Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 90

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Наранцацрал,

Гэрч: Ц.О ,

Шүүгдэгч, хохирогч: Д.Н , С.О   

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

   Өмнөговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халзангууд овгийн Д.Н , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сармай овгийн С.О   нарт холбогдох 1928000880081 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 26-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн Ханхонгор суманд 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамтаар Өмнөговь аймаг, Ханхонгор сум, Жаргалант багийн .................. гэх газарт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Халзангууд овгийн Д.Н , регистрийн дугаар ..............;

Монгол Улсын иргэн, Өмнөговь аймаг Ханхонгор суманд 1971 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, эмэгтэй, 48 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, Өмнөговь аймаг, Ханхонгор сум, Жаргалант баг, .................. гэх газар оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Сармай овгийн С.О  , регистрийн дугаар ...............;

Шүүгдэгч С.О   нь 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сум, ................гэх газарт Д.Н  руу чулуу шидэж дух хэсэгт оносны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Д.Н  нь 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ................гэх газарт таягаар С.О  ийн зүүн, баруун гарын шуунд цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Шүүгдэгч С.О   шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би хонио хариулаад явж байхад төл айлын малтай нийлэх гээд байхаар нь дундуур нь орж 2 тийш нь эргүүлчихээд зогсож байхад Д.Н  нөхөртэйгөө давхиж ирээд учиргүй загнаад унахаар нь би хүнтэй хэрэлддэг хүн биш ингээд төлөө зөрүүлчихдэг юм гэж хэлсэн. Тэгсэн учиргүй төл элдээд явсан тэгэхээр нь би хонийг нь зөөлөн туугаад явж байхад ардаас давхиж ирээд дайрч унагаачихаад явсан. Унах үед мотоциклийн банк онгойгоод бензин гоожихоор нь би мотоциклоо босгосон. Тэгсэн өөдөөс шороо цацаад таягаар зодсон. Мотоциклоос ойчоод би хүн аллаа ш дээ гэхэд огт тоогоогүй. Удалгүй намайг хэвтэж байхад хонио хажуугаар тууж явахдаа үхээч ээ, үхэхгүй юугаа хийж байгаа юм бэ гээд хашхираад байсан.

            Шүүгдэгч Д.Н  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Манайх зүүнтэй бууцтай. Гэхдээ тэнд мал идэх юмгүй болсон. Тэгээд өөрийн мэдлийн хондон дээр нүүж ирсэн. Манайх бүх айл малаа бэлчээж дууссан дараа малаа бэлчээсэн. Гэхдээ С.О  ийн хурга бэлчээртээ гараагүй байсныг нь мэдээгүй. Нэг мэдсэн мал зүүн тийшээ тууж байсан. Тэгээд нөхөр бид 2 очоод зогс яагаад бэлчээртээ явж байгаа малыг элдээд байгаа юм бэ? гэж хэлээд та манай малыг элдэж болдог юм бол би ч гэсэн танай малыг элдэнэ гээд хургыг нь туучихаад эргээд мал дээрээ ирээд зогс гэсэн зогсоогүй. Бид дайрч унагаасан зүйл байхгүй. Мотоциклийн урд дугуй шүргэсэн чинь сайран дээр ойчсон. Шороогоор булсан чинь манай нөхрийн толгой дээр буусан.

