| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 138/2024/00211/И |
| Дугаар | 201/МА2025/00011 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 201/МА2025/00011
*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч С.Ганчимэг, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 138/ШШ2024/01027 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-д холбогдох
Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/443 дугаар тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, Хамтын гэрээний 5 дугаар зүйлийн 5.15, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.15-д заасан хувь хэмжээгээр тэтгэмж олгохыг даалгах, үр дүнгийн нэмэгдэл хөлс болон алдангид 5,669,394 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Д.Галтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 сарын 01-ний өдрийн Б/443 дугаар тушаалын 1-т Компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орсон тул Төлөвлөлтийн хэсгийн төлөвлөлтийн эдийн засагч ажилтай *******гийн хөдөлмөрийн гэрээг 2023 оны 11 сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас чөлөөлсүгэй хэмээн чөлөөлсөн. Мөн тушаалын 2 дахь заалтаар *******г 2023 оны 12 сарын 01-ний өдрөөс Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн хөдөлмөрийн эдийн засагчаар томилж, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсугай гэж заасан байдаг.
Өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал нь компанийн бүтцийн өөрчлөлтөөр татан буугдаж, үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон тохиолдолд тухайн ажил, албан тушаал дээр үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа нь Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журамд нийцэж байна. Харин өөрийн санаачилгаар өөр ажил, албан тушаалд ажилтны саналыг харгалзахгүйгээр шууд томилох эрх ажил олгогчид байхгүй.
Ажил олгогчоос *******, ******* нарын гүйцэтгэх ажлын чиг үүрэг өөрчлөгдөөгүй, цалин хөлсийг бууруулаагүй тул ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй. Учир нь, ажил олгогч маргаан бүхий тушаалынхаа 1 дэх заалтаар ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, үүрэгт ажлаас чөлөөлсөн. ...Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу нэг удаагийн тэтгэмжийг ажилтанд ажил олгогч өгөх үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээ нь Иргэний хуулийн нэг төрөл бөгөөд тус хуульд заасан журмын дагуу талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, харилцан тохиролцож, тэгш эрхийн үндсэн дээр гэрээг байгуулдаг. Тиймээс хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачилга, тулган шаардалтаар байгуулах боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй.
Хөдөлмөрийн гэрээг өөрчлөх, эсхүл шинээр байгуулах тохиолдолд зайлшгүй ажилтантай харилцан тохиролцох, ажилтанд тодорхой мэдээллийг заавал өгсөн байх шаардлага Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын гол мөн чанар, үндсэн зорилго бөгөөд хуулийн үзэл баримтлалын нэг гол агуулга билээ. Хэрвээ санал болгосон ажлын байранд ажилтан ажиллахыг хүсэхгүй бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгож, Хөдөлмөрийн тухай хуульд заасан тэтгэмжийг олгох ёстой. Тиймээс ажил олгогчийн 2023 оны 12 сарын 01-ний өдрийн Б/443 дугаар тушаалын 2 дахь заалт нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй.
Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны тухайд: Миний бие дээрх маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр 2023 оны 12 сарын 06-ны өдөр Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан. 2023 оны 12 сарын 14-ний өдөр Маргаан таслах комиссын хурал болсон ба талууд зөвшилцөлд хүрээгүй. Үүнээс гарсан шийдвэрийг эс зөвшөөрч 2023 оны 12 сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан. Тус хорооны 2024 оны 01 сарын 08-ны өдрийн хуралдааны 02 дугаартай шийдвэрээр Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 сарын 01-ний өдрийн Б/443 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гурван талт хорооны хуралдааны шийдвэр, тэмдэглэлийг 2024 оны 01 сарын 12-ны өдөр гардаж авсан. Энэхүү шийдвэрийг гаргаснаар миний эрх зүйн байдал тодорхойгүй хэвээр үлдсэн тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/443 дугаар тушалын 2 дахь заалтыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, Хамтын гэрээний 5 дугаар зүйлийн 5.15, Хөдөлмөрийг дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.15-д заасан хувь хэмжээгээр тэтгэмж олгохыг Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-д даалгаж өгнө үү.
