| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2018/0242/э |
| Дугаар | 2019/ШЦТ/204 |
| Огноо | 2019-07-17 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | Э.Идэрбат |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 2019/ШЦТ/204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Э.Идэрбат
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б-т холбогдох 1821003160202 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дүгээр сарын ....-ний өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн ............... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, П.Б. /РД: ..................../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Б нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шүр” худалдааны төвийн хашаан дотор иргэн Д.Мөнгөнтулгыг болгоомжгүйгээр мөргөж унагаасны улмаас Д.Мөнгөнтулга нь газарт толгойгоороо савж унан амь нас нь хохирсон, өөрөөр хэлбэл П.Б нь өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Б нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр архи ууж согтуурсан үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шүр” худалдааны төвийн хашаан дотор иргэн Д.Мөнгөнтулгыг өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1821003160202 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.Б-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр найз Ганбаатар мөн танихгүй 3 хүнтэй архи уусан. ...яг юу болсныг санахгүй байна. Шүр захын үүдээр орж яваад танихгүй, согтуу хүнтэй шүргэлцэх үед тэр хүн газар унахад би мөн адил хамт унаж байснаа санасан юм. ...миний хөл муу болохоор босч чадахгүй, тэнд байсан хүмүүс намайг татаж босгож байсан юм. ...би өөрөө согтуу байсан учраас хамт унасан хүнтэй уулзалгүй явчихсан байсан. ...хохирогч надаас болж нас барсан гэж бодож байна. Миний хувьд маш их харамсаж гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 94-96, 231 дүгээр хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнгөнтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ажлаа тараад гэртээ ирэхэд ...гэрт ээж, талийгаач ах хоёр байсан. ...гэрийн хойд хэсэгт газарт хэвтчихсэн согтуурхаж үглээд байсан. ...ээж бид хоёр орон дээр гаргаад хэвтүүлэх үед талийгаач өмдөндөө шээсэн байсан. ...хойд орон дээр унтаад байсан. 2018 оны 05 дугаар сарын 08-ны өглөө ...талийгаач орон дээрээ нас барсан байсан. Одоо гомдол санал байхгүй, Оршуулгын зардал гаргуулж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29, 113 дугаар хуудас/,
Гэрч Д.Энхцэцэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ...Шүр зах дээр очиж бунхан явах микронд суугаад байж байхад ...30 гаруй насны биедээ таарсан махтай, согтуу залуу Шүр захын үүдэнд хүмүүстэй маргалдаад байсан. Тэр залуу СМУ-ын хороолол руу эргэн эргэн харсаар гүйгээд орсон. Удалгүй хүмүүс бархираад хүн гээд байхаар нь ...захын үүдээр дотогш ороход ...дээшээ хараад өндөр нуруутай буурал үстэй туранхай хүн хэвтэж байсан. ...гарынх нь судсыг барьж үзэхэд цохилж байсан. ...нөгөө хүн чинь босоод явчихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Гэрч Д.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ...нүдний шилээ зараад зогсож байх үед хүмүүс хашхиралдсан учраас эргээд харсан чинь эрэгтэй хүн газарт хэвтэж байсан. ...газар хэвтэж байсан хүнийг хэн цохисон болохыг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 48, 187-188 дүгээр хуудас/,
Гэрч Б.Ариунзулын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ... намайг бие засаад ирэхэд захын төв хаалганы хажууд самар зардаг хүний хажууд өндөр, туранхай, буурал үстэй хүн сууж байсан. Тэгээд нэг мэдсэн чинь яваад өгсөн байсан. Би зодоон, цохион болсон асуудлыг хараагүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 48, 177-178 дугаар хуудас/,
Гэрч Г.Ууганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Шүр захад байрлах ...харуулын байрны зүүн талд туранхай биетэй настайвтар хар царайтай ах махлаг гүзээтэй биерхүү ахтай хоорондоо зөрж өнгөрөх үедээ мөргөлдөх шиг болоод настайвтар ах харуулын байрны цаад тал руу унаж байгаа харагдсан. ...миний харахад хурдан хугацаанд болоод өнгөрсөн юм. Тэгээд тэнд байсан хүмүүс хашхираад байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 174-176 дугаар хуудас/,
Гэрч П.Оюуны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ...намайг зах дээр юм зараад зогсож байх үед ...аяга хагарч байгаа юм шиг чимээ гарч хүн унахаар нь ... хүн алчихлаа гэж хэлээд гүйгээд очиход буурал үстэй настайвтар өндөр биетэй эрэгтэй хүн дээшээ хараад ухаангүй байдалтай хэвтэж байсан. Хэвтэж байгаад шээсэн бөгөөд би түргэн дуудсан. Энхцэцэг гэдэг хүн ...судсыг нь бариад үхээгүй нь үхээгүй байна аа гэж хэлж байсан. ....бүтикний хажууд суулгасан. Ингээд нэг харсан чинь нөгөө хүн яваад өгчихсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51, 179-180 дугаар хуудас/,
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалангийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 70 дугаартай:
1. Талийгаач Д.Мөнгөнтулгын биед баруун зулай, баруун чамархай, суурь ясны хугарал, тархины баруун зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн дарагдалт, тархины зүүн тал бөмбөлгийн дух, зүүн чамархай суурь хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, уртавтар тархины цус харвалт, баруун бугалга, зүүн мөр, баруун зүүн гуя, баруун шилбэний цус хуралт, баруун шуу, бүсэлхийн зулгаралт, хуйханд баруун зулайн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүдийн хуйханд баруун зулайн цус хуралт, бүсэлхийн зулгаралт, баруун зулай, баруун чамархай, суурь ясны хугарал, тархины баруун зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, тархины эдийн дарагдалт, тархины зүүн тал бөмбөлгийн дух, зүүн чамархай суурь хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, уртавтар тархины цус харвалт нь мохоо зүйлийн үйлчлэлээр нас барахаас 6-24 цагийн өмнө үүссэн байх боломжтой. Баруун бугалга зүүн мөр, баруун зүүн гуя, баруун шилбэний цус хуралт, баруун шууны зулгаралт нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой ба үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боложмжгүй.
