Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 80

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Хохирогч: Х.Г ,

Шүүгдэгч: Д.Б ,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

            Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их мэргэд овгийн Д.Б д холбогдох 1928000000075 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, .................. тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Их мэргэд овгийн Д.Б , регистрийн дугаар: ....................,

Шүүгдэгч Д.Б  нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 10-11 хооронд Өмнөговь аймаг Даланзадгад сум, 6 дугаар баг, ................... тоот хашаанд иргэн Х.Г тай маргалдан төмрөөр 2 гар руу нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Б ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Түвшинтөр гэх байцаагчид хэрэг байсан. Би өөрөө хохирогч 1 сар 10 хоног ажиллаад цалингаа авч чадаагүй. Би 1.400.000 төгрөг авсан. 1.600.000 төгрөг авах ёстой. Х.Г  миний үлдэгдэл цалинг өгөөгүй. Тийм учраас тэнд хэрүүл маргаан болсон. Х.Г  өөрөө эхэлж намайг зайл гэж хэл амаар доромжилж алгадсан. Нууц амраг Г.Б тайгаа нийлээд намайг доромжилсон тэгэхээр нь би айсандаа төмөр авч цохисон. Гэхдээ би цохъё гэж бодоогүй. Түвшинтөр байцаагч миний бичсэн гомдлыг хавтаст хэргээс сугалаад авсан байсан. Би үүн дээр гайхаж байна

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Г  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Г.Б  гэх хүн бид нарт ажил олгосон. Улаанбаатар хотод байхад би Д.Б д 300.000 төгрөг бэлнээр өгсөн, Өмнөговь аймагт ирээд бэлнээр 300.000 төгрөг, дансаар 1.000.000 төгрөг нийт 1.600.000 төгрөг өгсөн. Г.Б  гэх хүн Д.Б ы ажлыг голсон. Д.Б  Г.Б тай хэрэлдээд тухайн үйл явдал болохоос 2 хоногийн өмнө хот руу явсан. 2 хоногийн дараа 22-ны шөнө ирээд хэрүүл маргаан үүсгээд байсан. Би тухайн өдөр машиндаа хоносон байсан.  23-ны өглөө би 08 цагт босоод 08 цаг 30 минутад ажилдаа гарсан. Намайг гэр рүү ороход Д.Б  Г.Б тай хэрэлдэж байсан. Тэгэхээр нь би чи хүн амьтнаас санаа зовдоггүй юм уу? болиоч гэж хэлсэн. Тэгэхэд за гэж хэлээд гэр тойрч эргэж гарангуутаа гэрийн хаалганы босгон дээр зогсож байгаад май янхан минь гэж хэлсэн. Тэр үед намайг элдэв янзаар хэлж орилж чарлаад байсан. Тэр үед тэнд байсан хүмүүс бүгд яваад өгсөн. Намайг эргээд харахын хооронд доор байсан төмөр аваад миний гарыг хөдөлж чадахгүй болтол хэд хэдэн удаа цохьсон.  Тэр нь хавдаад би 5 хоног ажлаа хийж чадаагүй. Намайг цагдаа дээр очиход цагдаагийн өрөөнд намайг цүнхээрээ цохьсон. 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээлгэж өгөх ёстой байсан ажлаа Д.Б оос болж 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэж өгсөн. Д.Б  манай нөхөр, хадам ээж рүү янз бүрийн мессеж бичиж, зураг явуулсан. Одоо над руу байнга залгаж, мессеж бичиж дарамталж байгаа. Миний охин 1 дүгээр ангид сурдаг. Би ээж, дүү, охин гурваа Эрдэнэт рүү явуулсан байгаа. Энэ шүүх хуралдаан дууссанаас хойш ямар асуудал үүсэхийг би мэдэхгүй байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Г  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр би Өмнөговь аймагт ирж барилгын дотор засал хийхээр тохиролцоод хэдэн таньдаг хүнтэйгээ ярилцаад хамт ирсэн. Тэгэхэд Д.Б  гэдэг эмэгтэй хамт ирж ажиллаж байгаад 2019 оны 05 дугаар сарын 20-ны үед би ажиллаж чадахгүй юм байна гээд явчихсан. Тэгээд ч түүний хийсэн ажлууд нь гологдоод байсан. Д.Б  05 сарын 22-ны орой эргээд ажиллана гэж ирсэн. Тэгэхэд нь би юм хэлээгүй. Тэгсэн маргааш нь буюу 2019 оны 05 дугаар сарын 23-ны өглөө 10 цаг өнгөрөөгөөд би барилгын ажил хийж байгаад байрлаж байсан гэртээ орж лазер багаж авах гээд орсон чинь Г.Б  гээд манай барилгын ажлыг хийлгэж байсан залуутай Д.Б  уулзаж ярилцаад хэрүүл хийж хашгирч загнаад байсан. Тэгэхээр нь би Д.Б ыг чи боль л доо хэрүүлээ боль гэж хэлсэн чинь за гэж хэлээд гадагшаа гарчихаад гэрээс гараад май муу янхан гэж хэлсэн. Тэгэхээр нь би араас нь гараад зүгээр байгаарай гэж хэлчихээд эргээд гэр рүү орсон чинь араас хэл үгээр доромжлоод байсан. Би гэрт орж лазерын зай авчихаад гарсан чинь гадаа Д.Б  намайг доромжлоод мөнгө өгчих гээд байхаар нь би чамд ажлын хөлсийг чинь өгсөн. Одоо чамд өгөх мөнгө байхгүй гэж хэлсэн чинь хажуудаа байсан төмрийг аваад над руу дайраад цохиод байсан. Миний нүүр рүү цохих гээд байхаар нь би гараараа хамгаалсан чинь миний хоёр гарын тохой руу цохиж цус гарсан. Тэгэхэд Г.Б  хажууд ирээд Д.Б ы барьсан төмрийг салгаж авсан. Би гэр рүү орсон. Би гомдолтой байна. Улаанбаатар хот руу явчихаад эргэж дуудагдан ирж байгаа зардлаа нэхэмжилнэ. Д.Б  хэрэг болсны дараа манай нөхөр болон, над руу элдэв заналхийлсэн мессеж бичсэн байсан. Түүнийг нь хэвлэж хэргийн материалд хавсаргана. /хх-ийн 12-13-р хуудас/