Өнгөрсөн хугацаанд миний бие урьд гүйцэтгэж байсан ажил үүргээ гүйцэтгэсээр ирсэн ба дээрх маргаан шийдэгдэх хүртэл миний эрх зүйн байдал тодорхойгүй хэвээр байгаа тул ажлын гүйцэтгэлийн талаар тайлангаа бичиж 2024 оны 01 сарын 15, 02 сарын 26, 03 сарын 26, 04 сарын 26-ны өдрүүдэд захирлын туслах Солонгоор дамжуулан гүйцэтгэх захиралд өгч байсан. Гэтэл Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга ******* нь өөрийн эрх мэдэл, албан тушаалыг ашиглан миний үр дүнгийн нэмэгдэл цалинг 2023 оны 12 дугаар сараас хойш үндэслэлгүйгээр удаа дараа хассан, огт олгоогүй үйлдэл давтагдсаар өнөөдрийн байдлаар 4,675,676 төгрөгийн цалингийн бодит хохирол учруулаад байна. Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн ажилтнуудад сарын үйл ажиллагааны үр дүнгийн нэмэгдэл хөлс олгох журмын 4.3 дахь заалтад ажилтанд үр дүн олгохгүй байх нөхцөлүүдийг дурдсан байдаг. Эдгээр нөхцөлүүдийг миний бие алийг нь ч хангаагүй. Мөн дээрх журмын ...5.2 дахь хэсэгт үр дүнгийн нэмэгдэл хөлс олгох талаар гомдол маргаантай асуудлыг ажилтан бичгээр гүйцэтгэх захиралд өгч шийдвэрлүүлнэ гэсний дагуу энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхээр 2024 оны 03 сарын 19-ний өдөр гүйцэтгэх захиралд хүсэлт гомдол гаргасан боловч ямар нэгэн хариу өгөөгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т энэ хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д заасан өдөр ажил олгогч цалин хөлсийг олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд олгох ёстой цалин хөлсний 0.3 хувьтай тэнцэх алданги тооцож ажилтанд нөхөж олгоно гэж заасны дагуу надад учирсан хохирол болох үр дүнгийн цалин 4,675,676 төгрөг, шүүхэд хангах үеийн байдлаар тооцсон алдангийн хэмжээ буюу 993,718 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Манай компанийн ТУЗ-ийн 2023 оны 08 сарын 18-ны өдрийн 18 дугаар Компанийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн тогтоох тухай тогтоол гарч, тус тогтоолыг гүйцэтгэх захирал ******* хэрэгжүүлсэн. ТУЗ-ийн 2023 оны 18 дугаар тогтоолыг үндэслэн 2 ажилтантай байсан Төлөвлөлтийн хэсгийг татан буулгаж, тус хэсгийн эдийн засагч *******г 2023 оны 12 сарын 01-ний өдрөөс эхлэн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн хөдөлмөрийн эдийн засагчаар томилон ажиллуулах талаар урьдчилан мэдэгдсэн. *******гийн хийж гүйцэтгэх ажил нь өөрчлөгдөөгүй. ******* нь мэдэгдэл хүлээж аваад ямар нэгэн гомдол саналыг компанийн удирдлагад ирүүлээгүй учир хүлээн зөвшөөрсөн гэж ойлгосон.
Ингээд *******д холбогдох 2023 оны 12 сарын 01-ний өдрийн Б/443 дугаартай тушаалыг гаргасан. ******* нь энэхүү тушаалыг эс зөвшөөрч байгууллагын Хөдөлмөрийн маргаан таслах комисс, Хэрлэн сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргасан. Тус гурван талт хороо 2024 оны 01 сарын 08-ны өдөр хуралдаж Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн захирлын 2023 оны 12 сарын 01-ний өдрийн Б/443 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Бид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд одоогоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Иймд *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга ******* нь *******г дээрх тушаал, шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангаж ажиллах, ажил үүргээ хийж гүйцэтгэх, хэлтсийн шуурхай хуралд суух талаар хэлж удаа дараа дуудаж яагаад үүрэг даалгавар биелүүлж ажиллахгүй байгаа талаар шаардлага тавихад яагаад хүлээн зөвшөөрөхгүй байхад ажил хий гэж дарамтлаад байна гэх мэтээр шаардлага хүлээж авахгүй гэдгээ илэрхийлсэн. ******* нь бүтэц өөрчлөгдсөн хугацаанаас хойш хамаарал бүхий хэлтсийн даргад нэг ч удаа ажил үүргээ танилцуулаагүй, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг болон өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллаагүй тул үр дүнгийн нэмэгдэл хөлсийг олгоогүй. ******* нь нэхэмжлэлдээ ажлын тайлангаа сарын эцэст өгч байсан талаар дурджээ. Аливаа ажлыг хийж гүйцэтгэхэд хэлтсийн дарга, ажилтнууд нь өдөр бүр уялдаа холбоотой хамтарч ажиллаж байж тухайн ажил үр дүнтэй, ахицтай, гүйцэтгэл сайтай байхаас гадна алдаа зөрчлийг хугацаа алдалгүй залруулж ажиллах ёстой. Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн ажилтнуудад сарын үйл ажиллагааны үр дүнгийн нэмэгдэл хөлс олгох журмын 3.3-т ...хэлтэс, алба, цех, салбар, нэгжийн ажилтан бүрт олгох үр дүнгийн хувь хэмжээг удирдлага нь тогтооно гэж заасны дагуу өөр хэн нэгэн үр дүнгийн хувь хэмжээг олгох боломжгүй. гэжээ.
3. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 82 дугаар зүйлийн 82.1, 104 дүгээр зүйлийн 104.1, 124 дүгээр зүйлийн 124.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-аас үр дүнгийн нэмэгдэл хөлс болон алдангид 4,448,022 /дөрвөн сая дөрвөн зуун дөчин найман мянга хорин хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/443 дугаар тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, Хамтын гэрээний 5 дугаар зүйлийн 5.15, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.15-д заасан хувь хэмжээгээр тэтгэмж олгохыг хариуцагчид даалгах, үр дүнгийн нэмэгдэл хөлс болон алдангид 1,221,372 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч *******д олгох үр дүнгийн нэмэгдэл хөлс 3,824,791 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад шимтгэлүүдийг суутган холбогдох байгууллагад шилжүүлэн, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамж төлснийг баталгаажуулахыг хариуцагч Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн санхүүд үүрэг болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,860 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 86,118 /наян зургаан мянга нэг зуун арван найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй.
Нэг. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх нь хэсэгт ... 2 орон тоотой байсан Төлөвлөлтийн хэсгийг татан буулгаж Захиргаа, хүний нөөцийн хэлтэст нэгтгэж, тус хэлтэст ажиллаж байсан ажилтан болох *******г Захиргаа, хүний нөөцийн хэлтэст хөдөлмөрийн эдийн засагчаар шилжүүлэн томилсон нь ажилтны эрхийг зөрчөөгүй, түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн байдаг.
1.1. Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн ТУЗ-ийн 2023 оны 08 сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоол, компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 сарын 30-ны өдрийн А/113 дугаар тушаалаар компанийн зохион байгуулалтын бүтцийн нэгж болох Төлөвлөлтийн хэсэг-ийг татан буулгаж, улмаар Төлөвлөлтийн хэсэг-ийн Төлөвлөлтийн эдийн засагч гэх ажлын байр байхгүй болсон. Анхан шатны шүүх Төлөвлөлтийн хэсэг-ийг татан буулгасан болохыг зөв дүгнэсэн бөгөөд үүнээс хойшхи дүгнэлт нь бодит байдал хийгээд нотлох баримтад үндэслээгүй, хуульд нийцээгүй болно.
Учир нь хариуцагч зохион байгуулалтын бүтцийн нэгж болох "Төлөвлөлтийн хэсэг"-ийг "Захиргаа, хүний нөөцийн хэлтэс"-тэй нэгтгэсэн тухай ямар нэгэн эрх зүйн акт гаргаагүй. Энэ тухай ТУЗ-н тогтоол болон Гүйцэтгэх захирлын тушаал гараагүй. Ямар нотлох баримтыг үндэслэн ингэж дүгнэсэн нь тодорхойгүй.
Төлөвлөлтийн хэсэг-н менежер буюу удирдах албан тушаалтны ажлын байрыг мөн байхгүй болгож тухайн ажлын байранд ажилласан байсан иргэнийг "Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтэс"-ийн Үйлдвэрлэлийн эдийн засагч"-ийн ажлын байранд ажиллуулахаар "томилсон байдаг. Энэ иргэний зүгээс харвал "Төлөвлөлтийн хэсэг-г Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтэс"-т нэгтгэсэн гэж дүгнэж болох уу? Үүний учир анхан шатны шүүхийн шүүгчийн "...нэгтгэж" гэх дүгнэлт нь хуульд нийцээгүй.
1.2. Хариуцагч Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-н Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/443 дугаар тушаалын 2 дахь заалтаар ******* намайг Захиргаа, хүний нөөцийн хэлтэст цалин хөлсний эдийн засагчаар ажиллуулахаар томилсон. Анхан шатны шүүх үүнийг "...шилжүүлэн томилсон гэж дүгнэжээ.
Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид шилжүүлэн томилох" гэсэн ойлголт байдаггүй. Харин Хөдөлмөрийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д Ажил олгогч дараах үндэслэл, хугацаагаар ажилтныг өөр ажилд түр шилжүүлэн ажиллуулж болно" гэж хуульчилж, зургаан үндэслэлийг тухайлан зохицуулж өгчээ.
******* намайг "Захиргаа, хүний нөөцийн хэлтэс"-т цалин хөлсний эдийн засагчаар түр томилоогүй бөгөөд хариуцагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 58.1 дэх хэсэгт заасан үндэслэл бий болоогүй. Үүний учир ******* намайг "...шилжүүлэн томилсон гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй.
1.3. Хариуцагч Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-н Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга ******* 2023 оны 09 дүгээр сарын 13-ний өдөр ... компанийн бүтэц шинэчлэгдэн Төлөвлөлтийн хэсгийн Төлөвлөлтийн эдийн засагчийн чиг үүрэг, орон тоог Захиргаа хүний нөөцийн хэлтэст нэгтгэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4 заалтын дагуу Төлөвлөлтийн эдийн засагч ******* тантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2023 оны 10 сарын 13-ны өдрөөр цуцалж, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1.1, 59.5 заалтыг үндэслэн шилжүүлэн томилж, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах болсныг үүгээр мэдэгдэж байна гэсэн мэдэгдлийг өгсөн. Энэхүү мэдэгдэлд ажил олгогч, хариуцагч Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК бүтцийн өөрчлөлт хийж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэг заасан аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэж заасны дагуу бүтцийн нэгж болох Төлөвлөлтийн хэсэг-ийг татан буулгаж байгаа болохоо мэдэгдсэн.
