Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 700

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа, улсын яллагч Ц.Амгаланбаатар, шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нэмэгт овогт Ганхуягийн Алтангэрэлд холбогдох эрүүгийн “1909000000497” дугаартай, 185/2019/0675/э индекстэй хэргийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр шүүн  хэлэлцэв.

                       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 02-ны Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд механизмын засварчин мэргэжилтэй, ам бүл 5, эгч, хүргэн ах, дүү нарын хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн Нарангийн 12-117-А тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил тэнсэн хянан харгалзах ялаар, 2018 оны 04 дүгээр сарын 27-нд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Г.А /РД:УК91050270/,

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.А нь Ө.Сэдэлтэй бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах Брик хаус тоглоомын дэлгүүрээс Graecla /Кроёсла/ брендийн харандааны ком  1 ширхэг, Lego /Lего/ брендийн Minifigure /Минифигур/ тоглоом 41 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч “Брикланд” ХХК-д 542.000 төгрөгийн хохиролт учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:  Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

    1.1.Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Сэдэдтэй хамт явж байгаад д тоглоомыг нь авсан.Гандангийн дэлгүүрт зарчихсан.Тэгээд гэртээ харьсан.Уул нь 50 дугаар дэлгүүр лүү хүнтэй уулзах гэж явж байсан.Тэгж явж байгаад л орчихсан.Хохирол төлбөрт 271 000 төгрөг төлсөн.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

        

     Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Байгалмаагийн:..2019 оны 02 дугаар сарын 19-ний орой 19 цаг 40 минутын үед би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Брикхаус тоглоомын дэлгүүр дээрээ ажиллаж байх үедээ тооцоогоо аваад сейфрүүгээ хийхээр арын өрөөрүүгээ орсон. Тэгээд маргааш нь дэлгүүрээ нээгээд тоглоом дутсаныг мэдсэн. Ингээд камераа шүүж үзэхэд 2 залуу хамтдаа 2019 оны 02  дугаар сарын 19-ний өдрийн 19 цаг 40 минутад орж ирээд 41 ширхэг лего баатар тоглоом болон 1 ширхэг бичгийн хэрэгслийн ком авч гарч байгаа харагдсан. Энэ үе нь миний тооцоогоор арын өрөөнд сейфрүүгээ хийх хугацаанд болсон байсныг мэдсэн гэх мэдүүлэг. /хх-н 10/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Цэндмаагийн:.. Өглөө 11 цагт дэлгүүр онгойлгоод касс нээчхээд харахад кассын хажууд байсан хайрцагтай тоглоом болон үүдний хажуугийн тавиур дээр байсан хайрцагтай тоглоом алга болсныг мэдээд камер шүүж үзэхэд өчигдөр орой 19 цаг 36 минутын үед гаднаас 2 үл таних эрэгтэй орж ирээд аваад гараад явж байсан гэх мэдүүлэг. /хх-н 15/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ө.Сэдэдийн:..Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Драмын театрын ард байрлах Брик хаус хүүхдийн тоглоомын дэлгүүрийн урдуур явж байтал Алтангэрэл цонхоор нь харчхаад текин дээр нь хүн байхгүй байна ш дээ цуг ороод юм хулгайлъя гэхээр нь би хамт орсон. Миний урд Алтангэрэл түрүүлж ороод тек хэсгээс нэг тоглоом хулгайлсан. Би лангуун дээр нь байсан шар өнгийн хайрцагтай тоглоомыг хулгайлаад бид 2 гарч явсан. Тэгээд Гандангийн зүүн хаалганы хажууд байрлах 2 хүнсний дэлгүүрүүдээр ороод Алтангэрэл нэг дэлгүүрт нь жижиг хайрцагтай тоглоомыг бэлэн гоймон ундаа боорцог зэрэг эд зүйлсээр сольж аваад гарч ирсэн. Нөгөө шар хайрцагтай тоглоомыг нь хажуу талынх нь дэлгүүрт 10.000 төгрөгөөр зарчхаад гараад ирсэн гэх мэдүүлэг.  /хх-н 27-28/,

             Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

 3.1.хохирогч Б.Байгалмаагийн мэдүүлэг, гэрч Ө.Сэдэдийн мэдүүлэг, О.Цэндийн мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

 Шүүгдэгч Г.Ань Ө.Сэдэлтэй бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах Брик хаус тоглоомын дэлгүүрээс Graecla /Кроёсла/ брендийн харандааны ком  1 ширхэг, Lego /Lего/ брендийн Minifigure /Минифигур/ тоглоом 41 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч “Брикланд” ХХК-д 542.000 төгрөгийн хохиролт учруулсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь  хохирогч  Б.Байгалмаа, гэрч О.Цэндмаа, Ө.Сэдэд нарын мэдүүлэг, камерийн бичлэг, шүүгдэгчийн  шүүх хуралдаанд  хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг  хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн  бусад  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос 

хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Алтангэрэлийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв. 

 Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хохирогч Б.Байгалмаа нь 542.000 төгрөгний  хохирлыг нэхэмжилж шүүгдэгч Г.Ань 271.000 төгрөгийг хохирогч Б.Байгалмаад төлж барагдуулсан, хохирогч Б.Байгалмаад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаан ирүүлээгүй, шүүгдэгч Г.А нь хүлээн зөвшөөрч  хохирогчид  өөрт ногдох учруулсан  хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдах  нь  зүйтэй байна гэж  шүүх үзлээ.

              Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хэргийн 12 дугаар хуудсан байгаа 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалах, шүүгдэгч Г.Алтангэрэлийн  цагдан хоригдсон  48 /дөчин найм/ хоногийг түүний  эдлэх ялд оруулан тооцохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.    

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Нэмэгт овогт Г.А-г бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А 500 цаг  нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 48 /дөчин найм/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын нэг хоногийг 8 цагтай тэнцүү байхаар тооцож, эдлэх ялаас нь 384 цагийн ялыг эдэлсэнд тооцож, нийт биечлэн эдлэх ялыг 116 /нэг зуун арван зургаа/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар  тогтоосугай.

4. Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Г.А  оногдуулсан  116 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг  өдөрт 4 цагаар тооцож  хийлгэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д нь 116 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийг ажлын  нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хавтас хэргийн 12 дугаар хуудсан байгаа 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

8. Шүүгдэгч Г.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн  өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Алтангэрэлд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.РЕНЧЕНХОРОЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019-03-19   11 цаг 30 минут