 Гэрч Г.Б  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Өмнөговь аймагт 2019 оны 04 сарын сүүлээр Суварган говь ХХК-д туслан гүйцэтгэгч ажлаар ирэхдээ бригад болон ажилладаг хүмүүстэй холбогдоод Х.Г , Д.Б , Г , Хашаа нарыг дагуулж ирж Нисэхийн гудамж Цогжавхлан-2 дэлгүүрийн ард байрлах хашаанд амины орон сууц барьж байгаа юм. Тэгсэн 2019 оны 05 сарын 23-ны өглөө 10 цагийн үед ажилчин Д.Б той уулзаад чамайг барилга руу оруулахгүй. Ажлаа хаяад явсан хүнийг ажил хийлгэхгүй. Мөн чанар муутай юм хийдэг гээд хэлсэн чинь Д.Б  тэгвэл одоо надад зардлын мөнгө өгчих гэхээр нь би чадахгүй надад өгөх мөнгө ч алга гэж хэлсэн. Тэгээд уулзаад байж байтал Х.Г  гэрт орж ирж лазер авах гээд ирсэн. Би гэрээс зөрөөд гарсан. Тэгсэн Х.Г  Д.Б д чамд мөнгө төгрөг өгөхгүй. Одоо чамд өгөх мөнгө байхгүй гэж хэлээд, тэр хоёрын маргаан хэрүүл болсон юм байна лээ. Хэрүүл маргаан болоод байхаар нь би эргээд гэр рүү орсон чинь Х.Г  Д.Б ы цүнхтэй хувцсыг гэрээс гаргаад шидсэн. Тэр хоёр гэрээс гараад хашааны буланд хэрэлдээд зогсож байгаа харагдсан. Удалгүй хашгиралдаад явчихаар нь гараад харсан чинь Д.Б  нь төмөр барьчихсан Х.Г гийн гар руу нь цохиж байгаа харагдсан. Би наанаас нь очоод Д.Б ы барьж байсан төмрийг авч хаяад Х.Г г дагуулаад гэр рүү орсон. Тэгсэн зүүн гарны тохойноос нь цус гарч байхаар нь машин руу очиж эмийн сан авах гээд гэрээс гарахад Д.Б  хашаанаас гараад урд зам дээр такси барих зогсож байхад нь чи яах гээд зугтаагаад байгаа юм бэ? цагдаа дуудлаа гэсэн чинь би цагдаа дуудсан гээд зогсож байсан. /хх-ийн 20-21-р хуудас/

