Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 130/ШШ2016/00458

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух, ******дугаартай И овогт Д-ы Агийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын 1996 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжийн Т овогтой Аг эмээ нь болох Б.Дд үрчлүүлсэн холбогдох хэсгийг хүчингүй болгож, төрсөн эцэг, эхийн асрамжид буцаахыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Д.А шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Миний бие 1996 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн. Одоо Улаанбаатар хотын О Их сургуульд 3 дугаар курсийн оюутан. Намайг Буянт сумын Засаг даргын 1996 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05 тоот захирамжаар эмээ болох Д нь үрчилж авсан байна. Казахын жам ёсоор эмээ маань үрчилж авсан болохоос биш, би төрсөн эцэг Х.Ти, төрсөн эх Е.Б нарын асрамжид өсөж хүмүүжиж байгаа. Миний сургалтын төлбөр, хувцас хунар болон хэрэгцээний мөнгийг бүгдийг нь өөрийн төрсөн эцэг, эх маань өгч байгаа. Би өөрийнхөө хүсэлтээр үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлттэй байна. Иймд Буянт сумын Засаг даргын 1996 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05 тоот захирамжийн надад холбогдох хэсгийг хүчингүйд тооцож, намайг өөрийн төрсөн эцэг, эхийн асрамжид буцааж өгөхийг хүсье гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.А Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын 1996 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжийн Т овогтой Аг эмээ болох Б.Дд үрчлүүлсэн холбогдох хэсгийг хүчингүй болгож, төрсөн эцэг, эхийн асрамжид буцаахыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргажээ.

Шүүхээс хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, -хавтаст хэрэгт авагдсан РД:********* регистрийн дугаартай Ители даулет овогт Хомшагийн Ти, РД:********* регистрийн дугаартай М овогт Еын Б нар нь хууль ёсны эхнэр нөхөр мөн болох нь 1989 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр олгосон IIА№10 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Х.Ти, Е.Б нарын дундаас 1996 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Аг эмээ болох Б.Дд үрчлүүлсэн болох нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын 1996 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаартай "Хүүхэд үрчлүүлэх тухай" захирамжаар болон 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 231/002960/235/ дугаартай Улсын бүртгэлийн хэлтсийн Үрчилсний бүртгэлийн лавлагаа, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 368 дугаар архивын лавлагаа, 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр олгосон Д.Агийн иргэний үнэмлэх зэрэг бичмэл нотлох баримтаар тус тус нотлогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар үрчлэн авсан эцэг, эх нь төрсөн эцэг, эхийн адил эрх эдэлж үүрэг хүлээх буюу хүүхдийг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй ба Аг үрчлэн авсан эх нь бус өөрийн төрүүлсэн эцэг, эх нь асран хамгаалж байсан бөгөөд одоо төрүүлсэн эцэг, Х.Ти, эх Е.Б нарын асрамжид байгаа болох нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар болон үрчлэн авагч мөн үрчлүүлэгч нарын нотариатаар гэрчлүүлсэн хүсэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын 1996 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаартай "Хүүхэд үрчлүүлэх тухай" захирамжийн Ти овогтой Аг Б.Дд үрчлүүлсэн холбогдох хэсгийг хүчингүй болгож, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар охин Аг төрүүлсэн эцэг Х.Ти, эх Е.Б нарт буцааж, тэдний асрамжид үлдээж, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын 1996 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаартай "Хүүхэд үрчлүүлэх тухай" захирамжийн Ти овогтой Аг Б.Дд үрчлүүлсэн холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар 2004 оны 8 дугаар сарын 07-ны өдөр /М.Мийн хэрэг дээр мөн энэ он сар өдөр байсан ямар учиртай вэ/, ****** регистрийн дугаартай охин Аг төрүүлсэн эцэг ********* регистрийн дугаартай Ители даулет овогт Хомшагийн Ти, эх ********* регистрийн дугаартай М овогт Еын Б нарт буцааж, тэдний асрамжид үлдээсүгэй.

3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