Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2019/0716/З |
Дугаар | 221/МА2020/0119 |
Огноо | 2020-02-13 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2020/0119
Х.Д-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Х.Д, өмгөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 889 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор Х.Д-ийн нэхэмжлэлтэй, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 889 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 38 дугаар зүйлийн 38.1.5, 48 дугаар зүйлийн 48.4, 49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/89 дүгээр тушаалыг хүчингүй болгон Х.Д-ийг урьд эрхэлж байсан Гадаад харилцааны яамны Европын газрын зөвлөх албан тушаалд эгүүлэн тогтоож, 2019 оны 07 дугаар сарын 05-ний өдрөөс эхлэн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 7,659,253 /Долоон сая зургаан зуун тавин есөн мянга хоёр зуун тавин гурав/ төгрөгийг Х.Д-д олгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, тус дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Захиргааны хэргийн анхан шатны шүүх Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаас “Чиглэл өгөх тухай" 03 дугаар тогтоол гаргахад хүргэсэн нөхцөл, байдлыг тал бүрээс нь судалж, асуудалд бүрэн дүүрэн дүн шинжилгээ хийлгүйгээр Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга ёсны зарчим, эрх чөлөөний зарчмыг үндэслэл болгосон өрөөсгөл шийдвэр гаргасан байна. Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт томилогдон ажиллаж буй зарим албан хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүд Дипломат харилцааны тухай Венийн конвенци, гадаад улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, дипломат эрх ямба, дархан эрхийг хувийн ашиг тусын тулд урвуулан ашиглаж, албан үүргийнхээ хүрээнээс гадна гэмт хэргийн шинжтэй арилжааны үйл ажиллагаа явуулсан үйлдэлд холбогдож Монгол Улсын дипломат албаны төдийгүй Монгол Улсын нэр хүндэд үнэлж баршгүй их хор уршиг учруулж байгааг таслан зогсоох зорилгоор “Чиглэл өгөх тухай” 03 дугаар тогтоол гарсан бөгөөд “Х.Д-ийг дипломат албанаас халах тухай” Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 7 дугаар сарын өдрийн Б/89 дүгээр тушаал нь дээрх тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд гаргасан хууль ёсны шийдвэр болно. Х.Д болон түүний эхнэр Б.Б нарын нэр Бүгд Найрамдах Польш Улсын гэмт хэргийн Улсын бүртгэлд болон тус улсын хууль хяналтын байгууллагаас эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийн нэрсийн жагсаалтад одоог хүртэл байгаа нь Х.Д-ийг “олон улсын зохион байгуулалттай гэмт бүлэглэлд хамааралтай, мөн өөрийн дипломат тээшинд ихээхэн хэмжээний утаат тамхи Бүгд Найрамдах Польш Улсын хилээр хууль бусаар нэвтрүулсэн байж болзошгүй" гэсэн үндэслэлээр баривчилж, сэжигтнээр цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай Польш улсын эрх бүхий байгууллагуудын шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгааг нотолж байна. Польш Улсын хилээр утаат тамхи удаа дараа их хэмжээгээр нэвтрүүлсэн олон улсын зохион байгуулалттай гэмт бүлэглэлд хамааралтай байж болзошгүй гэж сэжиглэгдсэн Х.Д, Б.Б болон манай улсын нэр бүхий бусад иргэдийг хоёр улсын эрх бүхий байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа одоог хүртэл үргэлжилж байгаа тул “Чиглэл өгөх тухай” Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэх үндэслэлтэй. Х.Даваадорж дээрх үйлдлээрээ Дипломат харилцааны тухай Венийн конвенцийн 41, 42 дугаар зүйл, Монгол Улсын Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7, Дипломат албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.4-т заасан хэм хэмжээг ноцтой зөрчиж, Монгол Улсын болон Монгол Улсын Дипломат албаны нэр хүндэд үнэлж баршгүй хор уршиг учруулсан нь түүнийг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т зааснаар төрийн албанаас халах үндэслэл үүссэн гэж үзсэн болно. Дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч Х.Д нь “Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/89 дүгээр тушаалыг хүчингүй болгон урьд эрхэлж байсан Европын газрын зөвлөхийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.
