Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 201/МА2025/00008

 

*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай  

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 138/ШШ2024/01019 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн гомдолтой,

Хариуцагч Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-д холбогдох

Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 сарын 26-ны өдрийн Б/479 дугаартай тушаалыг хүчингүй болгож, бууруулсан үндсэн цалинг нөхөн олгохыг тус компанид даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар, хариуцагчийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Д.Галтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан гомдол, түүний үндэслэлийн агуулга: Нэг. Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний Б/442 дугаар тушаалаар ******* миний урд ажиллаж байсан ажлын байран дахь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, үүрэгт ажлаас чөлөөлж, улмаар надтай харилцан тохиролцохгүйгээр шууд Төлөвлөлт худалдах ажиллагааны хэлтсийн үйлдвэрлэлийн эдийн засагч ажлын байранд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгасан. Гүйцэтгэх захирлын энэхүү шийдвэр Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуульд нийцээгүй, ажилтны эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Үүний учир миний бие гүйцэтгэх захирлын энэхүү тушаалын холбогдох хэсгийг эс зөвшөөрч компанийн Хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гомдол гаргасан. Хөдөлмөрийн тухай Монгол Услын хуулийг зөрчин томилсон шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байхад албадан ажиллахыг шаардаж, улмаар үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй, ажлын байрны тохиолдолд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь хуульд нийцэхгүй, ажилтны эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл.

Хоёр: Төрийн өмчит хувьцаат компанийн бизнес төлөвлөгөө /техник, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, хөрөнгө оруулалт их засвар, техник зохион байгуулалтын төлөвлөгөө/ гэдэг нь шууд хэдэн тоог нийлүүлээд бэлэн болгодог зүйл биш. Учир нь бизнес төлөвлөгөөг судалгаа, шинжилгээтэй, тооцоотой, нээлттэй ил тод эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомж, үйлдвэрийн хүчин чадал, дотоод, гадаад орчны нөлөөлөл зэрэгт тулгуурлан борлуулалтын орлого, өртөг зардлыг нарийн урт хугацаатай хийн бодитой үндэслэлтэй боловсруулдаг.

2023 оны 05 дугаар сард болсон Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50МВт-аар өргөтгөх төсөл 2024 онд эхлэхтэй холбогдуулан хурал компанийн сургуулийн өрөөнд хийсэн. Тус хурлын талаарх ямар ч мэдээлэл өгөөгүй, тухайн үед 2024 оны зорилтот түвшин бизнес төлөвлөгөө яах уу гэж гүйцэтгэх удирдлагаас асуухад чиглэл, үүрэг даалгавар өгөөгүй.

Миний бие өөрийн ажлын байрны тодорхойлолтын дагуу өмнөх урьд жилүүдээс бизнес төлөвлөгөөг 8, 9 сараас эхлэн ирэх оны зорилтот түвшний төслөө хийх талаар гүйцэтгэх удирдлагаас чиглэл авч төлөвлөгөө боловсруулах график гарган батлуулан хийж эхэлдэг байсан. 2023 оны 08 дугаар сард ээлжийн амралтаа авч дуусаад гүйцэтгэх захиралтай уулзаж энэ талаар асуухад ...болоогүй, төлөвлөгөө тодотгож байгаа гэж хариулсан. Намайг 2023 оны 08 дугаар сард ээлжийн амралттай байх үед 2023 оны техник, эдийн засгийн үндсэн үзүүлэлт зорилтот түвшинг тодотгож, ТУЗ-өөр батлуулсан байсан. Гэвч энэ тухай надад огт хэлээгүй, гарсан тогтоол, шийдвэрийг өгөхгүй, танилцуулахгүй байж байгаад шилэн дансанд мэдээлэл оруулж тавих үедээ ХҮХ-ийн дарга *******аас мэдэж 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр танилцсан.

2023 оны 09 дүгээр сарын 12-нд ээлжийн амралтын дутуу хоногоо авах хүсэлтэй байгаа талаар гүйцэтгэх захиралд хэлэхээр ороод ...амралтын дутуу 8 хоногоо авъя гэхэд за гэж хэлээд өөр зүйл огт хэлж яриагүй. Тэгээд маргааш нь буюу 9 дүгээр сарын 13-нд ТУЗ-ийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор бүтцийн өөрчлөлт оруулах тухай мэдэгдлийг Захиргаа удирдлагын хэлтсийн дарга ******* надад өгсөн. Мэдэгдэл өгөөд дараа нь ямар албан тушаалд томилох боломжтой талаар огт танилцуулахгүй, танилцуулах шаардлагагүй гэж байгаа нь би цаашид ажиллахад тодорхойгүй, ойлгомжгүй, эс үйлдэхүй үзүүлсэн үйлдэл болоод явсаар л байсан. Гүйцэтгэх удирдлага намайг огт дуудаж уулзаагүй мөн өгсөн мэдэгдлийн хугацаа ч дууссан байсан. 2023 оны 10 дугаар сарын 2 дахь 7 хоногийн сүүлээр ЗУХ-ийн дарга ******* манай өрөөнд орж ирээд ...цалин нэмэгдэх тооцоолол гаргаж өгнө үү гэхэд нь 9 дүгээр сарын гүйцэтгэл баланс хаагаагүй, мөн тайлант оны 3 дугаар улирлын баланс гарах ёстой гарахаар нь гаргаад өгье гэсэн. Санхүү бүртгэлийн хэлтэс 9 дүгээр сарын гүйлгээ балансыг 10 дугаар сарын 19-нд хаасны дараа илүү цагаар сунган сууж 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр цалингийн тооцоолол хийгээд ЗУХ-ийн дарга *******д цаасаар өрөөнд нь оруулж өгсөн. Дараа нь ЗУХ-ийн дарга ******* гүйцэтгэх захиралд яаралтай цалингийн тооцооллын тайлбар хэрэгтэй байна, Төлөөлөн удирдан зөвлөл, ЭХЯамны төрийн нарийн бичгийн даргад танилцуулна гэж орж ирэхээр 3 дугаар улирлын ТЭЗҮ-ийн товч мэдээлэл, цалингийн зардлын гүйцэтгэл болон цалин нэмэгдүүлэх үндэслэл тооцооны саналыг тусган бичээд 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ЗУХ-ын дарга *******д телеграммаар өгсөн.

Миний бие төлөвлөлтийн менежерийн ажлын байрны тодорхойлолтоор Гүйцэтгэх захирлын шууд удирдлага доор ажиллаж үүрэг даалгавар чиглэл авч ажилладаг. Гэтэл ЗУХ-ийн дарга *******аар дамжуулж ажил үүрэг даалгавар өгч байсан. Ингээд 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэх захирал өрөөндөө дуудаж ...чи юу хийж байна, яагаад 2024 оны ажлын төлөвлөгөө хийхгүй байна гэж өндөр чанга дуугаар загнаж уурласан хариуд нь би мэдэгдэл авсан мөн 2024 оны ажлын төлөвлөгөөг хийх талаар таниас 6 дугаар сард, мөн 9 сард асуухад огт тэр талаар үүрэг даалгавар өгөөгүй, мөн ирэх оны төлөвлөгөөг 8, 9 сард хэрхэн хийх талаар ярилцаж ажлын төлөвлөгөө хугацаатай гарган батлуулж төлөвлөгөө хийж эхэлдэг. Одоо би 2-3 сар сууж хийдэг төлөвлөгөө шууд ийм богино хугацаанд хийж амжихгүй ямар ч үндэслэл тооцоо судалгаагүй төлөвлөгөө хийгдэх болно үүнээс гарах хариуцлага, эрсдлийг хэн хүлээх вэ? Өнгөрсөн жил 2023 оны бизнес төлөвлөгөөг /техник, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг/ 2023 оны 11 сарын 15-нд Төлөөлөн удирдах зөвлөлийн Аудитын хороонд танилцуулж хамгаалаад, ТУЗ-ийн хурлын хурлаар хэлэлцүүлэн Эрчим хүчний яаманд хүргүүлж батлуулсан. Өнөөдөр 11 дүгээр сарын 01-ний өдөр одоо би хоёр 7 хоногийн дотор 2-3 сар хийдэг бизнес төлөвлөгөөг яаж хийх юм бэ амжихгүй, өдөр шөнөгүй, ямар ч амралтгүйгээр яаж хийх юм гэхэд гүйцэтгэх захирал илүү цагаар ажлаад хий гэж тулган шаардаж, би тушаал гаргаж чамаар хийлгүүлнэ гэж дарамталсан. Компанийн гүйцэтгэх захирлын гаргаж буй энэ үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т заасан ажил олгогч хуулиар тогтоосон илүү цагийн дээд хэмжээг хэтрүүлэн ажиллахыг шаардсан тул төлөвлөгөө хийхээс миний бие татгалзсан.

... 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ерөнхий инженер өрөөндөө дуудаж ажлын хэсэг хуралдсан. Хурлын дараа ажлын хэсгийн нарийн бичиг Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга ******* бизнес төлөвлөгөө болосвруулах ажлын төлөвлөгөө өгсөн. Тус төлөвлөгөөний 8 дахь хэсэгт төлөвлөлтийн хэсэг нь гүйцэтгэх удирдлагын болон ТУЗ-ын зардал, харилцаа холбоо, албан томилолт, гадны үйлчилгээний хөлс болон бусад орлого зарлага, цалин НДШ зардал, ТЭЗҮ зорилтот түвшний төлөвлөгөө гэсэн ажлуудыг 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргаж өгөх жагсаалт өгсөн. Төлөвлөлтийн эдийн засагч ******* 2023 оны 11 дүгээр сарын 7-21-ний өдрийн хооронд өвчтэй байсан тул цалингийн төлөвлөгөө хийгдээгүй, мөн 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр ТУЗ-ын нарийн бичгийн дарга *******д ТУЗ-ын зардлын төлөвлөгөөний санлаа өгөхийг хэлсэн боловч надад өгөөгүй. Бусад томилолт, холбоо, удирдлага, гадны үйлчилгээ, үйл ажиллагааны бусад орлого зарлагыг бол хийсэн. Гэвч ажлын хэсгийн нарийн бичиг ******* надаас аваагүй. 2024 оны ТЭЗҮ-ийг нэгтгэх боломжгүй, төлөвлөгөө хийх ямар ч нөхцөл боломжоор хангаагүй, ирэх оны төлөвлөгөөг 2-3 сарын хугацаанд, үндэслэл тооцоолол судалгаатай, компанийн мөрдөж буй дүрэм журам, дээд шатны байгууллагын тогтоол шийдвэрүүдийг баримтлан боловсруулдаг. Тус төлөвлөгөөг миний бие сүүлийн 10 гаруй жил Төлөөлөн удирдах зөвлөл болон хувьцаа эзэмшигчдэд танилцуулан хамгаалж, төлөвлөгөө батлуулдаг. Ингэж санаатайгаар бага цаг хугацаатайгаар үүрэг даалгавар өгч үүнээс гарах сөрөг үр дагавар, хийх боломжгүй болтол тулган шаардаж байгаа нь миний эсрэг компанийн удирдлага болон удирдах албан тушаалтнууд үгсэн хуйвалдан үйлдэж буй хэрэг гэж үзэж байна. Энэ гаргаж буй үйлдлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн Монгол Улсын хуулийн суурь зарчим, Эрчим хүчний сайдын 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 196 дугаар тушаалаар баталсан Эрчим хүчний салбарын төрийн өмчит байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн 2.2.5, 2.2.6, 2.2.10, 2.2.26 дахь заалтуудыг зөрчиж ажилтан миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

Гурав: Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний Б/442 дугаар тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргасан цаг мөчөөс эхлэн байнга сэтгэл зүйн болон ажлын байрны дарамтыг үзүүлж байна. Олгох ёстой цалин, хөлсийг өгөхгүй байх, элдэв янзаар харааж загнаж байгаад харамсаж байна. Үүссэн нөхцөл байдалд зөв дүгнэлт өгөн хуулийг даган мөрдөж хуульд нийцсэн арга хэмжээ авахаас зайлсхийж байгаад харамсаж байна.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухай: *******ын ******* миний бие Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-тай үүссэн хөдөлмөрийн эрхийг маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр 2024 оны 03 сарын 18-ны өдөр Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс /цаашид маргаан таслах комисс гэх/-т гомдол гаргасан. Гомдлын дагуу 2024 оны 04 сарын 01-ний өдөр Маргаан таслах комиссын хурал болсон талууд зөвшилцөлд хүрээгүй. Маргаан таслах комиссын хурлын тэмдэглэлийг 2024 оны 04 сарын 09-ний өдөр гардаж авсан. Улмаар маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрч Дорнод аймгийн Хэрлэн сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024 оны 04 сарын 15-ны өдөр гаргасан. Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 04 сарын 25-ны өдөр Дорнод амйгийн Хэрлэн сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны худалдааны шийдвэр, тэмдэглэлийг 2024 оны 04 сарын 29-ний өдөр гардаж авсан.

Иймд гүйцэтгэх захирлын 2023 оны 12 сарын 26-ны өдрийн Б/479 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, бууруулсан үндсэн цалинг нөхөн олгохыг тус компанид даалгаж өгнө үү. гэжээ.

 2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн төлөвлөлтийн менежерээр ******* ажиллаж байсан.

Дорнод аймагт Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөж байгаатай холбогдуулан Компанийн 2024 оны бизнес төлөвлөгөөг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах ажлын хэсгийг Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/107 дугаар тушаалаар томилсон. Уг тушаалын дагуу ажлын хэсэг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 01 дугаартай хурлыг ирц бүрэн, 100 хувьтай хуралдсан. Энэ хурлаар тушаалаар томилогдсон ажлын хэсгийг танилцуулж, Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөж байгаатай холбогдуулан Компанийн 2024 оны бизнес төлөвлөгөөг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах тухай хэлэлцсэн бөгөөд хурлаас ажлын төлөвлөгөөг гарган яаралтай батлуулах, төлөвлөгөөний дагуу ажлын хэсгийн гишүүд цех, алба, хэлтсүүдээс  өгсөн саналуудыг нэгтгээд бизнес төлөвлөгөө боловсруулах шийдвэр гарсан.