Мэдэгдэлд ******* миний хөдөлмөрийн гэрээг 2023 оны 10 сарын 13-ны өдрөөр дуусгавар болгох тухай тэмдэглэжээ. Гэвч хөдөлмөрийн гэрээг 2023 оны 12 сарын 01-ний өдөр дуусгавар болгосон тул энэхүү мэдэгдлийн хүчин төгөлдөр хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй. Мөн мэдэгдэлд Хөдөлмөрийн тухай 43 дугаар зүйлийн 43.1.1, 59.5 заалтыг тэмдэглэсэн. Хуулийн энэхүү зохицуулалт хөдөлмөрийн эрх зүй дэх сэлгэн ажиллуулахтай холбоотой харилцаанд хэрэглэгдэнэ. Ажил олгогчийн энэхүү мэдэгдэлд нэхэмжлэгч миний ажиллаж байсан бүтцийн нэгж татан буугдсан, ажиллаж байсан ажлын байр байхгүй болсон тул адил чанарын өөр ажлын байранд ажиллуулах болсныг тодорхойлж байна.
Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1-д ... орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална. хэмээн тайлбарлажээ.
Хоёр. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3 дахь хэсэг нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэлд үл хамаарах нөхцлийг заасан. Компанийн ТУЗ-ийн шийдвэрээр компанийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орж, Төлөвлөлтийн хэсэг татан буугдсан ба энэхүү үйл баримт нь компанийн харьяалал, өмчийн төрөл, хуулийн этгээдийн хэлбэр, удирдлага өөрчлөгдөхийн аль нь ч биш болно. Иймд анхан шатны шүүх үйл баримтад хэрэглэх ёсгүй хуулийг буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2, 80.3 дахь хэсгийг хэрэглэсэн хэмээн үзнэ.
Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны, эсхүл ажил олгогчийн санаачилгаар цуцлах бөгөөд ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуульд нарийвчлан заасан. Энэ нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны сайн дурын, тэгш эрхийн зарчмыг хангах зорилготой холбоотой байдаг.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно. хэмээн хуульчилсан. Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орж нэхэмжлэгч миний ажиллаж байсан Төлөвлөлтийн хэсэг татан буугдаж, түүний эрхэлж байсан Төлөвлөлтийн эдийн засагч ажлын байр хасагдсан байхад шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг хэрэглээгүй нь буруу болсон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж олгохоор тусгасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3-т зааснаар хуулийн 80.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтан тухайн аж ахуйн нэгж, байгууллагад таван жилээс 10 жил хүртэл ажилласан бол гурав ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг ажил олгогч нэг удаа олгох үүрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.3 дахь хэсэгт Хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр энэ хуулийн 82.1-т заасан тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн олгохоор тогтоож болно. хэмээн заасан. Нэхэмжлэгч миний бие "Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-д ажилласан хугацаагаар хамтын гэрээний 5.15, хөдөлмөрийн дотоод журмын 7.15-д заасан хэмжээгээр тэтгэмж авах эрхтэй болно.
Гурав. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт ... Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1-д Ажилтан нь ажил олгогчтой сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах эрхтэй гэж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ гэж, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй, 79.2-т Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно гэж тус тус хуульчилсан ..." гэжээ.
Нэхэмжлэгч төлөвлөлтийн эдийн засагчийн ажлаас чөлөөлөгдсөн үйл баримтын хувьд маргаагүй, харин хөдөлмөрийн эдийн засагчаар шууд томилсон нь буруу хэмээн маргадаг. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч намайг хөдөлмөрийн болон цалин хөлсний эдийн засагчаар ажиллаж байгаа, цалин хөлсөө авч байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар цуцлах эрхтэй байсан атал өнөөг хүртэл уг эрхээ хэрэгжүүлээгүй, ажлаа хийж байна хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй. Намайг хөдөлмөрийн эдийн засагчаар шууд томилсныг хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн хэмээн үзэж шүүхэд хандсан. Нэхэмжлэгч ажлын байрыг орхин явах эсхүл ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргах түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулах, улмаар ийнхүү маргах боломжгүй болгох байсан. Нэгэнт хөдөлмөр эрхэлж байгаа тул түүнд тохирсон цалин хөлс авах нь шударга бөгөөд хууль ёсны болно.
Дөрөв. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.", 2.2-т Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. хэмээн заасан.
Шүүхээс ... Төлөвлөлтийн хэсэг үгүй болсон ч төлөвлөлтийн эдийн засагчийн ажлын байр хасагдсан буюу тухайн ажлын байр үгүй болсон гэж үзэх үндэслэлгүй, харин түүний ажлын байрны нэршлийг өөрчилж хөдөлмөрийн эдийн засагч болгосон байх тул төлөвлөлтийн эдийн засагч гэсэн ажлын байр байхгүй болсон гэж үзэх үндэслэлгүй, ...*******г Захиргаа, хүний нөөцийн хэлтэст эдийн засагчаар шилжүүлэн томилсон нь ажилтны эрхийг зөрчөөгүй, түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлгүй байна., "..*******гийн мэргэжил, ур чадварт тохирохгүй ажлын байранд шилжүүлэн ажиллуулсан гэх, мөн түүнийг хүчээр хөдөлмөрлүүлсэн гэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй гэж дүгнэжээ. *******г Төлөвлөлтийн эдийн засагчаар томилоогүй бөгөөд хөдөлмөрийн эдийн засагчаар томилсон болохыг шүүх анзаарсангүй. Мөн хэрвээ хариуцагч зөвхөн албан тушаалын нэршил өөрчилж байгаа бол яагаад хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа вэ? Яагаад Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4 дэх хэсэгт заасныг үндэслэн мэдэгдэл гардуулсан бэ гэдэгт логиктой, үндэслэл бүхий дүгнэлтийг анхан шатны шүүх хийгээгүй.
Шүүхийн дүгнэлт нь Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, конвенц болон Хөдөлмөрийн тухай хуулийг дараах байдлаар зөрчсөн болно. Үүнд:
- Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4-т Монгол Улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй. хэмээн хуульчилсан. Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох үндсэн эрх нь хөдөлмөр чөлөөтэй байх гэсэн өргөн агуулгыг багтаадаг. Харилцан зөвшилцөөгүй, хүлээн зөвшөөрөөгүй ажил хөдөлмөрийг эрхлүүлэх нь хүчээр хөдөлмөрлүүлсэн гэж үзнэ. Хөдөлмөр чөлөөтэй байна гэдэг нь (1) амьдралын гачигдал, аргагүйн эрхээр албадлага, тулгалтын хөдөлмөрт өртөлгүй, хөдөлмөрийн үйл ажиллагааны төрлийг хүн өөрийн мэргэжил, мэргэшил, хөдөлмөрийн чадвартаа тулгуурлан өөрөө үзэмжээрээ сонгох, (2) тэрхүү хөдөлмөрийн харилцааг талуудын гэрээгээр заавал зохицуулах, (3) хөдөлмөрөөс өөрөө татгалзах эрхтэй байх, (4) ажил хөдөлмөр хайх, олох тэгш боломж бүрдсэн, ямар нэг саад хязгаарлалтгүй байх гэсэн утгатай болно.
- Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 23 дугаар зүйлийн 1-д хүн бүр хөдөлмөрлөх, ажлаа чөлөөтэй сонгох, ...эрхтэй. хэмээн заасан. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 23 дугаар зүйлийн 2-т "Хэнийг ч бусдын эрхшээлд байлгаж болохгүй. гээд, а)-д "хэнийг ч албадан хөдөлмөрлүүлэх буюу заавал ажилд тулгаж болохгүй." хэмээн тусгасан.
- Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 7 дугаар зүйлд хүн бүр хөдөлмөрийн шударга, таатай нөхцөлөөр хангагдах эрхтэй." хэмээн заасан.
- Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенцид албадан хөдөлмөрийг ямар нэг торгууль шийтгэл ногдуулахаар заналхийлж, аливаа иргэнээс өөрийгөө сайн дураар санал болгоогүй байхад шаардах аливаа ажил, үйлчилгээ хэмээн тодорхойлсон.
- Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т хөдөлмөрлөх эрх чөлөөг баталгаажуулах, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох гэж, 5.1.4-т "албадан хөдөлмөрлүүлэхийг хориглох нь ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, үндсэн эрх байна хэмээн хуульчилсан.
- Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлд өөр ажилд түр шилжүүлэх зургаан үндэслэлийг тусгасан бөгөөд эдгээр үндэслэлийн алинд ч үл хамаарна. Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т "Энэ хуулийн 58.1-д заасан үндэслэлээр ажилтныг өөр ажилд шилжүүлсэн хугацаа нь дуусмагц өмнөх ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулна." гэж заасан байх ба хугацаа шилжүүлэх зохицуулалт хуульд тусгагдаагүй.
- Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1-д ажилтан ажил олгогчтой сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах үндсэн эрхтэй, 47 дугаар зүйлийн 47.1-д Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна. гэж заасан.