Маргаан бүхий Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 9 дүгээр зүйлийн 9.6.2, 9.6.9, 9.8 дахь хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6 дахь заалт, “Чиглэл өгөх тухай” Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 3 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Гадаад харилцааны яаманд өгсөн үүрэг даалгавар, Төрийн албаны зөвлөлийн Гадаад харилцааны яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Д-ийг “Дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж, Дипломат харилцааны тухай Венийн конвенци, суугаа улсын хууль тогтоомжийг зөрчин хууль бусаар тамхи тээвэрлэсэн үйлдэл, хэрэгт холбогдож Монгол Улсын болон дипломат албаны нэр хүндэд харш үйлдэл гаргасан” гэх үндэслэлээр дипломат албанаас халжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчийг Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2008 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 274 дүгээр тушаалаар “Эхнэр Б.Б нь дипломат паспортаа хууль бусаар ашиглаж, тамхи зөөвөрлөн олон улсын хил гаалийн дүрэм, журам зөрчин Монгол Улсын болон дипломат албаны нэр хүндэд хохирол учруулсан” гэх үндэслэлээр Вена дахь Элчин сайдын яамны 1 дүгээр нарийн бичгийн даргын албан тушаалаас буюу дипломат албанаас халсан байх боловч Гадаад харилцааны сайдын 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар Монгол Улсаас Итали улсад суугаа Элчин сайдын яаманд элчин зөвлөхөөр буюу дипломат албанд дахин томилж, мөн Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/36 дугаар тушаалаар Гадаад харилцааны яамны Европын газарт зөвлөхөөр томилсон үйл баримт тогтоогдож байна.
Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д зааснаар дипломат албан тушаал нь төрийн тусгай албан тушаалд хамаарах бөгөөд хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараахь нийтлэг шаардлагыг хангасан иргэнийг томилно”, 23 дугаар зүйлийн 23.1 “Төрийн улс төрийн болон тусгай албан тушаалд тавих тусгай шаардлагыг холбогдох хуулиар тогтооно” гэж заасныг төрийн жинхэнэ буюу дипломат албан тушаалтан нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна холбогдох хуулиар тогтоосон тусгай шаардлагыг хангасан байхыг ойлгоно.
Харин Дипломат албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т “Дипломат албанд орох иргэнийг сонгон авах болзлыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасан бөгөөд Гадаад харилцааны сайдын 2010 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/37 дугаар тушаалаар батлагдсан “Дипломат албанд орох иргэнийг сонгон авах болзол”-ын 1.3.2-т “төрийн болон дипломат албаны нэр хүндийг унагаах харш үйлдэл хийж, дипломат албанаас халагдсан” иргэнийг дипломат албан тушаалд томилохгүй байхаар зохицуулжээ.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл нэхэмжлэгчийг 2012 онд дахин дипломат албанд томилсон нь хууль бус байх бөгөөд ийнхүү хууль зөрчиж томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны хуулиар тодорхойлсон нийтлэг болон нэмэгдэл баталгааг эдлэхээр шаардах эрхгүй болно.
Түүнчлэн, нэхэмжлэгч Х.Д нь Бүгд Найрамдах Польш Улсын гэмт хэргийн улсын бүртгэлд бүртгэгдэж тухайн улсын хууль хяналтын байгууллагаас баривчлах шийдвэр гаргасан байгаа гэх нөхцөл байдал болон тус улсад эрэн сурвалжлагдаж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх ба үүнийг Монгол Улсын болон дипломат албаны нэр хүндэд харш үйлдэл гэж үзэхээр байхад 2008 оны зөрчилд шийтгэл ногдуулсантай адилтган дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.
Монгол Улсын төрийн гадаад бодлогын зорилт, чиг үүргийг нэгдмэл, залгамж чанарыг хадгалах замаар хэрэгжүүлэх мэргэшсэн үйл ажиллагааг эрхэлдэг дипломат албан тушаалтан нь дээрх байдлаар төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах тусгай болзол шаардлагыг хангаагүй, Дипломат ажилтаны ёс зүйн хэм хэмжээ буюу дипломат албаны нэр хүндэд харшлах нөхцөл байдал тогтоогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч Х.Даваадоржийг дипломат албанаас халсан маргаан бүхий захиргааны актыг хууль зөрчсөн гэж үзэхгүй, урьд эрхэлж байсан дипломат албан тушаалд эгүүлэн тогтоох боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “Монгол Улсын болон Монгол Улсын Дипломат албаны нэр хүндэд үнэлж баршгүй хор уршиг учруулсан нь түүнийг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т зааснаар төрийн албанаас халах үндэслэл үүссэн” гэх гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 889 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Д-ийн “Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/89 дүгээр тушаалыг хүчингүй болгон урьд эрхэлж байсан Европын газрын зөвлөхийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.Цогт
ШҮҮГЧ О.НОМУУЛИН