Энэ хуралд ******* оролцож, хэлтэс бүрт хамааралтай, хугацаатай ажил хийгдэх гэж байгааг ойлгож, хурлын тэмдэглэл дээр гарын үсэг зурсан. Ингээд ажлын хэсэг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн 2024 оны бизнес төлөвлөгөө боловсруулах 10 заалт бүхий ажлын төлөвлөгөө гаргаж ажилласан ба ажлын төлөвлөгөөний биелэлтийг явцын байдлаар 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 02 дугаартай хурлаар хэлэлцэж дүгнэхэд төлөвлөгөөний 8 дахь хэсэгт заагдсан *******д буюу Төлөвлөлтийн хэсэгт хамаарах ажлууд, тухайлбал, гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийн зардал, Харилцаа холбоо, албан томилолт, гадны үйлчилгээний хөлс болон бусад орлого, зардал, цалин, НДШ зардал, Техник эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний төлөвлөгөө нэгтгэх боловсруулах ажлууд огт хийгдээгүй төлөвлөгөөний биелэлт 81 хувьтай гарсан.

******* нь Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын А/107 дугаар тушаалаар ямар ажлын хэсэгт орсоноо мэдсэн тухайлбал, ажлын хэсгийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 01 дугаартай хуралд биечлэн оролцож, цех, алба хэлтсүүдээс хийж гүйцэтгэх төлөвлөгөө гаргаж ажиллах гэж байгааг ойлгосон.

Гэвч өөрийн хариуцсан ажлын чиглэлээр хийж гүйцэтгэвэл зохих ажлыг хийж гүйцэтгээгүй, гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсгийн нарийн бичигт хүлээлгэж өгсөн баримт байхгүй тул 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/479 дүгээр тушаалаар Компанийн Дотоод журмын 8.4.32-д заасан хөдөлмөрийн гэрээний заалт, гэрээгээр хүлээсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ бүрэн биелүүлж, ажил олгогчийн цаг үеийн шинжтэй үүрэг даалгаварыг шуурхай биелүүлж ажиллах заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй тул Дотоод журмын 8.1.4-д заасан Компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн сахилга зөрчсөн ажилтанд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах заалтын дагуу сахилгын шийтгэл ногдуулсан болно.

Компанийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн дагуу ажлын байрны асуудлыг эс зөвшөөрсөн маргаан нь шат шатны байгууллагаар дамжин Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа болно.

Энэ шалтгаан нь албан тушаалын цалинг аваад ажиллаж байгаа *******гийн хувьд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн чиг үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл биш юм.

Иймд Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/479 дугаартай тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байгаа тул *******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн Дорнод бүсийн эрчим хүчний систем Төрийн өмчит ХК-ийн захирлын 2023 оны 12 сарын 26-ны өдрийн Б/479 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, бууруулсан үндсэн цалинг нөхөж олгохыг даалгах тухай Дорнод бүсийн эрчим хүчний систем Төрийн өмчит ХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 156 дугаар зүйлийн 156.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, ... шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдлын агуулга: Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-н Гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн А/107 дугаар тушаалаар Компанийн 2024 оны бизнес төлөвлөгөөг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах ажлын хэсэг төлөвлөлтийн менежер албан тушаалтай ******* намайг оруулсан байдаг.

Гэвч Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-н Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний Б/443 дугаар тушаалаар ******* миний урд ажиллаж байсан ажлын байран дахь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, үүрэгт ажлаас чөлөөлж, улмаар надтай харилцан тохиролцохгүйгээр шууд

Төлөвлөлт, худалдах ажиллагааны хэлтсийн үйлдвэрлэлийн эдийн засагч ажлын байранд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгасан. Өөрөөр хэлбэл ******* миний төлөвлөлтийн менежер албан тушаалын ажлын байран дахь хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тохиолдолд тухайн ажлын байртай холбоотой бүхий л эрх, үүрэг, хариуцлага энэ өдрөөр дуусгавар болох ёстой.

Надтай огт зөвшилцөхгүйгээр шууд томилсон Төлөвлөлт худалдах ажиллагааны хэлтсийн үйлдвэрлэлийн эдийн засагч гэсэн албан тушаалаар намайг ажлын хэсэгт оруулаагүй байтал шинээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байхад ийнхүү сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй.

Төрийн өмчит хувьцаат компанийн бизнес төлөвлөгөө (техник, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, хөрөнгө оруулалт их засвар, техник зохион байгуулалтын төлөвлөгөө) гэдэг нь шууд хэдэн тоог нийлүүлээд бэлэн болгодог зүйл биш. Учир нь бизнес төлөвлөгөөг судалгаа, шинжилгээтэй, тооцоотой, нээлттэй ил тод, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомж, үйлдвэрийн хүчин чадал, дотоод, гадаад орчны нөлөөлөл зэрэгт тулгуурлан борлуулалтын орлого, өртөг зардлыг нарийн урт хугацаатай хийн бодитой үндэслэлтэй боловсруулдаг.

2023 оны 05 дугаар сард болсон Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50МВт-аар өргөтгөх төсөл 2024 онд эхлэхтэй холбогдуулан хурал компанийн сургалтын өрөөнд хийсэн. Тус хурлын талаарх ямар ч мэдээлэл өгөөгүй, тухайн үед 2024 оны зорилтот түвшин, бизнес төлөвлөгөө яах уу гэж Гүйцэтгэх удирдлагаас асуухад чиглэл, үүрэг даалгавар өгөөгүй.

