Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 36

 

 

 

Л.П-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал, хохирогч Т.Э- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  10 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/733 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ДШМ/1124 дүгээр магадлалтай, Л.П-д холбогдох 2105009421210 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт *** дүүргийн * дугаар хороо, **-** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ***** овогт Л-ийн П,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  10 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/733 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч ***** овогт Л-ийн П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П-ийг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Шүүгдэгч Л.П- нь шүүхээс түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдэж,

Л.П-ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Л.П- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хохирогч Т.Э-т 353.750 /гурван зуун тавин гурван мянга долоон зуун тавь/-н төгрөгийн төлбөл зохих хохирол төлбөртэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ДШМ/1124 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/733 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “... хохирогч Т.Э-т 353.750 /гурван зуун тавин гурван мянга долоон зуун тавь/-н төгрөгийн төлбөл зохих хохирол төлбөртэй болохыг дурдсугай. ...” гэснийг “... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П-оос 353.750 /гурван зуун тавин гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулан хохирогч Т.Э-т олгосугай ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан байхыг шаардсан. Прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдэхдээ 305.000 төгрөгийн хохирол учруулсан хэмээн дүгнэсэн ч анхан болон давж заалдах шатны шүүх 353.750 төгрөгийн хохирол учруулсан хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Мөн “Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээгээр толь 155.000 төгрөгөөр үнэлж түүнийг солихоор буюу дахин ашиглах боломжгүйгээр, харин хаалгыг 150.000 төгрөгөөр засварлахаар тусгасан Эрүүгийн хуульд заасан устгах, гэмтээх хэргийн тус тусдаа шинжийг агуулсан үйлдэл байхад тус бүрийг гэмтээсэн гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн хэмээн үзэж байгаа тул оролцогчийн зүгээс үзэж байна. Нөгөөтэйгүүр гэмт хэргийн обьектив талын өөр өөр шинжүүдийг нэгтгэн үзэж гэмт хэрэг хэмээн дүгнэсэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн хэмээн үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Т.Э-ээс "машины толь цохьсон” талаар гомдол, мэдээллийг хүлээн авч шалгасан. Уг гомдол, мэдээллийг хүлээн авсны дараагаар 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн "Дамно" ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлангаар баруун урд хаалга 155.000 төгрөгөөр, зүүн урд урд толь 150.000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн. Хөрөнгийн үнэлгээний тайланд баруун урд хаалгыг солих, зүүн урд толийг засах гэх байдлаар дүгнэсэн байдаг.

Харин прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Л.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг гэмтээх” гэх шинжийг бүрэн хангасан нь үндэслэлгүй байна.

Учир нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр **** УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хаалганд хэрхэн гэмтэл учруулсан талаар эх сурвалжийг бодитой заагаагүй, мөн шинжээчээр томилогдсон байгууллага нь тээврийн хэрэгслийн хаалганд учирсан гэмтэл ямар хэмжээтэй учирсан, түүнийг баримтжуулсан баримтыг хангалттай тогтоогүй болно. Хэргийн оролцогч нар машины хаалга ямар хүчин зүйлийн улмаас ГЭМТСЭН талаар шалгаж тогтоогоогүйгээс гадна процесс хуулийг зөрчсөн. Үүнд:

1. Хэрэгт 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар **** УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 353.750 төгрөгийн үнэлгээ тогтоогдсон байдаг /хх-51-54/.

Уг тогтоолыг гаргах үндэслэл нь Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн байцаагч, цагдаагийн дэслэгч М.А нь шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг гаргасан байдаг /Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл/.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлэг “Шинжилгээ хийлгэх" процесс ажиллагааг хуульчилсан бөгөөд 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” хэмээн заасан.

Мөн процесс хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д “мөрдөгч гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг” заасан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд шинжээч томилсон тогтоолыг гаргасан.

Ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нарт “шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолыг хуульд заасан эрхийг нь хангаагүй байна. Үүнд: хохирогчид танилцуулаагүй, мөн 2021.04.13-ны өдрийн тогтоолыг Л.П-д нөхөн танилцуулсан. Түүнийг 2022.04.06-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан /танилцсан яллагдагч Л.П-/ гэж гарын үсэг зурсан.

