| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2024/00278/И |
| Дугаар | 201/МА2025/00012 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 201/МА2025/00012
*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч Г.Уртнасан, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 138/ШШ2024/01084 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-д холбогдох
Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн даргын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж зөрчсөн болохыг тогтоолгох, гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/441 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгож бүхэлд нь хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг ажил олгогчоос нөхөн гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч С.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Миний бие нэхэмжлэлийн шаардлагаа 1. ДБЭХС ТӨХК-ийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн мэдэгдлийг дахин гаргуулах гэснийг ДБЭХС ТӨХК-ийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн мэдэгдлийг Хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн болохыг тогтоолгох гэж, 2. Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/441 дүгээр тушаалын 1 дэх заалтыг хүчингүй болгож гэснийг Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/441 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоолгож бүхэлд нь хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох гэж, 3. 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин, хөлсийг ажил олгогчоос гаргуулж шийдвэрлүүлэх гэснийг Ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг ажил олгогчоос нөхөн гаргуулах гэж тус тус өөрчилж байна.
Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т зааснаар шилжүүлэн ажиллуулж, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах тухай мэдэгдэл гаргаж ажилтан намайг хууран мэхэлсэн. Хариуцагчийн зүгээс сонсох ажиллагааг огт хийгээгүй бөгөөд тушаал гарах үед нэхэмжлэгчтэй уулзсан мэтээр илэрхий худал тайлбараа сонсох ажиллагаа хийсэнтэй дүйцүүлэн үзэх боломжтой мэтээр хуулийг илтэд гуйвуулж, ажилтны эрхийг санаатай зөрчснөө хүлээн зөвшөөрсөн. Хэрвээ ажилтныг ажил олгогч шилжүүлэн ажиллуулах нөхцөлд шилжүүлэн ажиллуулах ажил олгогч болон удирдлагатай урьдчилан харилцан тохиролцсон байх ёстой буюу үүрэгтэй байсан ч ДБЭХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал энэ үүргээ огт биелүүлээгүй шийдвэр гаргахдаа шилжүүлэн ажиллуулах бус ажлаас халах шийдвэр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчиж байх тул гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/441 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг ажил олгогчоос нөхөн гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
1. ДБЭХС ТӨХК-ийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн мэдэгдлийг Хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн болохыг тогтоолгох тухайд:
ДБЭХС ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Компанийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн тогтоох тухай 18 дугаар тогтоолоор *******ийн ажиллаж байсан Дотоод хяналтын алба-ыг татан буулгаж, тус албаны чиг үүргийг компанийн төлөөлөн удирдах зөвлөлд шилжүүлж, гүйцэтгэх захирлын удирдлагаас гаргасан. Энэ нь компанийн гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй дотоод аудитор нь гүйцэтгэх захирлаас томилогддог, түүний удирлаганд байх нь тухайн ажлын байрны үндсэн зорилго, чиг үүрэгт гүйцэтгэх захирлын зүгээс нөлөөлөх магадлалтай гэж үзэн төлөөлөн удирдах зөвлөлийн харъяанд шилжүүлсэн. Нэгэнт Дотоод хяналтын алба нь татан буугдсан тул гүйцэтгэх захирлаас *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэлийг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн.
Мэдэгдэл-ийг өгснөөс хойш 2 сар 14 хоногийн дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гүйцэтгэх захирлаас *******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай Б/441 тоот тушаал гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж заасан.
Хэдийгээр мэдэгдэлд хөдөлмөрийн гэрээг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр цуцлана гэж бичсэн хэдий ч бодит байдал дээр хөдөлмөрийн гэрээг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр цуцалсан. Иймд тухайн мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаа тул тус шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2. Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/441 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгож бүхэлд нь хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
... ДБЭХС ТӨХК-ийн захирал нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/441 дүгээр тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасны дагуу ажлаас чөлөөлж, түүнд хөдөлмөрийн тухай хууль болон компанийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээнд заасны дагуу нэг удаагийн тэтгэмжийг олгосон.
Үүнээс гадна дотоод хяналтын албаны орон тоо нь компанийн ТУЗ-д шилжсэн учир *******ийг өмнөх ажилд нь эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэл байхгүй. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь ДБЭХС ТӨХК-ийн Дотоод аудиторын нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаар тогтоолоор томилон ажиллуулж байгаа болно. Иймд дээрх шаардлагыг хүлээн авах боломжгүй байна.
3. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг ажил олгогчоос нөхөн гаргуулах тухайд:
*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хуулийн дагуу цуцалсан гэж үзэж байгаа учир түүний Ажилгүй хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг ажил олгогчоос нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар Дорнод бүсийн эрчим хүчний систем Төрийн өмчит ХК-д холбогдуулан гаргасан ДБЭХС ТӨХК-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн даргын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж зөрчсөн болохыг тогтоолгох, гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/441 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгож бүхэлд нь хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг ажил олгогчоос нөхөн гаргуулах тухай *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 156 дугаар зүйлийн 156.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах гомдлын агуулга: ...Шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.2-т нэхэмжлэгчийг өөр албан тушаалд ажиллах гэдэг ойлголтыг төрүүлсэн болохыг үгүйсгэхгүй. Гэсэн хэдий ч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь Дотоод хяналтын албыг татан буулгаж ТУЗ-ын харьяанд харьяалагдах талаар 2023 оны эхний улиралд мэдсэн гэж тайлбарладаг. Мөн дээрх мэдэгдлийг хүлээн аваад ямар албан тушаалд ажиллах талаар ажил олгогчоос санал асуухад худалдан авах албаны хэлтсийн даргаар ажиллах хүсэл зоригийг илэрхийлсэн боловч тухайн ажлын байранд хүн ажиллаж байсан тул хуульд зааснаар тэтгэмж аваад ажлаас чөлөөлөгдөх талаар харилцан тохиролцсон гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэдэггүй гэсэн дүгнэлт хийсэн нь нэхэмжлэгчийн хүсэл зоригийг илэрхий гуйвуулсан, хариуцагчаас гаргасан нотлох баримтаар нотлогдоогүй тайлбар, татгалзлыг анхан шатны шүүх үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг үнэлэх хэм хэмжээг илтэд зөрчсөн, иргэний хүсэл зоригийг дур зоргын байдлаар тайлбарлаж, үнэлсэн байна.
Нэхэмжлэгчээс хуульд зааснаар тэтгэмж аваад ажлаас чөлөөлөгдөх талаар харилцан тохиролцсон" гэх тайлбарыг огт гаргаагүй бөгөөд мэдэгдэлд дурьдсан өөр ажлын байранд шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулахтай холбоотой асуудлаар шүүхээс асуусан асуултад хариулсан хариултыг тухайн үед нэхэмжлэгчээс гаргасан хүсэл зориг мэтээр тайлбарлаж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хэт нэг талыг барьж дүгнэсэн гэж үзэж байна. Хариуцагчийн тайлбарыг үгүйсгэсэн тайлбар, шүүх хуралд гаргасан тайлбарууд хэрэгт хангалттай авагдсан байгааг анхан шатны шүүх орхисон нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг хангаагүй гэж үзэхээр байна.
1.3-т Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-т заасан мэдэгдэл нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа мэдэгдэж байгаа хэлбэр юм. Ажил олгогч хуульд заасан энэ үүргээ хэрэгжүүлсэн. Маргаан болж буй энэ мэдэгдэлд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах талаар дурдсан уг мэдэгдэл нь хууль зөрчсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй" гэсэн дүгнэлт нь мөн нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн дагавартай холбоотой нэхэмжлэгчийн хүсэл зоригийг анхан шатны шүүх буруу тайлбарлаж дүгнэсэн байна.
Мэдэгдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1.1-д "ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох-д зааснаар үйлдэгдсэн бөгөөд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж мэдэгдэл нь зөвхөн дуусгавар болгоход чиглэнэ гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.
Хуульд өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох нөхцлийг дурдсан байх бөгөөд ажил олгогчийн мэдэгдэл нь өөрчлөх агуулга бүхий байгааг 1.2-т заасан дүгнэлтээр хүлээн зөвшөөрсөн атлаа дараагийн заалтаар үгүйсгэж хуулийг зөвхөн хариуцагчид ашигтай байдлаар тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мэдэгдлийг хууль зөрчсөн агуулгаар мэтгэлцээгүй. Мэдэгдлийн агуулга, хүсэл зоригт өөр ажилд шилжүүлэх гэрээг шинэчлэн байгуулахаар тусгасан атлаа мэдэгдлийг зөрчиж ажлаас чөлөөлж байгаа нь хуульд нийцэхгүй байгаа талаар мэтгэлцсэнийг анхан шатны шүүх илэрхий гуйвуулсанд гомдолтой байна.
ТУЗ-ийн харьяанд очсон талаар нэхэмжлэгч 2023 оны эхний улиралд мэдсэн гэж тайлбарлаж байх тул мэдэгдээгүй ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй гэсэн нь нотлох баримтаар нотлогдож тогтоогдохгүй. Энэ талаар бүх төрийн өмчит станцуудад өөрчлөлт орох талаар манай нягтлангууд дундын чат группээрээ дам мэдээлэл сонсож мэдээлэл солилцсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гэж үнэлсэн нь шүүх хуульд заасан арга хэлбэрээр хэрэгт цуглараагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй мэдээллийг нотлох баримтаар үнэлж шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж байна. Тиймээс дамжмал, хэрэгт авагдаагүй мэдээлэл хуваалцсан талаарх тайлбарыг үнэлж мэдэгдээгүй ажлаас халсан гэж үзэхгүй гэх анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх боломжгүй.
Дээрх мэдэгдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж тогтоосноор нэхэмжлэгчид ямар ач холбогдолтой, түүний ямар эрх сэргэх талаар нэхэмжлэгч тал тайлбарлаж, нотлоогүй гэсэн нь анхан шатны шүүх хариуцагчид ашигтай байж болох нотлогдохгүй, нотлох баримтаар авагдаагүй мэдээллийг нотолгоо гэж үзээд хариуцагчид ашигтай шийдвэр гаргаж байгаа атлаа, шаардлагаа нотолсон бичгийн баримт, тайлбаруудыг гаргаж өгөөд байгаа нэхэмжлэгчийг шаардлагаа нотлоогүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Дээрх мэдэгдлийн агуулгыг зөв дүгнүүлснээр нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх сэргээгдэх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл дээр энэ талаар дурдсан, тайлбарласан байхад анхан шатны шүүх ямар эрх сэргэх талаар тайлбарлаагүй гэж хэт дур зоргын, субьектив дүгнэлт хийж байгааг зөвтгөж өгнө үү.
Шүүх мэдэгдлийн агуулгад хууль зүйн дүгнэлт хийхээс илэрхий зайлсхийсэн байгаа бөгөөд мэдэгдэлд шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай гүйцэтгэх захирлын эрх мэдлийн хүрээний хүсэл зориг нь нэхэмжлэгч *******ийг ТУЗ-ийн харьяанд шилжүүлэх тухай огт илэрхийлэгдээгүй байхад мэдэгдлийг зориуд нэг талд ашигтай байдлаар анхан шатны шүүхээс тайлбарлаж, дүгнэж байгаад гомдолтой байна. Мэдэгдлээр ажил олгогч нь ДБЭХС ТӨХК дотроо шилжүүлэн ажиллуулах, түүнчлэн өөрийн эрх мэдлийн хүрээнд шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн болох нь ойлгомжтой байхад анхан шатны шүүх үүнд дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарахад нөлөөлсөн.
Нэхэмжлэгчийг өөр ажлын байранд шилжин ажиллах талаар санал гаргасан гэх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй. Энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй, ажил олгогчоос энэ асуудлаар хуульд зааснаар санал авч тэмдэглэл хөтөлсөн зүйл байхгүй талаар хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж, хүлээн зөвшөөрсөн. Гэтэл анхан шатны шүүх дээрх тайлбарыг үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлах замаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгчийн зүгээс мэдэгдлээс өөрийг нь шилжүүлэн ажиллуулах хуулийн хэм хэмжээг мөрдөж өөр ажилд шилжүүлэх гэж байна гэсэн ойлголттой байсан ч шууд ажлаас халсан нь хууль бус гэж үзэж байна. Тэтгэмжийн хувьд хариуцагчаас өөрсдийн гаргасан тушаалын хууль зүйн үндэслэлээ хангах зорилгоор нэхэмжлэгчийн цалингийн дансанд шууд шилжүүлсэн бөгөөд нэхэмжлэгчээс тэтгэмж шаардсан, хувь хэмжээг харилцан тохиролцсон асуудал байхгүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.
5. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний асуудлыг шийдвэрлэхдээ үл ялгаварлан гадуурхах зарчмыг баримталж чадаагүй. ...Дотоод аудиторыг ТУЗ-ийн харъяанд шилжүүлэн ажиллуулж байгаа нь зөвхөн манай компани дээр хэрэгжүүлж байгаа асуудал биш юм. Эрчим хүчний төрийн 26 компани яг ижил шийдвэр гаргаж хэрэгжүүлэхдээ өмнө нь ажиллаж байсан бүх ажилтнаа ТУЗ-ийн харъяанд шилжүүлсэн байдаг. Зөвхөн намайг ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн. ТУЗ-өөс тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэж чирэгдэл учруулахыг хүсээгүй байх гэж бодож байна. ...Тухайн албанд хоёулаа ажиллаж байсан. Албаны дарга нь Баасанпүрэв байсан. Бид хоёрт шилжүүлэн томилох тухай адил мэдэгдэл өгчихөөд намайг ажлаас чөлөөлж Баасанпүрэвийг тушаал дэвшүүлсэн. Бусад бүх ажилчдыг өөр албанд томилсон атлаа намайг ганц ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гаргасан учир ялгаварлан гадуурхсан гэж тайлбарлаж байгаа юм.
Мөн хөдөлмөрлөх эрх чөлөөг баталгаажуулах, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангагдах, амрах гэсэн суурь зарчим байдаг. Надад өгсөн мэдэгдэл дээр шилжүүлэн ажиллуулах талаар дурдсан атлаа шийдвэр гаргахдаа ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гаргасан. Тиймээс хөдөлмөрлөх эрх чөлөөг хангах суурь зарчмыг хангаагүй гэж үзэж байна.
Дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох тухай зарчим байгаа. Гомдол гаргахдаа ажлын байрны дарамтын талаар яриагүй. ...Шилжүүлэн ажиллуулах боломжтой байтал шилжүүлэхгүйгээр ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргахад нөлөөлсөн хэд хэдэн зүйл байгаа. Миний хувьд аудитор гэх ажлаа бие даасан, хараат бус, мэргэжлийн байх гэсэн зарчмыг баримталж ажиллаж байснаас шалтгаалсан гэж үзэж байна. Миний хийсэн аудитын тайлан нь гүйцэтгэх захирал ******* болон Захиргаа удирдлагын хэлтэсийн дарга ******* нарт таалагдаагүй. Үүнийг илэрхийлж манай өрөөнд хүртэл орж ирж уурлаж, бахирч байсан. ******* даргын хариуцсан хэсэг буюу Захиргаа удирдлагын хэлтэст хяналт шалгалт хийхэд олон зөрчил гарч байсан...
...Хариуцагчаас ...намайг ажиллуулах ажлын байр байгаагүй... гэсэн тайлбарыг өгсөн. Гэтэл би компанидаа цахилгаан, дулааны инженэрээс бусад бүхий л ажлыг хийж гүйцэтгэх боломжтой, чадвартай гэж бодож байна. ...ТУЗ-өөс 730 орон тоог 730 орон тоогоор баталсан. Нэг ч орон тоог цөөрүүлсэн шийдвэр гаргаагүй. Бүтцийн өөрчлөлтөөс хамаарч нэг ч хүнийг ажлаас чөлөөлөхгүй гэсэн шийдвэрийг хүргүүлсэн байсан. Энэ нь хурлын бичлэг болон хурлын дарга *******ын хариу бичиг зэргээр нотлогддог. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т ажилтны эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандана гэж заасан. Ажил олгогчоос энэ үүргээ огт биелүүлээгүй. Надад компанийн шинэ бүтцийн орон тоо, шинээр бий болсон ажлын байрны нэршлийн мэдээллийг огт өгөөгүй. ...Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2.10-д хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсвэл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлана гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Мэдэгдэл өгсөн гэсэн тайлбар гаргаж байгаа хэдий ч мэдэгдлээс зөрсөн шийдвэрийг гаргасан. Мэдэгдэл өгөхөөс гадна үндэслэлээ тайлбарлаж, танилцуулахаар хуульчилсан.
Мөн Захиргааны ерөнхий хуульд сонсох ажиллагааг хийхээр заасан ч хийгээгүй байна. Уг нь ямартай ч ажилтантай холбоотой шийдвэр гаргаж байгаа бол чамтай заавал ярилцаж, харилцан тохиролцох үүрэгтэй гэж ойлгож байна.
...Хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т Аж ахуй нэгж байгууллага, түүний салбар нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэж заасан. Манай салбар нэгж үндсэн чиг үүрэг нь ТУЗ-ийн дэргэд шилжсэн. Орон тоо цөөрсөн зүйл огт байхгүй. Хэрэв ажиллах хүчний тоог багасгаж /730 хүний орон тоог 600 болгож/ шийдвэрлэсэн бол би тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжтой байсан. Гэвч ийм шийдвэр гараагүй. Харин ч нэмэлт өргөтгөл орсонтой холбоотой 100 гаруй ажлын байр нэмэгдсэн. Мөн надад ямар нэгэн ажлын байрыг санал болгосон бол би хүлээн зөвшөөрөх боломжтой байсан. ...Надад тэтгэмж олгож амьдралын баталгааг хангасан гэсэн тайлбар гаргасан байна. Би тэтгэвэрт гарах үедээ энэ тэтгэмжийг авах боломжтой байсан. Зарим хүний хувьд нэг удаагийн тэтгэмж нь чухал байж магадгүй. Миний хувьд би бусад хүмүүсийн адилаар ахлах ангийн хоёр хүүхэд, нэг оюутан хүүхэдтэй. Би ам бүл 5-уулаа амьдардаг цаашид хөдөлмөрлөх шаардлагатай. Тиймээс надад нэг удаагийн тэтгэмжээс илүү ажлын байр нь чухал байгаа. Нэг удаагийн тэтгэмжээр миний амьдралын баталгаа хангагдахгүй гэдгийг хэлмээр байна. ...Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэв.
6. Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: ...Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болж компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан. Дүрмийн 2.3, 2.4, 2.5 дахь хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулж бүтцийг өөрчилсөн. Дотоод хяналтын алба нь аудитын дарга, дотоод хяналтын ажилтан гэсэн хоёр орон тоотой байсан. Бүтцийн өөрчлөлтөөр энэ хоёр ажилтаны албан тушаал байхгүй болсон. Үүний дагуу Энхчимэгт мэдэгдэл хүргүүлж ажлаас чөлөөлсөн. Уг нь бол аль болох өөр ажилд шилжүүлэн ажиллуулах бодолтой байсан. ******* дарга урьдчилан хэлэлцүүлгийн хуралдаан дээр хүртэл энэ талаар ярьсан байдаг. Дотоод хяналтын алба нь гүйцэтгэх удирдлагын эрх мэдлээс гарч ТУЗ-ийн шилжсэн учир өөрсдөө сонгон шалгаруулалт зарлаад ажилчдаа авч ажиллуулж байна. Иймд *******ийг өмнөх ажилд нь авах ямар ч боломж байхгүй. гэв.
7. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Орон тоо хасагдсан талаарх мэдэгдлийг *******т хүргүүлсэн. Мэдэгдэл нь өөрөө хууль зөрчсөн эсэхийг тогтоохын тулд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг харгалзах ёстой. Гэвч ийм нөхцөл үүсээгүй. Нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирлын 441 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. ДБЭХС ТӨХК-ийн дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байгаа. Энэ талаар холбогдох хуульд тодорхой заасан байдаг. Ингээд ТУЗ-өөс дотоод аудитын албыг ТУЗ-ийн дэргэд авсан. Дотоод аудитын алба нь гүйцэтгэх удирдлагын ажлыг хянах үүрэгтэй, гэтэл гүйцэтгэх захирлаас цалин аваад, удирдлага дор нь ажиллаад байх боломжгүй гэж үзсэн.
Мөн компанийн дүрмийн 10.5 дахь хэсгийг Компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг Гүйцэтгэх захирлын томилсон дотоод хяналтын алба хэрэгжүүлнэ. гэснийг Компанийн гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд тавих хяналтыг Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх дотоод аудитын нэгж хэрэгжүүлнэ. гэж өөрчилсөн. Иймд гүйцэтгэх удирдлагын доор ажиллаж байсан дотоод аудиторын нэгжийг татан буулгасан. Тиймээс энэ хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа асуудал нь хуулийн дагуу явагдсан. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн маргаад байгаа асуудал нь мэдэгдэл дээр шилжүүлэх талаар дурдсан. Гэвч ажлаас чөлөөлж байгаа нь хууль зөрчсөн гэж тайлбарладаг.
Шинээр ямар нэгэн орон тоо бий болоогүй, бүх хүмүүс хэвийн ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа. Сул орон тоо байхгүй учраас шилжүүлэн ажиллуулах ажлын байр байхгүй байсан. ******* дарга өөрөөс нь асуухад би төлөвлөлт худалдан авах ажиллагааны даргын ажлыг хийнэ гэдгээ илэрхийлсэн байдаг. Тэгэхэд тухайн албан тушаал дээр өөр хүн ажиллаж байгаа, тиймээс боломжгүй гэж мэдэгдсэн. Бусад станцын байгууллагууд дотоод аудитороо томилсон гэж ярьж байгаа боловч гүйцэтгэх захирлын эрх хэмжээ хүрэхгүй юм. ТУЗ-өөс өөрсдөө томилгооны шийдвэрийг гаргах эрхтэй болсон. ТУЗ нь Ганбүргэд гэх хүнийг ажилд авсан байсан. *******ийг аудитороор ажилд томилоогүй болохыг мэдэхгүй байна.
...сонсох ажиллагаа хийгээгүй гэж ярьж байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан төрийн албан хаагч нарт хамаарах ажиллагаа юм. Мэдэгдэл нь таны эрхийг хөндөх гэж байна гэдэг талаараа өөрт нь мэдэгдэж байгаа асуудал юм. *******ийг ажлаас чөлөөлөх гэж байгаа талаар мэдэгдэлд бүрэн дурдсан байгаа. Мэдэгдэх хууль ёсны шаардлагаа биелүүлсэн. Мөн түүнд тэтгэмжийг бүрэн олгосон. Тэтгэмжийг олгохдоо зөвшилцөх шаардлагагүй юм. Хуульд нарийвчлан зааж өгсөн байдаг ба мөн компанийн хамтын гэрээн дээр тусгасан байдаг. ...Нэхэмжлэгч өөрөө 2024 оны 02 дугаар сард нэхэмжлэлийг гаргасан. Энэ үед гүйцэтгэх захирлын тушаалын 1 дэх заалтыг хүчингүй болгох талаар дурдсан байсан. Энэ нь намайг шилжүүлэн ажиллуулах ёстой байсан гэж маргаж байсан. Намайг ажлаас чөлөөлж тэтгэмж олгосныг зөвшөөрч байна гэсэн агуулга давхар яригдаж байна. Ингээд 2024 оны 12 дугаар сард ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Энэ нь шинэ нэхэмжлэлийн шаардлага юм. Хөдөлмөрийн тухай хуульд ажилтны гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас хамаарч урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дурдсан байдаг. Ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах, бусад шаардлагын хувьд 90 хоногийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байна гэж үзэж байна. Дээрх шаардлагуудын дагуу анхан шатны шүүхээс гаргасан шийдвэр нь үндэслэлтэй байсан. гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
3. Шүүх талуудын хооронд үүссэн маргааныг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.
4. Нэхэмжлэгч нь Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн даргын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж зөрчсөн болохыг тогтоолгох, гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/441 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгож бүхэлд нь хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг ажил олгогчоос нөхөн гаргуулах гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.
5. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл: Хариуцагч Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК нь нэхэмжлэгч *******т 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ...хөдөлмөрийн гэрээг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөр цуцалж, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1.1-т заалтыг үндэслэн шилжүүлэн томилж, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах болсныг үүгээр мэдэгдэж байна гэсэн мэдэгдлийг өгсөн, улмаар Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/441 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжид 24 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн, Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК -иас *******ийн цалингийн дансанд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 56 948 948 төгрөг болон 50 000 000 төгрөгийн тэтгэмж тус тус шилжүүлсэн үйл баримтууд тогтоогдож байна.
6. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалтыг үндэслэн шилжүүлэн томилж, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах тухай мэдэгдэл гарган ажилтан намайг хуурч мэхэлсэн учир Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн даргын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн мэдэгдлийг хөдөлмөрийн тухай хууль тогтоомж зөрчсөн болохыг тогтоолгох шаардлага гаргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасан ажлын байр хасагдсан шалтгаанаар ажлаас чөлөөлөх тохиолдолд ажилтанд энэ тухайгаа 30 хоногийн өмнө мэдэгдэх тухай үүрэгжүүлсэн зохицуулалт нь ажилтан өөрийгөө ажлаас чөлөөлөгдөх болж буйг урьдчилан мэдэж, дараагийн ажил олох боломж нөхцлийг олгох зорилготой юм.
Хариуцагчийн өгсөн уг мэдэгдэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасныг баримталсныг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.
7. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд Иргэний эрх зүйн хамгаалалтын талаар хуульчлан зохицуулсан. Нэхэмжлэгчийн дээрх мэдэгдлийг хууль бус болохыг тогтоох нь энэ хамгаалалтанд хамаарахгүй гэсэн үндэслэлээр дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
8. Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс тус компанийн бүтцийг өөрчлөн баталсантай холбоотойгоор Дотоод хяналтын албыг татан буулгаж, дотоод хяналтын ажилтан *******ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжид 24 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байна гэж үзлээ.
9. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 138/ШШ2024/01084 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ
ШҮҮГЧ Г.УРТНАСАН
С.ГАНЧИМЭГ