Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 201/МА2025/00010

 

*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч С.Ганчимэг, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 138/ШШ2024/00982 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох

Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 22,124,671 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн орчимд Хэрлэн сумын 1 дүгээр баг, Уурхайн замын зүүн талд Тоёота приус 11 маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Тоёота ланд крузер 200 маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол гарсан. Иймд жолооч *******аас машинд учруулсан хохирол 17,531,000 төгрөг, машины засварын ажлын хөлс 3,850,000 төгрөг, бензин тос, шатахууны зардал 743,671 төгрөг, нийт 22,124, 671 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч ******* хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2023 оны 12 сарын 27-ны орой Хэрлэн сумын 7 дугаар баг, Үйлчилгээний төвийн баруун талд байх Венера дэлгүүрийн такси зогсоолоос хүн аваад 17 цаг 40 минутын орчимд Хэрлэн сумын 1 дүгээр баг, Уурхайн засмал замаар хойш яваад ******* ******* дэлгүүрийн харалдаа гарцаар гараад, гэр хороолол руу ордог туслах замаар зүүн тийш явж байтал /13 милл хурдтай/ баруун гар талаас буюу ертөнцийн зүгээр урд зүгээс гэнэт Ланд 200 маркийн машин гарч ирж намайг мөргөсөн. Тухайн машин нь гэрлээрээ дохих болон дуут дохио өгөөгүй, зогсоох арга хэмжээ авалгүй намайг шууд ирж мөргөсөн. Мөн тийм бага хурдтай явж байхад тойроод ч гарах бүрэн боломжтой байсан. Энэ бүхнийг надтай хамт явсан эмэгтэй бүрэн гэрчлэх ёстой байтал замын цагдаагаас огт асууж тодруулалгүй материалыг хааж шийдвэрлэсэн байна. Энэ эмэгтэй бол ланд 200 машины буруу болохыг тодорхойлох гол гэрч байсан. Тэр эмэгтэй яарч байсан учир миний дансанд 5000 төгрөг шилжүүлээд буусан. Цаг минуттайгаа байгаа. Иймд би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

3. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох бусдын эд хөрөнгөд гэм хорын учруулснаас үүсэх үүрэгт 22,124,671 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,573 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, ... шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж, нотлох баримтыг дутуу үнэлэн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Вендо хөрөнгийн үнэлгээний компаний үнэлгээний тайланд Тоёота ланд круйзер 200 маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийг тодорхой зааж өгсөн байсан. Мөн шүүх хуралдааны явцад шүүгч тээврийн хэрэгслийн өмчлөгчийн гэрчилгээ хаана байгаа талаар асуусан бөгөөд тухайн үед ******* нь бөөрний дутагдалтай хөдөлж чадахгүй хэврийн байдаг, тээврийн хэрэгсэл нь хөдөө байгаа, хүүхдээс нь гэрчилгээ зураг нь ирсэн талаар хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байна.

Иймээс шүүхийн Тамгын газарт хүсэлт гаргаж шүүх хуралдааны бичлэгтэй танилцахад тээврийн хэрэгслийн гэрчилгээний талаар шүүгчийн асуултанд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хариулсан байдлыг анхан шатны шүүхийн шийвэр болон тэмдэглэлд тусгаагүй орхигдуулсан байна гэдэг нь бичлэгээс харагдаж байна.

Мөн хариуцагч тал шүүхийн хэлэлцүүлэгт би баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан буруугаа хүлээж байна гэдэг боловч нэхэмжлэгч анхааруулах болон дуут дохио өгөлгүй гэнэт машинтайгаа ирж мөргөсөн, гэрч нөгөө машины бурууг бүрэн гэрчилж тодорхойлох тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч нь тухайн өдөр болсон нөхцөл байдлыг л ярьсан. Тухайн зам тээврийн осол болсон нөхцлийг шалган шийдвэрлэж буруутай зөрчилд холбогдогчид хариуцлага тооцсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана. гэсэн заалтын дагуу шүүх хэргийн нөхцөл байдлыг бүх талаас нь харж хэргийг шийдвэрлэх боломжтой байсан.

Хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн эрх бүхий албан тушаалтны магадлагаанд хариуцагч нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол болох шалтгаан болсон гэж тодорхой зааж өгсөн.

