Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 201/МА2025/00006

 

******* нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч Г.Уртнасан, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 138/ШШ2024/01090 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, ******* нарт холбогдох

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 8 009 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч С.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Д.Галтогтох, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Бид 2024 оны улсын баяр наадмаар буюу 07 сарын 06, 10, 11-ний өдрүүдэд хамтарч хоолон гэр ажиллуулж хуушуур хийж зарсан. Борлуулалтын ашгийг тэнцүү хувааж авахаар аман гэрээ байгуулж ажилласан. Гэтэл ******* нь баяр наадмын дараа орлого зарлагын тооцоог тулгасан зүйл байхгүйгээр надад 1 713 660 төгрөгийг өгөхөөр нь би авахгүй гэж хэлээд явсан. 2024 оны 07 сарын 15-ны өдөр ******* миний данс руу 1,830,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Нөхөр бид хоёр *******, ******* нарт итгээд бүх данс тооцоог шилжүүлж, данс тооцоог ******* л барьж ажилласан. Би *******д хуушуурын тооцоог махны граммаар тооцох хэрэгтэй гэхэд их ажлын хажуугаар юун хуушуур тоолох вэ" гээд уурлаад байсан. Бид хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд гэр, газ, тогоо, ширээ, сандал, портер машин, приүс-30 машиныг хүргэлтээр ажиллуулж, нэг үхэр, нэг ямаа гаргасан болно. Миний бодлоор 1 кг махнаас 30 ширхэг хуушуур хийж болохоор байсан. Гэтэл ******* 1 кг махнаас 22 ширхэг хуушуур хийнэ гэсэн тооцоог гаргасан байсан. Иймд хариуцагч *******, ******* нараас 8 009 500 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай хоёр гэр бүл хамтран 2024 оны 7 сард наадмаар гэрийн хуушуур хийж борлуулж байсан. ... Бид 3 өдөр хамтран ажилласан ба нэхэмжлэгч нар нь Баянтүмэн суманд ажилласан хуушуурын ашгийг өгөөгүй гэж маргажээ. Би тэдэнтэй тооцоо бодохдоо нийт 3 өдрийн ажлын орлого, зарлага, ашиг гээд бүх тооцоог бодож, танилцуулж өөрт нь харин ч өөрөөсөө илүү ашиг өгсөн.

...Бид нар 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 1, 1 ямааны шулсан махаа нийлүүлээд хуушуур хийж зараад нийт 1 265 000 төгрөгийн ашиг олсон. Ингээд бид нар ярилцаад дахин 2024 оны 07 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд хоолон гэр ажиллуулж бөөрөнхий хуушуур хийж зарахаар болж дээрх 1 265 000 төгрөгөөр бараа материалаа авсан. 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр асар, эсгий гэрээ хурааж байх үедээ би ******* эгчид данс, пос, бэлэн мөнгөнийхөө тооцоог харуулаад өөрийнх нь дэвтэр дээр нь хуулж бичүүлээд бэлэн мөнгө авах уу? гэхэд эгч нь бэлэн мөнгө авахгүй, дансаар авна гэж хэлсэн. Би бодохдоо данс тооцоогоо тулаад ойлгочихлоо гэж бодсон. Нэг өдөр ******* эгчийн төрсөн дүү ******* над руу залгаад миний ах, эгч хоёр чамд хулхидуулсан байна гэж хэлсэн. Би бүх данс тооцоогоо аваад С.Энхэцэцэг, ******* ахтай уулзсан боловч ойлголцож чадахгүй маргаан үүссэн. Би бүх нотлох баримтыг нарийвчлан гаргасан. Би ******* эгчийн чанасан цайг нь хүртэл зараад мөнгийг нь шилжүүлсэн. Би наадмын хоёр дахь өдөр хуушуурын борлуулалт муу байдаг гэдгийг мэдэхгүйгээр хүнээс мах авсан. Гэхдээ хийсэн хуушуураа өөрийн хүү болон *******ын хүү хоёроор хүргэлтээр зарж байж 800 000 төгрөгийн орлого олсон гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т зааснаар хариуцагч *******, ******* нараас 725 535 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 283 965 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 143 102 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 21 962 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгож шийдвэрлэжээ.

 4. Хариуцагч, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын давж заалдах гомдлын агуулга: ... Шүүх шийдвэрийн үндэслэлээ Талууд 1 кг махаар хэдэн хуушуур хийдэг талаар нэгдсэн байдалд хүрэхгүй байх тул зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг үнэлээд 1 кг махнаас дунджаар 27 ширхэг хуушуур гарахаар тооцоолж хэргийг шийдвэрлэлээ. гэжээ.

