Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 01107

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч : Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 2-46 тоотод оршин суух Насан бүргэд овгийн Гомбожавын Энхмаагийн /ФБ-62031022 /нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д хариуцагдах нөхөн төлбөр гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюундарь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Энхмаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдуулан нөхөн төлбөр 36,921,132 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Г.Энхмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Энхмаа миний нөхөр Д.Одхүү “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний Хүдрийн ил уурхайн Өрөмдлөг тэсэлгээний хэсэгт тэсрэх бодисын тэсэлгээчин оператораар 20 жил 1 сар 12 хоног ажиллаад 2012-07-10-ны өдрийн Ил уурхайн даргын Б/86 дугаартай тушаалаар мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажлаасаа халагдаж мөн сардаа хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон.Мэргэжлээс шалтгаалах өвчин нь элгэндээ нөлөөлж энэ хавсарсан өвчнийхөө улмаас 2012-12-29-ний өдөр нас барсан.

 Хавсарсан өвчин болохыг “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ны Эмнэлэг сувилалын алба мэдэж байсан учир өрөнхий эмч Б.Бат-Эрдэнэ 2013-01-03-ны 01 дугаартай тоотоороо Орхон аймгийн БОЭТ-ийн даргад хандан талийгаачийн цогцосонд задлан шинжилгээ хийж хариуг ирүүлэх тухай албан тоотыг явуулснаар тус төвийн эмч нарын комиссын 2013-01-09-ний өдрийн 02 дугаартай шийдвэрээр хавсарсан өвчний хүндрэлийн улмаас нас барсан болохыг тогтоосон.

Миний нөхөр Д.Одхүү хавсарсан өвчний улмаас барсан учир Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн 97 дугаар 97.1.2-д заасан нөхөн төлбөрийг түүний ар гэр болох бид авах эрхтэй гэж үзэж байна.Д.Одхүүгийн авч байсан цалингийн дундаж 1.025.587 төгрөг болох нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосон дэвтрийн хуулбараар нотлогдох юм.Иймд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас нөхөн төлбөр болох 36 сарын цалинтай нь тэнцэх нөхөн төлбөр болох 36.921.132 төгрөг гаргуулан талийгаач Д.Одхүүгийн хууль ёсны эхнэр Энхмаа надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

             Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Нямаа  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжинэ.Энхмаагийн нөхөр Одхүү 201-12-21-нд нас барсан.2010 оноос элэгний өвчний онош тодорсон.Хавдрын эмчийн хяналтад орсон. Одхүү нь Эрдэнэт үйлдвэрийн тэсрэх бодисын үйлдвэрт хортой нөхцөлд 15 жил 6 сар ажилласан байдаг.2004 оноос эмчийн хяналтад байж байгаад 2012 онд ууц нурууны үрэвсэл,элэгний хавдрын улмаас ХЧА 40 %иар тогтоогдож 12 сард нас барсан.Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Эмнэлэг сувилалын албаны эмч нарын дүгнэлтээр хавсарсан өвчний хүндрэлийн улмаас нас барсан болохыг тогтоосон.Мөн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон актад хавсарсан өвчнийг нэрлэсэн байгаа.Иймд хөдөлмөрийн хуулийн дагуу хариуцагчаас 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр нэхэмжилж байгаа гэжээ.

           Хариуцагчийн төлөөлөгч Ц.Оюундарь шүүхэд гаргасан тайлбартаа: “Талийгаач Д.Одхүү нь Элэгний хорт хавдар өвчний улмаас нас барсан болох нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 14/013114/46 дугаартай дүгнэлтээр нотлогддог бөгөөд тус дүгнэлтийн 3-т “Дагвадаш овогтой Одхүү нь мэргэжлээс шалтгаалах өвчний ердийн өвчний хүндрэлийн улмаас нас барсан” гэж дүгнэсэн байна.Талийгаач Д.Одхүүгийн ХЧА-ын хувь хугацаа тогтоосон 2879 дугаар актад мэдрэл, булчин мэдрэлийн өвчнүүд гэсэн МШӨ-ний үндсэн оношны дагуу  хувь 40 хувиар тогтоолгож байсан байна.