Гэрч М.Э  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 05 сарын 23-ны өглөө 10 цагийн үед санаж байна. Манай инженер барилга руу очих гээд Нисэхийн хороолол руу портер унаад гарах гэж байхад барилгачдын гэрийн гадаа Д.Б  цүнхтэй хувцаснуудаа гаргаад тавьчихсан хажууд нь зогсож байгаа харагдсан. Тэгээд би хашаанаас гараад явсан. Урагшаа барилга руу явчихаад ирсэн чинь Х.Г  гараа боочихсон байсан. Тэгээд юу болсон юм бэ гэхэд Х.Г  жаахан юм болоод гэж байсан. Би зодоон болсон юм байна гэж гадарласан. /хх-ийн 23-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 05 дугаар сарын 28-ны өдрийн 317 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Х.Г гийн биед баруун бугалга, баруун тохой зүүн шуунд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй /хх-ийн 25-р хуудас/

Шүүгдэгч Д.Б  мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: Би 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн Х.Г  гэдэг хүнтэй хамтран Даланзадгад сумын төвд барилгын ажил хийхээр ирсэн юм. 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр би ажилласан хугацааныхаа цалинг авъя гэж хэлсэн чинь Х.Г  чиний цалингаар эмульсны шүршигч авсан. Чамд мөнгө байхгүй гэж хэлсэн. Би өмнө нь 1 сая 600.000 төгрөгийн урьдчилгаа авсан байсан юм. Үлдэгдэл 1 сая 400.000 төгрөг авах ёстой байсан юм. Чамд хангалттай мөнгө өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь юу гэсэн үг вэ анхнаасаа 3 сая төгрөгөөр ажиллуулна гэж тохиролцчихоод гэж хэлсэн чинь Х.Г  намайг 2 удаа алгадаад, миний гуя, элэг рүү өшиглөсөн. Тэгснээ намайг зайл гээд миний хувцастай цүнхийг гэрээс гаргаж шидээд байсан. Тэгэхээр нь би гэрээс гарсан. Тэгсэн чинь Х.Г  намайг алгадахаар нь би хажуудаа байсан нарийн төмрийг бариад Х.Г гийн 2 гарын шуун дээр нь нэг удаа цохиод авахад Г.Б  голоор орж ирээд боль гээд миний гарт байсан төмрийг булааж аваад салгасан. Дахиж зодоон болоогүй. /хх-ийн 33-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 08-р хуудас/

Хохирол төлбөрийн талаарх баримт /хх-ийн 64-65-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б  нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 10-11 хооронд Өмнөговь аймаг Даланзадгад сум, 6 дугаар баг, Нисэхийн 3-3 тоот хашаанд иргэн Х.Г тай маргалдан төмрөөр 2 гар руу нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Г гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 05 дугаар сарын 28-ны өдрийн 317 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Х.Г гийн биед баруун бугалга, баруун тохой зүүн шуунд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй /хх-ийн 25-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Г гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба энэхүү гэмтэлтэй холбогдуулан хохирогч нь шүүгдэгчээс “...Улаанбаатар хот руу явчихаад эргэж дуудагдан ирж байгаа зардлаа нэхэмжилнэ” гэх мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн ба шүүх хавтаст хэрэгт хохирогчийн гарган өгсөн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шинжлэн судлаад хохирогчийн Улаанбаатар хотоос ирж уг хэрэгт мэдүүлэг өгсөн зардлын баримтууд болон эмчилгээтэй холбоотой баримтууд нийт 413.850 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж, шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол төлбөрт 413.850 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Г д олгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлж байна.

Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргав.

Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нь улсын яллагчийн санал болгосон ялын хэмжээг хүлээн зөвшөөрч тохиролцсон хэмжээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Б д холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 49 см урттай, 4 см өргөнтэй төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Б  нь бусдад 413.850 төгрөгийн төлөх төлбөртэй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8,  9 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Их мэргэд овгийн Д.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Д.Б  нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 49 см урттай, 4 см өргөнтэй төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар шүүгдэгч Д.Б оос гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 413.850 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Г  /Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 4-р хороо, ................. тоотод оршин суух, РД:..................../-д олгосугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д  зааснаар шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 413.850 төгрөгийн төлбөртэй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Д.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ДЭЛГЭРМАА