Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 146

 

Ц.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00612/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 768 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч: Ц.О-гийн  нэхэмжлэлтэй,

            Хариуцагч:  М.А-д холбогдох, 

            “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг,

            Хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувдын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн,

            2016 оны 06 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.О-, хариуцагч М.А-, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.О- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие М.А-тай 2004 онд танилцан, 2005 онд гэр бүл болж, 2005 оны 09 сарын 14-ний өдөр охин А.Э-г төрүүлсэн. Бид гурван жил хамт амьдраад 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрлэлтээ шүүхээр цуцлуулсан. Гэрлэлт цуцлуулах үедээ хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй, энэ хүнээс хүүхдийн тэтгэлэг авч байгаагүй. Надтай гэр бүл болох үед ч уурлахаараа унадаг өвчтэй байсан. Одоо ч тийм байгаа. Гэхдээ энэ өвчин нь түүний биеэ хэрхэн авч явахаас шалтгаалдаг байсан. Энэ хүний эцгийн үүргийг гүйцэтгүүлж, хүүхдийн тэтгэлгийг гэрлэлт цуцалсан үеэс эхэлж гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.А-д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид 2005 онд гэр бүл болж, охин Э- төрсөн. Миний бие уналт таталт өгч, 2004 оноос эмчийн хяналтанд орж, групп тогтоолгосон. 2008 онд О- нь намайг орхин гэрлэлтээ цуцлуулсан, салснаасаа хойш охинтой минь уулзуулдаггүй. Одоо миний бие нь эгчийнхээ хяналт, асрамжинд байдаг, халамжаас өөр орлого байхгүй, сарын 125,600 төгрөг авдаг үүнийгээ эмэндээ зарцуулдаг. Би охиндоо огт тэтгэлэг өгөхгүй гээгүй. Боломжоороо сарын орлогоосоо 20,000-30,000 төгрөгөөр ч хамаагүй өгнө. Түүнээс их хэмжээтэйгээр өгөх боломж байхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 768 дугаар шийдвэрээр:

1.  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.1, 40.1.2-т зааснаар 2005 оны 09 сарын 14-ний өдөр төрсөн охин А.Э-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр сар бүр эцэг М.А-аас тэтгэлэг гаргуулж.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч М.А-, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд нараас  давж заалдсан гомдолдоо:

Хариуцагч нь 2004 оноос уналт таталтын өвчтэй тархины өвчин, гэмтэл, үйлийн хямралын шалтгаантай бие хүний ба зан үйлийн бусад оргоник шинж тэмдэгийн эмгэг гэсэн онштойгоор эмчийн хяналтанд орж эмчлэгдэж байгаа хүн бөгөөд хөдөлмөрийн 70-80 хувийн алдалттай, байнгын асаргаа шаардлагатай, энэ өвчнийхөө улмаас өөрийн эрх ашгаа хамгаалж мэдэхгүй, энгийн харж харилцахад эрүүл хүн шиг байх боловч юмны учир холбогдолыг нарийн ойлгохгүй, ой тогтоолт муутай, ярьсан хэлснээ мартдаг нөхцөл байдалд байдгийг шүүх анхаарч үзэлгүй өмгөөлөгчөөр хангахгүйгээр хуралдаанд оролцуулсан байна. М.А- нь эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахаа мэдэхгүй явснаас энэ хүний эрх ашиг зөрчигдөж өнөөг хүрчээ. Хэдийгээр шүүхээр эрх зүйн чадамжгүй гэдэг нь тогтоогдоогүй ч шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаар сэтгэцийн өвчтэй гэдэг нь илэрхий байсан учраас шүүх түүний эрх ашгийн үүднээс өмгөөлөгчөөр хангах /томилуулах/ арга хэмжээ авах ёстой байсан ба ингээгүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц. О- М.А-д холбогдуулж хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч М.А- өвчний учир эмчийн хяналтад байдаг, группын мөнгөнөөс өөр орлогогүй тул хүүхдийн тэтгэвэр төлөх чадваргүй гэж тайлбар гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2005 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин А.Э-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшний 50 хувиар, 11-16 нас / хэрэв суралцаж байгаа бол 18/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр сар бүр эцэг М.А-аас тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч хариуцагч М.А- сэтгэцийн өвчтэй гэдэг нь илэрхий байсан учраас шүүх түүний эрх ашгийн үүднээс өмгөөлөгчөөр хангах /томилуулах/ арга хэмжээ авах ёстой байсан ба ингээгүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргажээ.

 Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

 Зохигчид 2008 онд Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулж, нэхэмжлэгч Ц.О- хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтуудаар эцэг эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй талаар зохицуулсан.

Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Тэжээн тэтгүүлэх хүн тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш хугацаа харгалзахгүйгээр  шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Ц.О- хэдийд ч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуулинд нийцэж байгаа боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын буюу тэтгэлэг төлөгч, тэтгэлэг авагчийн бодит байдалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлж чадаагүй байна.

Хариуцагч М.А- “бие хүний ба зан үйлийн бусад органик ба шинж тэмдгийн эмгэг” оноштойгоор 2004 оноос сэтгэцийн эмчийн хяналтад эмчлүүлж, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоож, 2017 оны 05 дугаар сарын 01 хүртэл сунгасан нь хэргийн 14-17 дугаар талд авагдсан баримтуудаар нотлогдох бөгөөд энэ талаар нэхэмжлэгч Ц.О- үгүйсгээгүй.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-т заасан “амьжиргааны доод түвшингийн 50 хувь буюу амьжиргааны доод түвшингийн хэмжээ” гэдгийг шүүхээс зөвхөн нэг хүүхдэд олгох тэтгэлэгийн хэмжээ гэж, мөн зүйлүүдэд заасан “бүс нутаг” гэдгийг тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутгийг гэж тус тус ойлгоно.

Тэтгэлэг авагч А.Э- 2005 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, одоогоор Дархан-Уул аймагт оршин амьдардаг бөгөөд Монгол улсын Үндэсний статистикийн хорооны  даргын 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А-9 тоот тушаалын хавсралтаар Дархан-Уул аймаг Төвийн бүсэд хамаарч, амьжиргааны доод түвшинг 164.300 төгрөгөөр тогтоожээ.

Хэргийн 18 дугаар талд авагдсан баримт /нийгмийн халамжийн тэтгэврийн дэвтэр/-аас үзвэл хариуцагч М.А- сард 126.500 төгрөгийн тэтгэвэр авдаг, түүнээс өөр орлогогүй болох нь тогтоогдож байна.

Үүнээс үзвэл тэтгэлэг төлөгч тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой байх ба анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй гэж үзнэ.

Тэтгэлэг төлөгч хөдөлмөрийн чадвараа тодорхой хувиар алдсан нь хүүхдийн тэтгэлэгээс бүрэн чөлөөлөх үндэслэл болохгүй ч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д “ Тэтгэлэг төлөгч ... хөдөлмөрийн чадвараа алдсан ... бол шүүх тэтгэлэгийн хэмжээг багасгаж болно” гэж зааснаар хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн, хэргийн нөхцөл байдалд бодитой үнэлэлт өгч, төлөх тэтгэлэгийн хэмжээг багасгаж шийдвэрлэх боломжтой.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д зааснаар хариуцагч М.А- сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон этгээд биш байна.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн М.А- сэтгэцийн өвчтэй гэдэг нь илэрхий байсан учраас шүүх түүний эрх ашгийн үүднээс өмгөөлөгчөөр хангах /томилуулах/ арга хэмжээ авах ёстой байсан гэсэн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зөв гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 768 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын 11-16 нас     /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшиний хэмжээгээр гэснийг амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар гэж өөрчилөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

           2.Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн  58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хариуцагч М.А- улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

           3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

           4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.     

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                           ШҮҮГЧИД                                                     С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                 Л.АМАРСАНАА