Миний бие өөрийн ажлын байрны тодорхойлолтын дагуу өмнөх урьд жилүүдэд бизнес төлөвлөгөөг 8,9 сараас эхлэн ирэх оны зорилтот түвшний төслөө хийх талаар гүйцэтгэх удирдлагаас чиглэл авч төлөвлөгөөгөө боловсруулах график гарган батлуулан хийж эхэлдэг байсан. 2023 оны 08 дугаар сард ... болон 09 дүгээр сарын 12-нд Гүйцэтгэх захирлаас асуухад энэ талаар үүрэг чиглэл өгөөгүй. ... Тэгээд маргааш нь буюу 9 дүгээр сарын 13-нд ТУЗ-ийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор бүтцийн өөрчлөлт оруулах тухай мэдэгдлийг өгөөд дараа нь ямар албан тушаалд томилох боломжтой талаар огт танилцуулахгүй, танилцуулах шаардлагагүй гэж байгаа нь би цаашид ажиллахад тодорхойгүй, ойлгомжгүй, эс үйлдэхүй үзүүлсэн үйлдэл болоод явсаар л байсан.

.... 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэх захирал өрөөндөө дуудаж "...чи юу хийж байна, яагаад 2024 оны төлөвлөгөө хийхгүй байна гэж өндөр чанга дуугаар загнаж уурласан хариуд нь би мэдэгдэл авсан мөн 2024 оны төлөвлөгөөг хийх талаар таниас 6 дугаар сард, мөн 9 сард асуухад огт тэр талаар үүрэг даалгавар өгөөгүй, мөн ирэх оны төлөвлөгөөг 8,9 сард хэрхэн хийх талаар ярилцаж ажлын төлөвлөгөө хугацаатай гарган батлуулж төлөвлөгөө хийж эхлэдэг. Одоо би 2-3 сар сууж хийдэг төлөвлөгөөгөө шууд ийм богино хугацаанд ямар ч үндэслэл тооцоо судалгаагүй төлөвлөгөө хийж амжихгүй, хоёр 7 хоногийн дотор 2-3 сар хийдэг бизнес төлөвлөгөөг хийж амжихгүй гэдгээ гүйцэтгэх захиралд хэлэхэд илүү цагаар ажлаад хий гэж тулган шаардаж, би тушаал гаргаж чамаар хийлгүүлнэ гэж дарамталсан.

Компанийн гүйцэтгэх захирлын гаргаж буй энэ үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т заасан "ажил олгогч хуулиар тогтоосон илүү цагийн дээд хэмжээг хэтрүүлэн ажиллахыг шаардсан тул төлөвлөгөө хийхээс миний бие татгалзсан.

Компанийн бизнес төлөвлөгөөг гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/103 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг бизнес төлөвлөгөөг бүрэн боловсруулж чадаагүй бөгөөд миний бие 2024 оны 05-06 дугаар сарын хугацаанд эцэслэн боловсруулан компанийн ТУЗ-ийн хурлаар батлуулахаар гүйцэтгэх захирал болон Захиргаа хүний нөөцийн хэлтсийн хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн нарт хүлээлгэн өгсөн...

Иймд Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 12-ны өдрийн 138/ШШ2024/01019 дугаартай шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

5. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн гарсан шийдвэр дээр ажил олгогчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй, бизнес төлөвлөгөө нь 2-оос 3 сарын хугацаанд гардаг гэж байгаа боловч нотлох баримтгүй гэж үзсэн. Надад ингэж сахилгын шийтгэл оногдуулсан нь өөрөө үндэслэлгүй гэж үзэж байгаа. Төсвийн тухай хуультай холбогдуулж тайлбараа гаргах ёстой юм шиг байна. Манай компанийн бизнес төлөвлөгөө нь 5 сараас эхлэн хийгдэх ёстой байсан. Гэвч намайг 2 долоо хоногийн хугацаанд гаргаж өгөхийг шаардсан. Би хэдийгээр ажил олгогчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу ажиллах ёстой хэдий ч боломжгүй зүйлийг надаас шаардсан. Ингээд сахилгын шийтгэл ногдуулж цалинг маань хассан. Ингээд би гурван талт хороонд гомдол гаргасан. Энэ үед бид зөвшилцөлд хүрсэн. Надад хассан цалинг маань олгоё чи яаралтай төлөвлөгөөгөө гаргачих, ТУЗ-д танилцуулах шаардлагатай байна гэж хэлсэн. Ингээд бид яаралтай төлөвлөгөөг баталсан. Мөн энэ төлөвлөгөө батлах ажлын хэсэгт багтсан хүмүүс нь огт ажил хийгээгүй. Үүнээс болж надад сахилгын шийтгэл ногдуулж байгаад харамсаж байна. гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ миний үйлчлүүлэгчийн яг ямар албан тушаалд холбогдуулж шийтгэл ногдуулсныг анхаарч үзээгүй гэж үзэж байна. Үүн дээр өмнө нь ажиллаж байсан албан тушаалд нь холбогдуулсан байгаа. Өмнө нь хийж байсан ажил 12 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон. Эдийн засагчаар нь ажлын хэсэгт мөн оруулах ёстой байсан. Ингээд үүрэг даалгаврыг өгөх ёстой байсан гэж бодож байгаа. Анхнаасаа энэ ажлын хэсэгт томилох үед миний үйлчлүүлэгч боломжгүй гэж тайлбарлаж байсан. Гэвч байгууллагынхаа эсрэг гомдол гаргаад байгаа нөхцөл байдлыг үндэслэж ажлын хэсэгт томилж арга хэмжээ авч байгаа нь тайлбараар бүрэн нотлогдоно. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

7. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Станцын өргөтгөлтэй холбоотой бизнес төлөвлөгөөг яаралтай боловсруулах нь цаг үеийн шинжтэй холбоотой асуудал байсан. Бүтцийн өөрчлөлтөд орсон ч гэсэн төлөвлөлтийн менежерээр ажиллаж байсан. Энэ албан тушаал нь төлөвлөгөө гаргах гол ажилтан юм. Дараагийн дугаарт ажлын төлөвлөгөө хэлэлцэх үед ******* нь ямар ч ажил хийгээгүй байсан учраас дотоод журмын дагуу арга хэмжээ авагдсан. гэв.

8. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн хувьд богино хугацаанд хийх боломжгүй ажил байсан, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш миний ажил албан тушаал өөрчлөгдсөн гэсэн хоёр үндэслэлээр тайлбарладаг. Энийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Сахилгын шийтгэлийг албан тушаалын нэршил өөрчлөгдөхөөс өмнө ажиллаж байсан албан тушаал дээр ногдуулсан. ДБЭХС ТӨХК-ийн захирал нь ажлын хэсэг байгуулсан тушаалыг гаргасан. 2023 оны 11 сарын 07-ны өдөр уулзаж төлөвлөгөө гаргасан. Нийт 10 заалттай төлөвлөгөө гарсан. Нэхэмжлэгч *******гийн хувьд 8 дугаар заалтаар үүрэг өгсөн. Үүнээс хойш 20 хоногийн дараа буюу 27-ны өдөр хуралдаж ажлын явцыг шалгасан. Ингээд хүн тус бүр дээр дүгнэлт гаргахад *******гийн хувьд 0 хувийн гүйцэтгэлтэй байсан. 2-3 сарын хугацаанд хийгдэх ёстой ажил гэж тайлбарладаг хэдий ч энэ талаар ямар ч баримт гаргаж өгөөгүй. ... Энэ нөхцөл байдал нь тухайн өдрөө бүрэн тогтоогдсон. Ингээд үүний дагуу сахилгын арга хэмжээ авна гэдгээ илэрхийлсэн. Энэ үед хүлээн зөвшөөрөхгүй байна гэж мэдэгдэж тайлбарыг гүйцэтгэх захиралд хүргүүлсэн. Сахилгын зөрчлийг 2023 оны 12 сарын 26-ны өдөр өгсөн. Гэтэл 12 сарын 01-ний өдрөөс миний ажлын нэршил өөрчлөгдсөн. Тиймээс арга хэмжээ авах ёсгүй байсан гэж тайлбарладаг. Гэтэл энэ нь хуулийн зүйл заалтаар үгүйсгэгдэж байгаа юм. Зөрчил нь 11 сарын 27-ны өдөр гарсан ба 12 сарын 26-ны өдөр зөрчил ногдуулсан. ...Тиймээс давж заалдах гомдол үндэслэлгүй байна. гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******гийн хариуцагч Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-д холбогдох тус ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 сарын 26-ны өдрийн Б/479 дугаартай тушаалыг хүчингүй болгож, бууруулсан үндсэн цалинг нөхөн олгохыг тус компанид даалгах тухай гомдолтой иргэний хэргийг нэхэмжлэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үндэслэл бүхий үнэлж дүгнэлгүйгээр нэхэмжлэгчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