2. Эрх бүхий албан тушаалтны "шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийг баримталжээ. Уг тогтоолын шинжээчийн хэсэгт “... Б” гэх хүн танилцаж, гарын үсэг зурсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шүүх, прокурор, мөрдөгч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг шинжээчээр томилох тохиолдолд тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг шалгаж, тухайн хүн шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна” гэх заалт, мөн зүйлийн

"шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг энэ зүйлийн 1 дэх дахь хэсэгт заасан хэсэгт заасан хүнд гардуулан өгч, хуульд заасан эрх, үүргийг сануулан тогтоолд гарын үсэг зуруулна" гэх заалтыг зөрчсөн байна.

Энэ нь xx-51 дүгээр талд авагдсан баримтаар Дамно ХХК-н шинжээчийн дүгнэлтийг Ц.Т, Ш.Б, Х.Н нар гарын үсэг зурсан ч шинжилгээ хийлгэх тогтоолд гарын үсэг зурсан хүнээс өөр бөгөөд дээрх шинжээч нар эрх, үүргээ хэрхэн танилцсан тодорхойгүй байна.

Мөн Батмөнх гэх хүн нь шинжээчийн эрх үүрэгтэй танилцаж гарын үсэг зурсан хэдий ч Ц.Түвшинцэнгэл нь тэмдэг дарж баталгаажуулсан нь ойлгомжгүй байгаа нь хуульд заасан шинжилгээ хийлгэх журмыг зөрчсөн.

Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Ижил мэргэжлийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэйгээр шинжилгээ хийх үед шинжээч тус бүр шинжилгээг эхнээс нь дуустал бие дааж хийх бөгөөд шинжилгээний эцэст үр дүнгээ нэгтгэн дүгнэлт гаргана” гэж заасан байхад хэн нь хуульд заасан эрх, үүрэг танилцсан нь ойлгомжгүй.

Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй болно.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн 2 гэрч байлцуулж, эсхүл дуу- дүрсний бичлэгээр бэхжүүлнэ", 8 дахь хэсэгт" тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд шаардлагатай бол эд ангийг салгаж болно” гэх хуулийн нэг заалтыг нэг мөр мөрдлөг болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар бүлэгт заасан журмыг зөрчиж гаргасан шинжээчийн дүгнэлтийг үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон байх тул дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд үүний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Л.П-ийг тээврийн хэрэгслийн толь болон хаалгыг гэмтээж, 305.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн. 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ гарсан. Л.П-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн бөгөөд “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэдэг хоёр талын обьектив шинжийг заасан. **** УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн толь устсан байдалтай, өөрөөр хэлбэл дахин сэргээгдэх боломжгүй, солих гэсэн дүгнэлт гаргасан. Харин хаалгыг гэмтсэн байдлаар оруулж ирсэн. Тус тусдаа шинжийг нэгтгэх байдлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж өмгөөлөгчийн хувьд үзсэн. 2022 оны 10 дугар сарын 27-ны өдөр шүүгдэгчийн зүгээс хохирогч Т.Э-т автомашины толинд учирсан хохирол болох 150.000 төгрөгийг төлсөн. Харин давж заалдах шатны шүүхийн магадлалд хор уршиг арилсан талаар тусгаагүй байсан. Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин Л.П-ийн үйлдэл нь зөрчлийн шинжтэй үйлдэл гэж үзэж байна” гэв.

Хохирогч Т.Э- хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “... Хоёр шатны шүүхийн шийдвэр зөв гарсан гэж үзэж байна” гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Л.П- нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт замын бөглөөнд зогсож байхдаа урдуур чинь ормоор байна гэсэн шалтгааны улмаас хохирогч Т.Э-тэй маргалдаж түүний эзэмшлийн тээврийн хэрэгслийг цохисны улмаас толь, хаалгыг гэмтээж 353.750 төгрөгийн хохирол учруулсан нь мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлэг, өмнө нь тээврийн хэрэгсэл гэмтэлгүй байсан талаар гэрчлэн мэдүүлсэн гэрч С.Ч-ын мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд хийсэн үнэлгээ зэргээр тогтоогджээ. Гэмтээх гэсэн үг нь “гэмтэл бий болгох”, “гэмтэлд хүргэх” гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд хохирогчийн тээврийн хэрэгсэлд учирсан гэмтлүүдийг “Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлд заасан “гэмтээсэн” гэсэн обьектив талын шинжээр нь тайлбарлаж хэрэглэсэн нь үндэслэлтэй байна. Шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны ба үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан гомдлыг үндэслэн Л.П-ид холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах боломжгүй байх бөгөөд гомдлын үндэслэл хэрхэн үгүйсгэгдэж байгааг дараах байдлаар тодотгон тайлбарлаж байна.