Гэхдээ шүүх яагаад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байхад хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ хариуцагчийн нотлох баримтыг үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн тайлбарыг нотолгоогүйгээр дундажлаж тооцов. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй байхад шүүх үндэслэлгүйгээр 1 кг махнаас 30 хуушуур гардаг гэх амаар гаргасан тайлбарыг нотолгоо болгов гэдэгт эргэлзэж байна. Ингэснээр хамтран ажилласан бидний хувьд ашгаа тэнцүү хувааж авах байтал өөрөөсөө ороогүй байсан орлогыг хувааж нэхэмжлэгч нар үндэслэлгүйгээр хөрөнгөжих шударга бус байдалд хүргэлээ. Хэрэв бидний татгалзаж байгаа үндэслэлийг нотлох баримт хангалтгүй гэж үнэлсэн бол шийдвэртээ дурьдах ёстой. Гэтэл миний гаргаж өгсөн нотлох баримтыг шүүх үнэлсэн гэх хэрнээ энэ нотлох баримтаас хальж нотлох нотолгоогүй хуушуурын тоог нэмж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэх, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна. Ингэснээр шүүхийн шийдвэр буруу гарах болсон гэж дүгнэж байна.

Хариу тайлбартаа хамтран ажилласан бүхий л үйл баримтаа нотлох баримтын хамт гаргаж өгсөн. Хэрвээ *******, ******* хоёр данс тооцоо хариуцсан бол данс тооцоо хөтлөх бүү хэл А зэрэглэлийн газар олох, орчин нөхцлийг бий болгож чадахгүй. Хүн өөрөө өөрийнхөө хэмжээний ажлаа л хийсэн. Би хийсэн ажлаа шударгаар хийсэн. Огт оролцоогүй хүний үгээр нэхэмжлэгч нар болон дүү нь зарга үүсгэн надаас мөнгө нэхэж дарамталж эхэлсэн. Тиймээс би шударга үнэн дийлдэг бол хууль дүрмээр нь шийдүүлье, дарамтлаад байгаа хүмүүст хичнээн тайлбарлаад нотлох гээд нэмэргүй юм гээд орхисон.

Түүний нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлага ч ойлгомжгүй юугаа ч мэдэхгүй байдалтай байсан. Би бүх данс тооцоо, бэлэн мөнгө, зарлага, орлогын баримтуудаа гаргасан. Үүнийг үгүйсгэсэн нотлох баримтаа нэхэмжлэгч талаас гаргаагүй. Тооцоо нийлэхээр очихдоо бэлэн мөнгөний орлого 1 470 000 байгааг шууд өгөөд дээрээс нь үлдэгдэл зөрүү ашгийг дансаар шилжүүлье гэж байхад би задгай бэлэн мөнгө аваад яахав дансаар авья гэснээр би 1 975 000 төгрөг шилжүүлсэн. Ер нь бэлэн мөнгөний орлогоо орой болгон хамт тоолж цэгцэлж байсан. Энэ мөнгийг ******* өөрөө тоолдог байсан. Тэгэхээр миний гаргаж өгсөн баримт, банкны хуулга, пос машины орлого гэхчлэн дансны орлого ямар нэг зөрүүгүй, бэлэн мөнгөний орлого бүгд хяналттай тоолж тэмдэглээд авсан.

Түүн дээр зөрүүгүй байхад шүүхээс гол үндэслэл болсон нийт орлого орсон байдлыг шүүхээс илүүтэй хуушуур илүү тооцсон амаар гаргасан тайлбарыг үндэслэсэн нь буруу юм. Хуушуураа 1 кг махнаас 30 гардаг гэдгээ нотлох ёстой байсан. Энэ тоогоор гарлаа гэхэд бидний орлого тэр хэмжээгээр нэмэгдэнэ. Гэтэл орлого бүхий л талаараа баримттай байгаа нь 30 хуушуур гарсан болохыг үгүйсгэж байна. Манай хуушуур сайн борлуулалттай байсан. Мах сайтай, амт сайтай, цэвэрхэн орчинтой, А зэрэглэлийн газарт хуушуураа зарж борлуулах эрхийг авсандаа л илүү ашигтай ажилласан гэж үзэж байгаа. 2 хоногийн дотор илүүдэл бараатайгаа нийлүүлээд хүн тус бүр 2 сая төгрөгний ашиг гэдэг амжилт гэж үзэж би баярлаж байгаа. Зүгээр гэртээ байсан бол бидэнд ийм мөнгө хэн ч өгөхгүй. Урьд нь ч бид хамтран ажиллахдаа би тооцоогоо бариад тайлагнаад ашгаа хуваагаад л ямар ч асуудал гарч байгаагүй. Энэ жил гэнэт л ашиг их олдог, их олох ёстой гэсэн муйхар хийж үзээгүй хүний үг үйлдлээр нэхэмжлэгч нар маргаан үүсгэсэн. Бид хийсэн ажил, хуваарилах ёстой шиг ашгаа ямар ч илүү дутуу гэхгүй шударгаар хуваасан. Харин ч бид 2 дутуу авсан хэдий ч үүнийгээ дутуу ч гэж бодоогүй. Ганц ямаа гаргачихаад тэрийгээ хэдэн саяын ашиг олно гэж нэхэмжилж байгаа юм. Нэхэмжлэгч нарын гаргасан үхрийг бид өөрсдөө орлогын мөнгөөрөө авсан. Цайны сүүг хүртэл цай болгоод эргүүлээд цайны мөнгийг нь тооцохгүй өгсөн. Би ажиллах хүч олноор оролцуулж намайг дэмжсэн тэд маань цалин хөлс аваагүй хэдэн хоол ундаагаар хөлс хүчээ гаргаж бидэнд ашиг орлого бий болгож өгсөн. Ширээ сандал, асар майхан, аяга таваг гэх мэт зүйлээ би бас нийлүүлсэн. Адилхан л байгаа байгаагаа гаргая гээд бид дутуу юмгүй болгож ажлаа эхлүүлсэн.