4. Нэхэмжлэгч ******* нь ажил олгогч Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 сарын 26-ны өдрийн Б/479 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, бууруулсан үндсэн цалинг нөхөн олгохыг тус компанид даалгах тухай гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь гомдлын үндэслэлээ: ...Миний бие тус компанийн Төлөвлөлтийн хэсэгт төлөвлөлтийн менежерээр ажиллаж байсан бөгөөд компанийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орж Төлөвлөлтийн хэсгийг татан буулгаж, төлөвлөлтийн менежерээр ажиллаж байсан намайг ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлэн томилно гэсэн мэдэгдлийг өгсөн ... энэ хугацаанд намайг компанийн 2024 оны бизнес төлөвлөгөөг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах ажлын хэсэгт оруулсан. Энэ үед ямар ажлын байранд томилогдох, яах эсэх нь мэдэгдэхгүй, миний эрх зүйн байдал тодорхойгүй байхад компанийн удирдлагын зүгээс шахалт дарамт үзүүлж, миний 2-3 сарын дотор ... судалгаа, шинжилгээтэй, тооцоотой, ... үйлдвэрийн хүчин чадал, дотоод, гадаад орчны нөлөөлөл зэрэгт тулгуурлан борлуулалтын орлого, өртөг зардлыг нарийн урт хугацаатай бодитойгоор боловсруулж хийдэг компанийн бизнес төлөвлөгөөг 14 хоногийн дотор буюу богино хугацаанд хийж гүйцэтгэхийг шахаж, шаардсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй. ... надтай огт зөвшилцөхгүйгээр шууд томилсон Төлөвлөлт худалдах ажиллагааны хэлтсийн Үйлдвэрлэлийн эдийн засагч гэсэн албан тушаалаар намайг дээрх ажлын хэсэгт оруулаагүй бөгөөд шинээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байхад ажлын хэсгийн боловсруулсан төлөвлөгөөт ажлыг хийгээгүй гэж сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй. ... Надад хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж байгаа талаар мэдэгдээгүй, энэ талаар хэлэлцээгүй байж сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй. ... Сахилгын шийтгэл ногдуулсны дараа би гүйцэтгэх захиралд тайлбар өгснийг шийтгэл хүлээхийн өмнө тайлбар өгсөн гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй... гэж тодорхойлсон.

Хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг эс зөвшөөрч татгалзаж буй үндэслэлээ: ... ******* нь Төлөвлөлтийн хэсгийн төлөвлөлтийн менежер гэх хуучин албан тушаалд ажиллаж байх үедээ Компанийн 2024 оны бизнес төлөвлөгөөг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах ажлын хэсэгт орж ажилласан. Ажлын хэсгийн анхны хуралд сууж, ямар ажил үүргийг хэзээ гүйцэтгэх болсноо мэдэж байсан. ... ажлын хэсгийн ажил дүгнэх хурал 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр болоход өөрөө ирж оролцоогүй бөгөөд төлөвлөгөөний 8 дахь хэсэгт заагдсан *******д буюу Төлөвлөлтийн хэсэгт хамаарах ажлууд огт хийгдээгүй төлөвлөгөөний биелэлт 81 хувьтай гарсан. ...Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хийж гүйцэтгээгүй тул хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй. ... гэж тайлбарлан маргасан.

5. Хэргийн материалыг хянахад, Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 11 сарын 03-ны өдрийн А/107 дугаартай Ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар Компанийн 2024 оны бизнес төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг байгуулж, нэхэмжлэгч ******* уг ажлын хэсгийн гишүүнээр томилогдсон байх ба түүнд ажлын хэсгийн боловсруулсан Бизнес төлөвлөгөө боловсруулах ажлын төлөвлөгөөгөөр Гүйцэтгэх захирал болон ТУЗ-ын зардал, Харилцаа холбоо, албан томилолт, гадны үйлчилгээний хөлс болон бусад орлого, зардал, Цалин НДШ зардал, Техник эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтод түвшний төлөвлөгөө гаргах ажлыг хариуцуулсан байна. /хх 97, 98/

Нэхэмжлэгч ******* нь компанийн 2024 оны бизнес төлөвлөгөө боловсруулах дээрх ажлын хэсэгт орж ажиллах үед тус компанийн Төлөвлөлтийн хэсэгт Төлөвлөлтийн менежер гэх ажлыг хийж гүйцэтгэж байсан байх ба компанийн бүтцийн өөрчлөлтөөр Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн Үйлдвэрлэлийн эдийн засагч гэх албан тушаалд 2024 оны 12 сарын 01-ний өдрөөс томилогдсон болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан ажил олгогчоос *******тай байгуулсан 2023 оны 07 сарын 26-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний эх хувь, 2023 оны 07 сарын 28-ны өдрийн Төлөвлөлтийн хэсгийн Төлөвлөлтийн менежерийн, мөн 2023 оны 12 сарын 01-ний өдрийн Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн Үйлдвэрлэлийн эдийн засагчийн ажлын байрны тодорхойлолтуудын нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг баримтуудаар тогтоогджээ. /хх 71-72, 105-110/

Хариуцагч, ажил олгогч Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 сарын 26-ны өдрийн Б/479 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3, Компанийн Дотоод журмын 8.1.4, 8.4.32, Хөдөлмөрийн гэрээний 5.2.24 дэхь заалт, Гүйцэтгэх захирлын 2023 оны 11 сарын 03-ны өдрийн А/107 тоот тушаалаар томилогдсон Ажлын хэсгийн санал дүгнэлтийг тус тус үндэслэн 2024 оны бизнес төлөвлөгөө боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах ажлын хэсэгт томилогдож, ажлын хэсгийн төлөвлөгөөнд тусгагдсан ... ажлыг хийж гүйцэтгээгүй буюу ажлын байрны тодорхойлолтод заасан Компанийн жил бүрийн бизнес төлөвлөгөө боловсруулах ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, төлөвлөгөөг нэгтгэн батлуулах, хэрэгжүүлэх зорилт, чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэх үндэслэлээр Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн Үйлдвэрлэлийн эдийн засагч *******д үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх 99/