          Хөдөлмөрийн тухай хуулийн 97-р зүйлийн 97.1.2-т “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно” гэж заажээ. Энэ заалт нь зөвхөн үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, МШӨ-ний улмаас нас барсан ажилтанд олгох нөхөн төлбөрийн асуудлыг зохицуулсан байх ба талийгаач Д.Одхүүгийн нас барсан шалтгаан болох ердийн өвчний тохиолдолд нөхөн төлбөр олгохоор зохицуулагдаагүй байна.

        Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2012-2013 оны Хамтын гэрээний 9.1.-дэх заалт нь зөвхөн үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан ажилтанд хамаарах нөхөн төлбөрийг зохицуулсан заалт бөгөөд аливаа ердийн өвчний хүндрэлийн улмаас нас барсан ажилтанд нөхөн төлбөр олгох тухай заалт биш юм гэжээ.

        Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа.Одхүү нь Хүдрийн ил уурхайд тэсрэх бодисын ачигчаар ажиллаж байгаад 2007 онд МШӨ-ний улмаас ХЧА 40 хувиар тогтоолгож хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан.Мэдрэлийн ёзоор сүлжээний эмгэг гэсэн оношоор хувь тогтоосон байдаг.Одхүүг МХГ-ын улсын байцаагчийн дүгнэлтээр ердийн өвчний улмаас нас барсан гэж тогтоосон.Эмнэлэг сувилалын албаны дүгнэлтээр элэгний хавдрын улмаас нас барсан гэж тогтоосон.Задлан шинжилгээ хийгдээгүй.МХГ-ын 2014-7-04-ний 2879 дугаартай дүгнэлтэд мэдрэлийн ёзоорын эмгэг гэсэн байгаа.Энэ актыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг.Манай компаний Хамтын гэрээний 9-1-д “хавсарсан өвчний улмаас нас барсан бол нөхөн төлбөр олгоно”гэж заасан байдаг.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнөүү гэжээ.

       Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Г.Энхмаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдуулан өөрийн нөхөр Д.Одхүү Мэргэжлээс шалтгаалах өвчин, хавсарсан өвчнийхөө улмаас 2012-12-29-ний өдөр нас барсан тул нөхөн төлбөр 36,921,132 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй.

            Нэхэмжлэгч Г.Энхмаа нь Д.Одхүүтэй 1999-4-01-ний өдөр гэрлэсэн,хүү О.Шинэтулгын хамт ам бүл 3-уул амьдарч байсан болох нь гэрлэлтийн лавлагаа,ам бүлийн тодорхойлолт,нэхэмжлэгчийн тайлбар,тэтгэврийн дэвтэр зэргээр нотлогдож байх тул тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

          Нэхэмжлэгч Г.Энхмаагийн нөхөр Д.Одхүү нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Ил уурхайн Өрөмдлөг тэсэлгээний хэсгийн тэсрэх бодисын үйлдвэрийн тэсэлгээчин-оператороор,хортой нөхцөлд 1997 оны 12 дугаар сараас эхлэн ажиллаж байгаад мэрэгжлээс шалтгаалсан архаг үе мөчний үрэвсэл ба элэгний өвчний оношоор 2012-7-04-ний өдөр хөдөлмөрийн чадвар алдалтыг 40 хувиар тогтоосон тул 2012-7-10-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Ерөнхий захиралын Б/86 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан ба 2012-12-29-нд хавсарсан өвчний хүндрэлийн улмаас нас барсан болох нь хэргийн 7-18 дугаар хуудаст авагдсан тушаал,комиссын шийдвэр, Мэрэгжлийн өвчин судлалын үндэсний төвийн шийдвэрүүд ,өвчтөн илгээх хуудас,хөдөлмөрийн нөхцөлийн тодорхойлолт,нас барсаны гэрчилгээ, МШӨ-ийн их эмчийн тодорхойлолт, хэргийн 29-34 дүгээр хуудаст авагдсан урьдчилан сэргийлэх үзлэгийн эмчийн тодорхойлолт, орчуулга,өвчний оношын баталгаат орчуулга,хөдөлмөрийн нөхцөлийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

         Хариуцагчийн төлөөлөгч “ ...аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 14/013114/46 дугаартай дүгнэлтийн 3-т “Дагвадаш овогтой Одхүү нь мэргэжлээс шалтгаалах өвчний ердийн өвчний хүндрэлийн улмаас нас барсан” гэж дүгнэсэн байна.Талийгаач Д.Одхүүгийн ХЧА-ын хувь хугацаа тогтоосон 2879 дугаар актад мэдрэл, булчин мэдрэлийн өвчнүүд гэсэн МШӨ-ний үндсэн оношны дагуу  хувь 40 хувиар тогтоолгож байсан байна” гэж тайлбарлаж маргасан.

