Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 01206

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 30 өдөр                          Дугаар 142/ШШ2016/01206                                   Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1972 онд төрсөн, 44 настай эрэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн 6-19-26 тоотод задгайд оршин суух Шинэчүүл овгийн Норовсүрэнгийн Галсангийн /регистрийн дугаар ГЭ72122918/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1967 онд төрсөн, 49 настай, Булган аймгийн Баян-Агт суманд оршин суух Харцага овгийн Ойдовжунайн Жавзандуламд /регистрийн дугаар ГА67100580/ холбогдох 1 өрөө байр гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Галсан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганзул, гэрч П.Балдан-Ёндон, Г.Мөнхсайхан, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Галсан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь өөрийн өмч болох 6-13-51 тоот 3 өрөө орон сууцаа 2005-08-12-ны өдөр өөрийн төрсөн ах Н.Ганбатад бэлэглэлийн гэрээгээр өгсөн. Уг байрыг ах маань аваад надад боломжтой үедээ 1 өрөө байр авч өгөхөөр тохирч авсан юм.Уг бэлэглэлийн гэрээг миний бие зөвхөн ахдаа бэлэглэсэн болохоос түүний эхнэр хүүхдэд өгөөгүй юм. Гэтэл ах маань 2012-09-20-ны өдөр гэнэт нас барсан.Нэгэнт ах маань өнгөрсөн болохоор миний бие ясыг өндөлзүүлээд яахав гэж бодоод 1 өрөө байрны асуудлыг авгайтай нь яриагүй өнгөрсөн. Уг нь энэ 1 өрөө байрны асуудлыг авгай нь сайн мэдэж байгаа бөгөөд миний 3 өрөө байрыг зараад 2 өрөө болгож надад 1 өрөө байр авч өгнө гэж энэ хүн өөрөө ярьдаг байсан. Ингээд ах өнгөрсөнөөс хойш миний бие саяханаас нутгийн ард олноос яриа сонстол ахыг маань эхнэр Жавзандулам нь байнга зодож дарамталдаг байсан талаар сонслоо.Ахыг маань нас барсанаас хойш авгай нь нэгч удаа надтай уулзах нь бүү хэл хүүхдүүд нь ч ирж золгоогүй. Дээр нь ахыг минь зодож дарамталж байсныг нутгийн ардууд ярьж байгаад туйлын гомдолтой байна. Ер нь ахыгаа аваараар өнгөрсөн гэж бодож байтал эхнэртээ дарамтлуулж өнгөрсөн юм байна гэдэг бодол төрөх болж үнэхээр гомдолтой байна.Иймд бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулж байраа өөрийн нэр дээр авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү.Маргаж байгаа зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь Орхон аймагт байгаа тул уг маргааныг 16-1-д заасан онцгой харьяалалын дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно” гэжээ.

Нэхэмжлэгч Н.Галсан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө “Миний бие нь өөрийн өмч болох 6-13-51 тоот 3 өрөө орон сууцаа 2005 оны  08 дугаар сарын 12-ны өдөр өөрийн төрсөн ганц ах Н.Ганбатад бэлэглэлийн гэрээгээр өгсөн. Уг байрыг ах маань аваад надад боломжтой үедээ нэг өрөө байр авч өгөхөөр тохирч авсан. Гэтэл ах маань нас барж бэр байрыг авч үлдсэн ба ахыг маань маш ихээр дарамталж зодож байсан талаар нас барснаас нь хойш олж мэдсэн тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан боловч энэхүү шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Ахад байр бэлэглэж оронд нь боломжтой үедээ нэг өрөө байр авч өгнө гэж тохирч байсан ба энэ яриаг хийхэд эхнэр Жавзандулам нь хамт байж тэгэлгүй яахав гэж дэмжиж байсан. Нэгэнт ийм яриатайгаар би эдэнд 3 өрөө байраа бэлэглэсэн тул тохирсон дагуу нэг өрөө байр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Тэгээд ч энэ талаар хариуцагч Жавзандулам миний гаргасан нэхэмжлэлд өгсөн хариу тайлбар дээр үгүйсгэсэн зүйл огт дурьдаагүй байна. Миний бие нь одоо 2 оюутан охинтой сургалтын төлбөрт л гэхэд 6 сая төгрөг төлдөг дээр нь байр хоол гээд маш өндөр зардалтай, ганцаараа ажиллаад дийлэхгүй байна. Иймд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах шаардлагаа өөрчилж Жавзандуламаас нэг өрөө байр гаргуулан авахаар нэхэмжилж байна” гэжээ.