Нэхэмжлэгч намайг Төлөвлөлтийн хэсгийн төлөвлөлтийн эдийн засагчийн ажлаас чөлөөлж, Захиргаа, хүний нөөцийн хэлтэст хөдөлмөрийн эдийн засагчаар шууд томилсон нь миний Үндсэн хуулиар баталгаажсан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхэд халдсан, ажлаасаа чөлөөлөгдсөн тул тэтгэмж авах эрхийг хассан, амьдралын шаардлагаар уг ажлыг хийх шахалтад оруулсан, хөдөлмөрийн эдийн засагчийн ажлыг хийхийг тулган шаардсан шийдвэр болно. Өөрийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх шаардлагын улмаас ажлын байрны аливаа дарамт шахалтыг тэвчин өөрийн хүсээгүй ажлын байранд ажилласан нь нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзах үндэслэл болохгүй.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Үндсэн хуулиар баталгаажуулсан Монгол Улсын иргэний ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх нь тухайн ажил хөдөлмөрөөс татгалзах эрхийг өөртөө багтааж байтал ажил олгогчийн дур мэдэн шилжүүлэн томилсон ажлын байранд ажилтан ажиллах үүрэгтэй, эс бөгөөс өөрөө хөдөлмөр эрхлэлтийн харилцаагаацуцлах санаачилга гаргах эрхтэй хэмээн дүгнэсэн нь үндсэн эрхийн ноцтой зөрчил болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.
3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-д холбогдуулан Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/443 дугаар тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, Хамтын гэрээний 5 дугаар зүйлийн 5.15, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.15-д заасан хувь хэмжээгээр тэтгэмж олгохыг даалгах, үр дүнгийн нэмэгдэл хөлс болон алдангид 5,669,394 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
4. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ: Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 сарын 01-ний өдрийн Б/443 дугаар тушаалын 1-т Компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орсон тул Төлөвлөлтийн хэсгийн төлөвлөлтийн эдийн засагч ажилтай *******гийн хөдөлмөрийн гэрээг 2023 оны 11 сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас чөлөөлсүгэй хэмээн чөлөөлсөн. Мөн тушаалын 2 дахь заалтаар *******г 2023 оны 12 сарын 01-ний өдрөөс Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн хөдөлмөрийн эдийн засагчаар томилж, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсугай гэж заасан байдаг.
Өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал нь компанийн бүтцийн өөрчлөлтөөр татан буугдаж, үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон тохиолдолд тухайн ажил, албан тушаал дээр үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа нь Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журамд нийцэж байна. Харин өөрийн санаачилгаар өөр ажил, албан тушаалд ажилтны саналыг харгалзахгүйгээр шууд томилох эрх ажил олгогчид байхгүй.
Ажил олгогчоос *******гийн гүйцэтгэх ажлын чиг үүрэг өөрчлөгдөөгүй, цалин хөлсийг бууруулаагүй тул ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй. Учир нь, ажил олгогч маргаан бүхий тушаалынхаа 1 дэх заалтаар ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, үүрэгт ажлаас чөлөөлсөн. ...Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу нэг удаагийн тэтгэмжийг ажилтанд ажил олгогч өгөх үүрэгтэй.
Хэрвээ санал болгосон ажлын байранд ажилтан ажиллахыг хүсэхгүй бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгож, Хөдөлмөрийн тухай хуульд заасан тэтгэмжийг олгох ёстой. Тиймээс ажил олгогчийн 2023 оны 12 сарын 01-ний өдрийн Б/443 дугаар тушаалын 2 дахь заалт нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй.
Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны тухайд: Миний бие дээрх маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр 2023 оны 12 сарын 06-ны өдөр Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан. 2023 оны 12 сарын 14-ний өдөр Маргаан таслах комиссын хурал болсон ба талууд зөвшилцөлд хүрээгүй. Үүнээс гарсан шийдвэрийг эс зөвшөөрч 2023 оны 12 сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан. Тус хорооны 2024 оны 01 сарын 08-ны өдрийн хуралдааны 02 дугаартай шийдвэрээр Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 сарын 01-ний өдрийн Б/443 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гурван талт хорооны хуралдааны шийдвэр, тэмдэглэлийг 2024 оны 01 сарын 12-ны өдөр гардаж авсан. Энэхүү шийдвэрийг гаргаснаар миний эрх зүйн байдал тодорхойгүй хэвээр үлдсэн тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/443 дугаар тушалын 2 дахь заалтыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, Хамтын гэрээний 5 дугаар зүйлийн 5.15, Хөдөлмөрийг дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.15-д заасан хувь хэмжээгээр тэтгэмж олгохыг Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-д даалгаж өгнө үү.