        Хэргийн 49-51 дүгээр хуудаст авагдсан Орхон аймгийн МХГ-ын улсын байцаагчийн 2013 оны 14/013114/46 дугаартай дүгнэлтийн 3 дахь хэсэгт “Д.Одхүү нь мэрэгжлээс шалтгаалах өвчний улмаас биш,ердийн өвчний хүндрэлийн улмаас нас барсан байна “гэж дүгнэсэн байх ба ХЧА-ын хувь тогтоосон 2879 дугаар акт хэрэгт уг дугаараар авагдаагүй.

         Харин хэргийн 12,30-31 дүгээр хуудаст байгаа ЭХМК-ийн 2012-7-04-ний өдрийн шийдвэрээр Д.Одхүүг мэрэгжлээс шалтгаалсан ууц нурууны архаг үрэвсэл,элэгний хавдар гэсэн хавсарсан өвчний оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоож байсан,Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Эмнэлэг сувилалын албаны эмч нарын комиссын 2013-1-09-ний өдрийн 02 дугаартай шийдвэрээр Д.Одхүүг “хавсарсан өвчний хүндрэлийн улмаас нас барсан” гэж тогтоосон болох нь тус тус нотлогдож байна.

         Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд “Манай компаний Хамтын гэрээний 9-1-д “мэрэгжлээс шалтгаалах өвчний хүндрэл, хавсарсан өвчний улмаас нас барсан бол нөхөн төлбөр олгоно”гэж заасан байдаг гэж тайлбарласан ба Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Эмнэлэг сувилалын албаны эмч нарын комиссын 2013-1-09-ний өдрийн 02 дугаартай шийдвэрт/хэргийн 8 дугаар хуудаст/ “хавсарсан өвчний улмаас нас барсан тул ар гэрт нь нөхөн төлбөр олгох үндэслэлтэйг тодорхойлов” гэсэн нь хариуцагчийн тайлбарыг баталж байна.

      Иймд, Д.Одхүүг хавсарсан өвчний улмаас нас барсан болох нь эмнэлгийн байгууллагын шинжилгээ магадлагаагаар тогтоогдсон ба Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Хамтын гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч Эрдэнэт үйлдвэр ХХК-аас нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж дүгнэж хариуцагчаас 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр 36,921,132 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Энхмаад олгохоор шийдвэрлэлээ.Хэргийн 6 дугаар хуудаст авагдсан тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн дэвтэрээр Д.Одхүүгийн авч байсан дундаж цалингийн хэмжээ 1025587 төгрөг болох нь тогтоогдсон.

        Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д хамтын гэрээг “тухайн аж ахуйн нэгж байгууллагын нийт ажилтаны хөдөлмөрлөх эрх ,түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхолыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоо” гэж тодорхойлсон тул Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Хамтын гэрээгээр “мэрэгжлээс шалтгаалсан болон хавсарсан өвчний улмаас нас барсан нь тогтоогдсон ажилтны ар гэрт нөхөн төлбөр олгохоор тохиролцсон гэж дүгнэх үндэслэлтэй.

         Улсын тэмдэгтийн хураамжаас нэхэмжлэгч хуульд заасны дагуу чөлөөлөгдсөн тул хариуцагчаас зохих хураамжийг гаргуулан төрийн санд оруулахаар заалаа.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2,128 дугаар зүйлий 128.1.4-д заасныг баримтлан Эрдэнэт үйлдвэр ХХК-аас 36,921,132 /гучин зургаан сая есөн зуун хорин нэгэн мянга нэг зуун гучин хоёр /төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Энхмаад олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Энхмаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-аас 342,556 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

      

           3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигчид,  тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногт Орхон  аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АРИУНЦЭЦЭГ