Шүүх шийдвэрээ гаргахдаа бидний хамтран ажиллахдаа олоогүй орлогыг тооцож ашиг хуваарилах болсноор шударга байдал алдагдаж миний бие илүүтэй хохирох үндэслэл боллоо. Хамтран ажиллах гэрээ ашиг, алдагдлаа адилхан үүрч хуваах ёстой. Гэтэл хий хуушуурын тоо нэмснээр би ашиг муутай, нэхэмжлэгч нар илүү өндөр ашигтай болсон.

Хэрэв бидний хийсэн хуушуур 1 кг махнаас үнэхээр 30 гарсан гэдэг нь үнэн бол орлого тэр хэмжээгээр нэмэгдэнэ. Орлого зарлагаа гаргаад өгсөн тэрийг шүүхээс үйгүсгээгүй бол тэрнээс давсан орлого тооцож хуваарилах нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, үйл баримтыг нотлох баримтгүйгээр хальж шийдвэрлэсэн, нэхэмжлэгч нотлох үүргээ биелүүлээгүй байхад түүний шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон тул анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлтэй, хариуцагч *******, ******* нарт холбогдох хамтран ажиллах гэрээний үүрэгт 8 009 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

3. Нэхэмжлэгч нар нь үйл ажиллагаанаас олсон орлого болох 8 009 500 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэжээ.

Нэхэмжлэгч нь 1 килограмм махнаас 30 ширхэг хуушуур, хариуцагч 1 килограмм махнаас 22 ширхэг хуушуур гарна, үүнээс цэвэр ашигаа тооцно гэж маргаж байгаа боловч хэн аль нь дээрх нөхцөл байдлаа нотолж чадаагүй болно.

Иймд хариуцагч талын гаргасан нотлох баримтуудыг үндэслэн нийт олсон орлогоос нийт зарлагыг хасаж нэг этгээдэд ноогдох ашгийг тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь 9 235 066 төгрөгийн орлого олсон гэдгийг үгүйсгэсэн, няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Нийт зардал 5 089 681 төгрөгөөс нэхэмжлэлийн өөрөөс гаргасан гэх 127 620 төгрөгийг хасч нийт зардалыг 4 962 061 төгрөг гэж үзлээ. Нэг хүнд ногдох ашиг нь 2 136 502 төгрөг болох бөгөөд хариуцагчийн төлсөн 1 973 660 төгрөгийг хасч 162 842 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 846 658 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

5. Хариуцагч нь нийт орлогоос өөрсдөө хуваан авсан барааны үнэ 169 592 төгрөг, дэлгүүрт буцаан өгсөн барааны үнэ 121 500 төгрөг, бусад зардал 557 000 төгрөгийг тус тус зардалд тооцон хассан нь үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 сарын 19-ний өдрийн 138/ШШ2024/01090 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...725 535... гэснийг 162 842, ...7 283 965... гэснийг 7 846 658... гэж,

2 дахь заалтын ...57 дугаар зүйлийн 57.1 гэснийг ...56 дугаар зүйлийн 56.2 гэж, ...21 962 ... гэснийг ...5535... гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 963 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар энэхүү магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй ба шүүхийн эцсийн шийдвэр болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ

ШҮҮГЧИД Г.УРТНАСАН

С.ГАНЧИМЭГ