Иймд буруутай үйлдлээс болж хохирол учирч нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж учирсан хохирлоо нэхэмжилсэн байтал шүүх хэт нэг талыг барьж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчиж үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 22,124,671 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч болох нь тодорхойгүй, тогтоогдоогүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Вендо ХХК-ийн үнэлгээний тайланд эзэмшигчийн нэрийг тодорхой заасан байдаг. Дахин хэн нэгнийг иргэний нэхэмжлэгчээр татах шаардлагагүй гэж үзсэн байдаг. Тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр нэр байгаа тохиолдолд татан оролцуулах боломжтой байсан. Өмчлөгч мөн эсэх талаар нэхэмжлэл гаргаагүй. Эрх бүхий албан тушаалтны магадлагаан дээр хариуцагчийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж буруутгасан байгаа. Хариуцагч *******ын хувьд үнэлгээтэй танилцаж гарын үсэг зурсан ба эмчилгээний зардлыг төлж барагдуулсан. Өөрийгөө буруутай гэдгийг мэдэж байгаа гэсэн үг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгч *******ийн хувьд биеийн байдал хүндрэлтэй байгаа. Өнөөдрийн байдлаар ч гэсэн биеийн байдал нь хүнд байгаа. Тиймээс өөрийнхөө өмнөөс итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулж байгаа. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний зургийг миний фэйсбүүк хаяг руу хүргүүлсэн. Үүнийг би гаргаж өгөөд шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн аваагүй. Иймд давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн хувьд өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох, нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх хуулийн зохицуулалттай байдаг. Гэвч ач холбогдол бүхий баримтуудыг хавсаргаж ирүүлээгүй байсан. Тиймээс нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэдэг талаар баримт хэрэгт хавсаргагдаагүй байна. Үнэлгээний баримт дээр нэр нь байгаа гэж байгаа боловч энэ нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий нотлох баримт биш юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэг удаа хуралдааныг хойшлуулах боломжтой байсан гэж ярьж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх ба талуудын хооронд үүссэн маргааныг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан Эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 22,124,671 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ: ...2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр болсон ослын улмаас Toyota Land cruiser-200 маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учирсан. Тухайн хэрэг нь гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын акт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадлагаагаар Toyota prius-11 маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явсан жолооч *******ын буруутай үйлдлээс осол гарсан болохыг тогтоосон. Уг магадлагааг хариуцагч ******* хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Тиймээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохиролд 22,124,671 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. ... гэж тайлбарладаг.

5.Хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Батболд нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалздаг ба татгалзлын үндэслэлээ: ...би тээврийн хэрэгслээ 11-12 км цагийн хурдтай маш зөөлөн жолоодон явж байтал баруун гар талаас нэг хар машин ирээд миний машиныг мөргөсөн. Албан бус шинжээчийн дүгнэлт гарсан, уг дүгнэлтэд хэдэн км цагийн хурдтай явж байсан, хэдэн метрийн зайтай тоормослосон болохыг тодорхой бичээгүй учир уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Би шинжээчийн дүгнэлтийг дутуу байна гэдгийг байцаагчид хэлэхэд та хэл амгүй шүүх дээрээ учраа ол гэж хэлсэн. Тухай машин нь гэрлээрээ дохих болон дуут дохио өгөөгүй, зогсоох арга хэмжээ авалгүй шууд ирж мөргөчихөөд надаас 22 сая төгрөгийн хохирол шаардаж байгааг гайхаж байна. Нэхэмжлэгчийн машинд олон эд зүйл эвдэрсэн байгаагаас үзэхэд тэрээр хариуцагчийн машиныг мөргөсөн харагдаж байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь эд хөрөнгийн өмчлөгч мөн эсэхээ тодорхойлж чадаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... гэж тайлбарлан маргажээ.

6. Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Уурхайн замын зүүн талд 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 18 цагийн орчимд хариуцагч *******ын жолоодож явсан Toyota prius-11 маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, нэхэмжлэгч *******ийн жолоодож явсан Toyota Land cruiser-200 маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол болсон, хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн гаргасан үнэлгээгээр дээрх ослын улмаас Toyota Land cruiser-200 маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 20,406,563 төгрөгийн эвдрэл, хохирол гарсан гэж тогтоосон ба уг үнэлгээг хийлгэх үйлчилгээний зардал 922,000 төгрөгийг хариуцагч ******* хариуцан тус үнэлгээний компанид төлсөн, Акума-Эрин ХХК-ийн зарлагын баримтаар ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 22,551,000 төгрөгийн авто сэлбэг худалдан авсан болох нь, НИК ХХК-ийн Е баримтуудаар нийт 744,171 төгрөгийн шатахуун худалдан авсан гэх үйл баримтууд тогтоогджээ.

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд ...гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй, хуульд ийнхүү зааснаар гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл байх, уг үйлдлийн улмаас гэм хор учирсан байх, хууль бус үйлдэл гэм буруу хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа тохиолдолд гэм хорыг хариуцан арилгах үүрэг бий болох ба учирсан хохирлыг тухайн эд хөрөнгийн өмчлөгчид төлнө. ...гэж талуудын хооронд үүссэн маргааны талаар зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь ...хариуцагчийн буруутай үйлдлээс болж хохирол учирч нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж, учирсан хохирлоо нэхэмжилсэн байтал шүүх хэт нэг талыг барьж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчиж үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэн үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч *******аас нэхэмжлэлийн шаардлага болох 22,124,671 төгрөгийг гаргуулж өгнө үү. ... гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах ...эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана. гэжээ. Энэ зохицуулалт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд заасан шинэ нотлох баримт бүрдүүлэх тухай хэргийн оролцогчийн гаргасан хүсэлттэй холбоотой юм.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуралдаанд оролцогчдоос шинэ нотлох баримт бүрдүүлэх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар тусгайлан гаргах санал, хүсэлт байгаа эсэхийг тодруулахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шинэ нотлох баримт бүрдүүлэх болон тусгайлан гаргах санал, хүсэлтгүй байхгүй гэжээ. /хх 87/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийг тогтоох үндэслэл болох бөгөөд нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээг нотлох баримтаар ирүүлээгүй байх бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ...тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь өөрийн шаардлагын үндэслэл болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэг-ээ хэрэгжүүлж чадаагүй гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэлгүй байна.

9. Иймд анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан тохиолдолд хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримт бүрдүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,574 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 138/ШШ2024/00982 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,574 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Монгол Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Г.УРТНАСАН

Ц.ЭРДЭНЭЗУУ