3. Дээрх гэмтлийн баруун зулай, баруун чамархай, суурь ясны хугарал, тархины баруун зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, тархины эдийн дарагдалт, тархины зүүн тал бөмбөлгийн дух, зүүн чамархай суурь хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, уртавтар тархины цус харвалт нь гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтэл нь бүрдэл байдлаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Талийгаач Д.Мөнгөнтулгын биед шүүх эмнэлгийн задлан шинжилгээний явцад үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
5. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан болно.
6. Талийгаач нь АВО системээр АВ (IV) бүлгийн цустай байна.
7. Талийгаачийн цусанд спиртийн алкоголь илрэхгүй байна гэх дүгнэлт /хх-ийн 71-72 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-12-р хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-17-р хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 18 дугаар хуудас/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-24 дүгээр хуудас/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26 дугаар хуудас/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 75-79 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 26 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 107-111 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Монгол улсын Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын лавлагаа, Дорнод аймгийн автотээврийн төв, Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт, амбулториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 98-126/, Иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 133 дугаар хуудас/, 1990 оноос суралцаж 10 дугаар анги төгссөн үеийн тодорхойлолт /хх-ийн 135-143 дугаар хуудас/, шүүгдэгч П.Б-н хувийн зан байдлын талаар мэдүүлсэн гэрч М.Буяндэлгэр, П.Бадамцэцэг, Б.Нямдорж, Ц.Чинбат, Г.Ганчимэг, П.Бадамдорж, Р.Цэцэг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1821003160202 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.Б нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр архи ууж согтуурсан үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шүр” худалдааны төвийн хашаан дотор иргэн Д.Мөнгөнтулгыг өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч П.Б-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнгөнтуяа /хх-ийн 27-29, 113 дугаар хуудас/-гийн, гэрч Д.Энхцэцэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/-гийн, гэрч Д.Бат-Эрдэнэ /хх-ийн 48, 187-188 дүгээр хуудас/-ийн, гэрч Б.Ариунзул /хх-ийн 48, 177-178 дугаар хуудас/-ын, Г.Ууганцэцэг /хх-ийн 174-176 дугаар хуудас/-ийн, гэрч П.Оюун /хх-ийн 51, 179-180 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалангийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 70 дугаартай дүгнэлт /хх-ийн 71-72 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-12-р хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-17-р хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 18 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-24 дүгээр хуудас/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26 дугаар хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 75-79 дүгээр хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 26 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 107-111 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи ууж согтуурсан байдал, хууль зүйн ухамсар дутмаг байдал, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр нь байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхийг зөрчин хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсний улмаас хүний амь нас хохирсон хор уршигт хүргэсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Шүүгдэгч П.Б-н 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Шүр худалдааны төвийн хашаан дотор талийгаач Д.Мөнгөнтулгыг болгоомжгүйгээр мөргөж унагасан үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёр нь уг гэмт үйлдэл, үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотойг харуулж байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч П.Б нь оршуулгын зардалд 4500.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнгөнтуяа, О.Дамдин нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч П.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч П.Б-т үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэж хүлээн зөвшөөрч байгаа, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэргийн хувьд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “...учруулсан хохирлыг төлсөн” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулж, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Б-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч П.Б-н цагдан хоригдсон 399 /гурван зуун ерэн ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч П.Б-н .................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “DVD” 2 /хоёр/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах, шүүгдэгч П.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэ тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-г 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-т оногдуулсан 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-н цагдан хоригдсон 399 /гурван зуун ерэн ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч П.Б-н .............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “DVD” 2 /хоёр/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН