| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2024/00856/И |
| Дугаар | 201/МА2025/00013 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 201/МА2025/00013
*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 138/ШШ2024/01094 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2023 оны 11 дүгээр сард *******т Toyota Corolla маркийн ******* ДОР дугаартай автомашиныг 6 000 000 төгрөгөөр худалдсан. Автомашины үнийн 2 000 000 төгрөгийг дансаар авч, үлдэгдэл 4 000 000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагын зээлийн газарт байсан зээлийг үргэлжлүүлэн төлөхөөр тохиролцож машинаа шилжүүлсэн. Ингээд ******* нь миний нэр дээр байх банк бусын зээлийг сар бүр төлж явна гэж тохирсноор 6 сарын хугацаанд зээлийг төлсөн бөгөөд 6,7,8 дугаар сарын зээлийг төлөөгүй. Иймд үлдэгдэл 2 500 000 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* бид хоёр 2023 оны 11 дүгээр сард Toyota Corolla маркийн ******* ДОР улсын дугаартай автомашиныг 6 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар хэлэлцэн тохиролцоод бэлэн 2 000 000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 4 000 000 төгрөгөө ББСБ-д төлөхөөр болсон. Ингээд би сар бүр хэлсэн мөнгийг нь төлөөд 4 000 000 төгрөгийн тооцоогоо дуусгасан. Тиймээс надад ямар нэгэн өр төлбөр байхгүй, гэрээний үүргээ биелүүлсэн гэж үздэг. Тээврийн хэрэгслээ ч надад шилжүүлсэн. Анхны тохиролцсон үнийг л би төлөх үүрэгтэй болохоос биш өөр мөнгө төлөх ёсгүй. Би ББСБ-д 4 000 000 төгрөг үлдсэн гэж ойлгосон. Гэхдээ миний төлсөн мөнгө нь хэлсэн ёсоор нь төлөөд байхад 4 000 000 төгрөгөөс хэтэрсэн байсан. Тиймээс би дахин төлөлт хийгээгүй. Би ББСБ-тай гэрээ байгуулаагүй. Тэр гэрээг надад шилжүүлээгүй. Тиймээс бусдын өмнө хүлээсэн гэрээний үүргээ ******* өөрөө хариуцан арилгах үүрэгтэй. гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******эд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 54,950 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос илүү төлсөн 15,250 /арван таван мянга хоёр зуун тавь/ төгрөгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 54,950 /тавин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******эд олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Шүүхээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 08-р сард тус шүүхэд *******аас 2 500 000 төгрөг нэхэмжлэн шүүхэд хандсан ба шүүхээс 2024.09.05-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн захирамж гаргаад хариуцагч *******т 2024 оны 09 сарын 23-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж тухайн өдрөө эрх, үүрэг, хэргийн материал танилцуулсан байна. Түүнээс хойш хавтаст хэрэгт цугларсан нотлох баримттай огт танилцаагүй. Шүүх хуралдааны товыг мэдээгүй. Хэрэгт шүүх хуралдааны товыг мэдэгдэх тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримтанд хариуцагч ******* гарын үсэг зураагүй, тухайн товыг Баяндун сумын 4-р багийн Засаг даргад 2024 оны 12 сарын 11-ний өдрөөр огноолон 3/745 албан бичгээр шүүх хуралдааны товыг хүргүүлсэн байна. Гэхдээ энэ тов нь албан ёсоор хаягтаа оршин суух боловч тухайн цаг хугацаанд эзгүй байсан *******т мэдэгдсэн хүргүүлсэн гэх баримт, нотолгоо огт байхгүй байгаа нь хариуцагч *******т шүүх хуралдааны тов мэдэгдсэн гэдэг нь эргэлзээтэй байна.
******* нь Ам Та Тү ХХК-ны ковшны оператороор ажилладаг ба 2024 оны 12 сарын 12-26-ныг хүртэл ээлжийн ажилтай үйлдвэрт ажилласан юм. Энэ талаар компаний захиралын тодорхойлолтоор нотолж байна. Ам Та Тү ХХК нь Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт аймгийн төвөөс 100 гаруй км газарт шохойн чулуу олборлодог, утасны болон интернетийн сүлжээ байхгүй газар юм. Хэрвээ 2024 оны 12 сарын 11-ний өдрийн шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг товлосон бол тухайн өдөр мэдэгдэж утсаар ярьж болох байсан байх гэвч над руу шүүхээс залгаагүй. Би сумаасаа шууд ажил руугаа явсан. Иргэний хэргийн материалын 2024 оны 09 сарын 23-ны өдрөөс хойшхи хугацаанд хэрэгт цугларсан нотлох баримтыг танилцуулсан үйл баримт байхгүй байгаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан эрхийг зөрчсөн байна. Шүүх дуудаж мэдэгдээгүй болохоор хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг мэдэх боломжгүй байсан. ******* нь өөрийн татгалзаж буй үндэслэлийг нотолсон нотлох баримт болох банкны хуулгыг бэлэн аваад байсан ба шүүх хуралд өгнө гэж хадгалсан байсан байна.
Хүсэл зоригийн хувьд 6 сая төгрөгт худалдан авсан машиныхаа үнийг бүрэн төлсөн, ББСБ-тай гэрээ хийгээгүй болохоор үлдсэн 4 сая төгрөгөө төлөөд болно гэж ойлголттой өөрийн өгөх ёстой мөнгөө *******эд өгсөн юм. Энэ талаараа тайлбартаа бичсэн бөгөөд дахин хуралдаанд оролцох мэтгэлцэх боломжгүй байснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөн шүүхийн шийдвэрт нөлөөлөх болсонд харамсалтай байна. Шүүхээс хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд ирсэн гэж буруу тайлбарлан үгүйсгэсэн. Үнэхээр шүүх утасдаж мэдэгдсэн байхад мэдсээр байж ирээгүй бол миний хариуцлага байх байсан байх мэдээгүй байхад шүүх хуралдаан зарлаад шийдвэрлэхдээ миний эрхийг зөрчсөн гэж үзэж гомдолтой байгаагаа илэрхийлсэн тул итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зүгээс хавтаст хэргийн хүрээнд гомдол гаргаж байна.
Хариуцагчийн дансны хуулгаар тэрээр нэхэмжлэгчид 8 сая төгрөг төлсөн харагдаж байна. Уг баримтыг хариуцагч анхан шатны шүүх хуралдаанд гаргаж өгөх гээд авсан байсан боловч шүүх хуралдаан болсныг мэдээгүй тул өгч чадаагүй бөгөөд давж заалдах шатны шүүхэд өгөх боломжгүй байна. Хариуцагчийн Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. гэв.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбар, татгалзлын агуулга: ******* нь мөнгөө манай нөхрийн дансанд шилжүүлээд, нөхөр ББСБайгууллагад төлдөг байсан. ******* нь хугацаа хэтрүүлээд байсан учраас илүү мөнгө төлсөн байх. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад давж заалдсан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж чадаагүй, хариуцагчийн шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх эрхийг хангахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан автомашин худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: ...******* нь миний машиныг 6 сая төгрөгөөр худалдан авахаар болж 2 сая төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 4 сая төгрөгийг төлөхдөө миний банк бус санхүүгийн байгууллагын зээлийг үргэлжлүүлэн төлөхөөр болж тохиролцсон бөгөөд машиныг шилжүүлэн авсан. Гэвч ******* нь миний нэр дээрх зээлийг 6 сар төлсөн боловч үлдэгдэл зээлийг төлөөгүй тул зээлийн үлдэгдэл 2 500 000 төгрөгийг гаргуулна. ... гэж тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч ... Би *******ийн машиныг 6 000 000 төгрөгөөр худалдан авсан нь үнэн бөгөөд 2 сая төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 4 сая төгрөгийг түүний нэр дээрх ББСБ-ын зээлийг төлөхөөр тохирсон бөгөөд уг мөнгийг сар бүр төлж дуусгасан. ... дансны хуулга харахад нийтдээ бараг 8 сая гаран төгрөг төлсөн байсан. гэх үндэслэлээр маргажээ.
5. Анхан шатны шүүх 2024 оны 12 сарын 11-ний өдрийн 3737 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч хариуцагч нарт холбогдох иргэний хэргийг шүүх хуралдаанаар 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15 цаг 00 минутад хянан хэлэлцэх товыг тогтоож, хариуцагч *******т товыг мэдэгдэхээр түүний утасруу 2024 оны 12 сарын 11-ний өдөр залгасан боловч холбогдох боломжгүй байсан талаар шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд тэмдэглэсэн, мөн шүүх хуралдааныг товыг хүргүүлэх тухай 2024 оны 12 сарын 11-ний өдрийн 3/745 тоот албан бичгийг хариуцагчийн оршин суух Баяндун сумын 4 дүгээр багийн Засаг даргад хүргүүлжээ. /хх 29, 31, 32/
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т зааснаар шүүх хуралдааныг товлосны дараа хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх үүргийг шүүх хүлээх бөгөөд шүүхийн мэдэгдэх хуудсыг мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д заасан журмаар буюу хариуцагчийн оршин суух газрын харъяа сумын Засаг даргад, түүний ажлын албанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулж, тамга тэмдгээр баталгаажуулна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн оролцогч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй бөгөөд энэ эрхээ эдлэх нь хэргийн оролцогчийн эрх боловч шүүх уг эрхийг эдлэх бүхий л боломжоор хангасан байх нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шүүхийн гүйцэтгэх үүргийн нэг юм.
Түүнчлэн хуульд зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй боловч хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдааны тов мэдэгдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу шүүх хуралдаанд оролцох боломжоор хангах нь талуудын мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх нэг нөхцөл болно.
Гэвч шүүх Засаг даргад хүргүүлсэн албан тоотын хамт шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн эсэх, багийн Засаг дарга шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурж, буцаан ирүүлсэн эсэх, шүүх хуралдааны товыг хариуцагч мэдсэн талаарх баримтууд тус тус хэрэгт авагдаагүй, мөн шүүх хуралдаан товлосноос хойш хариуцагчид хэргийн материалыг танилцуулалгүйгээр хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.
8. Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байх ба анхан шатны шүүх талуудын хооронд автомашин худалдах, худалдан авах гэрээнээс үүссэн маргааны талаар зохигчдыг мэтгэлцүүлээгүй байх тул уг асуудлаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 138/ШШ2024/01094 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Ц.ЭРДЭНЭЗУУ
Г.УРТНАСАН