2.1. Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... Прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдэхдээ 305.000 төгрөгийн хохирол учруулсан хэмээн дүгнэсэн ч анхан болон давж заалдах шатны шүүх 353.750 төгрөгийн хохирол учруулсан хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй дүгнэлт хийсэн” гэжээ.

Гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээд өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх буюу сэргээлгэх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэж тусган баталгаажуулжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын төрөл, шинж чанар, хэр хэмжээг зөв тогтоон үнэлснээр хохирогчийн “гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрх” хангагдах учиртай.

Эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг тодорхойлоход Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт зааснаар “... хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ”, мөн тус хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тогтооно.

Тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн хэмжээг тодорхойлохдоо түүний эд ангийн элэгдэл хорогдлыг хасаж, эвдэрч, гэмтсэнийг засаж сэргээхэд шаардагдах эд анги, бусад материалын үнийг оруулан тооцох бөгөөд гэмт хэргийн улмаас гэм хор учруулснаар бусдын эд хөрөнгийн эрх зөрчигдөж байгаа тул уг эрхийг өмнөх байдалд сэргээх, эсхүл мөнгөөр нөхөн төлөх аргаар хохирлыг арилгана. 

Иймд хэрэгт авагдсан “Дамно” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 135-137 дахь тал/-д “Баруун урд хаалга засах, зүүн урд толь солих, 150 грамм будагны материал, эд анги солих зардал” буюу нийт 353.750 төгрөгийн үнэлгээгээр шүүгдэгчийн учруулсан хохирлыг тооцсон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

2.2. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй” гэжээ.  

“Дамно” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг /хавтаст хэргийн 51-54 дэх тал/ хууль зөрчсөн гэж шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гомдол гаргаж байгаа боловч Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЗ/959 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж /хавтаст хэргийн 129-129 дэх тал/-ийн дагуу Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Чинбатын “Нэмэлтээр шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоол /хавтаст хэргийн 138 дахь тал/-оор “Дамно” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчнийг шинжилгээ хийхийг даалгасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.13 дахь заалтад тус тус заасны дагуу шинжээч томилсон тогтоолыг яллагдагч, хохирогч нарт танилцуулсан байх ба яллагдагч Л.П- нь тогтоолд гарын үсэг зурахаас татгалзсан талаар хавтаст хэргийн 138 дугаар талд тэмдэглэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжилгээг шинжилгээний байгууллагаас бусад этгээдээр хийлгэхэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан журмыг баримтална” гэж заасан ба Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд энэ хуулийн 8.2-т заасан этгээдэд шинжилгээ хийлгэх санал тавьж, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, баримтжуулна” гэж заасны дагуу хавтаст хэргийн 136 дугаар талд “Гүйцэтгэгч: Дамно ХХК-ийн үнэлгээчин Ц овогтой Т нь санхүү менежментийн магистр зэрэгтэй, Сангийн яамны 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 130 дугаар тушаалаар олгогдсон №**** тоот гэрчилгээтэй, хөрөнгийн үнэлгээний чиглэлээр 15 дахь жилдээ ажиллаж байгаа болно. Дамно ХХК нь “Номин даатгал” ХХК-тай байгуулсан мэргэжлийн хариуцлагын даатгалын №ND/211-12-2-******** тоот гэрээтэй. Тус үнэлгээний дүгнэлтийг гадны нөлөөгүйгээр, зах зээлийн мэдээлэл, мэдээллийн сан, захиалагчийн өгсөн баримтад тулгуурлан ашиг сонирхлын зөрчилгүйгээр хөндлөнгийн шинжээчийн үүднээс гаргасан болно” хэмээн тусгасан болно.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.9 дэх заалтад “үнэлгээний тайлан” гэж холбогдох хууль тогтоомж болон үйлчлүүлэгч, захиалагчтай хийсэн гэрээний дагуу үнэлгээчний бэлтгэн гаргасан, үнэлгээний зорилго, үнэ цэнийн суурь, он, сар, өдөр, хэрэглэсэн хандлага, арга, ашигласан мэдээллийн эх сурвалж, дэвшүүлсэн төсөөлөл, үнэ цэнийн талаарх дүгнэлт зэргийг багтаасан баримт бичгийг, 3.1.11 дэх заалтад “үнэлгээчин” гэж энэ хуулийн 15.1-д заасан үнэлгээ хийх эрх авсан иргэнийг хэлнэ гэж тус тус зааснаас үзвэл хөрөнгийн үнэлгээний тайланг зөвхөн Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагаас эрх авсан үнэлгээчин гаргах эрхтэй байна.