Гэрч Ц.О  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Бид хоёр давхиж очсон. Мал битгий элдээд бай гээд араас нь дагасан чинь болихгүй мал бөөгнүүлээд байсан. Энэ хүний унаж явсан мотоциклийнх нь хойд дугуй нь миний унаж явсан мотоциклийн дугуй хавиралдаад бид нар бүгд унасан. Энэ 2 буугаад шороо цацалцаад байсан.  Би дунд нь хорьж байгаад явах гэсэн С.О   2 удаа чулуу шидсэн. Гэхдээ яг цохьсоныг нь би хараагүй.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.О   мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Д.Н  нь миний барьж байсан таягийг маань аваад миний толгой хэсэг рүү цохих гэтэл би гараараа хамгаалахад миний гарын шуу хэсэг рүү олон удаа цохьсон. Тэр үед би таягаа булааж авах гэтэл надад өгөөгүй. Намайг дахин гар хэсэг рүү цохьсон. Мөн шороо  аваад цацаад байсан. Тэгээд тэр 2 яваад өгсөн. Нөхөр нь бол намайг цохиж зодсон зүйл байхгүй. Гэхдээ зодох гэж байгаа юм шиг миний урдаас дайраад байсан. Мөн хараагаад л байсан. Тэгээд тэр 2 яваад өгсөн. Би босож чадахгүй хэвтэж байтал хажуугаар мотоцикльтойгоо явахдаа үхээгүй юм уу үхээч ээ гээд инээлдээд байсан. Одоогийн байдлаар 870.000 төгрөгийн хохирол учирсан. Хохирол мөнгөө өгвөл гомдол санал байхгүй /хх-ийн 17-18-р хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Н  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Миний бие Ханхонгор сумын Жаргалант баг ................... гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өвөлжөөндөө ирж буусан ба 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн өглөө малаа бэлчээгээд явуулсан. Тэгтэл манай урдхан амьдардаг С.О   гэгч хүүхэн манай малыг мотоциклиор элдэж байгаа харагдахаар нь би нөхөр Ц.О ы хамтаар очоод С.О  т хандаж та битгий мал элдээд бай гэж хэлсэн. Тэгээд С.О   цаашаа яваад манай нялх төлтэй малыг цааш нь мотоциклиороо элдээд явахаар нь бид хоёр мотоциклиороо очоод арын дугуй хэсэг рүү хавираад бид гурав газар унасан. Бид гурав зэрэг босоод мотоциклио босгоод зогссон ба С.О   рүү газраас шороо авч шидсэн. С.О   ч миний урдаас мөн адил шороо авч шидсэн. Бид хоёрын голд манай нөхөр салгахаар зогсож байсан. С.О   гарт байсан модон таягаа аваад над руу далайхаар нь би үзүүрээс нь барьж аваад бид хоёр булаацалдаж байгаад би таягийг нь булааж аваад С.О  ийн гарын шуу хэсэгт 1 удаа цохиод авсан. Тэгээд бид хоёр явахаар болоход С.О   газраас чулуу аваад шидэхэд миний зүүн нүдний дээд талд оносон. Бид хоёр тэгээд яваад өгсөн. Би эмнэлгийн байгууллагаар ахин явах хүсэлтэй байгаа. Эмч удаан хугацааны дараа нүд чинь сохрох магадлалтай гэж хэлсэн. Би гомдолтой байгаа. Эмчилгээний зардал болон хойшид гарах хохирлыг нэхэмжилнэ. Одоо нийт гарсан зардал болох 283.100 төгрөгийг нэхэмжилж байна. /хх-ийн 14-15-р хуудас/

Гэрч Ц.О  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...С.О   өөрийнхөө мал болон манай малын хооронд зогсож байгаад манай хонийг зүүн тийш нь мотоциклиороо хөөж байгаа харагдсан. Тэгээд би эхнэрийн хамт очоод уулзахад хургаа авч үлдэх гээд танай малыг зүүн тийш нь элдчихлээ гэсэн. Тэгвэл би танай малыг элдье гэхэд тэгвэл би танай малыг туучихъя гэхээр нь би уур хүрээд хургыг нь буцааж туусан. Та яах гээд мал туугаад байгаа юм бэ гэхэд юу ч дуугарахгүй байхаар нь араас нь мотоциклиороо очоод арын дугуй руу нь хавираад бид 3 мотоциклиосоо унасан. Манай эхнэр Д.Н , С.О   нар нь урд урдаасаа шороо шидэлцээд эхэлсэн ба би яг дунд нь зогсож байсан. С.О   таягаараа далайсан. Манай эхнэр шилбүүр бариад нэг нэг рүүгээ далайлцаад байсан. Таягийг нь булааж авахаар булаацалдаж байгаад голоор нь хугалсан. Тэгээд бид хоёр мал руугаа явсан. /хх-ийн 22-23-р хуудас/

Шинжээч С.Шүрцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: С.О  ийг үзэж 253 тоот дүгнэлтийг гаргасан. Хүний биед учирсан зулгаралт, цус хуралт гэмтэл нь биеийн гадаргуугийн нэг хувиас дээш талбайтай бол гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэсэн шалгуур шинжээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулдаг. Баруун шуу зүүн шуунд үүссэн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэсэн шалгуур шинжээр гэмтлийн гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн гуяны цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй юм. Шинжээч томилсон тогтоолын хамт амбулаториор эмчлүүлэгчдийн карт, компьютер томограффикийн шинжилгээний хариу зэрэг эмнэлгийн бичиг баримт ирүүлсэнтэй танилцан дүгнэлтээ гаргасан. /хх-ийн 29-30-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 253 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.О  ийн биед баруун, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 32-33-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 328 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.Н ын биед тархины доргилт, зүүн нүдний зовхины цус хуралт, салстын цус харвалт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 37-38-р хуудас/

