зааснаар 7000 боодол өвсний нэг боодол нь 4000 төгрөг, 1200 боодол өвсний нэг боодол нь 5000 төгрөг...-өөр худалдах, худалдан авахаар тохиролцсон байна.
Мөн гэрээний 3.5-д ...гэрээгээр тохиролцсон өвсийг хүлээлгэн өгөөгүй тохиолдолд өвсний үнийг зах зээлийн тухайн үеийн хамгийн өндөр ханшаар тооцож худалдагч талаар төлүүлнэ... гэж заажээ.
Талууд үлдэгдэл 1330 боодол өвсийг 2024 оны 3 сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд 2024 оны 3 сарын 01-ны өдрийн байдлаар нэг боодол өвс ямар үнэтэй болох талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, үндэсний статистикийн сайтнаас ирүүлсэн мэдээлэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нь гэрээний 3.5-д заасны дагуу өвсийг хүлээлгэн өгөөгүй үеийн гэх зах зээлийн ханшийн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д заасан эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Харин шүүх хариуцагч нарын саналыг үндэслэн нэг боодол өвсний үнийг 4000 төгрөгөөр тооцож хариуцагч нараас өвсний үнэнд 5 320 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.
Тухайн үеийн зах зээлийн ханшийг тогтоох боломжгүй байх тул талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 10 сарын 05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний 2.1-д заасны дагуу хүлээлгэн өгөөгүй 1330 боодол өвсний 1200 боодол өвсийг нэг бүрийг 5000 төгрөгөөр, 130 боодол өвсийг 4000 төгрөгөөр тус тус тооцон нийт 6 520 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
8. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нараас өвс хураах, хадгалах зардалд төлсөн 3 900 000 төгрөгийг буцаан нэхэмжилжээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарыг үндэслэн өвс хураасан ажлын хөлсөнд 1 330 000 төгрөг, хадгалалтын зардалд 366 670 төгрөгийг тус тус хариуцагч нараас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчээс хариуцагч нарт 2023 оны 11 сарын 13-ны өдөр зээлдүүлсэн 300 000 төгрөгийг гаргуулахаар дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч нараас гаргуулж шийдвэрлээгүй нь буруу байх тул зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд хариуцагч *******, ******* нараас 8 516 670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15 633 330 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 138/ШЗ2024/02760 дугаартай шүүгчийн захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан байхад энэ талаар шийдвэрийн тогтоох хэсэгт орхигдуулан бичсэнийг нэмж оруулах шаардлагатай байх бөгөөд энэ талаар анхаарвал зохино.
11. Анхан шатны шүүх нь улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа холбогдох зүйл заалтыг зөв баримтлаагүй байх тул зөвтгөх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 27-ны өдрийн 138/ШШ2024/00930 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нараас гэрээний үүрэгт 8 516 670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15 633 330 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 151 217 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай. гэж,
3 дахь заалт нэмж, уг заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай гэж,
3 дахь заалтыг 4 гэж дугаарлалтыг өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Монгол Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ
ШҮҮГЧИД Г.УРТНАСАН
С.ГАНЧИМЭГ