Иймд үнэлгээний тайланг гаргахад үнэлгээний ахлах мэргэжилтэн Ш.Б, туслах мэргэжилтэн Э.Б нар үнэлгээчин Ц.Т-д туслах чиг үүрэгтэйгээр оролцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   9.2 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлд заасан эрх, үүрэгтэй танилцаж, шинжээч томилсон тогтоолд гарын үсэг зурсныг /хавтаст хэргийн 138 дахь тал/ бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргасан гэж үзэхгүй бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин, эсхүл үнэлгээний хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байна” гэж заасны дагуу хэрэгт авагдсан үнэлгээний тайланд “Дамно” ХХК болон “Монгол Улсын хөрөнгийн үнэлгээчин Ц.Т” гэсэн тэмдэг тус тус дарж баталгаажуулсан байх тул 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 135-137 дахь тал/ хуульд нийцсэн гэж үзнэ.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Л.П- нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын “МТ” шатахуун түгээх станцын урд талын авто зам дээр хохирогч Т.Э-ийн эзэмшлийн ***-УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн толь, хаалга зэргийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр гэмтээн хохирогч Т.Э-т 353.750 /гурван зуун тавин гурав долоон зуун тавь/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг хоёр шатны шүүхүүд зөрүүгүй тогтоосон байна. Хэргийн үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн нотолж, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тогтоосон, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хүрэлцэхүйц нотлох баримтууд хэрэгт цугларан бэхжүүлэгджээ.

Харин эрх зүйн дүгнэлт хийхдээ прокуророос шүүгдэгч Л.П-ийг “эд хөрөнгө гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилж ирүүлснийг анхан болон давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн обьектив шинжийг авч үзвэл “эд хөрөнгө устгах” гэж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй, өөрөөр хэлбэл сэргээн засварлахааргүй болсныг, харин “эд хөрөнгө гэмтээх” гэдэг нь эд хөрөнгөд гэмтэл учруулсан бөгөөд тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг тус тус ойлгодог.      

Хөрөнгийн үнэлгээний тайланд “... Баруун урд хаалга засах, зүүн урд толь солих ...” гэж тусгасан ба тухайн тээврийн хэрэгслийн хаалганд учруулсан гэмтлийг сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах боломжтой тул эд хөрөнгийг гэмтээсэн гэж, харин толийг гэмтээсний улмаас зориулалтын дагуу ашиглах боломжгүй буюу сэргээн засварласан ч дахин автоматаар нээгдэж, хаагдахгүй болсон тул эд хөрөнгийг устгасан гэж үзэх нь зүйтэй бөгөөд энэ талаар өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан гомдлын “... Эрүүгийн хуульд заасан устгах, гэмтээх хэргийн тус тусдаа шинжийг агуулсан үйлдэл байхад тус бүрийг гэмтээсэн гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн ...” гэх хэсэг нь үндэслэлтэй.       

Шүүгдэгч Т.П-ийн хохирогчийн тээврийн хэрэгслийн толь, хаалга зэргийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж 353.750 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд зааснаар зүйлчлэн гэм буруутайд тооцсон нь зөв байна.

4. Энэ хэрэгт мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Л.П-ийг 2021 оны “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулан шийдвэрлэх нөхцөл, шаардлага хангагдаагүй буюу тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй гэж дүгнэн уг хуулийг хэрэглээгүй нь хууль ёсны шийдвэр болж чадаагүй байна.

Тодруулбал, Л.П-ид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлд тодорхойлсон өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд багтаагүй тул нийтлэг үндэслэлийн хувьд тухайн хуулиар тогтоосон өршөөл үзүүлэхгүй нөхцөл байдал, хориглолт шүүгдэгчийн хувьд байхгүй гэж үзнэ.

Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийг хэрэглэх талаар мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт заажээ.

“Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдож байвал оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэхээр тогтоосон заалт нь заавал хэрэгжих шинжтэй хуулийн хэм хэмжээ тул шүүгдэгч Л.П-д анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлж, шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/733 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ДШМ/1124 дүгээр магадлалд “2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П-ид анхан шатны шүүхээс оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2.Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                     Б.ЦОГТ

ШҮҮГЧИД                                         Б.АМАРБАЯСГАЛАН

    С.БАТЦЭРЭН

    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

    Ч.ХОСБАЯР