Өнгөрсөн хугацаанд миний бие урьд гүйцэтгэж байсан ажил үүргээ гүйцэтгэсээр ирсэн ба дээрх маргаан шийдэгдэх хүртэл миний эрх зүйн байдал тодорхойгүй хэвээр байгаа тул ажлын гүйцэтгэлийн талаар тайлангаа бичиж 2024 оны 01 сарын 15, 02 сарын 26, 03 сарын 26, 04 сарын 26-ны өдрүүдэд захирлын туслах Солонгоор дамжуулан гүйцэтгэх захиралд өгч байсан. Гэтэл Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга ******* нь өөрийн эрх мэдэл, албан тушаалыг ашиглан миний үр дүнгийн нэмэгдэл цалинг 2023 оны 12 дугаар сараас хойш үндэслэлгүйгээр удаа дараа хассан, огт олгоогүй үйлдэл давтагдсаар өнөөдрийн байдлаар 4,675,676 төгрөгийн цалингийн бодит хохирол учруулаад байна. Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн ажилтнуудад сарын үйл ажиллагааны үр дүнгийн нэмэгдэл хөлс олгох журмын 4.3 дахь заалтад ажилтанд үр дүн олгохгүй байх нөхцөлүүдийг дурдсан байдаг. Эдгээр нөхцөлүүдийг миний бие алийг нь ч хангаагүй. Мөн дээрх журмын ...5.2 дахь хэсэгт үр дүнгийн нэмэгдэл хөлс олгох талаар гомдол маргаантай асуудлыг ажилтан бичгээр гүйцэтгэх захиралд өгч шийдвэрлүүлнэ гэсний дагуу энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхээр 2024 оны 03 сарын 19-ний өдөр гүйцэтгэх захиралд хүсэлт гомдол гаргасан боловч ямар нэгэн хариу өгөөгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т энэ хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д заасан өдөр ажил олгогч цалин хөлсийг олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд олгох ёстой цалин хөлсний 0.3 хувьтай тэнцэх алданги тооцож ажилтанд нөхөж олгоно гэж заасны дагуу надад учирсан хохирол болох үр дүнгийн цалин 4,675,676 төгрөг, шүүхэд хангах үеийн байдлаар тооцсон алдангийн хэмжээ буюу 993,718 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ тодорхойлжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалздаг ба татгалзлын үндэслэлээ: ...Манай компанийн ТУЗ-ийн 2023 оны 08 сарын 18-ны өдрийн 18 дугаар Компанийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн тогтоох тухай тогтоол гарч, тус тогтоолыг гүйцэтгэх захирал ******* хэрэгжүүлсэн. ТУЗ-ийн 2023 оны 18 дугаар тогтоолыг үндэслэн 2 ажилтантай байсан Төлөвлөлтийн хэсгийг татан буулгаж, тус хэсгийн эдийн засагч *******г 2023 оны 12 сарын 01-ний өдрөөс эхлэн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн хөдөлмөрийн эдийн засагчаар томилон ажиллуулах талаар урьдчилан мэдэгдсэн. *******гийн хийж гүйцэтгэх ажил нь өөрчлөгдөөгүй. ******* нь мэдэгдэл хүлээж аваад ямар нэгэн гомдол саналыг компанийн удирдлагад ирүүлээгүй учир хүлээн зөвшөөрсөн гэж ойлгосон.
Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга ******* нь *******г дээрх тушаал, шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангаж ажиллах, ажил үүргээ хийж гүйцэтгэх, хэлтсийн шуурхай хуралд суух талаар хэлж удаа дараа дуудаж яагаад үүрэг даалгавар биелүүлж ажиллахгүй байгаа талаар шаардлага тавихад яагаад хүлээн зөвшөөрөхгүй байхад ажил хий гэж дарамтлаад байна гэх мэтээр шаардлага хүлээж авахгүй гэдгээ илэрхийлсэн. ******* нь бүтэц өөрчлөгдсөн хугацаанаас хойш хамаарал бүхий хэлтсийн даргад нэг ч удаа ажил үүргээ танилцуулаагүй, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг болон өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллаагүй тул үр дүнгийн нэмэгдэл хөлсийг олгоогүй. ******* нь нэхэмжлэлдээ ажлын тайлангаа сарын эцэст өгч байсан талаар дурджээ. Аливаа ажлыг хийж гүйцэтгэхэд хэлтсийн дарга, ажилтнууд нь өдөр бүр уялдаа холбоотой хамтарч ажиллаж байж тухайн ажил үр дүнтэй, ахицтай, гүйцэтгэл сайтай байхаас гадна алдаа зөрчлийг хугацаа алдалгүй залруулж ажиллах ёстой. Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн ажилтнуудад сарын үйл ажиллагааны үр дүнгийн нэмэгдэл хөлс олгох журмын 3.3-т ...хэлтэс, алба, цех, салбар, нэгжийн ажилтан бүрт олгох үр дүнгийн хувь хэмжээг удирдлага нь тогтооно гэж заасны дагуу өөр хэн нэгэн үр дүнгийн хувь хэмжээг олгох боломжгүй. Иймд *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
6. Хэрэгт цугларсан баримтаар Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 тоот тогтоолын дагуу компанийн бүтэц шинэчлэгдэн, компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/113 дугаартай тушаалаар Төлөвлөлтийн хэсэг /төлөвлөлтийн менежер 1, төлөвлөлтийн эдийн засагч 1/-ыг татан буулгаж Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтэст Үйлдвэрлэлийн эдийн засагч, Захиргаа, хүний нөөцийн хэлтэст цалин хөлсний эдийн засагчийн орон тоонд ажиллуулахаар шинэчлэн баталж, гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/442 дугаартай тушаалаар Төлөвлөлтийн хэсгийн төлөвлөлтийн менежер *******гийн хөдөлмөрийн гэрээг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн үйлдвэрлэлийн эдийн засагчаар томилсон,
-нэхэмжлэгч ******* нь Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/442 дугаартай тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, Хамтын гэрээний 5 дугаар зүйлийн 5.15, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.15-д заасан хувь хэмжээгээр тэтгэмж олгохыг хариуцагч компанид даалгаж өгнө үү гэх гомдлоо Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисс, Дорнод аймгийн Хэрлэн сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус гаргаж Хөдөлмөрийн тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хангасны эцэст шүүхэд хандсан үйл баримт тогтоогдсон.
