Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 92

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: А.Ю ,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

            Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн А.Ю д холбогдох 1928000000085 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Өмнөговь аймаг ...................... гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овгийн А.Ю , регистрийн дугаар .......................,

Шүүгдэгч А овогтой А.Ю  нь 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын .................. гэх газарт Н овогтой Н.Д г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.Ю г яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Ю  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Гэрээсээ гараад бэлчээр рүү чөдөртэй даагаа авах гээд явж байхад бэлчээрээс Н.Д  над руу ирсэн. Хүрч ирээд дааган дээр чинь хүргэж өгье гэсэн. Би мотоцикль дээр байхад нь нүүр рүү нь нэг цохьсон. Урд өдөр нь ээж ганцаараа яриад уйлаад унтуулахгүй байсан. Тэгээд жоохон ууртай байсан юм. Мотоциклоос нь унагаад нэг мэдсэн зодож байсан. Тэгээд болиод даага руугаа явсан.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Н.Д  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 сарын 06-ны өдөр Гурвантэс сумын тост багийн Шаваг гэх газарт хонио хариулаад мотоцикльтой явж байсан юм. Манай хонины хажууд өрөөлтэй даага байж байсан. Тэгэхэд манай доод айлаас нэг хүн ганцаараа даага руу алхаж байгаа харагдсан. Би тэгэхээр нь амдаж мотоцикльтойгоо очиход А.Ю  байсан. Би очоод араар суучих дааган дээр чинь хүргээд өгье гэж хэлсэн. Тэгэхэд надаас даага хаана байна гэж асуухаар нь би манай хонины хажууд байсан гэж хэлэхэд үгийн зөрүүгүй миний нүүр рүү гараараа цохьсон. Тэгээд намайг мотоцикль дээрээ сууж байхад 2 удаа нүүр рүү цохьсон. Дахиад цохиод байхаар нь би мотоциклиосоо буухад намайг газар унагааж байгаад нүүр рүү л цохиод байсан. Миний өмсөж явсан цамцны малгайнаас татаж барьж байгаад гараараа миний нүүр рүү үргэлжлүүлээд цохиод байсан. Миний аманд цус амтагдаад аманд цус бөөгнөрөөд байхаар нь би газар руу аманд байсан цусаа хаяхад үхсэндээ нулимаад байгаа юм гээд дахиад хэд хэдэн удаа миний нүүр рүү цохьсон. Нутгийн нэр гутаасан энэ тэр гээд амандаа үглээд байсан. Тэгээд А.Ю  намайг зодож байгаад больчихсон. Тэгэхээр нь би мотоциклио унаад гэр рүүгээ явсан. Миний толгой дүүрч өвдөөд байгаа. Нүдний хавдар бүрэн буугаагүй. Санал гомдол гэх зүйл байхгүй. Эмчилгээний зардал 500.000 төгрөгийг гаргуулж авмаар байна. /хх-ийн 06-07-р хуудас/

Гэрч Б.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 сарын 06-ны өдөр Н.Д  гэх хүний охин гээд нэг эмэгтэй сумын эмнэлэгт өөрөө ирээд манай аав Н.Д  гэх хүнийг хөдөө Тост багийн нутаг Шаваг гэх газарт хонины бэлчээрт нь хүн зодсон байна гэж хэлсэн. Тэгээд Цагдаагийн тасагт гомдол мэдээллийг дамжуулж хэлээд дуудлаганд явж ажилласан. Уг хүн дээр очиход Н.Д гийн биеийн ерөнхий байдал дунд, нүүрс нүд, зовхи, хамар тэгширч хавдсан. Зүүн талын шанаа хэсэг бага зэргийн зулгаралттай, зүүн чихний дэлбээнд язарсан шархтай, баруун талын хөмсөг бага зэрэг язарсан шархтай байсан. Уг хүний цус бохирдсон хэсгийг цэвэрлэж ерөнхий үзлэг хийхэд биеийн бусад хэсэгт гэмтэл шарх байгаагүй. Толгойн дагз хуйх хэсэгт ямар нэгэн гэмтэл шарх байхгүй хаван хавдаргүй байсан. Уг хүнийг сумын эмнэлэг рүү хэвтэн эмчлүүлэхээр авч явсан. /хх-ийн 12-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 364 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Н.Д гийн биед зүүн чихэнд шарх, нүүр, хоёр нүдний дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 17-р хуудас/

Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шүүх сэтгэцийн дүгнэлтэд: Шинжлүүлэгч А.Ю  нь ямар нэг өвчингүй эрүүл. Хэрэг хариуцах чадвартай. Болсон байдлыг зөв тусган авч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай /хх-ийн 26-р хуудас/

Шүүгдэгч А.Ю  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: Би тухайн үед ууртай явж байсан. Яагаад Н.Д г зодсоноо мэдэхгүй байна. Нэг мэдэхэд мотоциклиос нь буулгачихсан зодож байна. Би яг хэдэн удаа цохисноо мэдэхгүй байна. Ямар ч байсан толгой нүүр рүү нь нэлээд хэдэн удаа цохьсон. Надаас эмчилгээний зардлаа нэхэмжилж байгаа. Би тэрийг нь төлж барагдуулна /хх-ийн 35-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/

Иргэд хоорондын Эвлэрлийн гэрээ /хх-ийн 42-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Ю  нь 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн Шаваг гэх газарт Насанжаргал овогтой Н.Д г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Н.Д гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 364 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Н.Н.Д гийн биед зүүн чихэнд шарх, нүүр, хоёр нүдний дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 17-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Д гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба энэхүү гэмтэлтэй холбогдуулан хохирогч нь шүүгдэгчээс “...Эмчилгээний зардал 1.000.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжилсэн байх ба шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 1.000.000 төлсөн болох нь Иргэд хоорондын Эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх тул шүүгдэгч А.Ю г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлж байна.

Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргав.

Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Ю  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ю д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8,  9 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Боржигон овгийн А.Ю г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ю д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч А.Ю  нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ю  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д  зааснаар шүүгдэгч А.Ю  нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Н.Д д гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 1.000.000 төгрөгийн төлсөн болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч А.Ю д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ДЭЛГЭРМАА