Шүүгдэгч Д.Н  мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Миний бие Ханхонгор сумын Жаргалант баг ................гэх газарт 2019 оны 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өвөлжөөндөө ирж буусан ба 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн өглөө малаа бэлчээгээд явуулсан. Тэгтэл манай урдхан амьдардаг С.О   гэгч хүүхэн манай малыг мотоциклиор элдэж байгаа харагдахаар нь би нөхөр Ц.О ы хамтаар очоод С.О  т хандаж та битгий мал элдээд бай гэж би хэлсэн. Тэгээд С.О   цаашаа яваад манай нялх төлтэй малыг цааш нь мотоциклиороо элдээд явахаар нь бид хоёр мотоциклиороо очоод арын дугуй хэсэг рүү нь хавираад бид гурав газар унасан. Бид гурав зэрэг босоод мотоциклио босгоод би С.О   рүү газраас шороо авч шидсэн ба бид хоёрын голд манай нөхөр зогсож байсан. С.О   мөн адил шороо авч шидсэн. Голд зогсож байсан нөхрийг оносон байх. С.О   нь хэрүүл хийж байх үедээ таягаа аваад над руу далайхаар нь би үзүүрээс нь барьж аваад бид хоёр булаацалдаж байгаад би таягийг нь булааж аваад С.О  ийн гарын шуу хэсэгт 1 удаа цохиод авсан. Тэгээд бид хоёр явахаар болоход С.О   урдаас чулуу аваад шидэхэд миний зүүн нүдний дээд талд оносон. Тэгээд бид хоёр яваад өгсөн. Таягаар нэг л удаа цохьсон. Өөр цохиж зодсон зүйл нөхөр бид хоёрын хувьд байхгүй. /хх-ийн 50-51-р хуудас/

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07-р хуудас/

Хохирол төлбөр нэхэмжилсэн талаарх баримт /хх-ийн 83-91, 108-113-р хуудас/

Хохирол төлбөр төлсөн талаарх баримт /хх-ийн 117-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч С.О   нь 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сум, ................гэх газарт Д.Н  руу чулуу шидэж дух хэсэгт чулуугаар цохьсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч С.О  ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Н ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 328 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.Н ын биед тархины доргилт, зүүн нүдний зовхины цус хуралт, салстын цус харвалт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцелд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 37-38-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

   Шүүгдэгч С.О  ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Н ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Гомдолтой байна. С.О  ээс 421.700 төгрөг нэхэмжилж байна. Хараа муудаж байгаа тул цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэх мэдүүлэг өгсөн боловч хавтаст хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нотлох баримтаар 243.400 төгрөгийн дүн бүхий баримтыг гаргаж өгсөн байх ба хохирогчид эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах буюу хөнгөн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүх хавтаст хэрэгт хохирогчийн гарган өгсөн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шинжлэн судлаад 96.150 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж, шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол төлбөрт 96.150 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Н од олгохоор шийдвэрлэж, хохирогч Д.Н ын нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 147.250 төгрөгийн  иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь уг гэмт хэрэг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр үйлдэгдсэн ба хохирогч Д.Н ын хавтаст хэрэгт ирүүлсэн хохирол төлбөрийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шатахууны баримтуудын огноо нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаатай он сарын хувьд зөрүүтэй байх тул шүүх нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэв.

          Шүүгдэгч С.О   нь шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг шүүх хуралдаанд завсарлага авч хохирогчид төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл бий болов.

        Мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Н  нь 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ................гэх газарт таягаар С.О  ийн зүүн, баруун гарын шуунд цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Н ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.О  ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 253 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.О  ийн биед баруун, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4,1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 32-33-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Н ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.О  ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Нийт гарсан эмчилгээний зардал, өмгөөлөгчийн хөлс 871.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг өгсөн ба шүүх хавтаст хэрэгт хохирогчийн гарган өгсөн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шинжлэн судлаад 371.038 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж, шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол төлбөрт 371.038 төгрөгийг гаргуулан хохирогч С.О  т олгохоор шийдвэрлэж, хохирогч С.О  ийн нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 500.000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.О   нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой гарсан эмчилгээний зардлын талаарх баримт 371.838 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн байх ба өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөгийг шүүгдэгч Д.Н оос мөн нэхэмжилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх чөлөөнд... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно, мөн зүйлийн 2 дахь хэсэгт ...хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж тус тус тодорхойлжээ.

Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч С.О  ийн нэхэмжлэлээс эмчилгээний зардалтай холбоотой 371.038 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж шүүгдэгчээс гаргуулан олгохоор шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөр 500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Шүүгдэгч Д.Н  нь шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг шүүх хуралдаанд түр завсарлага авч хохирогчид төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл бий болов.

          Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О  , Д.Н  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын санал гаргав.

          Шүүгдэгч С.О  , Д.Н  нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй байдал болон шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н од 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О  т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

         Шүүгдэгч С.О  , Д.Н  нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Халзангууд овгийн Д.Н ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Сармай овгийн С.О  ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н од 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.О  т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н од оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч С.О  т оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд тус тус биелүүлэхийг даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н , С.О   нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар шүүгдэгч Д.Н оос гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 371.038 /гурван зуун далан нэгэн мянга гучин найм/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч С.О  т, шүүгдэгч С.О  ээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 96.150 /ерэн зургаан мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Н од тус тус олгосон ба хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Н ын 147.250 төгрөгийн, С.О  ийн 500.000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н , С.О   нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н , С.О   нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                         Т.ДЭЛГЭРМАА