7. Зохигчийн маргааны зүйл нь нэхэмжлэгч *******г Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн үйлдвэрлэлийн эдийн засагчаар томилохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнд гүйцэтгэх ажил үүрэг, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, цалин хөлсний талаар хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа үүсэхээс өмнө танилцуулах үүрэгтэй. гэх заалтыг зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу нэг удаагийн тэтгэмжийг ажил олгогчоос ажилтанд олгоогүй нь хуульд нийцсэн эсэх асуудал болжээ.
8. Нэхэмжлэгч ******* нь Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/442 дугаартай тушаалын холбогдох хэсгийг эс зөвшөөрч Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисс, Дорнод аймгийн Хэрлэн сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргаж Хөдөлмөрийн тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэсэн ба талууд харилцан тохиролцоогүй тул шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
9. Хариуцагч Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаартай Компанийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн тогтоох тухай тогтоолын дагуу компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/113 дугаартай тушаалаар тус компанийн Төлөвлөлтийн хэсгийг татан буулгаж, Хангамж үйлчилгээний хэлтсийг Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтэс болгон нэрийг нь өөрчилснөөс үзвэл Төлөвлөлтийн хэсгийг Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтэст нэгтгэсэн гэж үзэхгүй, харин *******г Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтэст Үйлдвэрлэлийн эдийн засагчаар шилжүүлэн томилсон гэж үзнэ.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/113 дугаартай Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах тухай тушаалаар тус компанийн Төлөвлөлтийн хэсгийг татан буулгаж, тус хэсгийн Төлөвлөлтийн менежер гэх ажлын байрыг Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн Үйлдвэрлэлийн эдийн засагчийн ажлын байранд шилжүүлсэн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна
10. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасны дагуу үйлдвэрлэлийн эдийн засагч ажлын байранд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг эхлүүлэхийн тулд тухайн ажлын байрны гүйцэтгэх ажил үүрэг буюу ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсний талаарх бүрэн мэдээллийг танилцуулах үүргээ ажил олгогч гүйцэтгээгүй, өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилохдоо ажилтантай зөвшилцөөгүй гэж маргах боловч хариуцагч Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр баталсан Төлөвлөлтийн хэсгийн Төлөвлөлтийн менежер албан тушаалын ажлын байрны тодорхойлолт, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны үйлдвэрлэлийн эдийн засагчийн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтуудаас үзвэл нэхэмжлэгчийн ажлын байрны нэр өөрчлөгдсөн хэдий ч түүний гүйцэтгэвэл зохих ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөл өөрчлөгдөөгүй байх ба анхан шатны шүүхээс зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байсан тул хуулийн дээрх заалт зөрчигдөөгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.
11. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно: 82.1.1. тухайн аж ахуйн нэгж, байгууллагад зургаан сараас хоёр жил хүртэл ажилласан бол нэг ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх; 82.1.2. тухайн аж ахуйн нэгж, байгууллагад хоёр жилээс тав хүртэл жил ажилласан бол хоёр ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх; 82.1.3. тухайн аж ахуйн нэгж, байгууллагад таван жилээс 10 хүртэл жил ажилласан бол гурав ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх; 82.1.4. тухайн аж ахуйн нэгж, байгууллагад 10 ба түүнээс дээш жил ажилласан бол дөрөв ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх; гэжээ.
Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу тэтгэмж олгохоор хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч *******г ажлаас чөлөөлж, ажилд шилжүүлэн томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж олгох зохицуулалтын үндэслэлд хамаарахгүй, өөрөөр хэлбэл ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байх тул хуульд заасан тэтгэмж авах эрх үүсэхгүй, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 138/ШШ2024/01027 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 158 дугаар зүйлийн 158.2.2... гэснийг, 158.1.1 гэж өөрчилж, 82 дугаар зүйлийн 82.1, 104 дүгээр зүйлийн 104.1 гэснийг хасч,
3 дугаар заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175 860 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид олгож хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 86 118 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж гэж өөрчnlrж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН
ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ
Ц.ЭРДЭНЭЗУУ