Хариуцагч О.Жавзандулам шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус орон сууцны өмчлөгч Жавзангарав миний бие нь тус орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд тухайн орон сууцыг Н.Галсангийн өмчлөлд шилжүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Учир нь:

1. Нэхэмжлэгч Н.Галсан нь миний талийгаач нөхөр Н.Ганбатын төрсөн дүү бөгөөд 2005 онд санхүүгийн хүнд байдалд орсон, БНСУ-руу эхнэрийн хамт явж ажиллах хүсэлтэй байгаагаа хэлж тухайн үеийн зах зээлийн ханшаар буюу 7 500 000 төгрөгөөр миний нөхөр бид хоёрт энэхүү байрыг худалдсан. Тэгэхдээ худалдагч тал нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны татвар төлөхгүйн тулд бэлэглэлийн гэрээгээр таны нэр дээр шилжүүлье гэснийг миний нөхөр зөвшөөрсөн. Н.Галсан нь миний нөхрийн төрсөн дүү учраас бид тухаайн үед ялангуяа миний нөхөр 7 500 000 төгрөгийг баримт үйлдэлгүйгээр мөнгө өгч бэлэглэлийн гэрээ хийсэн. Бид хууль зүйн мэдлэг дутмаг, төрсөн ах дүүгийн хооронд болсон наймаа учраас өнөөдөр энэ хүнийг ингэж явах юм гэж үнэндээ санаанд орсонгүй ээ. Галсан биднээс мөнгө аваад 2005 оны сүүлээр гэр бүлийн хүний хамт БНСУ-д ажиллахаар яваад 2007 оны хавар эргэж ирсэн. Тухайн үед нөхөр бид хоёрт бэлэн мөнгө байгаагүй тул бид байр худалдаж авахаар малаа зарж борлуулсныг гэрчлэх хүмүүс бий. Мөн тус байрыг худалдаж авснаас хойш миний нөхрийн ээж Б.Мажиг болон бидний хүүхдүүд Г.Золжаргал, Г.Золзаяа, Г.Цэрэнтогтох нар тус байранд амьдарч байгаад 2007 онд нас барсан. Энэ байрыг худалдаж авахаас өмнө хадам ээж минь манай хүүхдүүдтэй байр түрээслэж амьдарч байсан. Галсанг гэр бүлийн хамт гадаадад явахаар болсон учраас энэ байрыг худалдаж авсан, өөр бусад ах дүүгийнхээ зарах байрыг авч болох байсан гэдгийг гэрчлэх ах дүү бий. Бид энэ байрыг худалдаж авснаас хойш 10 жил өнгөрсөн байна.

2. Иргэний хуулийн 276-280 дугаар зүйлүүдэд ий зохицуулалт байгаа бөгөөд 280 дугаар зүйлд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэлүүдийг заасан байна. Тухайлбал хуулийн 280.1.1 бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, 280.1.2 бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохийг завдсан. Эдгээр заалтаас харахад миний нөхөр хэзээ ч төрсөн дүүдээ дээрх муухай үйлдлүүдийг хийж гомдоож байгаагүй, бэлэг хүлээн авсан тал гэж үзээд байгаа /үнэндээ бол худалдан авсан/ тал болох миний нөхөр гас барсан. Нас барснаас нь хойш 3 жилийн дараа энэ нэхэмжлэлийг гаргасан байна.

Жич: Нөхөр бид хоёр 1988 онд гэр бүл болж 3 хүүхдийн эцэг, эх болон ах дүү, хамаатан садныхантайгаа ялангуяа нөхрийхөө талын хамаатан садангуудтай айл, сахалт нутаглаж, мал маллаж, үр хүүхдээ өсгөж амьдарсан билээ. Гэтэл Галсан нутагтаа очоод архи ууж согтуурсан үедээ нөхрийн минь үхэлд намайг буруутган гүтгэж үх хүүхдийг минь зовоон, хань ижлээ алдсан миний ахуйн амьдралд нэмэр болхоор саахалт буусан том охины минь нөхөр буюу миний хүргэн рүү хүртэл уурлаж зандран биднийг дарамталж байсан. Хүн гүтгэх нь эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэгт тооцогддог гэж би хүнээс сонслоо.

Мөн 2012 онд Галсан мөнгө хэрэг болсон гээд бид малаа барьцаанд тавьж сумынхаа Хаан банкнаас 3 000 000 /гурван сая/ төгрөгийн зээл авч өгсөн бөгөөд тэр зээлээ төлөлгүй бид төлж барагдуулсан. Үүнийг ХААН БАНК-ны ажилтан гэрчлэх байх. Учир нь зээл төлөх хугацаа болоход Галсатай ярьж зээл төлхийг шаардаж байсан. Бид үнэхээр энэ байрыг Галсангаас худалдаж аваагүй, түүнд өглөгтэй байсан бол юу гэж банкны ажилтан Галсангаас зээл төлөхийг шаардах билээ. Миний гэр бүл эсэрэгээрээ Галсангаас авах авлагатай. Гэхдээ бид өөрсдийн нэрээр түүнд авч өгсөн зээлээ өөрсдөө төлчихөөд түүнээс нэхэж яваагүй. Эцэст нь би, төрсөн ахыгаа нас барсны дараа ийнхүү худал ярьж биднээс /энэ бол эцсийн эцэст хүүхдийн минь л хөрөнгө/ бидний хөрөнгийг булаахаар санаархаж байгаа хүн намайг болон төрсөн ахынхаа хүүхдүүдийг юу ч гэж гүтгэж чадах юм байна гэдгийг ойлгож үнэхээр үгээр илэрхийлж чадахгүйгээр гомдож байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганзул шүүх хуралдаанд: “Нэхэмжлэгч Солонгос улс руу ажиллахаар явахдаа ахдаа байраа үлдээгээд явсан байдаг, яагаад байраа зүгээр үлдээгээд яваагүй юм вэ? яагаад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн юм вэ? үнэхээр нэхэмжлэгчийн хөрөнгө юм бол шилжүүлэх шаардлагагүйгээр үлдээж болох байсан. Гэтэл ахдаа бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхэд нь шилжүүлээд явсан байна. О.Жавзандуламаас нэг өрөө байр гаргуулах үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Ямар баримтаар энэ хүнээс нэг өрөө байр нэхээд байгаа юм бэ. Зүгээр аман яриагаар гэр бүлийн таарамжгүй байсан асуудал дээр дөрөөлөөд цаашлаад өш хонзонгийн сэдлээр ч юм уу, хор шараар ч юм уу хэрэг үүсгээд аль аль талдаа төвөгтэй байдал үүсгээд яваад байгаа юм болов уу гэж бодож байна. Имйд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбар гаргасан.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Галсан хариуцагч О.Жавзандуламд холбогдуулан 2005 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Н.Галсан, Н.Ганбат нарын хооронд хийгдсэн орон сууц бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хариуцагч О.Жавзандуламаас 1 өрөө байр гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд “...Миний бие нь өөрийн өмч болох 6-13-51 тоот 3 өрөө орон сууцаа 2005-08-12-ны өдөр өөрийн төрсөн ах Н.Ганбатад бэлэглэлийн гэрээгээр өгсөн. Уг байрыг ах маань аваад надад боломжтой үедээ 1 өрөө байр авч өгөхөөр тохирч авсан юм. Миний ах Н.Ганбат 2012 онд нас барсан учраас түүний өв залгамжлагч болох эхнэр О.Жавзандуламаас 1 өрөө байр гаргуулж өгнө үү” гэсэн тайлбар гаргасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “О.Жавзандуламаас нэг өрөө байр гаргуулах үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбар гаргасан.