Нэхэмжлэгч ******* ажил олгогчийн дээрх тушаалыг эс зөвшөөрч Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисс, Дорнод аймгийн Хэрлэн сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус гомдлоо гарган, Хөдөлмөрийн тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хангасны эцэст шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 154.8, 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

6. Анхан шатны шүүх ажил олгогчийн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг үндэслэлтэй гэж дүгнэн, нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд болон компанийн Дотоод журмын 9.1.3-т Ажил олгогч буюу тухайн асуудлыг хариуцсан ажилтан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, зөрчлийн шинж, үр дагаварт тохируулан шийтгэлийн аль нэгийг сонгож ногдуулна. Зөрчил гаргасан ажилтан тайлбар өгөхөөс татгалзах нь ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд энэ тухай тэмдэглэл хөтөлж, хувийн хэрэгт хадгална. гэж заасантай тус тус нийцээгүй байна.

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь сахилгын шийтгэл ногдуулахдаа хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг тогтоосон байхаас гадна мөн зүйлийн 123.3 дахь хэсэгт сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө сахилгын зөрчил гаргасан ажилтанд зөрчлийн талаар мэдэгдэж, тайлбар авах урьдчилсан журмыг тусгасан.

Уг журмын дагуу ажил олгогчийн зүгээс сахилгын зөрчлийг ажилтан гаргасан гэж үзсэн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг нотлох баримтаар тогтоож, шийтгэл ногдуулахаас өмнө сахилгын зөрчлийн талаар урьдчилан мэдэгдэж, хариу тайлбар өгөх эрхээр хангасан байхыг шаардана.

 Гэтэл хариуцагч Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн эрх бүхий албан тушаалтны зүгээс нэхэмжлэгч, ажилтан *******гийн гаргасан ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй гэх зөрчлийг хөдөлмөрийн сахилгын зөрчилд тооцон баримтжуулж, шалгасан, түүнд сахилгын шийтгэл ногдуулах гэж байгаа талаар мэдэгдсэн, зөрчлийн талаар хурлаар хэлэлцүүлж, холбогдох тайлбар өгөх эрхээр хангасан гэх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх ба ажил олгогч ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэлээ нотолж чадаагүй байна.

7. Хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн Гүйцэтгэх захирлын 2023 оны 11 сарын 03-ны өдрийн №А/107 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсгийн 2023 оны 11 сарын 27-ны өдрийн ажлын төлөвлөгөөний биелэлтийн явцын талаар хэлэлцсэн хурлын тэмдэглэл /хх 64-69/, мөн өдрийн огноотой компанийн 2024 оны бизнес төлөвлөгөө боловсруулах ажлын төлөвлөгөө /хх 69-70/ гэх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна. гэж заасан ба уг заалтын Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд гэдэгт хэргийн оролцогч хамаарахгүй.

Тухайлбал, хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь өөрөө энэ хэргийн нэг талын оролцогчийн хувиар шүүхэд гаргаж буй баримтыг өөрийн байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулан өгснийг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

Иймд хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн дээрх нотлох баримтууд нь *******гийн гаргасан зөрчлийг шалгаж баримтжуулсан, уг зөрчлийн талаар хэлэлцүүлж мэдэгдсэн, улмаар тайлбар гаргах эрхээр хангасан гэх хариуцагчийн тайлбарыг бүрэн нотлохгүй.

8. Дээрх үндэслэлээр ажил олгогчийн зөвхөн ажлын хэсгийн сахилгын шийтгэл ногдуулах тухай саналыг үндэслэн нэхэмжлэгч *******д сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, *******д сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгож, 20 хувиар бууруулж олгосон нэг сарын үндсэн цалинг нөхөж олгохыг ажил олгогчид даалгаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

9. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-т зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэрэг бөгөөд анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгохдоо шийдвэрийн тогтоох хэсэгт хамааралгүй хуулийн дээрх заалтыг баримталсныг зөвтгөх нь зүйтэй байх ба анхан шатны шүүх хөдөлмөрийн маргаантай холбоотой хэрэгт хууль хэрэглээний ийм алдааг цаашид гаргахгүй байхад анхаарвал зохино.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдлыг хангаж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 138/ШШ2024/01019 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т зааснаар хариуцагч Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/479 дугаартай тушаалыг хүчингүй болгож, бууруулсан үндсэн цалинг нэхэмжлэгч *******д нөхөж олгохыг тус компанид даалгасугай. гэж,

2 дахь заалтыг 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Ц.ЭРДЭНЭЗУУ

Г.УРТНАСАН