Нэхэмжлэгч Н.Галсан 2005 оны 08 дугаар сарын 12-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулан өөрийн төрсөн ах Н.Ганбатад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг 6 дугаар хороолол 13 дугаар байрны 51 тоот 3 өрөө орон сууцыг бэлэглэж улмаар Н.Ганбат, О.Жавзандулам нар уг байрны өмчлөгч болсон болох нь, мөн хариуцагч О.Жавзандуламын нөхөр Н.Ганбат 2012 оны 09 дүгээр сарын 14-нд нас барсан болох нь нь зохигчдын тайлбар, 2005 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Г-11 тоот нас барсны гэрчилгээ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд шаардах эрхийн үндэслэлээ “...Н.Галсан төрсөн ах Н.Ганбатдаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг 6 дугаар хороолол 13 дугаар байрны 51 тоот 3 өрөө орон сууцыг бэлэглэж Н.Ганбат дүү Н.Галсандаа 1 өрөө байр авч өгөхөөр тохиролцсон тул Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заасан арилжааны гэрээ талуудын хооронд үүссэн.Н.Галсан өөрийн 3 өрөө байраа Н.Ганбатын өмчлөлд шилжүүлсэн учраас одоо Н.Ганбатын хууль ёсны өвлөгч О.Жавзандулам 1 өрөө байрыг Н.Галсангийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй” гэж тайлбарласан.

Хариуцагч О.Жавзандулам Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар талийгаач Н.Ганбатын хууль ёсны өвлөгч мөн боловч энэ нь тэрээр нэхэмжлэгч Н.Галсангийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээх үндэслэл болохгүй бөгөөд О.Жавзандулам арилжааны гэрээний тал биш учраас тэрээр 1 өрөө байрыг Н.Галсангийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээгүй.

Иймд Н.Галсан О.Жавзандулам нарын хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй, хариуцагчаас шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Н.Галсангийн О.Жавзандуламд холбогдуулан гаргасан 1 өрөө байр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд гэрч П.Балдан-Ёндон “ ...талийгаач Н.Ганбат надад дүү Н.Галсан маань надад 3 өрөө байр бэлэглэлээ гэж ярьж байсан. Сүүлд миний мал өслөө ямар ч байсан дүүдээ заавал 1 өрөө байр авч өгөх ёстой гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Мөнхсайхан “...Талийгаач хөдөөнөөс мал ачиж орж ирээд намайг дуудсан. Тэгээд дүү маань Солонгос явсан чинь ээжийн бие муу гэж дуудаад аваад ирсэн. Одоо дүүдээ нэг өрөө байр авч өгье гэж ярьж байсан“гэсэн мэдүүлэг өгсөн боловч гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй тул тэдний мэдүүлгийг нотолгооны ач холбогдолгүй гэж үзэж, мөн нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар өгсөн CD нь хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзсэн.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 929 тоот шүүгчийн захирамжийг энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үлдэхийг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Н.Галсангийн 1 өрөө байр гаргуулах тухай хариуцагч О.Жавзандуламд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378 200 төгрөгийг төрийн санд үлдээсүгэй.

3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасныг баримтлан 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 929 тоот шүүгчийн захирамжийг энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үлдэхийг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Р.ҮҮРИЙНТУЯА